Бусад орны үлгэр

ГУЙЛГАЧИН БА АЗ ЖАРГАЛ

Нэгэн орой гуйлгачин гэртээ харьж явахдаа хувь заяандаа ихэд гомдон зүхэж:

— Аз жаргал… Аз жаргал чи хаана байна аа? Азын тэнгэр нь харьчихсан лойчихсон ч эд юмаа даа! гэжээ.

Түүний гомдол шаналлыг Аз жаргалд дуулгаж үгэнд нь оруулахыг хувь тавилан хүссэн юмсанжээ. Тэгээд гуйлгачин үгээ дөнгөж хэлтэл Аз жаргал гараас нь барьж:

— Нааш ир, битгий ай, хүрээд ир. Би чиний Аз жаргал чинь байна гэжээ.

Чингээд Аз жаргал гуйлгачинг агаарт хөөргөж холын хол аваачиж агуйн аман дээр буулгаад:

— За энэ агуй дотор хорвоогийн бүх үнэт эрдэнэс байгаа, түүнээс өөрийнхөө хүссэнийг л аваарай. Гэвч хэрэгцээнээсээ илүү ихийг авсны хэрэггүй. Авсан зүйлээ гэртээ аваачиж чадахаар үүрэг чинь хөнгөн байх ёстой. Зам чинь үрт, бартаатай, тэгээд бас ч газарчгүй ганцаараа явах болно. Хэрвээ чи үүргээ газарт л буулгах юм бол үүрд алдана, шунахайралгүй ухаалаг байж үзээрэй гэж гэнээ.

Аз жаргал тийнхүү хэлээд алга болчихжээ. Гуйлгачин агуй дотор орвол янз янзын үнэт эрдэнэ хараад алаг нүд нь алжаарч гэнээ. Гуйлгачин хамгийн сайхан гэсэн бүхнээ авч шуудайгаа дүүргээд цагийн дараа хүнд үүргээ үүрсээр агуйгаас гарчээ.

Тэгээд шуудайтай эрдэнэ үүрээд хэд алхаад амьсгаадан ядарч, хамаг биеийн нь хар хөлс асгарчээ. Ер нь гуйлгачин байдаг тэнхээ тамираа барж үүргээ цааш авч явж чадахгүй болсноо мэдэрч гэнээ.

«Хэрвээ шуудайтай юмаа газарт буулгаад өнхрүүлчихвэл яадаг бол оо? Үүргээ бүхэл бүтнээр нь гэртээ аваачихгүй байж яагаад ч чадахгүй нь» гэж бодож гэнээ.

Тэгээд бодсоноороо хийж их баялагтай болсондоо баярлан сэтгэл хөөрсөн гуйлгачин шуудай дүүрэн юмаа өнхрүүлчихэж гэнээ. Чингээд бараг гэртээ харьж явтал гэнэт шуудай нь алга болоход хөөрхий амьтны гap xoocoн агаар самардаад хоцорч гэнээ. Гуйлгачин эргэн тойрон харж өөрийн золгүй хувь тавилагагаа хараан зүхэж, хашгирч чарлан уйлав гэнэ.

Яг энэ уед Аз жаргал дахин гарч ирээд гуйлгачинг хорсолтойгоор харж:

— Чи бол өөрөө өөртөө, өөрийнхөө аз жаргалын өмнө гэмт хэрэгтэн. Чамд ямар ч эд баялаг дутагдаагүй байна, чамайг юу ч хангаж чадахгүй. Чамд асар их юм хайрласан. Чи өөрийнхөө үүрч даах хэмжээний юмыг авах ёстой байсан. Гэтэл шунахайрч, дааж давшгүй зүйл авчээ. Одоо чи байдаг бүхнээ алдсан. Энэ явдал чамд сургамж болж, хэрэгцээнийхээ хирээр бага юм авдаг болж сургаг гэж гэнээ.