Зан заншил

Найрын сөнгийн ерөөл

Сүр нь бадарсан
Сүрэг адуугаа үржүүлээд
Сүргийн дээж болсон
Сүрт их гүүгээ зэллээд
Зун намрын жаргалд автагдаж
Зуд ганг нэрийн төдий мартаж
Зугаацан үймж яваа олон та бүгдийг
Зуур хоорондын газраас
Тоос татуулан морилоод ирэхэд нь
Тосож гаран бараалхаж
Тогтож ядан баярлаж
Товтой үгээ хэлэлцэж
Зүг бүрд нь зарлаж
Зүйл бүрийн идээ бэлтгэж
Ширээ вандангуудыг засаж
Шим амттай идээний дээжийг
Шингэн тунгалгаар өрж
Ширүүн хатуугаар албадалгүй дугаарлаж
Шилжүүлж алгасалгүй тогтоолгож
Хуран чуулсан бүхнээрээ
Хувь хувьдаа баярлаж
Хуримлан цэнгэх айргуудыг чинь
Хувин хувингаар сөгнөж
Хувьтай үеийн өлзий бүрдсэн
«Хуурын магнайг» эхэлж
Хуучин «Түмний эхийг» даруулж
Хурдан морьдод нь өлзийтэй гэж
«Холч морийг» дуулцгааж
Адуу нь түм хүрч
Айраг нь далай болж
Өнө бат жаргаж
Өлзий хутаг оршиж
Өндөр зандан сөнг чинь
Өргөн барьж тавихын
Бэлгийг айлтгая.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://www.pikist.com/free-photo-ssrkl