Оновчтой уншлагаӨөрийгөө хөгжүүлэх

Номыг бүтээлчээр уншихын ач тус, үр дүн

Ном унших зөвлөгөөний хоёр дахь цувралаар “Номыг хэрхэн үр бүтээлтэй унших” тухай хүргээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гурав дахь цувралаа удааж оруулсанд өршөөгөөрэй. Ер нь ном гэж юу вэ? Харахад зүгээр л нэг цаас мэт боловч хэнээр ч, юугаар ч орлуулашгүй ховорхон нөхөр! Ном минийх болсон цагаас эхлэн өмч болно. Харин уншсан цагаас эхлэн баялаг болно… Өмчийг баялах болгох та биднээс л хамаарна. Бүх зүйл өөр өөрийн гэсэн үүрэгтэй, үнэ цэнэтэй. Үнэ цэнийг бүтээхийн тулд яах гэж бүтээгдсэн зорилгыг бодох хэрэгтэй!

Ингээд эхлэцгээе!… “Ном гэдэг сохроор итгүүлэх биш, судлуулж, шинжлүүлэх гэж бүтээгддэг” хэмээн Италийн алдарт зохиолч Умберто Эко хэлсэн байдаг. Их бодууштай, санууштай, анхаарууштай, хэрэгжүүлүүштэй үг! Бид бусдыг даган дуурайж, олон хүн хошуурсан номыг уншаад байна уу? Аль эсвэл өөрт хэрэгтэй номоо олж уншаад байна уу? Гэдэг тухай дахиад нэг бодох хэрэгтэй! Умберто Экогийн хэлснээр бол ихэнх хүнд хэсэг бүлэг хүмүүс сайн ном, гоё ном гэж итгүүлж байгаа болохоос судлаад, шинжлээд уг үндэсийг олох тухай ярьж, бичих нь тун цөөн… Бүтээхүй гэдэг зүгээр нэг онгодоор бий болдог зүйл бишээ, зүй тогтол бий гэж Дарма Батбаяр гуай “Номын Жор” уулзалтанд уригдахдаа хэлж байсан удаатай… Үнэхээр л зүй тогтол гэж буй гэдгийг “Сайн сайхныг бүтээх нууц” хоёр дахь цувралаараа батлан харуулсан. Үнэхээр гайхамшигтай бүтээл. Ингээд харьцуулаад үзэхээр бүтээхэд зүй тогтол гэж байгаа юм чинь түүнийг тайлах нь уншигч хүмүүн бидний чухал үүрэг гэж үзэх ёстой. Ингэж л гэмээнэ зохиогчийн бүтээл туурвисан үнэ цэнэ, утга учир сая биелэх юм.

НОМЫН АЧ ТУС ЦАГЛАШГҮЙ ЮМ. Тэр дундаа БҮТЭЭЛЧЭЭР УНШИНА ГЭДЭГ ХАМГААС ЧУХАЛ!.. Бүтээлчээр унших тухай хэдэн зүйл хэлье!

1. Уншина гэдэг ухаарна гэсэн үг… Ухаарна гэдэг ургац хураахын нэр. Тариачин хүн тариа хураахын тулд жилийн өмнөөс үрээ нөөцөлж, газараа бэлтгэж, цаг нь ирэхээр бэлдсэн хөрсөнд суулган арчилж, тордож байж л ургацаа хураан авдагтай адилаар уншаад дуусахдаа биш олон ном уншихдаа ч биш гагцхүү өөрт хэрэгтэйг тархиндаа суулгаж, ургуулж чаддаг л байх хэрэгтэй.

2. “Муу ном яагаад их зарагдаж, муу зохиолчид яагаад хаа сайгүй байдаг юм бэ гэж үү? Яагаад гэвэл муу уншигчид хаа сайгүй байдаг юм” гэж Ницше хэлсэн нь бий… Энэ үнэн юм. Тиймээс муу зохиолчидыг бий болгохгүйн тулд сайн уншигчид олон төрөх хэрэгцээ байгаа юм. Ялангуяа өнөөгийн нийгэмд бүр ч их…

3. Миний хувьд ном барьсан л бол тодруулагч бариад авах нь их. Өөрийн уншихыг хүссэн номоо аль болох худалдаад авчихдаг учраас номон дээр тэмдэглэгээ хийлээ гэдэг зэмлэл байхгүй. Харин хүний ном зээлдэж юм уу солилцож уншиж байгаа тохиолдолд энэ дүрэм маань үйлчлэхгүй. Гэхдээ энэ бол маш ховор тохиол. Ер нь өөрт хэрэгтэй номоо аль болох худалдаад авчих хэрэгтэй! Дээр ярьсанчлан бидний баялаг шүү дээ. Тодруулагч барьж авдаг гол шалтгаан нь өөрт таалагдсан болоод мартаж болохгүй гол гол хэсгийг унших явцдаа тэмдэглээд явдаг. Энэ нь дараа нь мартсан зүйлээ эргэж санах, номын тэмдэглэл хөтлөхөд тун дэмтэй байдаг.

4. Сүүлийн үед нэг биш гураваас багагүй ном зэрэгцүүлж уншдаг болсон. Үүнийгээ залхуу, уйдамхай, хэнэггүй өвчин гэж бодож байтал надтай ижил маш олон хүн байдаг юм билээ. Тиймээс бас боломжийн өвчин гэж үзээд байгаа. Нэг хүний хэлснээс харьцуулан уншихад их сайхан байдаг гэсэн. Ганц номыг ялангуяа роман, том зохиол уншихад зарим хэсэгт нь жолоогүй давхиж унших тохиол гардаг. Яг ойлгоод байгаа юм шиг хэрэн үгүй. Тиймээс дуусгахыг яаран жолоогүй давхиж байснаас түр хөлсийг нь хатааж, амрааж байх зуураа өөрийг барьж эмээллэх нь тийм ч буруу биш!

5. “…Аливаа бүтээхүй бол эвдэхүй. ХУУЧНЫГ ЭВДЭЖ УСТГАХГҮЙГЭЭР ШИНИЙГ БҮТЭЭДЭГГҮЙ. Энэ бол байгалийн хууль. Харамсалтай нь энэ хатуу хуулийг баримталдаг уран бүтээлчид даан ч цөөн…” гэж Дарма БАТБАЯР гуай хэлсэн юм билээ. Тиймээс уншигчид ч гэсэн хуучин арга барилаа өөрчилж шинэ зүйлсийг туршиж үзэхэд илүүдэхгүй.

6. Бусадтай хуваалцах нь нэлээд шалгарсан арга. Тухайн номныхоо тухай яриа хийх, номын тэмдэглэл бичих гэх мэт…

Зэрэг багагүй олон зүйлийг дурьдаж болно. Энэ зөвлөгөөг уншиж буй эрхэм та ч гэсэн миний бичсэн дээр нэмэж, баяжуулж бичвэл ихэд талархах болно!

Ном уншсан хүн хоосон үлдэх тун ховор болов уу? Уншиж, тархиа нэрж байгаа цагт атаршина гэж байхгүй. Харин уншсан зүйлээ үнэлэж, дүгнэх нь маш чухал байдаг шүү. Уншаад байдаг надад ач тус нь ирэхгүй байна гэж нэг дүү маань их л урамгүйхэн надад ярьж байсан удаатай. Мэдээж шууд л ном уншаад л тэр дороо үр дүн нь бий болоод гялалзаад л цахиур хагалаад эхэлнэ гэвэл үлгэрийн далай болно. Өнөө баяжих тухай ном уншаад л байдаг уншаад л байдаг би баяжихгүй байна гэж бухимдахтай агаар нэгэн бусуу?!… Ном унших, бодох хоёр ухааны дасгал юм гэж О.Марден хэлсэн байдаг… Дасгал гэж тодорхойлсон байгаа биз? Харин дасгалаа давтан хийж улам боловсронгуй болгож, өөрийн болгохгүйгээр үр дүн бий болохгүй. Улам л шамдаж байж тархины булчингаа хөгжүүлнэ шүү дээ.

“Оюутан залуусыг номтой нөхөрлүүлнэ” гэдэг нь ертөнцөд нүдийг нь нээнэ гэсэн үг. Ном, шинжлэх ухаан, хөдөлмөр гурваас давсан их хүч байхгүй гэж А.М.Горький хэлжээ… Номыг бид нөхөрөө болгож чадвал ном ч гэсэн үерхэлдээ үнэнч байж чадна. Тиймээс нөхөртэйгээ өнгөрүүлсэн хором мөч бүрээ үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээх нь нэн чухал! Бид ач тусыг нь мэдэрч, ойлгож, ухаарч чадах л юм бол үр гарна. Хэзээ нэг өдөр үр дүн бидний өмнөөс мишээх нь лавтай юм.

“Номонд Шимтэгдчийн Холбоо” ТББ

Б.Базарсүрэн

Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=857565334390277&set=gm.709947509147817&type=3