Зан заншил

Алаг мэлхий өрөх

Монголчууд түүхэн урт удаан хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Үүний нэг нь шагайн наадгай юм. Монголчууд шагааг “Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй” гэх буюу алт мөнгөн шагаа гэх мэтээр оньсого таавар үлгэр домогтоо оруулан хүндэтгэж, өсөхөөсөө эхлэн өтөлтлөө  тоглосоор ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм.

Монголчууд мал аж ахуй эрхлэх болсоор түүний зарим яс, шагааг хүндэтгэх, оршуулгын ёслолд оролцуулан хэрэглэх болсон олдвор манай орны нутаг дэвсгэрээс нэлээд олдсон байна. Тухайлбал Архангай аймгийн  Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасан тал дахь Хүннүгийн язгууртны нэгдүгээр булшны гуравдугаар дагуул булшнаас олдсон богийн шагаан дээр төрөл бүрийн тамга, дүрс зураас гаргажээ. Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хантай багийн нутаг Баянзүрх уулын энгэр дэх хоёрдох дөрвөлжин булшнаас богийн 22 шагаа олдсоны 12-ыг морь байдлаар босгож өрсөн байсан зэрэг археологийн маш олон олдворууд малын зарим яс, ялангуяа шагааг хүндэтгэн оршуулгын ёслолд хэрэглэх, тоглоом наадгайд ашиглах болсон нь маш эрт үеэс улбаатай болохыг баталж байна.

Тоглоомын түүх:

Монголын нууц товчоонд “…. Анх урьд анд бололцоход Тэмүүжэн 11 настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагааг Тэмүүжинд өгч, Тэмүүжин нэгэн цутгамал шагааг Жамухад өгч Онон голын мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ” гэжээ. Энэ нь мөсөн шагайн үүсэл хөгжилтэй холбоотой төдийгүй ёрөөс монголчуудын шагаа наадгай аль эрт үеэс 13-р зууны үед уламжлагдан ирсэний баримт юм. Монголчууд шагаагаар 60,108,200 янзаар тоглодог байсан гэсэн мэдээ бий.  Бидний өвөг дээдэс шагаагаар ийм олон янзаар тоглож байсан учраас тэдгээрийг бүрэн олж, бүртгэж, судалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний эрхэм үүрэг билээ.

Бидний өвөг дээдэс малын шаант чөмгийг чанаж идсэний дараа шагааг салган мөлчийтэл мөлжиж цэвэрлээд заавал хаяж /орхиж/ үздэг. Ингэхэд аль болох морь түргэн буувал ихээхэн билэгшээн азтайд  тооцож, хөрөнгөө арвижуулах, сүргээ өсгөе гээд шагаандаа нийлүүлдэг. Айл бүр ихээхэн хэмжээний шагаатай байсан бөгөөд түүнийгээ хөрөнгө, сүрэг, бэл гэх зэргээр нутаг нутагт арай өөр өөрөөр нэрлэдэг. Шагайг даавуу, эсгий болон илгэн уутанд хийгээд ханын толгойноос зүүх буюу ор дэрний авдар хоёрын завсар тавьдаг байлаа.  Ихэнх айлд шүүргийн / шагаа шүүрэх, атгах,/ буюу тоглоомын гэж ялган хоёр уутанд хийж тавдаг байсан. Зарим айл эсгий уутаа гоёмсогоор ширж, улаан цэмбээр эмжин зээглэж түүнээсээ оосор гарган ханын толгойд өлгөсөн байдаг. “Эртний ном сударт шагаагаар 200 янзаар тонлож болдог тухай дурьдсан байдгаас гадна, ахмад хүмүүсээс асууж сураглахад шагаагаар 60 шахам төрлийн тоглоом тоглож болдог нь мэдэгдэж …”/Ц. Үдэрпил, 1978, стр-10/ байгааг  тэмдэглэжээ. Түүнчлэн Б. Сарантуяа,   В. Түмэнөлзий нарын бичсэнээр 60-80 гаруй төрлийн тоглоомыг шагаагаар тоглож болдог байна.

Шагаа наадгайн гол хэрэгсэл бол шагаа юм.  Энэ хэрэгслэлийг хүмүүс ямар ч үнэ өртөг гаргахгүй, үйлдвэр эрхлэхгүйгээр зөвхөн тодорхой хугацаанд шагааг цуглуулан арчилж, тордож хуритлуулдаг. Түүнийг мөлжиж цэвэрлэх, өнгийн будаг/ ихэнхдээ улаан/-д оруулах нь түүнийг хичнээн их хүндэтгэж, эрхэмлэж байсных юм. “Шагаа гэдэг товгор ясны дөрвөн талын анатомын нэр нь Монгол хэлнээ алц, таа, бөг, цэг, гэж тусгай байх атал зориуд сурган хүмүүжүүлэхийн үүднээс морь, тэмээ, хонь, ямаа гэж малын нэр өгч, багаас нь түүнээр тоглуулж малд дуртай болгон хүмүүжүүлэх арга болдог байна” гэж ахмад сурган хүмүүжүүлэгч Ж. Лувсандорж онцлон тэмдэглэсэн байдаг. Шагаа наадгай нь тусгай орон байр, анги танхим, цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч, намар тэнгэр дуугарахаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм. Монголын уламжлалт энэ наадгайн бас нэг онцлог нь уг тоглоомыг эхлэх буюу суух суудал юм. Гэрийн хоймор хэсэгт тоглоомоо тойрон сууж, хойд талд суусан хүнээс тоглолт эхэлж , заавал нар зөв тойрон, ээлж дарааллаар шоо буюу шагаагаа хаяж /орхиж/ тоглодог.  Энэ нь Монголчууд маш эрт үеэс хойд зүг буюу цагаан өнгийг эхлэлийн зүг, өнгө гэж билэгдэж ирсэн, нарыг галтайгаа адилтган бишрэн шүтэж, наранд мөргөх болсноос хүмүүст нар үзэгдэх нэг өдрийн хөдөлгөөнийг  “нар зөв эргэх” хэмээн билэгдэж ирсэн уламжлалтай холбоотой.

Монголын уламжлалт шагаа наадгай нь сурган хүмүүжүүлэх асар их ач холбогдолтой юм. Өвөг дээдсийн бүтээсэн соёлын өвийн нэг хэсэг болсон энэ тоглоом хүүхэд багачуудад хөдөлмөрийн хүмүүжил олгох дадлага суулгаж, танин мэдэхүйг хөгжүүлж, хүрээлэн буй орчин ахуй, байгалийн юмс үзэгдлийн тухай мэдлэг ойлголт өгч байдаг. Тоглох явцад хүүхдүүд багаар ажиллах, манлайлах, тэвчээртэй байх,  авхаалжтай байх, зорьсондоо хүрэх, авъяас чадвараа нээж илрүүлэхэд нь тусалдаг юм. Шагайн наадгайн тоглоом бүр өөрийн дүрэм журамтай байдаг. Энэхүү дүрэм нь биеэ жолоодож удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн хөдөлгөөний барих, хүчээ зөв хуваарилан, эв дүйтэй болгоход сургадаг зэрэг олон давуу талуудтай билээ.

Бараг бүх аймгийн төлөөлөл болсон ахмадуудтай  уулзаж, хуучилж байхад бидний багад их л тоглодог байлаа. Одоо бараг мартагдаж байна, арга ч үгүй биз, шагаа цуглуулдаг айл ховорджээ гэх болсон байна. Зан үйлээ мартвал Монгол төрхөө ч алдах аюултай тул өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлын нэгэн чухал хэсэг, томоохон соёл болсон шагаан наадгайг сэргээн хөгжүүлэхэд айл өрх, сургууль, цэцэрлэг, амралт, сувилал, аялал жуулчны бааз бүр чухал үүрэг гүйцэтгэж шагаан наадам цэнгээн, бооцоот уралдаан тэмцээнийг зохион байгуулан тогтмолжуулах хэрэгтэй байна.Энэ чиглэлээр радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн зааж сурталчилах, манай ахмадууд өөрсдийн чадах чинээгээр айл саахалт, ач зээ нартаа нандин сайхан энэ уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал юм.

Тоглох дүрэм:

Алаг мэлхийг өрж тоглох нь маш эртний уламжлалтай ажээ. Үүнийг тоглоход нутаг нутагт шагааг ялимгүй өөр тоотойгоор өрж тоглодог боловч ихэнх тохиолдолд хоёр янзаар тоглож ирсэн нь энгийн ба хүндэтгэлийн өрөг юм.  Энгийн өрөг нь хэдийд ч, хэдэн ч хүн тоглох боломжтой юм.

Энгийн өрөг нь 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг. Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсагийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад / орхиход/ дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагааг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Шоо хаяхад 1 нүд буувал толгой, зүрх, давсагны аль нэгийг, 6 нүд буувал хүзүү, нуруунаас авах зэргээр тоглоно. Шоогоо эхэлж хаясан хүнээс нар зөв тойруулан хаяж тоглох бөгөөд тоглолтын явцад шооны буусан нүдэнд тохирох тоотой эрхтэн дууссан байвал тэр тооны шагаа буцааж тавина. Нүд, чих, бөөр тус тус 2 байх тул эдгээрийг авч дууссаны дараа 2 нүд буувал уг тоглогч 2 шагаа буцааж тавих бөгөөд ингэж тоглосоор өрсөн мэлхийг авч дуусахад хэн олон шагаа авсан нь хожно. Тоглож дуусаад дараагийн тоглолт эхлэхэд эхлээд шоо хаясан тоглогчийн дараагийн тоглогч шоогоо эхлэн хаяж мөн нар зөв тойруулан тоглогч бүр шоогоо хаяж, буусан нүдний тоогоор мэлхийгээ буцаан өрж дуусгана. Ингэхэд хамгийн түрүүнд шагаагаа өрж дуусгасан нь хождог. Харин түрүүчийн хамгийн олон шагаа авч хожсон тоглогч хожигдож хамгийн цөөн шагаа авч хожигдсон тоглогч энэ тоглолтонд хождог тал бий.

Алаг мэлхий наадгайн хүндэтгэлийн өрөг нь зөвхөн хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар  хоймортоо бурхан тахилынхаа өмнө алаг мэлхийг тусгай олбог буюу ширээн дээр өрж хонуулаад шинийн нэгний өглөө золгосныхоо дараа тоглодог билээ. Өрөх, тоглох журам нь энгийн өрөг тоглохтой адилхан боловч нийт 108 шагаагаар тоглодог. Мэлхийн толгой талд нь улаан будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж “гал”, зүүн бөөрөн талд 5 хөх  будагтай шагайг нум сумны, сумны хэлбэртэй өрөөд “мод”, баруун хажуугаас нь тухайн сумны үзүүр цухуйсан шинжтэй 3 цагаан будагтай шагай өрөөд “төмөр” гэж нэрлэнэ. Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. Шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж тоглодог. Нэг нүх буувал алаг мэлхийн 4 сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагааны аль нэгийг, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг· Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг· Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл “төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг· Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг·Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл “мод” хэмээгдсэн шагайг· Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ.Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.

Эх сурвалж: http://www.naadgai.mn/content/read/140244/Shagai.htm?view=gamelist