Орос үлгэр

ХААН ХҮҮ ИВАН МАРЬЯ МОРЕВНА ХОЕР

Нэг хүү, гурван охинтой хаан байжээ. Хааны хүүгий нь Иван, охидыг нь Марфа, Ольга, Анна гэдэг байжээ.

Хаан насыг насалж, өтөл болоод бие нь чилээрхэхэд хүү Иванаа дуудан ирүүлж өгүүлсэн нь:

– Энхрий хүү минь, миний хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж байна. Хаан төрийг барьж яв. Гүнж дүү нарын чинь эрд гарах нас нь боллоо. Эхэлж авъя гэсэн хүнд л эхнэр болгож өгөөрэй гэжээ.

Хаан эцэг нь гурав хоноод нас нөгчжээ.

Хаан хүү Иван харамсан гашуудавч одоо яах билээ! Хаан ширээнд сууж хамаг хэргийг залах боллоо.

Дүү гүнж нар нь эцгийнхээ хойноос уйлан гашуудаж нэгэн хэсэг цагийг өнгөрөөв. Тэгээд нэг удаа хаан хүү Иван:

– Дүү нар минь, дархан цэцэрлэгээр явцгаая, уйтгар гунигаа тайлъя гэхэд,

– Тэгье, ах минь, явцгаая! гэж гэнэ.

Дархан цэцэрлэгт оров уу, үгүй юу хар үүл нөмөрч их салхи босож аянга дуугарч, хаанаас ч юм бэ, гэнэт хар Хэрээ нисэн иржээ. Хэрээ газар нэг хөрвөөгөөд сайхан залуу болж гэнэ. Тэгээд:

– Хаан хүү Иван, би Марфа гүнжийг эхнэрээ болгож авъя гэжээ. Хаан хүү Иван эцгийнхээ захисныг санаж:

– Дүүгийн сэтгэл таалбал ав гэжээ.

Залуу эрийг Марфа гүнж сэтгэлдээ таалав. Хааны ордонд дутуу юм байх биш, сархад сав саваараа, шар айраг сөн сөнгөөрөө гэнэ.

Тийнхүү элбэг хурим хийж, их найр боллоо.

Найрын ширээнээс зочид өндөрлөмөгц эргэн тойрон харанхуйлж, хар үүл нөмөрч аянга дуугарч, Хэрээчийн Хэрээ Марфа гүнж хоёул нүдэнд үзэгдэхгүй, чихэнд дуулдахгүй газар луу алга боллоо.

Өдөр шөнө ээлжилсээр, хоног сар өнгөрсөөр жил болоход Марфа гүнжээс сураг чимээ алга байлаа.

Ольга Анна хоёр гүнж эгчийгээ санан уйтгарлаж:

– Ахаа, ахаа, дархан цэцэрлэгт очъё! гэж гуйжээ. Дархан цэцэрлэгт оров уу, үгүй юу дахиад л хар үүл нөмөрч шуурга дэгдэн, аянга тачигнав. Гэнэт Шонхор шувуу дээрээс унах чулуу шиг яг дэргэд нь унав. Газар нэг хөрвөөгөөд лут сайхан-залуу болж гэнэ. Тэгээд:

– Хаан хүүгийн амрыг эрье? Сайн үйлсийг зорьж ирлээ би. Ольга гүнжийг би эхнэрээ болгож авъя!

– Ёс төртэй ирсэнд чинь баярлалаа. Дүүгээ хүчээр захирахгүй. Өөрөө тунгаагаад зөвшөөрвөл өмнүүр нь орж хориглохгүй.

Ольга гүнж ахыгаа хүндлэн мэхийгээд:

– Заяа тавилангаас зайлж гаршгүй! гэв. Тэр өдөртөө хурим хийв.

Хурим найр өндөрлөөгүй байхад тэнгэр муухайрч, аянга тачигнаж Шонхорын Шонхор Ольга гүнжийг дагуулан харах бараагүй алга боллоо.

Өдөр шөнө солигдож, хоног сар өнгөрсөөр нэг жил болсон ч Марфа Ольга хоёр гүнжээс ямар ч сураг байсангүй.

Анна гүнж ганцаархнаа гадагш ч үл гаран ордондоо уйтгарлан сууна. Хаан хүү Иван хайрт дүүгээ өрөвдөн:

– Анна, дархан цэцэрлэгт очъё. Уйтгар гунигаа арилгая гэв.

Дархан цэцэрлэгт оров уу, үгүй юу хар үүл нөмөрч тэнгэр дуугарч, цахилгаан цахиж, их шуурга босоод хар үүлний дундаас Бүргэд шувуу нисэн ирж газар хөрвөөгөөд үлгэрт хэлэшгүй, үзгээр бичишгүй сайхан залуу болж хувирав.

– Хаан хүү Иван, зочин болж ирлээ би! Анна гүнжийг аван сууж, ахан дүүгийн холбоо тогтооё! гэв.

– Ес төртэй ирсэнд чинь баярлалаа. Дүүгээ хүчээр захирахгүй. Санаа сэтгэл нь шийдвэл сайныг ерөөгөөд хоцорно.

– За ах минь, өрх гэрийг үүсгэж өөрийн голомтыг асаах цаг минь болжээ гэж Анна гүнж хэлэв.

Ингээд хурим найр хийжээ.

Хуримын ширээ дундраагүй, хуралдсан зочид ууж халаагүй байхад хүчит аянга нижигнэж, их салхи босож хаалга үүдийг ярав. Их салхи Анна гүнж Бүргэдэйн Бүргэд хоёрыг хаман авч харах бараагүй алга боллоо.

Хаан хүү Иванд ганцаараа уйтгар гунигтай боллоо. Бүтэн жил өнгөрөхөд дүү нар нь газрын ангал руу орсон юм шиг сураглах сураггүй, сонсъё чимээгүй. «Ганцаараа ингэж суух гэж дээ! Өнгөт орчлонг үзье, өргөн хангайг туулъя, охин дүү нарынхаа сургийг олж сонсох ч юу магад!» гэж хаан хүү Иван бодож гэнэ.

Шадар сайд нараа цуглуулж хаан төрөө даалгаад хүлэг мориндоо мордож одоход нь улаан тоос татан хоцорч гэнэ. Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар нэгэн улсад очтол хамаг их цэрэг нь хиар цохигдсон байж гэнэ.

– Амьтай голтой амьтан байна уу? Хэн энэ их цэргийг хиар цохьсон бэ? гэвэл нэгэн хүн:

– Ганц би амьд үлдсэн. Сайхан Марья Моревна гүнж хамаг цэргийг хиар цохьсон гэж хариулав.

Хаан хүү Иван «Хан хорвоод ийм сонин юм байх гэж. Ганц бүсгүй хүн ийм их цэргийг хиар цохьсон гэнэ! Тэр бүсгүйн барааг харахсан!» гэж боджээ. Тэгээд:

– Сайхан гүнж аль зүгт явсан бэ? гэвэл,

– Өмнө зүг рүү явсан гэв.

Хаан хүү Иван элдэвт эргэлзэн саатсангүй мориныхоо жолоог өмнө зүг рүү залав.

Бүтэн хоёр өдөр яваад гурав дахь өдрийн орой болоход дахин хиар цохигдсон үй олон цэрэг дайралдав.

– Амьтай голтой амьтан байна уу? Хамаг их цэргийг хэн ийнхүү хиар цохьсон бэ?

– Сайхан Марья Моревна гүнж манай цэргийг хиар цохьсон гэж хариулах дуулдав. Хаан хүү Иван гайхахын ихээр гайхаж баатар бүсгүйг гүйцье гэж яаран морио шавхарч цааш хурдлав.

Яван явсаар нэгэн газар хүрч очвол зах нь харагдахгүй их цэргийг бас хиар цохьсон байна гэнэ.

– Амьд хүн байвал хэлээч! Энэ хэний цэрэг вэ? Дайчин их цэргийг хэн ингэж хядсан бэ? гэвэл бутны цаанаас нэг цэрэг өндийж:

– Ясан хэдрэг хааны гурван их цэрэг хиар цохигдлоо. Яагаад ч үхдэггүй Ясан хэдрэг хааныг суллах гэж бид сайхан Марья Моревна гүнжийнх рүү дайлаар мордсон билээ. Үзэсгэлэнт гүнж улс орондоо ч халдаалгүй угтан ирж амьд хүн үлдээлгүй алж хядаж дуусгалаа гэв.

Хаан хүү Иван хиар цохигдсон их цэргийг тойрон цааш явтал эзгүй хээр талд нэгэн цацар харагдав. Цацрын дэргэд нэг морь буудай идэж байна гэнэ.

Цацрын хаяанд очоод мориныхоо эмээл хазаарыг авч тавиад харвал морь нь шууд яваад буудай руу очиж, нөгөө морь ч хажигласангүй хоёул зэрэгцэн зогсож идэв гэнэ.

«Морийг минь морь нь хажигласангүй, баатрын цацарт надад зай олдох бизээ» гээд хаан хүү Иван цацарт оров. Баатар эр байгаа байх гэтэл тэнд үзэсгэлэн төгөлдөр нэгэн бүсгүй нойрсож байхад хаан хүү Иван гайхан зогтусав. Ийм сайхан үзэсгэлэнтэй хүнийг урьд ер үзээгүй билээ! Хаан хүү Иван ч аян замынхаа алжаалыг тайлан амарч унтмаар санагдав. Үзэсгэлэнт бүсгүйг сэрээсэнгүй, хажууд нь хэвтээд бөх нойронд дарагдав.

Сайхан бүсгүй сэрэн харснаа огло үсрэн босож:

– Уриагүй дуудаагүй байхад орж ирээд унтаж байдаг ёс мэдэхгүй юун хүн бэ? Бас морио буудайд минь тавьжээ! гэж санан илд сугалан далайснаа эргэлзэн бодож гараа буулгав.

«Энэ хүн унтаж байхад минь намайг албал алах л байсан. Унтаж хэвтээ хүнийг алахад эр зориг, алдар нэр юу билээ. Харин ч булай болно» гэж санаад урилгагүй зочныг сэрээв.

– Залуу эр, сэрээч, босооч! гэж хаан хүү Иваныг сэрээгээд:

– Аль нутгийн хэн гэгч вэ? Улаан буудайгаас минь яагаад мориндоо идүүлэв? Хүний цацарт зөвшөөрөлгүй орж унтахын учир юу вэ?

– Хааны хүү билээ би, алдар нэр минь хаан хүү Иван. Таныг харин хэний хэн гэдгийг мэдэхгүй байна. Сайхан Марья Моревна гүнж та биш биз?

– Тиймээ, би Марья Моревна.

– Аа тэгвэл сайхан Марья Моревна гүнж минь, аян замд ядраад амармаар байлаа. Таныг сэрээж төвөг удахыг бодсонгүй. Аяны хүн надад бүү уурлаарай.

Ингэж хаан хүү Иван хэлэхэд сайхан Марья Моревна гүнж тайтгарчээ.

– Хаан хүү Иван, хүсэлдээ хөтлөгдөн явна уу, хүний эрхээр явна уу? гэж Марья Моревна асуув.

– Сайн эр хэзээд хүслийн жигүүртэй билээ.

– Хэрвээ тийм яарах сандрах явдалгүй бол орон улсад минь зочлон саатна уу? гэж Марья Моревна өгүүлэв.

Хаан хүү Иван баяртай зөвшөөрч хоёул Марья Моревнагийн нутаг руу явав.

Хаан хүү Иван долоо хоног зочлон саатахдаа сайхан гүнж Марья Моревнагийн сэтгэлийг татжээ. Марья Моревна гүнж ч учирсан цагаас хаан хүү Иваны хайрыг булаажээ. Тэгээд хаан хүү Иван сайхан гүнж Марья Моревнатай их хурим хийжээ.

Ингээд аз жаргалтай сайхан амьдарч өдрийг дуулж, үдшийг инээн өнгөрөөж байв. Нэгэн удаа Марья Моревна гүнж эгчтэйгээ уулзахаар өөр оронд явах болов. Явахдаа хаан хүү Иванд:

– Хаан төрөө барьж, хамаг бүхнийг хянаж бай. Ордон харшийг минь эзэмшиж бай, харин дурсаар уяж давирхайгаар наасан хаалгыг бүү онгойлгоорой. Юу болсон ч бүү ороорой, хэрвээ тэр хаалгыг онгойлговол бидэнд муу болно гээд явжээ.

Сайхан Марья Моревна гүнж ингэж хэлээд олон түлхүүрээ өгч аян замдаа оджээ. Хаан хүү Иван ганцаар үлдэн, залуу эхнэрээ хүлээн гансран суух болов. Хэдэн өдөр өнгөрөхөд сэтгэлийг нь уйтгар гуниг эзлэн байж суухын аргагүй болжээ.

Уйтгар гунигаа яаж дарах, юу хийхээ мэдэхгүй байтал «Энд өчнөөн жил суусан атал орж үзээгүй өрөө танхим өдий төдий байна. Ямар эзэн гэж ийм байх билээ» гэж бодогдов.

Түлхүүрээ аваад өрөө танхимаар явж бүгдийг үзэв. Үнэт эрдэнэс, эд баялгийг үзээд ч сэтгэл нь сэргэсэнгүй. Хар уйтгар хамаг сэтгэлийг нь эзэлнэ. Марья Моревнагийн ирэх өдрийг тоолон байтал гэнэт нэгэн зоорь өрөөнд орохыг хориглосон нь санагдав.

Энэ тухай санамагцаа уйтгар нь арилж өөр зүйлийг умартан зөвхөн тэр зоорийг бодож эхлэв.

«Тэнд юу хадгалагдан байна вэ? Эхнэр нь мэдэж байгаа мөртөө нөхөртөө үзүүлэхгүй гэнэ! Ийм юм урьд өмнө үзэгдэж, сонсогдоогүй!» гэж тунгаажээ.

Тэгээд хаан хүү Иван тэсэж сууж ядаад гал тогоо руу гүйж очив. Газар хонгил руу орсон, хөвд хаг ургасан нэгэн шат байна гэнэ. Тэр нууц шатаар уруудтал дурсаар уяж давирхайгаар наасан хөвд ургасан нэг хаалга байна гэнэ.

«Намайг бүү ороорой гэсэн өрөө байна!»

Тэсгэлгүй яарсандаа болоод дурсан уяаг тайлсангүй, тохирох түлхүүрийг гаргасангүй хаалгыг дал мөрөөрөө зад түлхэн оров. Босгыг алхан ороход аалзны шүлснээс өөр юм харагдсангүй.

«Өөр зооринд ороод ирж!» гэж бодтол гэнэт ёолох дуу доороос сонсогдов.

– Уух юм өгөөч! Уух юм, ус өгөөч!

Ёолох дуу гарсан зүг тийш очиж харвал хананд нэг ширмэн хаалга байна гэнэ. Тэр хаалганд чихээ наалдуулан чагнавал,

– Уух юм өгөөч, ус өгөөч!

Хаан хүү Иван тээнэгэлзсэн ч үгүй тэр хаалгыг цөм цохив. Хаалганы цаана бас нэг шат байхад тэр шатаар уруудвал тэнд гал дүрэлзэж байв. Гал дээр нэгэн том тогоо арван хоёр гинжээр дүүжилсэн байх аж. Тогоон дотор гар хөл нь гинжлээстэй аймаар ногоон өвгөн сууж байна гэнэ.

– Сайн эр минь, уух юм өгөөч! Гурван жил юм уугаагүй, хатаж үхэх нь гэв.

Хаан хүү Иван өрөвдөн нэг хувин ус өгөв. Өвгөн уучихаад дахин гуйв. Дахиад нэг хувин ус өгвөл өвгөн дахин гуйв. Хаан хүү Иван гурав дахь хувин ус авчрав. Өвгөн гурав дахь хувин усыг уучихаад гар хөлийнхөө гинжийг сэгсэрэхэд төмөр гинж ялзарсан олс шиг тас үсрэв. Ногоон өвгөн тогооноос үсрэн гарч:

– Хаан хүү Иван, чи хайрт эхнэр Марья Моревнагийнхаа барааг дахин харахгүй! Хорт Ясан хэдрэг намайг ундалж хүч чадлыг минь эргүүлж өгсөнд хоёр удаа чамайг өршөөнө. Гурав дахь удаагаа миний нүдэнд бүү өртөөрэй!

Ингэж хэлээд Хорт Ясан хэдрэг их дуу гарган зоориноос нисэн одов.

Яг энэ үед ордныхоо үүдээр орж ирж байсан Марья Моревнаг Ясан хэдрэг шүүрч аваад зугтав. Марья Моревна:

– Хаан хүү Иван, үгэнд минь орсонгүй, гай зовлон тарилаа! Бид хоёр эргэж уулзахгүй боллоо! гэж хашгирч гэнэ.

Хаан хүү Иваны санаа сэтгэл нь шаналж «Алтан Дэлхийг тойрсон ч алжааж цуцалгүй явж амраг Марья Моревнагаа олж авна!» гээд аян замд гарчээ.

Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явжээ. Үлгэрт хэлэхэд амархан ч үйлс бүтэх нь хэцүү. Явсаар байтал нэгэн ордон харагджээ. Ордны дэргэд царс, царсан дээр Хэрээ сууна гэнэ.

Хэрээ царснаас нисэн бууж газар хөрвөөгөөд сайхан залуу болж хувирав.

– Амар байна уу, хаан хүү Иван. Амрыг эрье, хадам ах минь! гэв.

Тэгтэл Марфа гүнж гүйн ирж ахыгаа угтан авч ордондоо урив. Амттан бүхнээр дайлж аж төрлөө ярьж, асууж шалгааж байна гэнэ.

Хаан хүү Иван гурван хоног зочлоод цааш явахаар салах ёс хийв.

– Тухтай зочилж чадахгүй нь. Сайхан гүнж Марья Моревнагаа олохоос нааш саатан суух завгүй!

– Ухаантайн хүчээр Марья Моревнатай суусан ч ухаангүй загнаснаас алджээ. Хорт Ясан хэдрэгтэй хүч үзэх хэцүү билээ! гэж Хэрээчийн Хэрээ хэлэв.

Марфа гүнж уйлан:

– Хайрт ах минь, та үхлийн зам руу явах нь дээ! Хорт Ясан хэдрэг амийг чинь хөнөөнө! Яана даа!

– Дүү минь, нэг үхэхээс хоёр үхэхгүй, сайн эр санаснаасаа буцдаггүй гээд цааш явав. Дүү хүргэн хоёр нь үдэж гаргахад Хэрээчийн Хэрээ хэлсэн нь:

– Явсандаа яв. Гай зовлон дайрвал чадлаараа тусална гээд хэрээний нэг өд өгч,

– Гай тохиолдвол бид мэдэх болно гэв.

Хаан хүү Иван мориндоо мордон давхиж одоход улаан тоос татан хоцров.

Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар урьдынхаас сайхан ордон үзэв гэнэ. Ордны хаяанд гурван царс, царсан дээр Шонхор сууна. Хаан хүү Иван ордонд ойртон ирмэгц Шонхор шувуу газар хөрвөөгөөд сайхан залуу болж хувираад:

– Ольга гүнж, гараад ирээч, хүндэт зочноо угтан аваач гэж хашгирав.

Ольга дүү нь үүдэндээ гарч ирэн золгов. Хаан хүү Иван ахыгаа үзээд баярласан Ольга гүнж хаанаа суулгаж, юугаар дайлахаа олж ядан хөөрнө. Ундалж цайлаад унтуулжээ.

Маргааш өглөө нь хаан хүү Иван эртийн эрт босож нүүр гараа цэмцийтэл угаагаад:

– Талх давс барьж, дайлан зочилсонд гялайлаа! Ах нь одоо явъя гэхэд,

– Ах минь, явна гэж юу гэсэн үг вэ? Ядахдаа долоо хоног зочил, юундаа яарах вэ!

– Саатан үлдэж чадахгүй нь сайхан Марья Моревна гүнжийг Ясан хэдрэгийн гараас аврах хэрэгтэй.

Ольга гүнж уйлж, Шонхорын Шонхор:

– Ясан хэдрэгтэй үзэлцэх гэдэг хэцүү, гэвч одоо яая гэх вэ. Хамаг хэрэг өөрийн чинь буруу, явтугай гээд шонхорын нэг өд өгч,

– Чамд аюул тохиолдвол бид мэдэх болно гэв. Тэгээд хаан хүү Иван хүргэн Шонхор дүү Ольга хоёрыгоо тэврэн үнсээд цааш явав.

Явсаар явсаар амьтан хүн байхгүй битүү харанхуй хар ойд оров. Морь нь эцэж өөрөө ч өлсжээ.

Гэтэл ойн цоорхойд урьд дайралдсан хоёр ордноос илүү гоё ордон байна гэнэ. Ордны дэргэд есөн өндөр царс, тэр есөн царс дээр Бүргэд сууна гэнэ. Бүргэд хаан хүү Иваныг хармагцаа нисэж газар хөрвөөгөөд сайхан залуу болж хувираад:

– Эрхэм ах, таныг эртнээс хүлээж байлаа! гээд ордондоо дагуулан оров.

– Анна гүнж минь, гал дээр байгаа бүхнээ

ширээн дээр тавь! гэхэд Анна гүнж ширээгээ засаж идээ зууш, бал дарс өржээ.

Хүндэт зочноо хүргэн дүү хоёр нь хүндлэн зочилж дайлж цайлаад учир явдлыг асуув. Хаан хүү Иван аж байдлаа ярьж, дүү нартайгаа уулзахаар гэрээсээ гарснаа, сайхан гүнж Марья Моревнатай уулзсанаа, Хорт Ясан хэдрэгт ус уулгаснаа гэтэл Ясан хэдрэг Марья Моревнаг аваад зугтсаныг ярьжээ.

– Ингээд эхнэрээ Хорт Ясан хэдрэгийн гараас аврах гэж яарч явна гэв. Бүргэдэйн Бүргэд:

– Хүндэт ах минь, энэ бүгдийг чинь бид мэдэж байна. Ухаантайн хүчээр Марья Моревнатай суусан ч ухаангүй загнаснаас эндэж алджээ. Хорт Ясан хэдрэгтэй тэмцэлдэж, хонгор Марья Моревнагаа аврах гэдэг хэцүү шүү!

– Хэцүүгээс хэлтийхгүй, араатнаас айхгүй! Нэг үхэхээс хоёр үхэхгүй. Марья Моревнагүй амьд явснаас яваагүй нь дээр! гэж хаан хүү Иван хариулав.

Хаан хүү Иван алжаалаа тайлж амраад аян замдаа мордов. Бүргэдэйн Бүргэд бүргэдийн нэг өд өгөөд:

– Биедээ хадгалж яваарай. Гай зовлон учирвал бид мэдэх болно, чадлаараа тусална гэв. Хаан хүү Иван хүргэн дүү хоёртоо талархаад мориндоо мордон Ясан хэдрэгийн нутаг руу явав.

Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар хаан хүү Иван нэгэн том ордон харав. Ордны цонхны цаана зовж шаналсан Марья Моревна сууж байна гэнэ.

Марья Моревна хаан хүү Иваныг хараад халуун нулимсаа мэлтэлзүүлэн:

– Хаан хүү Иван, хайрт нөхөр минь, юу гэж энд ирэв? Намайг аварч суллаж чадахгүй алтан амиа алдана. Ясан хэдрэг одоо буцаж ирээд чамайг алчихна. Ухаантайн хүчээр намайг авч суусан ч ухаангүй загнаснаас эндэж алдсан билээ чи!

– Марья Моревна, бүү уурлагтун! Түмэн бурууг минь уучил, дахиад би ингэхгүй. Одоо чамайгаа аврахаар ирлээ. Ганцаараа амьд явснаас чамтай цуг үхсэн дээр. Түргэл, эндээс явья! гэжээ.

Хаан хүү Иван Марья Моревна хоёр дөнгөж мордмогц Ясан хэдрэгийн зарц харцага болж хувираад Атгаалжин хар могойнх руу нисэж очоод:

– Энд чи идэж ууж наргиж цэнгээд, эх нутгаа мартав уу? Хаан хүү Иван ирээд Марья

Моревнаг аваад явчихлаа! гэв.

Ясан хэдрэг морь руугаа үсрэн очиж:

– Морь минь, хурдал! Биднийг энд зочилж байх хооронд хаан хүү Иван Марья Моревнаг аваад явчихаж! Оргодол тэднийг гүйцэж чадах уу?

– Яарах хэрэггүй. Дахин гурав хоног найрлан цэнгэ, ханатлаа унт. Дараа нь бялуу жигнэж цадталаа ид, тэгээд явна гэж морь нь хэлэв.

Ясан хэдрэг дахин гурав хоног найрлаж, гурав хоног унтаад, дараа нь бялуу жигнүүлж, цадталаа идэж аваад морджээ. Хорт Ясан хэдрэг мордов уу, үгүй юу хаан хүү Иван Марья Моревна хоёрыг гүйцэв.

– Хаан хүү Иван, чи намайг ундалж хүчийг минь тэнхрүүлсэн учир би чамайг эхний удаа амьд үлдээсэн, одоо бас өршөөе. Гурав дахь удаагаа нүдэнд минь бүү өрт! Ахин нүдэнд минь өртвөл амьд үлдэх гүй шүү! гэж Ясан хэдрэг хашгирав.

Хаан хүү Иван илдээрээ цавчихад илд нь Ясан хэдрэгийг даахгүй хальтарч гулгана. Ясан хэдрэг:

– Хаан хүү Иван, чи ухаангүй болой. Хурц илд, хүч чадалдаа найдаа юу? Намайг илд даахгүй, ямар ч хүч дийлэхгүй гээд хөхрөв.

Ясан хэдрэг Марья Моревнаг шүүрч аваад эргэж давхихад хаан хүү Иван бараагий нь хараад хоцорчээ.

«Одоо яах вэ? Марья Моревнагаа яаж аврах вэ? Марья Моревнагаа орхисноос халз тулаанд үхсэн дээр!» гэж гуниж гутран бодов.

Тэгээд Хаан хүү Иван дахин Хорт Ясан хэдрэгийн нутаг руу явжээ. Ясан хэдрэгийн морь гурав харайх газарт хаан хүү Иваны морь гурван долоо хоног явна.

Хаан хүү Иван тэднийх рүү явж байх үед Ясан хэдрэг зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ хол газар явахаар зэхэж барлаг ороолондоо:

– Би Атгаалжин хар могойнх руу загалмайлах найранд явлаа. Ордон эзэмшлээ хамгаал, онц аюул учирваас хэл өг! гэж захижээ.

Хаан хүү Иван Ясан хэдрэгийн ордонд хүрч ирэхэд Марья Моревна цонхны цаана уйлан нутгийнхаа зүг ширтэн сууна гэнэ. Марья Моревна хаан хүү Иваныг хараад улам их уйлж:

– Яах ч гэж эргэж ирэв дээ! Яасан ч бид зугтаж чадахгүй. Ясан хэдрэг мориороо биднийг гүйцээд чамайг алчихна.

– Үхэх цаг ирэхэд хэзээд нэг үхнэ. Чамаас хагацсанаас үхсэн дээр! гэж хаан хүү Иван хариулав.

Энэ үгийг сонсоод Марья Моревна тайтгарч олон зовлон тоочилгүй хаан хүү Иваныг ундалж хооллуулаад морио амрааж аваад хоёул явжээ.

Ясан хэдрэгийн зарц харцага болж хувираад Атгаалжин хар могойн загалмайлах найр болж буй агуй руу нисэн очив.

– Чи энд ууж идэж, найрлан цэнгэх хооронд чинь улс оронд чинь гай дайрлаа. Хаан хүү Иван Марья Моревнаг дахиад аваад авчихлаа! гэжээ.

– Хэзээ явав?

– Долоо хоног болж байна. Ясан хэдрэг морь руугаа очин:

– Биднийг энд найрлах зуур хаан хүү Иван ирээд Марья Моревнаг аваад явчихжээ. Долоо хоног өнгөрч байна гэнэ. Бид одоо гүйцэх үү? Морь:

– Дахиад гурван өдөр найрлан цэнгэ, дараа нь гурван өдөр амар. Дараа нь бялуу жигнэг! Бялуу цадталаа идэж аваад явахад тэднийг дорхноо гүйцнээ! гэжээ.

Тэгээд Ясан хэдрэг дахин гурван өдөр найрлаж, дараа нь гурван өдөр унтаж, дараа нь гурил эсгэж бялуу хийхийг тушаав. Тэгээд цадталаа бялуу идэж аваад мориндоо мордон гурав харайлган хаан хүү Иван Марья Моревна хоёрыг гүйцэв.

– Одоо чамайг өршөөхгүй!

Ингэж хэлээд Ясан хэдрэг хаан хүү Иваныг шидэт илдээрээ хэсэг хэсэг болгон цавчиж хаяад «Ингээд хэрээ шувууны хоол бол!» гэв. Тэгээд Марья Моревнаг аваад явав.

– Хаан хүү Иваныг би яав, чи хараа биз дээ? Хэрвээ надтай суухгүй бол чамайг бас ингээд л хаяна! гэжээ.

Ясан хэдрэг хаан хүү Иваныг цавчихад Хэрээчийн Хэрээ, Шонхорын Шонхор, Бүргэдэйн Бүргэд гурвын өдөн дээр цусан толбо гарчээ.

– Ахад минь гай тохиолдож!

Ингээд гурвуул хаан хүү Иваны хэдэн хэсэг цавчигдан хөсөр хэвтэж буй газар нисэн ирцгээв. Бүргэдэйн Бүргэд:

– Хэрээчийн Хэрээ, чи билгийн ус авчир, Шонхорын Шонхор, чи мөнхийн ус авчир, би эндээ үлдэж биеийг маная гэжээ.

Хэрээчийн Хэрээ, Шонхорын Шонхор нисэн одоход Бүргэдэйн Бүргэд биеийн хэсэг бүрийг булгийн усаар угаагаад байх ёсоор нь байрлуулан тавив. Тэгтэл ч Хэрээ Шонхор хоёр эргэн ирж, биеийг эхлээд билгийн усаар шүршвэл хэсэг бүр нийлэн ургаж эдгэв гэнэ. Дараа нь мөнхийн усаар шүршвэл хаан хүү Иван суниан биеэ чангалснаа нүдээ нээв.

– Би яасан их унтав! гэхэд нь,

– Хэрвээ бид байгаагүй бол эндээ мөнхөд нойрсох байсан бизээ гэж хүргэнүүд хэлээд,- Бос, бос, манайхнаар очиж амар! гэжээ.

– Эрхэм дүү нар минь, зочилж явах зав надад алга. Марья Моревнагаа аврах хэрэгтэй. Ясан хэдрэгийн гараас Марья Моревнагаа суллаж аваад танайхнаар зочилж очно гэж хаан хүү Иван өгүүлэв.

Хаан хүү Иван хүргэнүүдтэйгээ салах ёс хийгээд Ясан хэдрэгийнх рүү яаран явав. Марья Моревна түүнийг хармагцаа баярлан уйлах инээх хослуулна.

– Харж ханашгүй чи минь, хаан хүү Иван минь, чи минь мөн үү?

Мөн мөн, би байна.

Ингээд Хэрээчийн Хэрээ, Шонхорын Шонхор, Бүргэдэйн Бүргэд яаж түүнийг аварч амьдруулсан тухай хаан хүү Иван ярив.

– Ясан хэдрэгийг хар хүч, хатан илдээр дийлэхгүй юм шиг байна. Ясан хэдрэг зальтай аваас бид түүнээс илүү заль гаргах хэрэгтэй. Хурдан морь хаанаас олж авсан, амь нь хаанаа байдгийг чи асууж тагнаж мэд. Дараа нь би түүнтэй эр эмээ үзэлцье гэж хаан хүү Иван Марья Моревнад хэлэв.

Марья Моревна энэ үед ордондоо ганцаар байсан тул хаан хүү Иваныг цайлж дайлаад дараа нь зооринд оруулан:

– Энд нуугдаад хүлээж бай гэжээ.

Зоорио дөнгөж хааж амжтал их дуу чимээ гаран Хорт Ясан хэдрэг нисэн ирэв.

– Пах, пөх, яасан хачин юм бэ? Миний ордноос хүний үнэр үнэртээд байна!

– Хонгор минь, юу ярина вэ? Энд юун хүний үнэр байх билээ? Чи дэлхийг тойрон нисэхдээ хүний үнэртэй болоо биз. Хоол ундаа зоогло, тэгээд хэвтэж амар гэж Марья Моревна эелдэгхэн өгүүлэв.

Эелдэгхэн үгс Ясан хэдрэгийн сэтгэлд их л таатай нийцэв. Ясан хэдрэг ширээнд сууж шарсан шарын өрөөл мах идээд дөчин хувин багтдаг торхны тэн хагас дарсыг уугаад ханзан дээрээ өнхрөөд өгчээ.

Марья Моревна хажууд нь сууж:

– Чамайг үгүйд ихэд уйтгартай байлаа. Эргээд ирэхээр чинь уйтгар гуниг минь хийсэн арилж сэтгэл минь зуны нар шиг цэлмэлээ!

Ясан хэдрэг ийм энхрий үгсийг сонсоод их таатай инээмсэглэн хэвтэнэ.

– Марья Моревна минь, чихэнд чимэгтэй үгс чинь сэтгэлийг уяраалаа. Үнэн сэтгэл чинь ийм болбоос хурим найраа хийе! Хаан хүү Иван одоо ирэхгүй, аль хэдийнээ хэрээ шувууны хоол болсон.

– Хаан хүү Иван үхсэн гэж мэдэж байна, чамаас өөр надад тэнцэх нөхөр ч байхгүй гэдгийг мэдэж байна. Иваны нөгчсөнөөс хойш яг нэг жил өнгөрөөгөөд чамтай сууна.

Ясан хэдрэг их л баярлан «Жил гэдэг зуун биш юу байхав» гэж бодов. Марья Моревна:

– Чи ийм хурдан морь хаанаас авсан бэ?

– Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээгээс би энэ морио авсан. Тэнд гал голын цаад талд миний нагац эгч Шулмас эмгэн амьдардаг. Шулмас эгчид минь гурван өдрийн дотор дэлхийг тойрдог, гучин жилд нэг удаа унагалдаг гүү бий. Шулмас эгчийн минь арван хоёр гүүг гурван өдөр хариулаад нэгийг нь ч алдахгүй бол тэр гүүний унагыг өгдөг юм. Харин хариулж чадахгүй алдвал толгойгий нь авдаг юм. Олон ч сайхан эр тийшээ очсон, хэн ч амьд үлдээгүй. Ганцхан би амьд ирсэн юм. Шулмасын гүүг хариулах гэдэг гай зовлонгоос хэцүү. Гал гол дээгүүр гарах гэдэг бүүр ч хэцүү!

– Яаж чи минь гал гол дээгүүр амьд гарсан бэ? Ясан хэдрэг нүүр гарын нэгэн алчуур үзүүлэн:

– Энэ алчуурыг гурван удаа баруун тийш сэгсрэхэд гал гол дээгүүр өндөр гүүр бий болно. Гүүрэнд гал хүрэхгүй. Гурван удаа зүүн тийш сэгсрэхэд гүүр алга болно!

Марья Моревна Ясан хэдрэгийг энхрийлэн:

– Хонгор минь, чиний амь чинь хаана байдаг вэ? Хэлээч наддаа, бүү нуугаач! гэвэл Ясан хэдрэг:

– Олныг мэдвэл одоохон хөгширнө! гэв.

– Амь чинь хаана байдгийг мэдвэл би чамайгаа аюул бүхнээс аварч чадахсан даа гэж

Марья Моревна дахин эелдэгхэн гуйв.

– Миний амь тэр пийшингийн дор хэвтэж байгаа шүүрт байгаа гэж ээжээсээ сонссон юм байна.

Тэгэхэд нь Марья Моревна пийшин дороос шүүрийг авч торгон алчуурт ороогоод хойморт тавив. Ясан хэдрэг хөхрөн:

– Эм хүний үс урт, ухаан богино! Миний амь хогийн шүүрт байна гэдэг байж болох уу даа? Ха, ха, ха. Миний амь өндөгөнд, өндөг нугасанд, нугас туулайд, туулай төмөр авдарт, цоожтой авдар тэнгис далайн дундах Буянт арлын дээрх том царсны дор булаатай байгаа. Тэнд л миний амь байгаа даа! Хэрвээ ямар нэг хүн тэр аралд хүрч чадлаа ч миний амь хүний гарт тийм амар баригдахгүй гэв.

Ингээд нэг шөнө өнгөрч, өглөө нь Ясан хэдрэг шарсан шарын өрөөл махаа идээд гурван хувин дарс уугаад аян замд зэхэж эхлэв.

– Атгаалжин хар могойнхоор зочлоод ирье. Эргээд ирэхэд хуримд бэлэн байгаарай! Ингэж хэлээд Ясан хэдрэг мордон явмагц Марья Моревна хаан хүү Иванд сонссон бүгдээ ярьж, шидэт алчуурыг өгөөд замын хүнс төхөөрөв.

Тэгээд хаан хүү Иван зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ Шулмас эмгэнийд очиж хурдан морь олж авах, эсвэл үхэх эсэхээ үзэхээр явлаа.

Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар Марья Моревнагийн жигнэж төхөөрч өгсөн замын хүнсийг дуусаад өлсөж ядрахын туйлд хүрэв.

Тэгээд замын хажуудах чулуун дээр амрахаар сууж байжээ. Тэгтэл хажуугаар нь баавгай бамбарууштайгаа гүйж явав.

Хаан хүү Иван хурц сумаа гаргаж нумаа хөвчлөн баавгайг онилтол,

– Сайхан залуу минь, намайг бүү харва, бамбаруушуудыг минь бүү өнчрүүл! Чамд би тус болно гэж баавгай гуйв.

Хаан хүү Иван тэр ёсоор болгон харвасангүй. Өлссөнөө тэсвэрлэн амарч суугаад цааш явав. Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар тун их ядарч, өлсөж цангажээ. Тэгтэл зөгийн нэгэн том үүр харагдав.

«За байз хө, бал идье!» гэж бодтол хатан зөгий:

– Хаан хүү Иван, үүрэнд минь бүү хүр, үрсийг минь бүү түйвээ! Ачийг чинь ачаар хариулна гэжээ.

– Чамайг яая гэх вэ! Дахиад тэсвэрлэхээс дээ!

Ингэж хэлээд хаан хүү Иван цааш явжээ. Хаан хүү Иван өлсөж цангаж ядарч туйлдаад хөлөө зөөж ядан явав.

Ийнхүү явсаар тэнгисийн захад хүрэв. Гэтэл усны эрэг дээр нэгэн том цурхай загас хэвтэж харагдав.

«Өлссөн гэдсэндээ хийх юм олдлоо!» гэж бодоод цурхайг барьж авах гэтэл,

– Сайхан залуу минь, намайг тэнгист тавиач! Үнэнч шударгаар чамд тусална гэж цурхай гуйв.

Хаан хүү Иван «Баавгайг явуулсан, зөгийнд хүрээгүй, цурхай ч бас гэмгүй амьтан! Ахиад нэг цаг тэсвэрлэе, ойр хавьд амьтан хүн байгаа биз» гэж бодов.

Тэгээд цурхайг тэнгист тавиад, бүсээ чангалж бүслээд цааш явжээ.

Тэнгисээс холгүйхэн нэгэн байшин харагдана гэнэ. Тэр байшинг чиглэн явтал байшин голын цаана байна гэнэ. Голоор ус биш гал улаан дөл улалзан урсаж байв.

Хаан хүү Иван өврөөсөө Ясан хэдрэгийн шидэт алчуурыг гарган баруун тийш гурав дахин сэгсэртэл гал гол дээгүүр нуман гүүр бий болов гэнэ. Гал гүүрэнд хүрэхгүй байв. Хаан хүү Иван голын цаана гараад алчуураа зүүн тийш гурав сэгсэрвэл гүүр алга болчихжээ. Тэгээд Дов дээр гарвал тахиан хөлт байшин өмнө нь харагдав. Тахиан хөлт байшинг тойруулсан шивээ хашааны мод бүрийн орой дээр хүний гавлын яс өлгөөтэй гэнэ. Ганц мод л хоосон ажээ.

Хаан хүү Иван «Энэ модонд миний толгойг өлгөх юм биш байгаа?» гэж бодов.

– Тахиан хөлт байшинхан минь, ар ханаа ой руу онгойх хаалгаа над руу харуулаач! Зууныг энд хороохгүй зуур хоноод явна гэв.

Байшинхан ар ханаа ой руу онгойх хаалгаа сайхан залуу руу харуулав. Хаан хүү Иван довжоон дээр нь гарч хаалгыг нь дэлгэн харвал тааз хүрсэн хамартай, тахир дэгээ гартай, ясан хөлт Шулмас эмгэн суугаад утас ээрч ясан хөлөөрөө дэвслэн байна гэнэ. Хаан хүү Иваныг хармагцаа амаа байдгаараа ангайгаад:

– Ээх, хүний үнэр үнэрлээгүй олон жил болсон юмсан. Одоо чинь орос сайн эр өөрөө ороод ирдэг болоо шив! гэв.

– Хөгшин Шулмас минь, хүлээж бай! Аяны хүнийг эхлээд ундал, халуун усанд орж, хар хирнээсээ салах минь! Дараа нь ярих юмаа ярилцъя гэж хаан хүү Иван хэлэв.

Шулмас эмгэн сөхрөн сууж, зоорио уудлан дугуй талх гаргаж, пийшингийнхээ амыг харчигнуулан шөл аягалж хаан хүү Иваныг ундлав. Халуун усныхаа байшинг галлаж хаан хүү Иван ч хар хирнээсээ салав. Тэгээд хаан хүү Иван ханзан дээр нь гараад хэвтэв.

Шулмас эмгэн:

– Сайхан залуу эр ажлаас зугтаж явна уу, ажил эрж явна уу?

– Эмгэн, танд хурдан морь бий гэж дуулаад ирлээ. Надад хурдан морь хэрэгтэй байна.

– Надад хурдан морь бий нь бий. Харин зүгээр өгөхгүй, зүгтэй өгнө. Гурван жил ч биш, нэг жил ч биш, ердөө гурван өдөр гүүнүүдийг минь хариул. Гүүнээс минь алдахгүй хариулж чадвал хурдан морь шанд нь аваарай, чадахгүй бол өөртөө гомдоорой. Гадаа шивээнд өлгөөтэй байгаа толгойнуудыг харсан биз дээ? Ганц толгой дутуу байгаа шүү гэв.

Шулмас эмгэн өглөө босоод хаан хүү Иваныг хооллуулж ундлаад үс зүс нь ив ижил арван хоёр гүүгээ гаргав. Гүүнүүд сүүлээ агсан тал тийш бутран ой руу орж алга боллоо. Хаан хүү Иван тэдний зөвхөн барааг хараад хоцров.

Хаан хүү Иван ойд ороод хожуул дээр гутран сууж байтал хаанаас ч юм бэ, баавгай гүйж ирэв.

– Гутарч гонсойгоод яах вэ! Хугархааргүй сайн саваа бэлдэж аваад тайван унт. Би орой гэхэд бүх гүүг цуглуулаад ирье. Чи тэднийг саваагаараа сүвээ рүү нь гуядан туугаарай, тэд зугтаж чадахгүй гэр лүүгээ явна гэжээ.

Баавгай гүйгээд явчихав. Хаан хүү Иван тэс модны мөчрөөр нэг сайн саваа бэлдэж аваад хожуул дэрлэн унтаад өгчээ.

Нар жаргахын үед ойд морин төвөргөөн гарч зүг зүгээс дэл нь босож, бие нь чичирсэн арван хоёр гүү давхин ирэв. Хаан хүү тэднийг саваагаар сүвээ рүү нь шавхарч гарав. Тэс мод хатуу, тахийвч үл хугарна. Нуруугий нь ороолгоход нугдайлгана. Ингэж арван хоёр гүүг номхотгож, арван хоёр гүү усан хулгана болтлоо хөлрөөд гэр лүүгээ давхицгаав.

Шулмас эмгэн хаалгаа онгойлгон хашаандаа гүүгээ хашив.

– Ай хижиг, усалж идүүлэхээсээ илүү хөөж тууж зовоогоо шив! гэжээ

Тэгээд ширээ засаж хаан хүү Иваныг хооллуулав

– Одоо унт, үүрээр чамайг сэрээнэ!

Хаан хүү Иван унталгүй чагнан хэвтвээс Шулмас эмгэн төмөр саваа шүүрч аван агтны хашаандаа очоод:

– Яасан ясан хэдрэгүүд вэ? Би та нарт юу гэж хэллээ! Зугтан алга болж чадсангүй юу! Шулмас эмгэн төмөр саваагаа хугартал гүүнүүдээ нүдэв.

– Яаж бид алга болох вэ? Манай ойд хамаг газрын баавгай хүрээд ирчихэж! Бид гэр лүүгээ зугтаагүй бол та биднийг ингэж харж байхгүй сан! Бид баавгайн хоол болох байлга.

Маргааш нь Шулмас эмгэн үүр цүүрээр хаан хүү Иваныг сэрээн талхны зах өгөөд:

– За яв, амласнаа биелүүл гэв.

Хаан хүү Иван гүүнүүдийг хашаанаас гаргамагц тэд сүүлээ агсан зүг зүг рүү давхин одов.

Хаан хүү Иван явсаар ойд очиж хожуул дээр сандайлаад «Яаж гүүн сүргийг цуглуулах билээ» гэж гутран суутал хатан зөгий нисэн ирэв.

– Жин-жин, бүү гутар, унгаж амар орой ажил чинь бүтнэ. Орой гүүнүүд цуглаад ирэхээр нь ташуураар тас ороолго, нэг нь ч үлдэхгүй гэр лүүгээ гүйнэ гэж зөгий хэлэв.

Зөгий нисээд явчихав. Хаан хүү Иван ташуур сүлжиж аваад унтжээ.

Нар шингэхийн үед ойгоор их чимээ гарч арван хоёр гүү хөөс сахруулан, чихээ солбилзуулан тангаран тангарсаар тал талаас давхин ирэв. Хаан хүү Иван хашгиран исгэрч ташуураараа далайтал цөм гэр лүүгээ давхив.

Шулмас эмгэн үүдэндээ зогсоод хараан зүхнэ.

– Пөх, энэ муу хижиг, алуурчин, гүүнүүдийг минь хөөгөөд усалж ундалсангүй! Шулмас эмгэн гэртээ орж ирээд хаан хүү Иванд аяга шөл, талхны хатсан зах өгөв. Хаан хүү Иван шөлийг уучихаад ханзан дээр хэвтээд унталгүй чагнаж байж гэнэ.

Шулмас эмгэн зэс саваа шүүрч аваад агтныхаа хашаанд очиж гүүнүүдээ зэс саваагаар гуядаж хараав.

– Өчигдөр би та нарыг бага нүдэж дээ. Дахиад алга болж чадсангүй юу!

– Зөгийнүүд байгаагүй бол биднийг хаанаас ч олохгүй, цуглуулахгүй байхсан. Үзэгдэж харагдаагүй олон зөгий нисэн ирж биднийг хатган хөөж тэсвэрлэхийн аргагүй болголоо!

– Хуурай газар нуугдаж чадахгүй бол маргааш усан дотор нуугдацгаа! гэж Шулмас эмгэн хашгирав.

Өглөө нь гуүнүүд тэнгисийн эрэг рүү давхин ус руу үсрэн орцгоов. Усан дээр зөвхөн дугуй хээ, хөөс гараад хоцров. Дараа нь чив чимээгүй болов. Хаан хүү Иван усны эрэгт чулуу сандайлан

«Яаж ч тэнгисийн гүнээс гүүнүүдийг эрэх билээ дээ?» гэж санаашран суув. Гэтэл уснаас цурхай цухуйж:

– Хаан хүү Иван, бүү санаашир, би цөмийг хөөгөөд авчирна! Би өнөөдөр чиний ачийг чинь хариулна. Хэрэгтэй цагтаа намайг санаж байгаарай.

Ингэж хэлээд цурхай алга болов. Хаан хү\ Иван өдрийг арайхийн өнгөрөөжээ. Орой нар жаргахын үед тэнгис давлагаалж, арван хоёр гүү нэг нэгээр дараалан уснаас годхийн гарч ирэв. Дэл нь босож хамар нь сарталзан чичирцгээнэ.

Хаан хүү Иван гүүнүүдийг туугаад ирэхийг Шулмас эмгэн хараад уурлан гүүнүүдээ тоолж тоолж, ясан хөлөөрөө дэвслэн, гараа савчин хараав.

– Ясан хэдрэгүүд, нуугдаж чадсангүй! За гайгүй ээ, тэртэй тэргүй миний гараас амьд гарахгүй гээд Шулмас эмгэн:

– За сайхан залуу минь, сайн байна! Албыг алдалгүй гүйцэтгэлээ! Одоо тэр хамгийн цаад талын хашаанд оч. Тэнд чиний авах хурдан морь бий ав.

Хаан хүү Иван тийш очвол тэнд нэг өлөн туранхай морь байв.

– Ийм адсага дээр баатар эр мордох биш ус зөөх биз! гэтэл морь:

– Хаан хүү Иван, намайг бүү гологтун. Үгийг минь сонс. Гүүнүүд чамаас зугтаж нуугдаг гэж Шулмас эмгэн гурван шөнө миний хүчийг гүүнүүдэд өгсөн юм. Хэрвээ чи энэ шөнө унтвал чиний бүх хүчийг сороод авчихна, чи ч амьд үлдэхгүй. Өнөө шөнийн дотор хоёулаа гал голыг гатлах хэрэгтэй. Голын цаана хоногт хүргэдэггүй хонин өвс ургаж буй. Тэр өвсний шүүдэр дээр хөрвөөхөд хүч минь эргээд ирнэ. Оройн хоол идчихээд бүү унт, над руу хүрээд ир гэжээ.

Шулмас эмгэн хаан хүү Иваныг эелдэгхэн угтаж янз бүрийн хоол ширээнээ өрөн:

– Сайхан залуу, зооглогтун! Амласнаа биелүүлж азтай зочин боллоо. Цадталаа ид, ханатлаа унт, үүрийн харанхуйгаар сэрээхгүй гэж өгүүлэв.

Аман дотроо «Гайгүй ээ чи, дахиж сэрэхгүй бөх нойрсоноо» гэж занан зүхнэ.

Оройн хоолны дараа Шулмас эмгэн унтаж, хаан хүү Иван агтны хашаа руу сэмхэн очиж морийг гаргаж аваад гал гол руу явав. ал голын захад ирээд шидэт алчуураа баруун тийш гурав сэгсэрвэл голын дээгүүр өндөр гүүр бий болов. Голын цаана гараад шидэт алчуураа зүүн тийш гурав биш хоёр сэгсэрвэл гүүр тун нарийхан болон үлдэв.

Морь нь хоногт хүргэдэггүй хонин өвстэй нугад очиж үүрийн гэгээнээр шүүдэр дээр хөрвөөгөөд босож биеэ сэгсрэн:

– За хаан хүү Иван минь, энэ бие минь тэнхэрлээ, эр чадал минь эргэлээ! Чамд хэрэгтэй газар явъя! гэжээ

– Тэнгисийн дундах Буянт арал дээр очихсон гэж хаан хүү Иван хэлэв.

– За намайг уна, явцгаая!

Энэ үед Шулмас эмгэн сэрж, пийшин дээрээсээ үсрэн буувал хаан хүү Иван алга болжээ. Агтныхаа хашаа руу гүйн очвол тэнд хоосон байв

– Морийг минь хулгайлж аваад оргочихож! Хаан хүү Иван, за чи харж байгаарай! Чиний гавлын ясыг өлгөчихөөд инээх цаг ирнээ гайгүй!

Ингээд Шулмас эмгэн чулуун ууртаа сууж хаан хүү Иваны мөрөөр хөөж гарав. Нүдүүрээр уураа түлхэн түлхэн, мөрөө шүүрээр шүүрдэн арилгасаар явна. Тэгээд гал голын захад ирээд гүүр байхыг харав. Гүүрэн дээгүүр гарч явахад дөнгөж дангаж тогтож байсан гүүр Шулмас эмгэнийг голын дунд очиход нурж унав. Ингээд Шулмас эмгэн гал голд унаж шатаж үхэв.

Хаан хүү Иван тэнгис далайн эрэг дээр ирээд шидэт алчуураа гурав сэгсэртэл Буянт арлыг хүртэл гүүр тавигдав гэнэ.

Гүүрэн дээгүүр давхисаар Буянт арал дээр очин хамгийн өндөр царсны дор ухаж эхэлжээ. Ухаж ухаж төмөр авдарт хүрэв. Авдрын цоожийг хэмх цохин тагийг онгойлгомогц туулай үсрэн гарч ой руу зугтав. Хаан хүү Иван ой руу давхитал өөдөөс нь баавгай туулайг барьчихсан гарч ирэв.

Хаан хүү Иван туулайн гэдсийг хүүлтэл нугас гарч тэнгэрт нисэв. Хаан хүү Иван нум сумаараа нугасыг харвахад нугас тэнгист үхэтхийн унав. Одоо яах вэ? Хаан хүү Иван цурхай загасыг санав. Тэр хоромд цурхай гарч ирэн нугасыг шүүрч аван эрэг дээр гаргаж өгөв.

– Сайхан залуу минь, нугасаа ав! Би чиний ачийг мартахгүй гэв.

Хаан хүү Иван нугасыг өвчиж өндгийг авч алчуурт боогоод богцондоо хийжээ. Тэгээд мориндоо мордон:

– Хорт Ясан хэдрэгийнх руу хурдлаад! гэв.

Ясан хэдрэгийн ордонд ирвэл Марья Моревна довжоон дээрээ уйлан уулгалан гарч ирэв.

– Хаан хүү Иван минь, одоо Ясан хэдрэг буцаж ирээд чамайг минь алчихна даа!

– Одоо ч Ясан хэдрэгтэй үзэлцэнэ шүү! Хэн нь хэнийгээ дийлэхийг хэрэг үйлс үзүүлэг! За миний араар сундалд!

Ингэж хэлээд хаан хүү Иван Марья Моревнаг сундалдаж аваад давхив. Яг энэ үед Ясан хэдрэг гэртээ буцан ирж довжоо өөдөө өгсөн:

– Марья Моревна, хуримын ширээнээ зэрэгцэн суухад бэлэн үү? гэж хашгирлаа. Зарцууд нь гүйн гарч:

– Хаан хүү Иван ирээд Марья Моревнаг аваад явчихлаа гэхэд Ясан хэдрэг уурлан:

– Яагаад явуулсан бэ!

Ясан хэдрэг зарцууд руугаа үсчин заримынх нь гарыг, заримынх нь хөлийг цавчиж заримыг нь алав. Тэгээд агтныхаа хашаа руу гуйн очиж мориндоо:

– Зовлонг минь сонс. Хаан хүү Иваныг хүргэнүүд нь амь оруулчихаж, тэгээд хаан хүү Иван дахин Марья Моревнаг аваад явчихжээ!

Морь нь:

– Энэ удаа удаж болохгүй. Хаан хүү Иваны морь нь миний дүү. Бушуу морд!

Ясан хэдрэг мөрдөн хөөсөөр хаан хүү Иван Марья Моревна хоёрыг гүйцэхийн даваан дээр морь нь бүдчээд эхэлжээ.

Ясан хэдрэг уурлан харааж:

– Чонын хоол өвсний тулам, чи яагаад бүдрээд байгаа юм бэ?

– Чамайг гай дайрах нь.

– Намайг биш хаан хүү Иваныг гай дайрна!

Ингэж хэлээд Ясан хэдрэг мориныхоо гуяыг тас гуядав. Морь нь үүлтэй тэнгэрээс доохнуур, үзүүртэй модноос дээгүүр дүүлэв.

Энэ үед Иваны морь:

– Ах минь намайг гүйцэх байх. Ясан хэдрэг ганцаараа, та нар хоёул хүнд байна. Хаан хүү

Иван богцноосоо өндгөө гарга. Ясан хэдрэг гүйцэх нь байна шүү гэв. Тэгтэл ардхан нь Ясан хэдрэг:

– Хаан хүү Иван, зогс! Надаас яасан ч мултарч чадахгүй! гэж хашгирав. Хаан хүү Иван өндгийг газар хага шидэв.

Тэр дорхноо аянга цахиж, газраар нэг өмхий хярвас үнэртэн Ясан хэдрэг мориноосоо өнхрөн унав.

Хаан хүү Иван мөчир түүж Ясан хэдрэгийг шатааж үнс нурам болгоод Ясан хэдрэгийн морийг унаж Марья Моревнатайгаа хоёул айх аюул, гай гачигдалгүй цааш явжээ.

Тэгээд Хэрээчийн Хэрээ, Шонхорын Шонхор, Бүргэдэйн Бүргэдийнд очин найрлаж цэнгээд дараа нь залуу сайхан Марья Моревнатайгаа цуг улс гүрэндээ буцжээ.

Хотол даяар найр хийж, гурван өдөр цэнгэж, гурван өдөр дуулжээ. Харин дараа нь хаант төрөө барьж, хамаг үйлсийг бүтээжээ.

Эх сурвалж: “Орос үлгэрүүд” epub номноос авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *