Орос үлгэр

ИЛБЭТ ЦУРХАЙН ТУШААЛААР

 

Эмгэн өвгөн гурван хүүтэй юмсанжээ. Хоёр том нь ухаантай, бага хүү Емеля нь тэнэг гэнэ. Хоёр ах нь гар хумхихгүй ажилладаг байхад Емеля өдөржингөө пийшин дээр хэвтэж юу ч хийдэггүй, юу ч сонирхдоггүй ажээ. Нэг удаа ах нар нь зах явжээ. Бэр эгч нар нь Емеляг дуудан,

– Усанд яваад ирээч гэж гуйв.

 

– Залхуу хүрээд байна аа… гэж Емеля пийшин дээрээсээ хариуллаа.

– Емеля, ус аваад ир л дээ, ах нар чинь чамд бэлэг авчрахгүй шүү.

– За за явахаас.

Тэгээд Емеля пийшин дээрээсээ буугаад хувцсаа өмсөн хувин, сүхээ аван гол руу явжээ. Мөс цавчин харз гаргаад хувингаараа ус утгаж авчихсан мөртлөө харз руугаа хараад зогсоод байв. Юу гэвэл, харзанд цурхай загас байжээ. Емеля ухасхийн гараа дүрэн цурхай загасыг бариад авав.

– Сайхан шөл болно доо!

Тэгсэн чинь цурхай загас гэнэт хүний хэлээр,

– Емеля, намайг тавиач, би чамд тус болно гэв. Емеля инээн,

– Чи надад яаж тус болох юм бэ?.. Үгүй дээ, би чамайгтэртээ аваачна, бэргэн эгч нар сайхан шөл чанана даа.

Цурхай загас дахин гуйсан нь,

– Емеля, Емеля, намайг тавиач дээ. Юу хүссэнийг чинь би цөмийг биелүүлнэ гэлээ.

– За за. Харин чи эхлээд худлаа хэлээгүй гэдгээ үзүүлээдэх, тэгвэл тавина.

Цурхай загас,

– Емеля, Емеля, одоо чи юу хүсэж байна? гэж асуув.

– Хувинтай ус минь цалгилгүйгээр хурдан явж хариг гэж хүсэж байна…

– Тэгвэл чи тогтоож ав. Ямар нэг юм хүсэхээрээ «Емеля миний хүслээр, илбэт цурхайн тушаалаар» гээд хүссэн юмаа хэлж бай гэж цурхай загас зааж өглөө.

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Хувинтай ус минь, өөрөө Хурдан явж харигтун!

гэж Емеляг дөнгөж хэлмэгц хувингууд нь өөрсдөө гэрийнхээ зүг явав. Емеля цурхай загасыг харзанд буцааж тавиад хувингуудынхаа араас явлаа. Хувингууд өөрсдөө явж байгааг тосгоныхон хараад гайхан шуугилдана. Емеля ард нь инээмсэглэн алхана. Хувингууд гэрт ормогцоо өөрсдөө вандан дээр тавигдав, Емеля ч пийшин дээрээ гарч суув. Бэргэн эгч нар нь дахиад л,

– Чи яагаад хэвтээд байгаа юм бэ? Гарч түлээ хагалбал дээрсэн! гэв.

– Залхуу хүрээд байна аа…

– Түлээ хагалахгүй бол ах нар чинь чамд бэлэг авчирч өгөхгүй дээ.

Емеля пийшин дээрээсээ буухаас дургүйхэн байснаа гэнэт цурхай загасыг санажээ. Тэгээд,

– Емеля миний хүслээр

Илбэт цурхайн тушаалаар Хангинуур сүх гарч түлээ хагал. Хагалсан түлээ өөрсдөө пийшинд орогтун! гэв. Сүх вандан дороос үсрэн гарч түлээ хагалав, хагалсан түлээ өөрсдөө пийшинд орж өрөгдөв гэнэ. Бэргэн эгч нар нь дахиад л,

– Манай түлээ дууслаа. Ууланд очиж мод авчир гэлээ.

– Та нар өөрсдөө авчрахгүй юу! гэж Емеля хариулав.

– Түлээнд эм хүн явдаг юм уу?

– Залхуу хүрээд байна аа…

– Тэгвэл чамд бэлэг авчирч өгөхгүй дээ! Яах ч арга байсангүй, Емеля пийшин дээрээсээ бууж дулаан хувцсаа өмсөөд олс сүх аваад гадаа гарч чарган дээрээ суугаад,

– Хөөе, хаалгаа онгойлгоорой! гэж хашгирав.

– Ээх тэнэг минь, морио хөллөөгүй байж чарган дээрээ суучихдаг чинь юу вэ! гэж бэргэн эгч нар нь шуугилдав.

– Надад морь хэрэггүй!

Бэргэн эгч нар нь хаалга онгойлгов. Емеля амандаа,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Чарга минь, ой руу давхи… гэжхэлэв.

Чарга нь өөрөө хаалгаар гаран давхилаа, харавсан сум шиг хурдаллаа.

Тосгоныхоо дундуур цас манарган давхиж торж тээглэсэн хүнийг дайрч түлхэн өнгөрөв. Хүмүүс «Бариад ав! Бариад ав!» гэж хашгиралдана. Емеля энэ бүгдийг огт тоосонгүй чаргаа шавдуулсаар ойд ирлээ.

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Хурц хангинуур сүх минь, Хуурай мод хугалан цавч Унасан модод чарган дээр хураагд Урт олсоор уягдан дарагд… гэж Емеляг хэлэхэд сүх нь хуурай мод цавчин унагаж, унасан мод түлээ чарган дээр ачигдаж, уяа олсоор уягдан дарагдав гэнэ. Дараа нь Емеля сүхэндээ өргөж даахуйц бороохой цавчиж өг гэж тушаав. Тэгээд л,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Чарга минь, гэр лүүгээ давхиад!… гэж шивгэнэв.

Чарга нь гэрийнхээ зүг хурдлан давхив. Дахиад л нөгөө хүн амьтныг дайрч түлхэн унагасан гудамжаараа өнгөрч явтал тэнд уурлаж өширсөн хүмүүс хүлээж байв. Емеляг шүүрэн авч чарган дээрээс нь унагах гэж татаж чангаан, балбаж нүдэн, хараан загнав гэнэ. Емеля тэсэхээ байхаар амандаа,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Бороохой минь, эднийг Больё гэтэл балбаад өгөөч!.. гэж шивгэнэжээ.

Бороохой хүмүүсийг балбаж нүдэж гарахад хүмүүс зугтан одов. Емеля гэртээ ирээд пийшин дээрээ гаран хэвтжээ. Емелягийн энэ явдлыг хаан сонсоод ордонд авчир гэж нэгэн цэргийн даргаа явуулжээ. Дарга тэр тосгонд ирэн Емелягийнд ороод,

– Тэнэг Емеля гэдэг чи юу? гэж асуув.

– Яах гээв? гэж Емеля пийшин дээрээсээ асуув.

– Хувцсаа хурдан өмс, хаанд чамайг аваачиж өгнө.

– Залхуу хүрээд байна аа…

Дарга уурлан Емеляг алгадаад авав. Тэгэхэд Емеля амандаа,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Бороохой минь, энэ даргыг Больё гэтэл нь балбаад өгөөч! гэж шивгэнэжээ.

Бороохой үсрэн цэргийн даргыг балбаж нүдэхэд дарга амь мэнд зугтан одов гэнэ.

Емеляг авчирч чадаагүйд хаан ихэд гайхан, хамгийн том генералаа явуулав.

– Тэнэг Емеляг авчрахгүй бол толгойтий чинь авна! гэжээ.

Генерал үзэм, чавга, боов, чихэр худалдан аваад нөгөө тосгонд ирэн Емелягийн бэргэн эгч нараас нь Емеля юунд дуртай вэ? гэж асуужээ.

– Эелдэг зөөлөн ярьж хэлж, гоёмсог хүрэм амлах юм бол Емеля юу ч гуйсан хийгээд өгнө, юу ч гэсэн за гэнэ дээ гэж гэнэ.

Генерал Емеляд үзэм, чавга, боов, чихэр өгөөд,

– Емеля, яагаад чи пийшин дээрээ хэвтээд байгаа юм бэ? Алив хоёулаа хаанд бараалхъя! гэж гэнэ.

– Энд дулаахан тухтай байна аа…

– Емеля, хаан чамайг ханаж цадтал чинь дайлж зочилно.

– Залхуу хүрээд байна аа…

– Емеля, хаан чамд гоё хүрэм, гутал, малгай бэлэглэнэ дээ.

Емеля бодож бодож,

– За, би араас чинь очъё гэжээ. Генералыг явсны дараа Емеля пийшин дээрээ жаахан хэвтэж байгаад,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Халуухан пийшин минь, хоёулаа Хааны ордон руу явъя гэв. Тэгтэл байшингийнх нь өнцөг булан шажигнаж, дээвэр нь ганхсанаа хана туурга нь ховхрон пийшин нь шууд л гадаа гарч замаар орон хааны ордон чиглэлээ гэнэ.

Хаан цонхоороо хараад тун гайхаж,

– Энэ юу вэ? гэхэд генерал нь,

– Емеля пийшин дээрээ суугаад ирж явна. Хаан довжоон дээрээ гаран,

– Емеля, чи олон хүнийг дайрсан байна, олон хүн гомдол зарга мэдүүлсэн! гэхэд Емеля,

– Чарганы замаас өөрсдөө холдоогүй шүү дээ! Энэ үед хааны охин Марья гүнж цонхоор харж байжээ. Емеля гүнжийг хараад амандаа шивгэнэв.

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар

Хааны охин надад

Хайртай болог! гэж шивгэнэснээ,

– Халуухан пийшин минь, харья гэжээ. Пийшин эргэн давхиж гэртээ орж байсан байрандаа байрлав гэнэ. Емеля пийшин дээрээ хэвтдэгээрээ хэвтээд л байж.

 

Гэтэл хааны ордонд хашгираан уйлаан, нус нулимс болж гэнэ. Марья гүнж Емеляг санаж, Емелягүй бол сууж байж чадахгүй гэж, Емелятай суулгаач гэж хаан эцгээсээ хайлан уйлан гуйна гэнэ. Хаан гунин ганихран байснаа генералаа дуудан,

– Емеляг амьд ч бай, үхсэн ч бай хамаагүй, заавал авчир! Авчрахгүй бол толгойгий чинь авна гэжээ. Генерал амтат дарс, даруулах зууш аваад Емелягийнд ирэн түүнийг дайлж зочлов гэнэ.

Емеля ууж идэж согтоод унтахаар хэвтжээ. Генерал түүнийг чарган дээр ачин хаандаа аваад ирж гэнэ. Хаан төмөр бүслүүртэй том торх авчир гэж тушаав. Тэгээд тэр торхондоо Емеляг өөрийн охин Марья гүнжтэй цуг хийгээд гаднаас нь давирхайдан тэнгист хаяжээ. Емеля унтаж унтаж сэрсэн чинь тас харанхуй, хөдөлж болохгүй давчуу байхад гайхан,. – Бн хаана байнаа? гэжээ.

– Емеля минь, ямар уйтай хорсолтой байна вэ! Биднийг торхонд хийгээд тэнгист хаясан гэх хариу сонсогдов.

– Чи хэн бэ?

– Би Марья гүнж байна. Тэгэхэд Емеля,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Далайн эрчит салхи минь, Давирхайт том торхыг минь Улайран шаргалтах элсэн дээр

Усгүй хуурай эрэг дээр гаргаж хаяач! гэж шивгэнэв. Хүчит салхи үлээн, хүйтэн тэнгис давалгаалав, төмөр бүслүүрт торхыг түлхэн өнхрүүлсээр эрэг дээр хаяв гэнэ. Емеля Марья гүнж хоёр торхноос гарлаа.

– Емеля минь, хоёулаа орон гэргүй одоо яаж амьдрах вэ? Ямар нэг орон босгооч гэж Марьяг хэлэхэд Емеля,

– Залхуу хүрээд байна аа… гэв. Марья дахин дахин гуйхад Емеля,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Алтан дээвэртэй чулуун ордон Асарлан сүндэрлэн босогтун! гэж хэлэв.

Түүнийг ингэж хэлмэгц алтан дээвэртэй чулуун ордон асарлан сүндэрлэн босов гэнэ. Эргэн тойронд нь нов ногоон цэцэрлэг нуга нэлийж, цэцэг навч дэлгэрэн, жигүүртэн шувуу жиргэн дуулна гэнэ. Марья гүнж Емеля хоёр ордондоо орон гэрэлтэй цонхныхоо хажууд суув.

– Емеля, чи сайхан эр болон хувирч болохгүй юу? гэж Марьяг асуухад Емеля,

– Емеля миний хүслээр Илбэт цурхайн тушаалаар Төрсөн бие минь одоохон

Зурсан юм шиг сайхан бол гэж шивгэнэв. Емеля тэр даруйхнаа үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй сайхан залуу болов гэнэ.

Яг тэр үед хаан анд явж байгаад урьд өмнө үзэгдээгүй шинэ ордон байхыг хараад,

– Миний газар нутаг дээр хэн ингэж хэлж асуулгүйгээр ордон бариа вэ! гээд «Мэдээд ир!» гэж элчээ явуулав.

Элч зарц нар нь ордны цонхон доор ирээд асуухад Емеля,

– Хаан эзэн өөрөө манайд зочлог, хаанахын хэн болохоо би ганцхан түүнд хэлнэ гэв.

Хаан ирлээ. Емеля угтан авч ордондоо оруулан ширээнээ суулгав. Тэгээд дайлж зочлоход хаан амттаныг идэж ууж суухдаа гайхан,

– Сайхан төрсөн сайн эр минь, чи хаанахын хэн бэ? гэж асуулаа.

– Пийшин дээрээ суугаад таны ордонд очсон тэнэг Емеляг санаж байна уу? Та охинтойгоо цуг торхонд хийгээд тэнгист шидсэн шүү дээ. Би Емеля байна. Хэрвээ

би хүсвэл хаант улсыг чинь хар үнс болгож чадна гэхэд хаан ихэд айн өршөөл уучлал гуйн,

– Охинтой минь суу! Орон улсыг минь авч захир, гагцхүү амь насыг минь хэлтрүүл! гэлээ.

Тэгээд хотлыг донсолгосон их найр хийж, Емеля Марья гүнжтэй гэрлэн, улс орноо удирдан залах болжээ. Ингээд сонин үлгэр төгслөө, сонссон хүнд гялайлаа.

Эх сурвалж: Үүлэн бор: Орос ардын үлгэрүүд .-УБ.,[1989]