Зан заншил

Тогтдоггүй хүүхэдтэй холбоотой зан заншил

Хүүхэд нь тогтдоггүй айл хүүхэд олонтой, тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр, хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд авбал сайн гэдэг ажээ.

Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг-даага гэх мэтийн амьтдын шөрмөсөөр боодог байжээ.

Хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалуу, Бэлтрэг, Боохой, Мод Чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Орос гэх мэт этгээд нэр өгдөг.

Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна.

Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго-зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи, гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү, нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг.