Зан заншил

Насны найрыг үүсгэх үг

Зээ, энэ өдөр
Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн арддаа хүндлэгдсэн
Түүх шастирт нэрлэгдсэн
Нам засагтаа гавьяатай
Нийгэм олондоо нэртэй
Найз нөхдөдөө ээлтэй
Ах дүүдээ өмөг болсон
Ач гучдаа түшиг болсон
Ачит буурал аавын минь
Тавтай сайхан хөдөлмөрлөж
Тавин нас зэрэгцсэний
Тавлаг их найрыг үүсгэж байна aa!
Жаргалангийн дээдийг эдэлж
Жаран сүүдэр зэрэгцсэний
Жавхлантай их баярыг ёсолж байна аа!
Даамай сайхан хөдөлмөрлөж
Даяар олны ах болон
Далан сүүдэр зэрэгцсэний
Далай их найрыг үүсгэж байна аа!
Нартын хүний ахмад нь болж
Настны их сууринд дэвшиж
Наян сүүдэр зэрэгцсэний
Налгар их найрыг үүсгэж байна аа!
Ертөнцийн олны ахмад нь болж
Есөн хүсэл нь ханан жаргаж
Ерэн сүүдэр зэрэгцсэний
Ерөөлтэй сайхан найрыг үүсгэж байна aa!
Өнөд үүрд мөнхрөхийн
Өлзийтэй найрыг үүсгэх учирт
Өргөн монголын ёсыг дагуулан
Ашид ямагт жаргахын
Аялуун цэнгэл эхлэхийн тухайд
Ард монголын заншлыг баримтлан
Эдийн манлай ариун хадгийг
Идээний дээж сүүний хамтаар
Ачитын тэргүүн
Аав (ах) тандаа
Энэрэлтийн тэргүүн
Ээж (эгч) тандаа
Дашлуулан өргөж
Энэ өдрийн цэнгэлийг үүсгэе!
Өнөөдөр болбоос
Өвгөн буурал аавын минь
Өлмийн лянхуа батдахын
Өлзий хутаг оршсон
Өгөөмөр зохист эрин
Өтгөс их настнаа
Өргөн дээдэлж хүндэлдэг нь
Өргөн монголын жам
Өвч олны заншил
Өнөөгийн бидний баясгалан
Өсөх хойчист үлгэр
Өрнөн мандахын бэлэг
Өвлөж залгахын ерөөл
Өдгөө цагийн баяр
Өнөд үүрд мөнхрөх
Өлзийтэй найрыг үүсгэе ээ!

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983