Бусад орны үлгэр

ЗАЛХУУ БРУЧОЛИНА  

 

Явган явах дургүй нэг охин байжээ. Хөгшин буурал эмээтэйгээ суудаг тэр залхуу охиныг Бручолина гэдэг юмсанж. Эмээ нь ач охиноо нэг удаа цэцэг түүхээр явахдаа авч явжээ. Тэд балжингарам багваахай түүж гэрээдээ буцахдаа яарсангүй. Тэгтэл залхуу нь тэр дороо хүрч

      -Намайг өргөж яваач ээ, өргөж яваач дээ! Гэж янгуурхав. Эмээ нь

 

      -Чи ийм томоо болчихоод эмээдээ өргүүлж явахаас ичихгүй байна уу? Чамайг эмээ нь яаж даах билээ дээ гэж хэлээд гэрээдээ сажлав. Бручолина дороо сууж тийчлэн

      -Гэрт минь намайг хэн хүргэж билээ? Хөгшин ээж минь орхиод явчихлаа гэж хашгиран уйлж байтал туулай хүрч ирлээ

      -Би чамайг хүргээд өгье морд гэв. Бручолинаг мордмогц туулай зөрөг замаар авч давхив. Гэвч туулай зүрхгүй болохоороо навчис сэржигнэн хийсэхэд айгаад хажуу тийш огло үсрэн нэгэн хожуулын ард ороод хярчихав. Бручолина туулайг хүлээж ядаад

      -Гэрт минь намайг хэн хүргэх билээ? Хөгшин ээж минь орхиод явчихлаа. Хөөрхий туулай аймхай юм гэж уйлагнан байтал дэргэд нь нэгэн эмгэн хумс ирээд

      -Би чамайг гэрт чинь хүргэж өгье. Над дээр морд нуруу минь жаахан ч гэсэн бөх чамайг даана. Айх хэрэггүй гэв. Бручолина эмгэн хумсыг унаж гэрийн зүг гэлдэрлээ. Зулай дээрээс наран төөнөсөн зунгаг халуун энэ өдөр эмгэн хумсын явах нь даан ч удаан. Бручолинагийн бие нь нозоорч нойр нь хүрэхэд зүүрмэглээд сэрвэл хажууханд байсан бутанд ч хүрээгүй байжээ. Бручолина үсэрч буугаад бас л

   Гэрт минь намайг хэн хүргэх билээ?

   Хөгшин ээж минь орхиод явчихлаа

   Хөөрхий туулай аймхай юм

   Эмгэн хумсын явах нь даан ч удаан юм гэж уйлж байтал нэгэн ямаа хүрч ирээд

   -Чи намайг уна. Би гэрт чинь хүргэж өгье гэв. Бручолина ямаанд мордтол агсан морь шиг аваад давхичихав, Айхдаа

   -Хүүе хүүе! Уналаа! Гэж Бручолина айж хашгиравч ямаа анзаарсангүй. Бручолина ойчоод хоцорчээ. Тэгээд

   Гэрт минь намайг хэн хүргэх билээ?

   Хөгшин ээж минь орхиод явчихлаа

   Хөөрхий туулай аймхай юм

   Эмгэн хумсын явах нь даан ч удаан юм

   Ямаа гуай ч яаруу юм гэж уйлаад сууж байтал нэг морь дэргэд нь ирээд

   -За Бручолина би чамайг гэрт чинь аваачиж өгье гээд өвдгөө нугалж хэвтээд дэлнээсээ бариулж дээрээ мордуулжээ. Морь хар гүйхээгээрээ хурдлахад Бручолинагийн чих нь шуугин салхинд нүднээс нь нулимс гоожиж тэр дороо унаад хоцорчээ.

  Гэрт минь намайг хэн хүргэх билээ?

  Хөгшин ээж минь орхиод явчихлаа

  Хөөрхий туулай аймхай юм

  Эмгэн хумсын явах даан ч удаан юм

  Морь унахад бүр хэцүү юм гээд ганихран сууж байтал нэг тагтаа нисээд ирэв.

      -Би гэрт чинь хүргэж өгье. Чи чиний хүзүүнээс сайн тэврээрэй гээд дээрээ суулгаад дээшээ нисчихлээ. Бручолина тэнгэр дээр гарчих шиг болоод тэртээ доор газар харагдахад толгой нь эргэв. Нүдээ тас аниад

      -Тагтаахан минь би бууя бууя гэж уйлан чарлав.

      -Тагтаа нэгэн тунгалагхан голын элсэрхэг хөвөөн дээр буугаад

      -За жаахан охин минь баяртай намайг ангаахайнууд маань хүлээж байгаа гээд нисээд явчихваа.

      -Бручолина дахиад л ганцаараа хоцорч уйтгарлан ийш тийш харвал нэг завь хөвж байх юм гэнэ. Дэргэд нь гүйж очоод л

      Гэрт минь намайг хэн хүргэх билээ?

      Хөгшин ээж минь орхиод явчихлаа

      Хөөрхий туулай аймхай юм

      Эмгэн хумсын явах нь даан ч удаан юм

      Ямаа гуай тун ч яаруу юм

      Морь унахад бүр ч хэцүү юм

      Тагтаа даан ч дээгүүр явах юм гэж үглэтэл тэр завь эрэгт ойртож ирээд

-Би гэрт чинь хүргэж өгье. Над дээр суу! гэв. Бручолина баярлан завин дээр гарч хөвж гарваа. Тэгтэл тэр нь өмхөрсөн модтой хуучин завь байсан болохоор ус нэвтэрч эхлэхэд Бручолина бүр сандрав. Хөөрхий Бручолинагийн хормой хот ч норов. Ус нэмэгдэн нэмэгдсээр аз болоход эрэг ойрхон байсан болохоор Бручолина эрэг дээр үсрэн гарч амжлаа. Завь ч усанд живчихэв.

      Гэрт минь намайг хэн хүргэх билээ?

      Хөгшин ээж минь орхиод явчихлаа

      Хөөрхий туулай аймхай юм

      Эмгэн хумсын явах нь даан ч удаан юм

      Ямаа гуай тун ч яаруу юм

      Морь унахад бүр ч хэцүү юм

      Тагтаа даан ч дээгүүр явах юм

Завиар явах гэсэн усанд живчих юм гээд уйлж суутал гэнэт жи жи гэх жингэнэсэн дуу сонсдов. Дээш харвал нэгэн балт зөгий

    -Хөлөөрөө явахаас илүү сайхан юм хаа байна вэ? гэж Бручолинад хэлэв.

   Ингээд залхуу охин Бручолинад туслах амьтан олдсонгүй ээ. Арга ядахдаа босоод гэрээдээ хөлөө нэг хоёр нэг хоёр солибож явснаа хурдан хурдан алхаад сүүлдээ гүйчихлээ.

   Гэртээ орвол хөгшин ээж нь охиныхоо өлсөж ирснийг мэдсэн юм шиг сайхан хоол хийгээд тавьчихсан байжээ. Бручолина орж очингуутаа л хоолноос үнхэлж гарахад эмээ нь инээмсэглэн зогсож гэнэ.