Зан заншил

Сархдын дээж барих үгс

За, төгрөг цагаан өргөөний төв дунд
Түвшин сайхан төрөл нөхдийнхөө дэргэд
Баялгийн манлай болсон
Баясгалан үлэмж цогцолсон гэрийн дотор
Байшин мэт байгуулсан зууханд
Багц багцаар багшруулсан түлшээ
Бялхалзтал нь түлж
Бадарсан улаан галыг дүрэлзүүлж
Бат ширмэн тогоогоо тавиад
Бялхаж цалгисан бэлэг айргаа дүүргэж
Бид бүхэнд хайрлах гэгч нь
Бадам саран бүрхээрийг талбиж
Бас дараалан жалавчийг цогцолж
Хөндлөн их ороолтоор ороож
Хүйтэн сайхан ус дүүргэж
Шулуухан сайхан цоргыг хийж
Шударга сайхан халбагыг тосож
Чин бат лонхонд сөгнөж авсан
Чихэр бурмын амт найралдсан мэт
Сайхан архийг
А үсгийн чанар тогтсон
Арван салаат мутарт тань
Агар зандан хундаганд
Амсар тэгш дүүргэж
Ариулан дэвшүүлээд
Айлын манлай
Ахын дээд
Арвин буянтай
Аглагын ерөөлтэй танд
Анх тэргүүн амсахыг
Айлтгаж өргөн дэвшүүлье.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://www.maxpixel.net/static/photo/1x/Glasses-Mirroring-Bottle-Vodka-4667049.jpg