Орос үлгэр

Цэрэг ба үхэл

-Хугацаат албаа чи хаалаа. Одоо дуртай зүг рүүгээ яв гээд хорин таван жилийн цэргийн албаа хаасан цэргийг чөлөөлжээ.

Цэрэг явахаар төхөөрч байхдаа «Хаанд хорин таван жил алба хаалаа. Гэтэл хорин таван манжин ч үгүй, ингээд гар хоосон хоцордог юм байжээ. Зөвхөн гурван зүсэм хатаасан талх замдаа ид гэж өглөө дөө. Одоо яах вэ? Хаана яаж амьдрах вэ? За, ямар ч байсан эхлээд нутагтаа очъё, эцэг эхтэйгээ уулзъя.

Хэрэв тэд минь эсэн мэнд үгүй бол булшин дээр нь ч болов очъё доо» гэж боджээ.

Тэгээд цэрэг эр замдаа гарав. Явж явж хоёр зүсэм талхаа идээд ганцхан үлджээ. Гэртээ хүрэхэд бас ч хол байжээ.

Тэгтэл нэг ядуу хүн гүйцэн ирж:

– Цэрэг эр минь, юм хайрла! гэж гуйжээ.

«Би яах вэ, цэрэг хүн байна, яаж ийгээд болох биз. Энэ муу хөгшин хэцүүджээ, хөөрхий» гэж бодоод нэг зүсэм талхаа өгчээ.

Тэгээд гаансаа дүүргэж нэг сайн тамхи татаж аваад цааш явжээ.

Явсаар байтал замын хажууд нэг нуур мэлтийн эрэг хавиар нь зэрлэг галуу хөвж харагдана гэнэ.

«Энэ удаа ч хоолтой боллоо!» гэж бодоод галуу руу гэтэн очиж гурвыг алжээ. Тэгээд хотод ирээд дэн буудлын газар очин эзэнд нь:

– За май, энэ гурван галууг ав. Нэгийг нь надад шарж, нөгөөг нь өөртөө ав, гурав дахийн нь оронд дарс өг гэжээ.

Цэрэг хоол болтол жаал амарч амжжээ.

Түүнд шарсан галуу, нэг шил дарс өгчээ. Цэрэг эр дарсыг ууж шарсан галуугаар даруулаад тайвуухан сууна. Цэрэг:

– Энэ гудамжны цаадах шинэ байшин чинь хэнийх вэ? гэвэл буудлын эзэн:

– Баян худалдаачин бариулсан юмаа. Гэхдээ шинэ байшиндаа орж сууж чадахгүй байгаа юм.

– Яагаад?

– Тэнд чөтгөр шүгэлчихээд, байгаа юм. Шөнөдөө чөтгөрүүд орилолдон шуугилдаж, хашгирч дэвхцэж эхэлдэг юм. Жаахан харанхуй болохоор хүмүүс тэр байшингийн ойр явахаас ч айцгаадаг юм.

Цэрэг буудлын эзнээс тэр байшин бариулсан баян худалдаачныг яаж олохыг заалгаж авчээ.

– Тэр худалдаачинтай ярилцъя, яаж мэдэхэв, ямар нэг аргаар тус болох ч юм билүү? гэжээ.

Цэрэг хоолныхоо дараа жаахан унтаж амраа орой болоход босон хотоор явж худалдаачныг олж уулзжээ. Худалдаачин:

– Цэрэг эр минь, юу гэж явна даа?

– Би замын хүн. Чиний шинэ байшинд чинь хонохыг зөвшөөрнө үү? Тэртэй тэргүй эзгүй байгаа юм чинь.

– Юу гэсэн үг вэ? Үхэх гээ юу? Өөр айлд хоно! Хотоор дүүрэн айл байна. Миний энэ байшинг барьсан цагаас нь эхлээд чөтгөр шүгэлчихээд орох аргагүй байгаа юм.

– Би чөтгөрийг хөөчих ч юм билүү? Чөтгөрүүд, хөгшин цэргийн үгийг сонсож ч магадгүй.

– Чамаас өмнө ийм зоригтон хоёр гурав ч гарсан, гэхдээ ямар ч ашиггүй. Одоо бүүр аргаа бараад байна. Өнгөрсөн зун бас нэг замын хүн чөтгөрүүдийг хөөхөөр байшинд хоноод өглөө нь бид ясыг нь хамж авсан. Чөтгөрүүд түүнийг алчихсан байсан юм.

– Орос цэрэг голд живдэггүй, галд шатдаггүй. Хорин таван жил цэргийн алба хаахдаа аян дайнд ч орж үзлээ, алаан тулааны талбараас амьд үлдсээр ирлээ. Харин муу чөтгөрөөс ч яаж ийгээд хар амиа аргалчих байлгүй, бууж өгөхгүй дээ гэхэд худалдаачин дахин:

– За мэдэхгүй. Өөрийн санаа өөртөө зөв. Айхгүй л байгаа юм бол яая гэхэв. Хэрвээ байшингий минь хар чөтгөрөөс салгаж өгвөл харамж шан хайрлахгүй гэжээ.

– Надад лаа, хуурсан самар, нэг томоохон чанасан манжин өгөөрэй.

– Дэлгүүр лүү очъё, юу хэрэгтэйгээ ав!

Цэрэг худалдаачны дэлгүүрээс арван лаа, гурван фунт хуурсан самар, галынх нь өрөөнөөс хамгийн том чанасан манжинг нь аваад шинэ байшин руу явжээ.

Том өрөөнд нь орж шинель богц хоёроо хадааснаас өлгөчихөөд лаагаа асаан тамхиа нэг татаад, самраа нэг цөмөөд л сууж байж.

Яг шөнө дундын үед их дуу чимээ гарч хаалга үүд хахирч яхирч, тал талаас орилоон чарлаан, бүжиглэх дэвхцэх сонсдож чихний хэнгэрэг хагармаар болжээ.

Цэрэг эр тамхиа татаад самраа цөмөөд юу ч болоогүй, юу ч сонсоогүй юм шиг л суугаад байж. Гэнэт үүд онгойн нэгэн чөтгөрийн толгойн цухуйн цэргийг харангуутаа.

– Энд хүн сууж байна. Амьдаар нь идэцгээе! гэж хашгирав.

Олон хөлийн чимээ гарч чөтгөрүүд цэргийн сууж байгаа өрөө рүү гүйлдэн иржээ. Үүдэнд шавааралдан зогсож бие биеэ түлхэн:

– Хэдэн хэсэг зулгааж хаяя! Идье, идье! гэж орилолдов.

– Битгий онгироод бай! Энэ насандаа олон л юм үзлээ. Та нарын ах дүүсийг хэмх цохих хэрэг ч гарч байлаа. Хахаж үхмэрүүд!

Тэгэхэд хамгийн том чөтгөр урагш гарч ирэн:

– За тэгвэл, хүчээ үзье!

– Тэгье, тэгье. Хэн нь чулуунаас шүүс гартал шахах нь вэ, үзэх үү? гэжээ.

Том чөтгөр гадаанаас чулуу авчир гэхэд нэгэн жижигхэн чөтгөр авчрав. Тэгээд цэрэгт өгч:

– За үз! гэвэл цэрэг эр:

– Эхлээд та нарын нэг нь үзээд алд, би тэртэй тэргүй чадна гэжээ. Том чөтгөр чулууг шүүрэн авч шахахад атга элс болон хувирав.

– За харав уу!

Тэгэхэд цэрэг богцноосоо чанасан манжингаа гарган:

– За харцгааж байгаа биз дээ. Миний чулуу чинийхээс том! гээд манжингаа шахаж шүүс гаргажээ.

– За харцгаав уу?

Чөтгөрүүд гайхан хэсэг дуугүй байснаа:

– Юу мэрээд байгаа юм бэ? гэхэд цэрэг;

– Самар. Та нарын хэн нь ч миний самрыг хагалж чадахгүй. Цэрэг хүний самрыг идээд үз гээд том чөтгөрт сум өгчээ.

Тэр чөтгөр сумыг ам руугаа шидээд хазаж хазаж шамшийлгасан боловч хагалж чадсангүй, Харин цэрэг самраа нэг нэгээр нь хага хага хазаад л идээд байж…

Чөтгөрүүдийн омог дарагдан чимээгүй болцгоов. Айж гайхсандаа хөл дээрээ тогтож ядан ганхацгааж, цэрэг эрийг нүд бүлтийлгэн ширтэнэ.

– Та нарыг тун ч адтай сэргэлэн гэж дуулсан. Жижигхэн байснаа том болж, том байснаа жижиг болж хувирдаг, ямар ч нүх сүвээр орж чаддаг гэсэн байхаа.

– Энийг ч бид чадна шүү! гэж чөтгөрүүд хашгиралдав. Тэгэхэд нь цэрэг:

– За тэгвэл, бүгдээрээ миний богцонд ороод үзүүлээтэх. Багтах нь уу, үгүй юу!

Чөтгөрүүд богцонд уралдан орцгоов. Яаран, бие биеэ шахаж, нэг нэгийгээ түлхэн хөөнө. Нүд ирмэх зуур байшинд юу ч байгаагүй мэт чөтгөрүүдийн нэг нь ч үлдсэнгүй богцонд орцгоожээ

Цэрэг эр богцныхоо уяаг хэрж чангалаад горхинд нь хийв. Тэгээд:

– За, одоо амарч болно! гээд шинелиэрээ хучин унтжээ. Өглөө нь худалдаачин мухлагчиддаа:

– Цэрэг амьд байна уу, үгүй юу гэдгийг үзээд ир. Чөтгөрүүд идчихсэн бол ядахнаа ясыг нь хамаад ир дээ гээд явуулжээ.

Мухлагчид байшинд ороход цэрэг эр босчихсон, ерөө өрөөгөөр алхаж тамхи баагиулж явжээ.

– Цэрэг эр минь, сайн байна уу? Чамайг чинь эсэн энх байна гэж бодсонгүй шүү. Ясыг чинь цуглуулахаар хайрцаг бариад ирсэн шүү гэхэд цэрэг эр инээж:

– Намайг оршуулах арай л эрт байна! Харин энэ богцыг дархны газар аваачихад туслалцаач. Дархны газар эндээс хол уу? гэжээ.

– Ойрхоон гэж хариулжээ. Богцыг дархны газар авчрав. Цэрэг:

– Эрхэм дархчуул минь, энэ богцыг дөшин дээрээ тавиад налчийтал нүдээд өгөөч! гэхэд хоёр дархан алхаараа богцыг нүдэж балбаж гарчээ.

Чөтгөрүүд байж ядан, нэгэн дуугаар:

– Цэрэг эр, биднийг өршөөж суллаач! гэж гуйжээ. Хоёр дархан нүдсээр л цэрэг эр:

– Нүд нүд, дархчуул минь, бүүр чанга нүд! Хүмүүсийг гомдоох ямар байдгийг үзүүлээд өгье!

– Тэр байшин руу дахиад ерөөсөө шагайх ч үгүй. Энэ хот руу бүү ойрт гэж ураг төрөлдөө, удам судартаа ч захина. Чамд маш их мөнгө өгнө, гагцхүү амьд үлдээгээч! гэж чөтгөрүүд хашгиралдан гуйв.

– Ай, ха, ха! Орос цэрэг эртэй тэмцэлдэх ямар байдгийг тогтоож ав! гэж цэрэг эр хэлээд дархчуулыг боль гэв. Богцныхоо оосрыг сулруулан чөтгөрүүдийг нэг нэгээр нь гаргаж байгаад хамгийн томыг нь үлдээжээ.

– Надад төлөх их мөнгөө аваад ирцгээ. Тэгэхлээр чинь үүнийг чөлөөлнө гэжээ. Дөнгөж л нэг гаанс татаад байтал жижигхэн чөтгөр нэгэн үүргэвч барьсаар гүйж ирээд:

– За май, энэ төлбөр! гэжээ.

Цэрэг үүргэвчийг аваад үзтэл тэнд юу ч байсангүйд чангаар:

– Надаар тоглох гэж шийдээ юү? Одоо танай том чөтгөрийг үйртэл цохино доо! гэж хашгирав.

Богцноос том чөтгөр:

– Цэрэг эр, намайг битгий цохь, миний хэлэхийг сонсооч! Энэ үүргэвч энгийн биш ид шидтэй юм. Дэлхий дээр ийм үүргэвч зөвхөн нэг байгаа нь энэ. Хүссэн бүхэн чинь энэ үүргэвч дотор бий болно. Өдөт шувуунаас авахуулаад өмсөх зүүх, идэх уух юу л бол юу, хүслээр чинь болно. Гагцхүү үүргэвчээ нэг сэгсрээд «Ороод ир» гэж хэлэхэд л боллоо.

– За байз, худал үнэнийг нь үзээдхье!

Тэгээд цэрэг эр «Үүргэвчинд гурван шил архи бий болог!» гэж бодтол үүргэвч нь хүндрээд ирэхийг мэдэрчээ. Үүргэвчээ онгойлгоод үзтэл үнэхээр тэнд гурван шил архи байсанд дархчуулд өгчээ.

Тэгээд гадаа гараад ийш тийш харвал дээвэр дээр бор шувуу сууж байх нь харагджээ. Үүргэвчээ сэгсрэн «Ороод ир!» гэж хэлмэгц бор шувуу дээврээс ховхрон үүргэвчинд оржээ.

Чөтгөрийн үгний үнэнийг үзсэн цэрэг эр дархны газар эргэн орж:

– Үнэн байнаа, үнэн хэлж. Хөгшин цэрэгт энэ үүргэвч хэрэг болно! гээд богцоо онгойлгон том чөтгөрийг суллажээ.

– Дуртай зүг рүүгээ тонил, дахин нүдэнд минь үзэгдвэл өөртөө л гомд! гэж чөтгөрт хэлжээ. Том жижиг хоёр чөтгөр арилж өгөв. Цэрэг эр богц үүргэвч хоёроо аваад дархчуултай салах ёс хийгээд худалдаачныд очин:

– Шинэ байшиндаа нүүж орцгоо. Тэнд та нарыг одоо хэн ч айлгаж зовоохгүй гэжээ.

Худалдаачин цэрэг эрийг гайхан харж:

– Орос цэрэг голд живдэггүй, галд шатдаггүй гэдэг үнэн юм даа! Далдын хар хүчтэй яаж тэмцэв, амь мэнд, эрүүл энх яаж үлдэв? Яриад өгөөч! гэжээ.

Цэрэг эр юу болсныг яг байснаар нь тодорхой ярьжээ. Мухлагчид ч батлав.

«Хоёр гурван өдөр нүүж орохоо хүлээзнэх хэрэгтэй. Тэнд үнэхээр юу ч үлдээгүй, чөтгөрүүд эргэж ирэхгүй байна уу, үгүй юу гэдгийг мэдье байз» гэж худалдаачин дотроо боджээ.

Тэгээд өдөр байшинд очсон хүмүүсийг орой нь цэрэг эртэй хамт тийш явуулжээ.

– За тэнд очоод хоноотох, ямар нэг юм болбол цэрэг эр хамгаална гэжээ. Тэд тэр шөнө тэнд хоноод өглөө нь эсэн мэнд, хөгжилтэйхэн буцаж ирцгээжээ.

Гурав дахь шөнө нь худалдаачин өөрөө хонохоор зоригложээ. Гурав дахь шөнө ч тайван чимээгүй өнгөрчээ. Хэн ч, юу ч айлгаж ичээсэнгүй. Үүний дараа худалдаачин бүх юмаа шинэ байшиндаа оруулж шинэ байрын баярт зэхэж эхэлжээ. Идээ будаа чанахыг нь чанаж, шарахыг нь шарж, жигнэхийг нь Жигнэж бэлджээ. Зочин гийчин ч олныг урьжээ.

Ширээгээр дүүрэн амттан, уух архи дарс өржээ. Аль амттайг, юу дуртайгаа зооглогтун! Хамгийн хүндэт суудалдаа цэрэг эрийг суулган дээд зэргээр хүндэтгэн дайлав.

– Цэрэг эр минь, зооглогтун! Чиний ачийг энэ насандаа мартахгүй! гэнэ.

Найр өглөө болтол үргэлжилжээ. Унтаад сэртэл цэрэг эр аян замдаа явах гэж байжээ. Худалдаачин:

– Битгий яар! Манайд ядахнаа долоо хонооч гэж гуйхад цэрэг:

– Үгүй дээ, даанч чадахгүй нь. Харин чиг энд удчихлаа. Гэртээ харилгүй болохгүй гэв. Худалдаачин цэрэг эрийн богцонд дүүрэн мөнгөн зоос хийж өгөөд:

– Орон байшин бариарай, аж амьдралаа төвхнүүлээрэй! гэвэл цэрэг эр:

– Би ганц бие хүн. Одоохондоо чадал тэнхээтэйгээ байна хэрэггүй ээ. Өөрөө өөрийгөө хооллочихно. Чиний мөнгө надад зохихгүй! гэжээ.

Ингээд цэрэг эр худалдаачинтай салах ёс хийгээд шидэт үүргэвч хоосон богц хоёроо үүрээд замдаа гарчээ.

Тэгээд явсаар төрөлх нутагтаа ирж гэнэ. Өндөр дов дээрээс өөрийн тосгоноо хараад сэтгэл санаа нь сэргээд иржээ. Эргэн тойрноо харан харан баясаж «Яасан ч сайхан нутаг вэ! Олон ч газар, олон ч тосгон, олон ч голыг үзсэн дээ гэхдээ төрөлх тосгоноос минь илүү сайхан нутаг энэ дэлхий дээр байхгүй юм даа!» гэж хайрлан бодов.

Байшингийнхаа гадаа ирэн үүдээ тогшвол эмгэн хаалгаа тайлав. Цэрэг эр эмгэнийг тэврэн авав. Эмгэн хүүгээ таньж уйлан, баярлан инээнэ.

– Эцэг чинь чамайг ярьсаар л байгаад хүлээж чадаагүй дээ! Өөд болоод таван жил ч өнгөрөв үү дээ гэж эмгэн болсон эх нь ярив.

Дараа нь ээж нь хоол цай хийх гэж сандарч эхлэхэд цэрэг эр:

– Ээж минь, юу ч битгий хий, тайвшир. Одоо хүү нь таныг харж хандах ээлж болжээ.

Тэгээд шидэт үүргэвчээ тайлан, идэх уух юм гэж бодоод сэгсрэв. Юм бүгдийг гарган ширээн дээр өрж эхээ хүндлэн:

– Цадталаа зоогло! гэжээ.

Дараа өдөр нь цэрэг эр дахиад үүргэвчээ сэгсрэн баахан мөнгө асгаж аваад амьдралаа өөд татахаар ажиллаж эхэлжээ. Шинэ байшин барьж үнээ, морь, гэр оронд хэрэгтэй бүхнийг худалдан авчээ. Тэгээд сайн хүүхэнтэй ханилан сууж сайн сайхан амьдрах болов. Эмгэн болсон эх нь ач нараа харан баясаж, хүүгээрээ бахархан суух болжээ.

Ийнхүү зургаа долоон жил өнгөрчээ. Гэнэт цэрэг эр өвдөж хоёр гурав хоног юу ч идэж уусангүй. Цаг цагаар муудаад байжээ. Гурав дахь өдрөө цэрэг эрийн орных нь хажууд Үхэл зогсчихсон, хадуур ирлэж түүнийг байн байн харж байхыг үзэв гэнэ.

– За цэрэг эр минь, бэлтгээрэй! Чамайг авахаар ирлээ! Одоо чиний бодийг чинь хөтөлнө гэжээ.

– Үгүй байз, дахиад гучин жилийн нас өгөөч. үр хүүхдээ өсгөе. Хүү, охидоо гэрлүүлж ачийнхаа барааг харъя. Одоо үхэхийг хүсэхгүй байна гэж Цэрэг эр гуйхад Үхэл:

– Үгүй ээ, үгүй. Гурван цаг ч амьдрах хугацаа өгөхгүй.

– Тэгвэл ядахнаа гурван жил өгөөч! Амжаагүй ажил их байна! Бүгдийг хийж гүйцээх хэрэгтэй.

– Битгий гуй. Чамайг гурван хором ч амьд үлдээхгүй гэж Үхэл хариулжээ.

Цэрэг эр дахин юу ч ярьсангүй, үхэхийг ч хүссэнгүй. Тэгээд дэрэн дороосоо үүргэвчээ хурдхан авч сэгсрээд:

– Ороод ир! гэж хашгирчээ.

Дөнгөж хэлмэгц л бие нь хөнгөрөөд явчихыг мэдэрч гэнэ.

Сайтар харвал Үхэл ч алга болжээ. Үүргэвчээ шагайгаад хартал Үхэл тэнд сууж байна гэнэ. Цэрэг эр үүргэвчнийхээ амыг чангалан уятал бие нь сайжран, юм идэж уумаар ч санагджээ. Орноосоо босон нэг зүсэм давстай талх идэв. Дараа нь аяга квас уугаад бүүр сэргэжээ.

– Навшгар муу Үхэл чи, надтай сайнаар ярих дургүй байна гэнээ! Орос цэрэгтэй өрсөлдвөл юу болдгийг одоо үзнэ дээ! гэтэл Үхэл:

– Чи намайг яах гэж байна? гэж асуужээ.

– Үүргэвчнээсээ салах харамсалтай л байна. Гэхдээ яахав дээ, салахаас. Одоо чамайг өмхий намагт живүүлж хаяна даа. Энэ үүргэвчнээс чи хэзээ ч гарч чадахгүй!

– Цэрэг эр, намайг суллаач! Чамд гурван жилийн нас өгье!

– Үгүй ээ, одоо яасан ч суллахгүй!

– Суллаач дээ! Гучин жил амьдар, дураараа амьдар! гэж Үхэл гуйжээ.

– Байз хөө, хэрвээ чи энэ гучин жилд хүмүүсийн бодийг хөтлөхгүй бол суллана гэж цэрэг эр хэлэхэд,

– Үгүй ээ, үгүй. Хүний бодийг хөтлөхгүй бол би яаж амьдрах вэ?

– Энэ гучин жилд чи модны үндэс, хожуул, бул чулуу мэрэхгүй юү! Үхэл энэ үгэнд үл хариулна.

Цэрэг:

– Хэрвээ дургүй байгаа бол өмхий намагт аваачлаа! Тэгээд үүргэвчээ мөрөн дээрээ тохоод алхжээ.

– За за, чиний дураар болог. Энэ гучин жилд нэг ч хүний бодийг хөтлөхгүй, хожуул, үндэс, бул чулуу мэрье, зөвхөн суллаад өгөөч! гэж Үхэл дахин гуйхад,

– Хуурч мэхэлсэн байвал уу, харж л байгаарай! гэж цэрэг эр хэлээд Үхлийг тосгоны зах руу гарган хаяжээ.

Үхэл хадуураа санд мэнд шүүрч аваад ой руу амь тавин гүйжээ! Үхэл ойд хожуул онгичиж, талд бул чулуу, үндэс ухаж мэрсээр амьдрах болжээ. Өөр яах ч билээ дээ!

Энэ үед ард олон гай зовлон, гашуудал гуниггүй, бүгд эрүүл энх, өвдөх үхэхийг үл мэдэн жаргаж байжээ.

Тэгтэл ч гучин жил өнгөрчээ.

Энэ хугацаанд цэрэг эрийн хүүхдүүд ч өсжээ. Хүү охид нь гэрлэж өнөр өтгөн болжээ. Нэгэнд нь туслах, нөгөөд нь зөвлөх, гурав дахийг нь сургах, ер нь бүгдийг ажилд дүйтэй, амьдралд хөлтэй болгох их ажил байжээ. Цэрэг эр бүгдийг амжуулж, баярлаж явав. Ажил үйлс нь ч бүтэмжтэй, аж төрөл нь дээшилсээр байв. Ер нь ажилд тун ч махруу хүн байжээ. Эр цэрэг үхлийн тухай бодоод суухгүй шүү дээ!

Үхэл хаяанд нь ирэн:

– Өнөөдөр яг гучин жил өнгөрлөө. Хугацаа ч боллоо. Цэрэг эр бэлэн үү? Чамайг авахаар ирлээ гэжээ.

Цэрэг эр маргасангүй.

– Цэрэг эр бол цэрэг эр л байх ёстой. Түргэн дохиогоор ажиллаж сурсан эр. Хугацаа болсон бол авсаа аваад ир гэжээ.

Үхэл төмөр бүслүүртэй царсан авс авчрав. Тагийг нь сөхөн:

– Цэрэг эр, хэвт! гэв. Цэрэг эр уурлан:

– Чи чинь юу вэ? Ес мэдэхгүй юм уу? Хөгшин цэрэг ажлыг өөрийн санаагаар ингээд л халтар хултар хийх дүрэм хаана байна? Намайг цэргийн алба хаах үед юуг, яаж хийхийг бидэнд эхлээд үзүүлдэг, дараа нь бид тэр үзүүлсэн ёсоор тушаалыг биелүүлдэг байлаа. Энд ч гэсэн, чи эхлээд өөрөө яаж хэвтэхийг үзүүлээд өг, дараа нь заавардаж тушаахгүй юу! гэв.

Үхэл авсанд хэвтээд:

– Цэрэг эр, за хар. Хөлөө хийгээд гараа цээжин дээрээ зөрүүлж тавиад ингээд хэвт. Үүнийг л хүлээж байсан цэрэг эр авсны тагийг бушуухан хааж бүслүүрийг нь хийжээ.

– Ингээд чи өөрөө хэвт, надад эндээ сайхан байна! гээд авсыг өндөр эрэг дээр аваачин гол

уруу өнхрүүлжээ. Гол авсыг урсгалдаа тээсээр Үхлийг тэнгист аваачжээ.

Олон ч жил өнгөрч, Үхэл тэнгисээр хөвсөөр байж гэнэ.

Ард олон аз жаргалтай сайхан амьдарч цэрэг эрийг магтан алдаршуулсаар байв. Цэрэг эр ч ер хөгширсөнгүй. Ач зээгээ гэрлүүлж жич зээнцрээ сургаж зааварлаж суужээ. Өглөөнөөс орой болтол орон гэрийн элдэв ажлыг хийж ядрахыг мэдэхгүй гүйнэ.

Нэгэн удаа тэнгист хүчит шуурга дэгдэж ширүүн долгионд авс чулуу мөргөн хэмхэрчээ. Үхэл амь голтой төдийхөн л эрэг дээр гарчээ. Салхинд хийсэх шахан ганхана.

Тэнгисийн эрэгт хэвтэж тэнхээрч аваад цэрэг эрийн амьдарч буй тосгон руу гэлдэрсээр очжээ. Цэрэг эрийн хашаанд нь ороод гарч ирэхийг нь хүлээн нуугдан зогсжээ.

Цэрэг амбаараасаа үр авахаар хоосон шуудай барин гарч ирэв. Тэгээд амбаар луу яг ойртоод очмогц нь Үхэл булангийн цаанаас огло үсрэн гарч ирэн:

– Одоо ч миний гараас гарахгүй дээ! гэж хөхөрчээ.

Цэрэг эр ч гарцаагүй гай ирлээ гэдгийг мэдмэгцээ «Юу ч болсон яахав! Үхлээс зугтаж чаддаггүй юм гэхэд айлгаад орхиё» гэж бодоод хоосон шуудайгаа савчуулан:

– Үүргэвчинд орохоор ирээ юү? Өмхий намагт шигдэх гээ юү? гэж хашгирчээ.

Цэрэг эрийн гар дахь хоосон шуудай айж балмагдсан Үхлийн нүдэнд шидэт үүргэвч юм шиг харагджээ. Үхэл ч гялсхийн зугтан одоход цэрэг эр бараагий нь хараад хоцорчээ. Тэр цагаас хойш Үхэл хүний бодийг сэмхэн, нууцаар хөтөлдөг болсон юм гэнэ лээ. «Цэрэг эрийн нүдэнд оногдчихгүй юмсан! Харагдвал ч өмхий намагт шигдэнэ шүү» гэж айж явдаг болсон ажээ.

Харин цэрэг эр эрүүл энх одоо ч амьд, хааяа хааяа Үхлийг шоолж инээдэг гэнэ лээ шүү.

 

 

Эх сурвалж: “Орос үлгэрүүд” E-Pub номноос авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *