Зан заншил

Зочныг угтах, үдэхтэй холбогдсон цээрлэх ёсон

Зочин ирэхэд байцаах маягтайгаар гэр дотроосоо шалгаах, уцаарлахыг цээрлэнэ.

Зочин ирэхэд шагайж харах, нөмгөн гарах, үс гэзгээ сэгсийлгэж гарахыг цээрлэнэ.

Зочны өөдөөс үнс, хог, тогоо авч гарах, тогоо хөөлөх, угаадас асгахыг цээрлэдэг.

Зочин ирэхэд гэрийн хүмүүс хоорондоо хэрэлдэж маргах, хүүхдээ загнах, зодохыг тэвчих ёстой.

Зочныг ирэх, эсвэл байхад бүдүүлэг, билэггүй үг хараал хэлэхийг цээрлэдэг.

Айлд ирж байгаа зочин хүн тэр айлын зэл, шилбүүр, уурганы дээгүүр алхдаггүй.

Буу зэвсэг, ташуур барьж ордоггүй.

Хутгаа бүснээсээ авч доош унжуулан орно.

Ирсэн зочин айлын гадна ирээд мэндэлдэггүй, гэрт орсон хойноо мэндлэх ёсон бий.

Ирсэн зочин тэр айлын эзэн, эзэгтэйн заасан газраас өөр газар суух, эмэгтэй хүний ор, лам, эрдэм номын хүний суудал дээр суухыг цээрлэдэг.

Ахмад настай, лам, номын хүний гэрт энгэр заам задгай ордоггүй.

Зочин ирэхэд угтаж гарч бие засах, мөн ирсэн зочин буунгуут бие засахыг цээрлэдэг.

Эх сурвалж: Монгол ардын уламжлалт ёс, заншлын дээж.-1991.х.57-58

Зургийг: http://www.choibalsan.mn/index.php?newsid=174

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *