Зан заншил

Гэр мялаах ерөөл

Түмэн өлзий бүрдсэн
Төр улсыг бататгасан
Төгс их жаргалын
Түвшин сайн өдөр гэж
Сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Өнөөдрийн өдрийг
Үүрдийн түүхт сайн өдөр гэж
Өндөр дэнж дээр
Өргөөгөө барьж байгаа юм байна
Барьсан газрыг шинжилж
Баруун зүүн талаас нь харвал
Барс арслангийн шинжтэй
Байр байдлыг ажиглавал
Бадам лянхуа цэцэг шиг
Бадарч дэлгэрмээр газарт
Барьсан юм байна.
Найман тал руу нь уясан
Наян хоёр оосортой
Ташаа зөрүүлэг бүрийг
Дарж уясан
Далан хоёр оосортой
Далай цагаан өргөө байна.
Оролцуулж хийсэн зүйлүүдийг
Онцолж заримыг дурдвал,
Хойд хангайн бургасаар
Хавирга юуг нь хийсэн
Хандгай бугын зоогоор
Наана цаанаас товчилсон
Хана түүнийг мялаая.
Урд хангайн модоор
Унь юуг нь хийсэн
Унага дааганы хялгасаар
Сагалдарга юуг нь хийсэн
Унь түүнийг мялаая.
Хангайн модыг хагалж хийсэн
Харуулын ирээр өөлж хийсэн
Хамаг амьтныг хашин тогтоосон
Хаалга түүнийг мялаая.
Хус модыг цавчиж хийсэн
Хуруу даагыг өрөмдөж хийсэн
Нарны гэрлийг
Нааш оруулагч
Галын гэрлийг
Гадагш дэлгэрүүлэгч
Хорол эрдэнийн шинжтэй
Тооно түүнийг мялаая.
Далай цагаан дээвэртэй
Даргар цагаан туургатай
Хошлон хялгасан бүслүүртэй
Тагнай ширээстэй үүдтэй
Угалз ширээстэй өрхтэй
Цөм бүрэн, түүнийг мялаая.
Ороо морины дэлээр
Ороон томж хийсэн
Орсон буурын зогдроор
Оёж ширж хийсэн
Огторгуйн салхитай
Тэмцэлдэн байдаг
Оосор бүч түүнийг мялаая.
Өргөн үүдийг нь өргөж ороод
Өндөр босгыг нь алхаж ороод
Баруун авдрыг нь нээж үзвэл
Барын арьс,
Баавгай, чоно
Үнэг, булга
Хярс, мануул
Хүдрийн арьс хүртэл
Цөм бүрэн, түүнийг мялаая.
Зүүн авдрыг
Нээж үзвэл
Зүйл бүрийн эрдэнэ
Зүсмэл торго
Шахмал цай
Нэхмэл бараа хүртэл
Цөм бүрэн, түүнийг мялаая.
Хойд авдрыг нээж үзвэл
Хуйгаар торго
Хунзаар цай
Хулсан лимбэ
Хуур ятга
Бийр янтай
Бичиг данс
Шагай шатар
Шагайн сум
Эрийн зодог
Эвийн цавуу
Хурдан морины хусуур
Хур сүүлний боолт хүртэл
Цөм бүрэн, түүнийг мялаая.
Тангад цэмбэн эмжээртэй
Таван давхар гудастай.
Таш магнаг хөнжилтэй
Тансаг сайхан ор, түүнийг мялаая.
Түүний доод авдрыг нээж үзвэл
Нүүрийн толь
Нүдний шил
Шүдний сойз
Шүүр сам
Оо саван хүртэл
Цөм бүрэн, түүнийг мялаая.
Орны дээд талын хайрцаг дээр
Оёх утас
Огтлох хайч
Олон зүйлийн юм
Цөм бүрэн, түүнийг мялаая.
Хар хилэн хөвөөтэй
Хамба торгон хөшигтэй
Ханан хээ ширээстэй
Талын таван тойруулгатай
Цөм бүрэн, түүнийг мялаая.
Төрийн дөрвөн тотготой
Төмөр дөрвөн шийртэй
Ган хуяг цагаригтай
Галын тулга, түүнийг мялаая.
Балбын дархан балбаж хийсэн
Хашийн дархан хадаж хийсэн
Хайч, түүнийг мялаая.
Оросын дархан овыг нь олсон
Монголын дархан маягийг нь олсон
Төмрийн дархан төө чигийг нь тохируулсан
Дөрвөн хөлтэй ширээ шиг
Дөрвөлжин зоотой морь шиг
Ширээ бөхтэй тэмээ шиг
Гайхамшигт зандан эргүүлэг
Түүнийг мялаая
Гар данх
Галын шилээвэр
Хуу домбо
Хувин гөнжөө
Хоолны төмпөн
Идээний таваг
Хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая.
Ургаа модыг унагааж хийсэн
Уран дархан ухаж хийсэн
Уур түүнийг мялаая.
Ган болдоор ирийг хийсэн
Гацуур модоор ишийг хийсэн
Сүх, түүнийг мялаая.
Амьтан бүгдийг ундалж өгдөг
Амттан бүгдийг дотроо агуулдаг
Аяга шаазан, түүнийг мялаая.
Туулын бургасыг тулгаж матсан
Тугал бярууны ширээр үдсэн
Арын модыг авчирч хийсэн
Атны зоогоор үдэж хийсэн
Араг шээзгий, түүнийг мялаая.
Сайн модыг цавчиж хийсэн
Салаа модыг ашиглаж хийсэн,
Сарлаг үхрийн ширээр үдсэн
Савар, түүнийг мялаая.
Энэ айл нь
Олон малаа гаднаа хураагаад
Оюутан бүгдийг гэртээ дүүргээд
Өвч хивс дэвсгэртэй
Өнгийн идээ жимс өрөөстэй.
Өдөр шөнөгүй найртай
Өөдөө өнгөрсөн бүгдийг
Хооллож байдаг
Уруугаа өнгөрсөн бүгдийг
Ундалж байдаг
Үрээ даагаа танихгүй баян
Үр хүүхдээ танихгүй өнөр
Зааны ширээр хөхүүрээ хийгээд
Зандан модоор бүлүүрээ хийгээд
Замбага цэцгээр чимгээ хийгээд
Жаран алд зэлээ шаагаад
Жараахай болсон унагаа уяад
Буман ардтай бужигнаж,
Түмэн ардтай түжигнэж
Төр засаг нь
Төмөр хүрээ мэт батжиж
Төрсөн бид нар
Хаврын цэцэг мэт дэлгэрч байхын
Үүрдийн сайн ерөөлийг
Өндөр дуугаар
Өргөн дэвшүүлье.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: http://www.mnb.mn/i/83460