Зан заншил

Төлийн ерөөл

Цагийн сайхан боллоо
Цагаан цэн шувуу ирлээ.
Цаст уул гэслээ
Цагаагч гүү унагаллаа.
Цаглашгүй их баяр боллоо.
Хун шувуу ирлээ
Хур цас гэслээ
Хулагч гүү унагаллаа.
Хувьтай их баяр боллоо.
Ангир шувуу ирлээ
Атар газрын ногоо ургалаа
Алагч гүү унагаллаа
Ашдын их баяр боллоо.
Хонгор галуу ирлээ
Хонхрын цас гэслээ
Хонгор гүү унагаллаа
Хосгүй их баяр боллоо.
Хөхөө шувуу ирлээ
Хөрсөн газар гэслээ
Хөгнөсөн хургаа саахлах
Хишигт их баяр боллоо.
Дэлдэн чихтэй гөрөөс төрлөө
Дэлэн ихт малаа саах
Дэлгэр их баяр боллоо.
Улиас мод найлзаллаа
Унага даага дэллэх
Учралт сайхан цаг ирлээ.
Хайлаас мод найлзаллаа.
Хамаг олныг баясгах
Харилтгүй их баяр боллоо.
Хус мод найлзаллаа
Хонь хургаа хяргах
Хосгүй их баяр боллоо.
Бургас мод найлзаллаа
Бяруу тугалаа зэллэх
Буянтай их баяр боллоо.
Бий бүхэн төгс
Билгүүн сайхан цаг ирлээ
Билэг билгийн дээд болгож
Бэлэг ерөөлөө тавья.
Битүү туурайтан нь бүрдтүгэй
Бүрхээр хундага нь дүүртүгэй
Бүгд олноор нэртүгэй.
Ац туурайтан нь арвижтугай
Аяга шанага нь цэлэлзтүгэй
Ард зон нь мөнхөрсүгэй.
Хөвүүн үр нь өнөр болтугай
Охин үр нь олон болтугай
Сүмбэр уул мэт бат болтугай
Сүн далай мэт гүн болтугай
Сар нар мэт гэрэлтэй болтугай
Сав ертөнц мэт агуу болтугай Өдөр бүр
Өлзий хутаг нэмтүгэй
Сар бүр
Сайн буян дэлгэртүгэй
Жил бүр
Жаргал баяраар бялхтугай.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://www.muz.gov.mn/news/view/24