Зан заншил

Хүүхдийн ойн ерөөл

Төрийн хүндэт
Төрлийн ахмад
Аав эжий
Ах дүү болон
Энд цугларсан
Эрхэм та бүхний
Алтан сонорт
Айлтгах бэлэг байна.
Жилийн сайныг
Жиллэн хүлээж
Сарын сайныг
Саатан хүлээж
Өдрийн сайныг
Өнжин хүлээсээр
Өнөөдрийн өдрийг
Өгөөмөр их
Түмэн өлзий бүрдсэн
Түвшин сайн өдөр гэж
(…гуайн хүү…-ийн
…насны ойг тэмдэглэхээр)
Айл саахалт
Айлчин зочин
Ах дүү нар ирж
Амраг үрийн баяр хийж байна.
Хайрт үр … маань
Харшлах шалтгаангүйгээр
Түших ах эгч
Тулах олон дүүтэйгээр
Өсөх нас
Өрнөх буян
Сурах эрдэм
Судлах ухаан
Баярлах наадам
Бахдах алдар чинь
Нарны гэрэл
Сарны туяа шиг
Дээш дээшээ
Дэгжин мандаж
Шинийн сарнаас тунгалаг
Шижир алтнаас өнгөтэй
Атрын цэцэг мэт
Арвинаар дэлгэрч явтугай
Өрх гэрийг гийгүүлж
Өнөр баялгаар
Өндөр их наслан
Өнөд жаргаж
Санаагаараа амар
Заяагаар түвшин
Найрын эхэнд сонирхуулах
Хөгжим аялгуугаар тэгшхэн
Наадмын тэргүүнд гарах
Хүч тамир ихтэй
Шинийг бүтээн босгох
Шинжлэх ухааны соёлтой
Ажилч хичээнгүйгээрээ
Алдар гавьяа байгуулж
Төрд баатрын буурьтай
Төрсөнд ахмадын суудалтай
Аав эжийдээ ачлалтай
Ах дүүдээ элбэрэлтэй
Хамт олондоо халамжтай
Хамгийн хайрыг хүртсэн
Цог жавхлан
Баяр баясгалан бүрдсэн
Эрхэм иргэн болоорой гэж
Энхрий хүүдээ ерөөе.
Баярын сайн ерөөл минь
Бат орших болтугай.

Эх сурвалж: Эх сурвалж: Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983