Зан заншил

Найрын ерөөл

Зээ,
Элдэв учрал бүрдсэн
Эрдмийн цог заль бадарсан
Энэ сайхан өдөр өө
Эрхт гэгээн төрийн
Эрхэм үйлсийг мандуулахын үүднээс
Сүр нь бадарсан
Сүлд их найраа хийж байгаагийн баяр юм биз ээ.
Наанаа нандин хээтэй
Цаанаа чамин хээтэй
Намгар хадгийг барьж
Намайг ерөө гэж хайрласан юм биз ээ.
Налгар их өргөөнийхөө дунд
Найрын хэрэглэл төхөөрөөд
Найман хөлтэй найга алаг ширээн дээрээ
Амтат идээ таваг дээр
Алим жимс дийз дээр
Алаг мах нь царан дээр
Аливаа бүгд нь ярайгаад
Архи сархад нь ирийгээд
Ах дүү нараа цуглуулаад
Анд нөхөд нь хураад
Ай үйгээрээ чуулаад
Алдарт их найрыг үүсгэж байна.
Арван салаа мутарт нь
Аяслуулан барьсан энэ идээ бол
Хөх мөнгөн тэнгэрээс буусан
Хүйтэн хурын чийгээр ургасан
Хөх ногооны маань шим
Агаар хурмастын орноос буусан
Аадар хурын чийгээр ургасан
Алтан тарианы маань охь
Архи нэртэй ариун чанартай
Сархад нэртэй сайхан чанартай
Алдарт монголын буян
Адуун сүргийн маань хишиг
Ард бидэнд рашаан болсон
Айраг нэртэй идээгээ
Алтан амсарт мөнгөн доторт
Агар завьяа хуланд нь
Амсар дүүрэн бялхалзуулж
Тогтоохын учраас
Энгүй баяр зохилдсон
Эрхэм цэнгэлийг үүсгэсэн
Энэ сайхан айл маань
Үрээ танихгүй өнөр баян болж
Үрээгээ танихгүй хурдантай баян болж
Эрдэм номоор эрхэм сайн гэгдэж
Үйлс ажлаар үнэхээр сайнд тооцогдож
Дайраад ирэхэд далай шиг
Буцаад ирэхэд булаг шиг
Ганга мөрөн далай шиг
Ёроолоосоо ундарч
Галбарбаасан мод шиг
Үзүүрээсээ дэлгэрч
Дэнжийн цэцэг шиг ганхаж
Дэлхийн ногоо шиг найгаж
Он онд дэвжиж
Олон үед мандаж
Op суурь нь батдаж
Олон түмэндээ хайрлагдаж
Алдар их нэр нь
Алтан дэлхийд түгж
Ард улсдаа нэрлэгдэж
Аймаг олондоо хүндлэгдэж
Албан байгууллагадаа эрхэмлэгдэж
Ашдаа сайхан жаргахын
Аятай билигтэй ерөөлийг
Айлтган дэвшүүлье.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://ikon.mn/n/lrq