Орос үлгэр

Уутнаас ухаан

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Эмгэн өвгөн хоёр тун ч ядуу, хатсан талх, хар цайгаар л өдөр хоногийг залгуулдаг байжээ. Өвлийг өлсөж даарч өнгөрөөн, зунжингаа мөөг жимсхэн түүж иддэг байжээ.

Нэг удаа өгөн шээзгий улаан буудай олж аваад: – Бүх хүн тариа тарих юм. Хоёулаа бас тарья, намар өөрийн гэсэн тариатай болно гэжээ.

Тэгээд эмгэн өвгөн хоёр улаан буудайгаа тарьжээ. Улаан буудай ч гайхалтай сайхан ургаж гэнэ. Өвгөн эмгэн хоёр хөл газар хүрэхгүй баярлаж, өдөр бүр тариа руугаа очиж харж баясдаг болжээ.

Буудай түрүү түрүүгээ налан ханаран найгана. Айл хөршийнхөн нь атаархан:

 

– Ийм их ургац насандаа үзээгүй! гэцгээнэ. Тариа хураах цаг ч болж өвгөн хадуураа ирлэв.

– Эмгээн, маргааш улаан буудайгаа хадъя! гэв.

Тэгтэл гэнэт хүчтэй салхи дэгдэж, хар үүл гарч, өвгөний тариалан дээр том том мөндөр асгаран буув. Мөндөр буудайг нь цохиж нэг ч түрүү үлдсэнгүй.

Өвгөний урам хугаран гутарч, эмгэн хараал тавин:

– Арчаагүй амьтан, аль ч юманд дүйгүй чамтай насаараа зовлоо! Ямар ч азгүй амьтан чи! Арай чарай гэж байж атга будаатай болсон чинь аюул гай дайрч, бусдынх зүгээр байхад манайх ширхэг ч үр үлдсэнгүй.

Өвгөн эмгэнээ тайтгаруулан:

– Уйлж унжаад яах вэ! Уурлалаа, уйллаа гээд унасан гарзыг нөхөх биш. Салхи үүлийг авчирч мөндөр буулгасан, салхи л гарзыг нөхөж өгөг гэв.

Эмгэн улам уурлан:

– Энэ өвгөн бүр солиорчихож! Амны зоргоор бурж, хүн сонсмооргүй юм ярьж байхыг нь хараач! Чи хээр гараад салхийг эрээч! гэжээ.

Өвгөн улам цаашлан:

– Салхинаас л боллоо, салхи гэмтэй хойно салхи л мэдэг гэж үглэж байснаа хувцаслаж таяг тулаад аян замд гарчээ.

Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар нэгэн өндөр ууланд иржээ. Уулын ёроолд нэг том байшин байна гэнэ.

Байшин дөрвөн талдаа хаалгатай юм гэнэ. Нэг хаалга нь нар гарах зүг, нөгөө нь урд, гурав дахь нь баруун, дөрөв дэх нь хойд зүг чиглэжээ.

Гэтэл хувин хангинан нэгэн хөгшин эмгэн худгаас ус авахаар гарч ирлээ гэнэ. Эрүү өвдөг нь нийлэх шахсан хөгшин юмсанж. Ус утгаж авав.

Өвгөн тэр эмгэнтэй мэндлэв.

– Амар байна уу, эмээ! Би танд усыг чинь дөхүүлээд өгье.

– Амар сайн, сайхан сэтгэлтэй хүн минь! Сэтгэлийн сайхан үгэнд чинь баярлалаа. Манайд ор, аян замын алжаалаа тайл. Хувинтай усаа би өөрөө оруулъя, одоохондоо өөрөө чадна гэв.

Шатаар өгсөн байшинд орцгоов. Эмгэн өвгөнийг зочлон хооллуулж ундалж дулаахан хучин хэвтүүлээд:

– Сайхан сэтгэлтэй хүн, та аль газрыг зорьж явна вэ? Өөрийн дураар явна уу, гачигдал зовлонгийн эрхэнд явна уу? гэж асуув.

– Эмээ минь, миний зовлон ихээ! Эмгэн бид хоёр улаан буудай тарьж ургацаа хураахаар баярлаж суутал салхи гарч мөндрийн үүл хөөж ирээд ургацыг минь цохичихлоо. Бидэнд ширхэг үр ч үлдсэнгүй. Хотлыг хэсээд ч амь зуух аргагүй боллоо. Ингээд би нарт хорвоогоор үнэнийг эрэхээр явна гэв.

– Тэгвэл ч түүний учрыг олж болноо. Би дөрвөн салхины эх билээ. Хөвгүүд минь одоохондоо миний үгнээс гарахгүй. Миний бага хүү Умард салхи чамайг гомдоосон бололтой. Умард салхи тэгж дүрсгүйтэх дуртай. Одоохон хүүхдүүд минь буцаад ирнэ. Гэмтнээр гарзыг чинь нөхүүлнэ гэж эмгэн өгүүлэв.

Удалгүй зүүн зүгээс чимээ гарч зүүн хаалга дэлгэгдэн Дорно салхи нисэн орж ирэв. Дараа нь өмнө зүгээс дулаан амьсгаа ханхлан урд хаалга нээгдэн Өмнө салхи намалзан орж ирэв. Яг энэ үед нар жаргах зүгийн хаалга онгойн Өрнө салхи орж ирэв. Дараа нь эргэн тойрон шуугин сийгэн хойд зүгээс Умард салхи исгэрэн хөхөрсөөр орж ирэв.

Умард салхи:

– Өнөөдөр тэнгис далайгаар үлээж хөлөг онгоцнуудыг хөөргөдөж өгсөн дөө! Тоглож тонгочсоор өлсчихлөө! гэв.

Эмгэн ширээ засан хөвгүүдээ ундалж хооллуулж дуусаад:

– За хөвгүүд минь, та нарын хэн чинь саяхан зовлон тарьсан бэ? Тэгээд өвгөнийг дуудав.

– Юу болсныг айлтгүй ярь!

Өвгөн пийшин дээрээс бууж юу болсныг цөмийг ярьжээ. Умард салхи дуугүй болон толгой бөхийв.

– Умард салхи, чи буруутай юу? Чи гарзыг нөхөж өг гэж эх эмгэн өгүүлэв.

– Зовох юмгүй, ээжээ. Би бүгдийг нөхөж өгнө!.. Харин зочин та зоригтой, шаргуу хүн байна. Би ийм хүнд дуртай! Намайг эрж, үнэнийг нүүрэн дээр ил хэлэхээс айгаагүй болохоор та миний хуурай ах минь болно уу? Гарсан гарзанд бүү гутар гээд өврөөсөө нэг боодолтой юм гаргаж өвгөнд өгөв.

– Энэ бол шидэт бүтээлэг. Үргэлж цатгалан явах болно. Бүтээлгээ дэлгээд «Ууя, идье!» гэдэг хоёр үг хэл. Тэгэхлээр шидэт бүтээлэг дээр янз янзын амттан бэлэн болж юу дуртайгаа зооглож болно. Харин одоо харих замдаа дэн буудлын газар битгий ороорой гэлээ.

Өвгөн дөрвөн салхины эхэд зочилж хүндэлсэнд, хуурай дүүдээ бэлэг өгсөнд талархаад бүгдэд нь сайныг ерөөгөөд буцах замдаа оржээ.

Өвгөн яван явсаар ядарч, хүч тамир нь барагдахад «Энэ шөнө замдаа нэг газар хонохоос, өнөөдөртөө ч харьж чадахгүй нь. Умард салхи яагаад дэн буудлын газар битгий ороорой гэсэн юм бол? Хээр хонолтой биш! Идэх юм өвөрт байгаа цагт толгой хоргодох газар хэрэгтэй» гэж бодов. Тэгээд дэн буудлын газар орж тухлан суугаад амарч байтал эзэн:

– Оройн хоол идэх үү? Алжаал ядралаа тайлж аяга архи уух уу? Захиалаарай! гэхэд,

– Би юу ч худалдан авахгүй, надад бүх юм байгаа. Ингэж хэлээд өвгөн өврөөсөө шидэт бүтээлгээ гарган:

– Ууя, идье! гэж хэлэв.

Гэтэл, бурхан минь, янз янзын амттан бүтээлэг дээр бэлэн болов. Амтат бал, архи дарс, чихэр жимс юу л бол юу! Юу хүссэнээ ид!

Дэн буудлын эзэн мэл гайхан, нүдээ бүлтэртэл харж, үг ч дуугарч чадахгүй зогсоно. Ийм гайхамшгийг хэзээ ч үзээгүй билээ.

Өвгөн «Эмгэн бид хоёр ч идэх уух юмтай боллоо! Сайн хүмүүсийг зочлох ч юмтай боллоо!» гэж бодон баярлан хөөрч, дэн буудлын эзнийг дуудан:

– Наашаа суу, гэрийнхнийгээ дууд, хамт хооллоцгооё. Уух идэх юм бүгдэд хүрэлцээтэй! гэв. Буудлын эзэн эхнэр хүүхдээ дуудан цөм өвгөний ширээнээ суун ууж идэн баярлацгаана. Өвгөн

амтат дарс ууж халаад толгой нь мансуурав. Өвгөн дуу дуулж эхлэв.

Буудлын эзэнд гэнэт «Энэ бүтээлэг надад тун хэрэгтэй юм байна!» гэж бодов.

Өвгөн унд хоолныхоо дараа ханзан дээр унтаад өгөв. Буудлын эзэн шидэт бүтээлгийг яг адилхан жирийн бүтээлгээр сольжээ.

Маргааш нь өвгөн үүрээр сэрээд гэр лүүгээ яаран харьжээ. Эмгэн нь харааж загнан угтав.

– Савдаг чи хаагуур тэнэж яваад ирэв? Гэрт чинь атга будаа, хэрчим түлээ алга. Гэтэл энэ зовлон нь багадаад байгаа юм байх даа!

– Эмгээн, дуугаа тат! Ширээний цаана суу, хүссэн бүгдээ ид уу! гэж өвгөн зандран эмгэнийг суулгаад бүтээлгээ дэлгэн:

– Ууя, идье! гэж хэлэв. Гэтэл юу ч байдаггүй? Юу болов?

Өвгөн бүтээлгээ дахин сэгсрэн дэлгэж, гараараа цохиод:

– Ууя, идье! гэв. Дахиад юу ч алга.

Тэгтэл ч эмгэн үсрэн босож хайруулаа шүүрч аван:

– Ээ, чалчигч чинь, бас надаар тохуу хийх нь үү! гэж хашгираад өвгөнийг цохиж,- Ингээд чи хуур! Ингээд чи хуур! гэжээ.

Өвгөн санд мэнд зугтан гараад хар хурдаараа гүйв.

Тосгоныхоо захад очоод зогсосхийн «Энэ ч буруу юм боллоо. Умард салхи намайг хуурсан бололтой. За гайгүй ээ, би ч тийм амархан толгой биш шүү!

Одоо ч замаа мэдэж байгаа хойно олоод очно доо» гэж бодов. Тэгээд дөрвөн салхины эхийнх рүү явжээ.

Явж явж орой бүрий болсон хойно өндөр уулын хажуу дахь дөрвөн талдаа хаалгатай том байшинд хүрч очив. Энэ үед ах дүү дөрвөн салхи дөрвөн зүгээс гэртээ буцаж явжээ. Зочноо шүүрч аван байшиндаа орцгоов.

Өвгөн дөрвөн салхины эх, ах дүү нартай мэндлээд Умард салхинд хандан:

– Хуурай дүү минь, ах дүүгийн хооронд ийм хэрэг байж болох уу? Чиний шидэт бүтээлэг чинь зөвхөн нэг удаа намайг ундалж хооллууллаа, тэгээд л байдаггүй. Надаар ингэж тохуу хийх нь зүйн хэрэг гэж үү?

– Байз, байз, замдаа дэн буудлын газар орсон уу? гэж Умард салхи асуув.

– Орсон.

– За тэгвэл үгэнд минь ороогүй өөрийгөө зэмлэ, өөрөө буруутай. Тэгээд өврөөсөө нэгэн түрийвч гарган:

– Энэ түрийвчийг ав. Гачигдал зовлонгүй амьдрах болно. Мөнгө хэрэгтэй болбол түрийвчээ сэгсэр! Хичнээн мөнгө хэрэгтэй, төчнөөнийг сэгсэрч авч байгаарай! За тэгээд үгэнд минь ор, замдаа юунд ч, хэнийд ч бүү ороорой гэв.

Зочин ундалж хооллож аваад гэр лүүгээ гарчээ. Үлгэр маань үргэлжилсээр өвгөн маань гэр лүүгээ яарсаар.

Явж явж түрүүчийн удаа хоносон дэн буудлын газар хүрчээ.

«Ёох ёх, бүүр ядарчихлаа, хөл минь ч хөших нь. Тэртэй тэргүй өнөөдөр гэртээ харих өнгөрлөө. Танил газар байна, ороод хоночихъё» гэж өвгөн шийдэв.

Тэгээд дэн буудлын газар орж мэнд амар мэдэлцэв. Буудлын эзэн өвгөнийг таниад их эелдэгхэн угтаж:

– Сайн санаатан минь, сууж амар! Унд хоолноос минь сэжиглэхгүй бол захиалаарай! Аян замынхаа алжаалыг тайл! гэжээ.

Өвгөн өлсөж даарсан гэдэг жигтэйхэн.

«Умард салхи намайг юугаар шагнасныг үзье байз» гэж бодоод хоол унд, архи дарс авчирахыг хүсэв. Буудлын эзэн хэлсэн бүгдийг нь зөөнө. Өвгөн нэг хоёр жүнз уугаад алжаал нь тайлагдан ам нь халж буудлын эзнийг дуудан:

– Надтай хамт сууж хоолло, гэрийнхнийгээ бүгдийг дууд, зуухан дээрхээ бүгдийг нь ширээн дээр тавь! Мөнгө хайрлахгүй төлнө гэв.

Буудлын эзний хөл хөнгөрч янз янзын амттан, архи дарсаа зөөж, эхнэр хүүхдээ дуудан цөм идэж ууж гарав. Ингэж суухдаа өвгөнд ямар шидэт юм байгаа бол гэхээс буудлын эзэн тэсэж ядна.

Тэгээд сүүлдээ тэсэлгүй:

– Сайн санаатан минь, дайлсанд чинь баярлалаа. Маргааш өглөө эрт явах биз дээ. Одоо мөнгөө өгчих гэв.

Өвгөн өврөөсөө илбэт түрийвчээ гарган хоёр удаа сэгсэрвэл бөөн алтан мөнгөн зоос унаж ирэв. Тавгаар дүүрэн алтан мөнгөн зоос унагаж өгөөд:

– Буудлын эзэн та, ав ав, бүгд чинийх. Надад энд элбэг хүрэлцэнэ! гэв.

Буудлын эзэн өвгөнийг харан, гайхахдаа хөдөлж чадахгүй сууна. Тэгснээ гэнэт ухаан орох мэт тавгийг шүүрч аван зооснуудыг барилж үзвэл үнэхээр алтан мөнгөн ажээ.

– Яасан гайхамшиг вэ!

Өвгөн хэвтэж алжааж ядарсандаа бөх унтаж, хар гай хажууд нь байгааг үл мэдэн тайвнаар хурхирсаар байв.

Буудлын эзэн яг адилхан түрийвч эрж олоод илбэт түрийвчийг сольчихов. Өвгөн өглөө эрт босож гэр лүүгээ яаран явжээ.

Өвгөн дөнгөж босгоо алхмагцаа өврөөсөө түрийвчээ гарган үзүүлж:

– Эмгээн, харааж загнаад хэрэггүй. Энэ удаа хуурахгүй! Алив шээзгийгээ өгөөдөх, зоосоор дүүргээд өгье. Тэгээд зах дээр очиж юу хэрэгтэйгээ ав гэв.

Эмгэн шээзгий авчирч өгөв.

Өвгөн түрийвчээ нэг хоёр сэгсэрвэл хуучирсан төмөр товчноос өөр юм юу ч унасангүй. Дахин дахин сэгсрэвч юу ч байдаггүй.

Эмгэн гартаа ойр байсан шээзгийг шүүрч аван өвгөнөө цохин, уйлан үглэв.

– Хоосон чалчигч, усан толгой, гайны эзэн! Чамтай бүхий л насаараа зовж сайн сайхныг үзсэнгүй өнгөрөөлөө. Насны эцэст бүүр зөнөглөчихөж, өдрөөс өдөрт тэнэгтээд байх юм!

Ингэж үглээд зодоод байтал шээзгий үйрч унав. Тэгэхээр нь галынхаа шилээвэр рүү ухасхийв. Өвгөн ч энэ хооронд ухасхийн тосгоныхоо барааг далдартал гүйв. Тэгээд зогсосхийн «Одоо хаачдаг юм билээ? Эмгэн харааж загнаад хатгаж нүдээд суулгахгүй юм. Ингэж муухай хуурчихаад нүүрийг нь харахаас ч халуун байна. Арга учир олохоос нааш эргэж харихгүй. Энэ муу буудлын эзэн шидэт бүтээлэг, илбэт түрийвчийг минь сольчихоогүй байгаа? Эсвэл Умард салхи надаар тохуу хийгээд байна уу? Буудлын эзэн шидэт бүтээлэг, илбэт түрийвчийг минь сольсон ч сольсон гэхгүй. Тэгэхлээр юу ч гэсэн эхлээд хуурай дүү дээрээ очъё» гэж бодов.

Ингээд өвгөн гурав дахь удаагаа өндөр уулыг зорин очив.

Умард салхи гэртээ байв. Гэрээсээ баргар царайлан гарч ирээд хуурай ахдаа:

– Би чиний бүх зовлонг мэдэж байна. Дахиад миний үгэнд ороогүй өөрийгөө л зэмлэ! За май, энэ уутыг ав! Ухаанаараа амьдар. Гай гачигдал тулгарсан үед уутаа сэгсрэн «Хоёулаа уутнаас гар!» гэж хэл, тэгээд юу болохыг нь хараарай. За баяртай!

Умард салхи өөр юу ч хэлсэнгүй, исгэрэн шуугиж үүлэнд тултал боссоноо зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ нисэн одов.

Өвгөн уутыг үүрээд буцаж явав. Явж явж «Гэдэс өлсөж байна! За байз, энэ уутны ид шидийг нэг үзээдхье» гэж бодоод уутаа мөрнөөсөө мултлан сэгсрээд:

– Хоёулаа уутнаас гар! гэж гэнэ.

Тэр хоромд уутнаас шийдэм барьсан хоёр залуу гарч ирэн өвгөнийг нүдэж гэнэ. Хоёр залууд нүдүүлсээр өвгөн аргаа бараад сүүлдээ нэг юм таамаглан:

– Хоёулаа уутанд ор! гэв.

Өвгөнийг «Хоёулаа уутанд ор!» гэж хэлмэгц хоёр залуу огт байгаагүй мэт алга болжээ.

Өвгөн «Умард салхи энэ уутыг зүгээр ч өгөөгүй дээ… Аа аан, хэрвээ ухаантай хэрэглэвэл уут ч үнэхээр ажил бүтээх юм гээч!» гэж бодож олов.

Тэгээд уутаа үүрсээр цааш явжээ.

Явсаар байтал танил дэн буудлын газар харагдаж гэнэ.

«Аа, энд ч уутанд минь ажил олдоноо!»

Өвгөний ирж явахыг харсан буудлын эзэн үүдэн дээрээ гүйн гарч ирэв.

– Ороорой, орогтун, хүндэт зочин минь!

Буудлын эзэн өвгөнийг тойрон бөмбөгнөж зочныхоо өрөөнд оруулан:

– Тэрлэгээ энд өлгөчих, таягаа энэ буланд тавьчих! гээд, вандан пийшин рүү ойртуулан,- Ийшээ сууж дулаац, би ширээ засуулъя. Өнөөдөр би чамайг дайлна. Яасан баяртай өдөр вэ? Эхнээр нааш ир! гэж хашгирав.

Эхнэр нь гарч ирэн эелдэгхэн мэндлэв. Буудлын эзэн хөл болон гүйж:

– Бушуухан ширээ зас! Амттай бүхнийг өр, архи дарс авчир гэнэ.

Ширээ засаж өвгөнийг хамгийн хүндэт суудалдаа суулгав.

– Хүндэт зочин минь, зооглогтун. Хаагуур яваад, юу үзэв? Яриач! Бид гэдэг гэрийн мухар сахисан улс хорвоо дэлхий дээр юу болж байгааг мэдэх ч үгүй, сонсох ч үгүй юм.

Өвгөн идээ будаанаас зооглон элдэв зүйлийг ярина. Буудлын эзэн уутнаас нүд салгаж чадахгүй хялалзан зочиндоо дарс аягална.

– Энэнээс амсаад үз, бүү нэрэлх, уухгүй бол гомдоно шүү! Эхнэр бид хоёр таныг ирсэнд ямар их баяртай байна гээч! гэнэ.

«Буудлын эзэн уутанд шунаад байнаа» гэж өвгөн дотроо сэжиг аваад гаднаа ууж идсэн шигээ дүр үзүүлж инээмсэглэн суув.

Буудлын эзэн тэссэнгүй асуусан нь:

– Хүндэт зочин минь, энэ уутанд чинь юу байгаа юм бэ? Бас л ямар нэг гайхамшиг биз? Өвгөн хариулсан нь:

– Энэ уут биш ёстой гайхалтай гайхамшиг. Нэг сэгсрээд «Хоёулаа уутнаас гар!» гэж хэлэхтэй зэрэг хоёр илбэч гарч ирэн юу хүссэнийг биелүүлнэ. Ийм л гайхамшиг даа!

Буудлын эзэн өвгөнийг их эелдэгхэн харж намалзан нахилзана. Харин дотроо «Энэ уутны эзэн болохгүй бол ч би хүн биш!» гэж андгайлна.

Зочилж дуусаад өвгөнийг дээд буландаа зөөлөн дэвсгэр дээр хэвтүүлэв.

– Тавтай нойрсоорой!

Тэгээд буудлын эзний нойр нь хүрсэнгүй. Яг адилхан уут олж гэрийнхнийгээ бүгдийг унтмагц өвгөний уутыг авч оронд нь энгийн уутаа дүүжлэв.

Тэгээд эхнэрээ сэрээж:

– Би юу авчрав, чи хар! Одоо миний хүсэл бүхэн минь биелэгдэнэ. Хоёр илбэч эхлээд хааны ордноос гоё ордон босгог, эдлэн газар ихийг өгөг, бид ч ёстой хаад ноёд шиг амьдарна даа!

Тэгээд уутыг сэгсрэн:

– Хоёулаа уутнаас гар! гэж хашгирав.

Уутнаас шийдэм барьсан хоёр залуу гарч ирээд буудлын эзнийг эхнэртэй нь нүдэж балбаж гарав. Эзэн эхнэр хоёул хашгирахаасаа айна. Харин хоёр залуу нүдээд л нүдээд л байж.

Сүүлдээ буудлын эзэн тэссэнгүй.

– Залуу эрчүүд минь, өршөөж, хайрла! Уул шиг их мөнгө өгье, зодохоо болиоч гэж гуйв. Уутнаас гарсан хоёр залуу буудлын эзнийг эхнэртэй нь нүдээд л нүдээд л байж.

Эхнэр уйлж, буудлын эзэн байдаг тэнхээгээрээ:

– Амь авраарай! Амь авраарай! гэж хашгирав.

Өвгөн дуу чимээг сонсоод жуумалзан хэвтэж байв. Буудлын эзэн бүүр байдгаараа хашгирна.

– Амь авраарай! Аллаа! Авраарай!..

«За одоо очихгүй бол болохгүй. Муу хулгайчийг хоёр залуу хэмх нүдчихнэ» гэж өвгөн бодоод очвол эзэн эхнэр хоёулаа тэрийж унаад ёолж гуугалж байна гэнэ.

– Сайн санаатан минь, зодоонч нараа холтгооч, үр хүүхдийг минь бүү өнчрүүлээч! гэж зэрэг зэрэг гуйхад нь өвгөн:

– Миний шидэт бүтээлэг илбэт түрийвч хоёрыг буцааж өг! гэжээ.

– Хүндэт зочин минь хаанаасаа бид шидэт бүтээлэг, илбэт түрийвч олох билээ? Бид энэ насандаа тийм юм хэрэглэж үзээгүй!

– Тэгвэл яагаад миний уут энд байдаг билээ? Хэрвээ миний гайхамшгийг буцааж өгөхгүй бол та нарыг үхтэл чинь нүднэ!

Тэгтэл эхнэр нь тэсвэр алдаж:

– Нөхөр минь, чи буруугаа хүлээ! Бүтээлэг түрийвч хоёроос амь нас үнэтэй. Тэр юмыг нь буцааж өг!

Буудлын эзэн ч тэсэшгүй болсон бололтой:

– Залуу эрчүүдээ холтго. Шидэт бүтээлэг, илбэт түрийвчийг чинь эргээж өгье, бас дээр нь чаргатай морь өгнө. Зөвхөн амь насыг минь авар! гэж орилов.

Өвгөн ч үүнийг хүлээж байсан тул:

– Хоёулаа уутанд ор! гэв.

Шийдэм барьсан хоёр залуу алга болж буудлын эзэн эхнэртэйгээ ёолон гиншин хэвтэнэ.

– Ёо, ёо, үхлээ, үхлээ. Эрүүл газар алга. Эрэмдэг зэрэмдэг боллоо! Одоо яаж амьдарна. Хэн биднийг тэжээж тэтгэх вэ! Сайн санаатан минь, биднийг өрөвдөөч! Шидэт бүтээлэг эсвэл илбэт түрийвчийнхээ нэгийг ч болсон өгөөч дээ!

Өвгөн уурлан:

– Аа, бас хашраагүй байна уу! Бүтээлэг түрийвч хоёр бушуухан аваад ир! Авчрахгүй бол уутнаас хоёр залууг дуудна шүү!

Буудлын эзэн үсрэн босож авдраасаа бүтээлэг түрийвч хоёрыг нь гарган өгөв.

– Май, ав ав. Хүний юм бидэнд хэрэггүй!

Өвгөн бүтээлгээ дэлгэн «Ууя, идье!» гэвээс тэр дорхноо амттан бий боллоо. «Минийх байна» гээд бүтээлгээ эвхэж өвөртлөв.

Түрийвчээ нэг сэгсэрвэл алт мөнгөн зоос асгарав.

– Түрийвч минийх мөн байна! гээд бас өвөртлөв. Тэгээд уутаа үүрээд:

– Эзэн, чарга тэргээ бэлтгэ, харих цаг боллоо гэж хэлэв.

Буудлын эзэн моринд чарга хөллөхийг албатдаа тушаагаад өөрөө ёолон ёолон байж үүдэндээ гарч өвгөнийг гаргаж өгөв.

Өвгөн чарганд суугаад:

– За баяртай! Хаширсан биз, дахиад хүний юманд бүү хүр! гээд явжээ.

Өвгөн замдаа «За байз, эмгэнийг жаахан айлгаж хашраая, үглэж яншдагаа болиг» гэж бодоод инээд нь хүрч явав.

Гэрийнхээ гадаа ирээд:

– Чүү, үү! гээд зогсов.

Эмгэн ч үүдэн дээрээ гарч ирээд өвгөнийгөө хармагц загнаж гарав.

– Зуны сар, намрын сарыг зугаалж өнгөрөөсөн, өвөл болохоор өрвийгөөд хүрээд ирлээ! Хэн чамд идэш бэлдсэн гэж санаав?

– Орцгооё, орцгооё, эмгэн минь даарчихна!

Өвгөн эмгэн хоёр гэртээ орцгоов. Эмгэн дуугүй болохгүй бүүр ч чангаран загнав.

Өвгөн уутаа сэгсрэн «Хоёулаа уутнаас гар!» гээд хашгиртал уутнаас хоёр залуу үсрэн гарч ирээд:

– Хэнийг сургах вэ? Хэнийг хашраах вэ? гэв. Эмгэн айж:

– Өвгөн минь, надад бүү хүр! Энэнээс хойш ерөөсөө загнахгүй, хараахгүй! гэхэд өвгөн:

– За тийм бол яахав, аль хэзээний ингэх байсан юм гээд «Хоёулаа уутанд ор!» гэж шивгэнэв. Шийдэм барьсан хоёр залуу ч алга болов. Өвгөн бүтээлгээ дэлгэн:

– Ууя, идье! гэж сэгсрэв.

Гэтэл ширээн дээр янз янзын амттаны дээж, идээ будаа цуглав… Эмгэн гайхахын ихээр гайхаж, нүдэндээ итгэхгүй сууна.

– Суу, юу дуртайгаа ид, уу! Энэ бүгд манайх гэж өвгөн хэлэв.

Ингэж эмгэнээ хооллуулж ундлаад дараа нь илбэт түрийвчээ гарган:

– За харж бай! гээд хоёр удаа сэгсэрвэл алтан мөнгөн зоос асгарав.

– Энэ мөнгө ч бүгд манайх!

Эмгэн тун их баярлав. Өвгөн энэ гайхамшгийг яаж олж авсан, буудлын эзэн яаж түүнээс хоёр удаа хулгайлсан, хулгайч эзнээс шидэт бүтээлэг, илбэт түрийвчээ яаж эргүүлж авсан тухайгаа эмгэндээ цөмийг ярьжээ.

– За өвгөн минь, урьдын юм улиг болог. Одоо бидэнд юу л бол юу байна. Өөрсдөө идэх юмтай, өргөн олонтойгоо хуваалцах юмтай боллоо гэж эмгэн тайтгаруулав.

Тэр цагаас хойш эмгэн өвгөн хоёр дутагдах гачигдах юмгүй сайхан амьдрах болжээ. Айл хотныхондоо тусалж олондоо нэртэй түмэндээ хүндтэй жаргаж байжээ. Энэ үед далайн чанадаас нэгэн ноён эдлэн газартаа эргэж иржээ. Тэр ноён өвгөн эмгэн хоёр халгин цалгин амьдарч суудгийг сонсоод дууджээ. Өвгөн ноёныд ирэв.

– Энэ хорвоо дээр чамаас ядуу хүн байгаагүй. Гэтэл одоо чи хамгийн баян болжээ. Хаанаас яаж ингэж баян болсноо нуулгүй хэлээч! гэж ноён асуужээ.

Өвгөн юу ч нуулгүй ярьжээ. Ноён:

– Нүдээрээ үзэхээс нааш энэ худал үгэнд би итгэхгүй гэв. Өвгөн:

– За тэгвэл манайд очоорой. Би чамд шидэт бүтээлэг, илбэт түрийвчээ үзүүлнэ гэжээ. Ноён гурвалсан морь хөллүүлэн өвгөнийг дэлбэгчтэй цуг суулгаад өөрөө сүйхэндээ суун явцгаажээ.

– За явъя, өвгөн, чи зам заа!

Өвгөнийд ирцгээжээ. Өвгөн ноёныг оруулан хоймороо суулгав. Эмгэн шидэт бүтээлгээ авчрав.

– За харж бай, ноёнтон! гээд өвгөн бүтээлгээ сэгсрэн дэлгэж «Ууя, идье!» гэж шивгэнэв. Ширээнээ янз янзын амттаны дээж, идээ будаа, архи дарс цуглав.

– Идээ будаанаас минь цээрлэхгүй зооглогтун! гэж эмгэн өвгөн хоёр зочноо хүндлэв. Ноён энэ тэрнээс амсаж, амттай шимтэйгий нь шагшина.

Ууж идэж цадаад:

– За, чи шидэт бүтээлгийн тухай үнэн хэлжээ. Одоо тэр илбэт түрийвчээ үзүүл! гэв.

Өвгөн түрийвчээ авчран нэг хоёр сэгсэрвэл алтан мөнгөн зоос асгарав. Ноёны нүд нь бүлтэгнэн, мөнгөнөөс хараа салгаж чадахгүй зогсоно. Тэгснээ дараа нь:

– Илбэт түрийвчийн тухай ч үнэн хэлжээ. Харин одоо миний үнэнийг сонс! Шидэт бүтээлэг, илбэт түрийвч хоёроо шинэ даавуунд боогоод миний сүйхэнд аваачиж надад өг! гэв.

Өвгөн эмгэн хоёр:

– Өршөө, ноёнтон минь! Яалаа гэж ингэх билээ! Энэ гайхамшгийг Умард салхи бид хоёрт өгснөөс чамд өгөөгүй шүү дээ гэж эсэргүүцэв.

– Дуугаа тат! Элдвийг тоочих эрх та нарт байхгүй! Та хоёр миний албат, та хоёрын юм ч минийх, ойлгов уу! гэж ноён хашгиран дэвслэв.

– Ойлголгүй яахав, ноёнтон! Ойлголоо гэж өвгөн өгүүлэхэд ноён:

– За ойлгосон бол түргэл, би хүлээж чадахгүй! гэв.

– Эмгээн, миний уутыг аваад ир. Ноёнтон яарч байгааг харахгүй юу… Ноёнтон минь, манайд шинэ даавуу алга гэж өвгөн хэлэх зуур эмгэн уутыг авчрав. Ноён яаруулав.

– За, уутандаа бушуухан боо!

– Одоохон одоохон, ноёнтон минь! гээд өвгөн уутаа сэгсрэн «Хоёулаа уутнаас гар!» гэж хашгирав.

Шийдэм барьсан хоёр залуу үсрэн гарч ирэв.

– Ноёнтонг мартахгүй болтол нь хашраагаад өг! Хоёр залуу ноёныг шийдмээрээ цохиж, нүдэж гарав. Ноён эхлээд дальдчин зугтахыг оролдож харайж байснаа сүүлдээ тэсэлгүй:

– Дэлбэгч ээ туслаарай! гэж хашгирав. Дэлбэгч нь гүйн ирж хоёр гурав цохиулаад аргагүй болохыг мэдэж ухарсаар ухарсаар зугтав.

Хоёр залуу шийдмээ пүд пүд хийлгэн ноёныг нүдсээр байв.

– Хөөе, өвгөн, намайг сулла! Үхэхээс минь өмнө эднийгээ болиул! Чи хариуцах болно шүү!

– Миний төлөө санаа зоволтгүй, ноёнтон. Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий. Харин чи байхгүй бол хүмүүст амар болно. Энэ чинь их юм байхгүй юу!

Ноён өвдөг сөгдөн бөмбөрч:

– Уучил, өвгөн минь, уучил! Үүнээс хойш хэзээ ч хүний юманд шунахайрахгүй, хүний юмыг булаахгүй!

– Үгүй ээ, үгүй, чи тэгж хүний юманд хүрэхгүй гэдэг худлаа. Амташсан хэрээ арван гурав дахина гэдгийг мэдэх үү. Хэрвээ эдлэн газраа эрчүүд бидэнд өгч, биднийг эрх чөлөөт иргэд мөн гэж бичээд энэ нутгаас бүүр явбал чинь амьд үлдээнэ. Үгүй бол эндээсээ шууд оршуулгын газар очиж дээ гэж өвгөн хэлэв.

Хоёр залуу ноёныг балбасаар байв. Сүүлдээ ноён тэссэнгүй:

– Ёо, ёо, юу ч гэсэн би үгээр чинь болгоё. Бийр янтай, цаас аваад ир, түргэл! Юу хэлснийг чинь бичье, гагцхүү амьд үлдээ! Ёо, ёо.

Өвгөн бийр янтай, цаас авчраад хоёр залууг түр хүлээж бай гээд болиулав. Ноён өөрийн барлаг эрчүүдийг эрх чөлөөтэй, эдлэн газар тэдний мэдэлд гэж бичив.

Өвгөн уншиж үзээд «Зөв байна!» гээд:

– Хоёулаа уутанд ор! гэж хашгирав.

Шийдэм барьсан хоёр залуу ч алга болов. Ноён байшингаас ёолсоор гараад:

– Би маргааш эндээс бүүр явна. Харин чи намайг энд зодсон гэдгээ хэнд ч битгий яриарай гэжээ. Маргааш нь ноён тэр нутгаас бүүр явжээ.

Тэр цагаас хойш барлаг эрчүүд ноёны газрыг нь авч өвгөнийг магтан сайхан амьдрах болжээ. Одоо болтол тэр нутгийнхан гачигдал зовлонгүй амар түвшин аж төрж оноос онд жилээс жилд улам баян тансаг амьдарсаар байгаа гэнээ.

Ингээд сонин үлгэр төгслөө, сонссон хүнд гялайлаа.

Эх сурвалжууд: Орос үлгэрүүд:E-Pub номноос авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *