Зан заншил

Гүүний үрс гаргахын ерөөл

Зээ
Хөх мөнгөн тэнгэрийн агаараас
Хөшиглөн татсан
Хөх бараан үүлэнд нь
Гал мэт цахилгаан гарч
Гайхамшигт хур бууж
Гадсан солонго татаж
Арван өнгийн цэцэг
Алаглан дэлгэрч
Ачтай сүрэг нь идээшилжээ.
Зээ
Хол сайхан зэлээ
Хойгуураа татаж
Урт сайхан зэлээ
Урдуураа татаж
Хөндийгөөр дүүрэн
Хөх алаг адуугаа цуглуулж
Уургын уртыг барьж
Хуйвны цээлийг уяж
Хуй салхи шиг
Хурдан морио барьж
Хулан, тахь болсон
Унагаа уургалж
Далан хүн
Дарж ногтлоод
Наян хүн
Найрлан чагтлаад
Нарийн гурамсан зэлээ
Начин заанаараа чангаруулж
Урт сайхан гадсаа
Уран заншилтай мунаараа түгжүүлж
Уясан унага юм биз ээ.
Зэллэсэн унага чинь
Зээр гөрөөснөөс олон
Ногтолсон унага чинь
Ногтруу шувуунаас олон
Эхийнхээ дэргэд,
Энтэй цагаан
Эсгийгээ дэвсэж
Элдэв зүйлийн
Идээ ундаагаа
Эгнүүлэн тавьж
Ажнай цагаан хүлгийнхээ цэгээг
Алтан мөнгөн цагаригтай
Агар зандан агруундаа
Амсар тэгш дүүргээд
Арван зүгт нь сацал болгон өргөж
Адуун сүргийнхээ баярыг ёсолж бүхийд
Аавынхаа буянд арвин сайхан
Ээжийнхээ буянд элбэг сайхан
Юу санасан есөн хүсэл
Алдар нэр арван цагаан буян нь
Сүн далай мэт өргөн дэлгэрч
Бадран тунарч байхын
Бэлэгтэй ерөөлийг нийтийн дунд
Машид дэвшүүлэн айлтгая.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://www.facebook.com/zanabazarfam/photos/a.922932931111753/2814393615298999/

Гүүний үрс гаргах гэж юу вэ?

Монголчууд гүүгээ үр сарын /зуны эхэн сарын/ эхээр бар өдөр барьж, намар нохой өдөр тавьдаг заншилтай. Үүний учир нь зурхайн ёсонд бар, морь, нохой гурав ивээл жил гэж үздэг. Гүүний үрс гаргахаас өмнө гүүн зэлнийхээ дээд эхэнд цагаан эсгий дэвсэж, тусгай ширээн дээр олон зүйлийн тахил тавиад ширээний өмнөх том модон хувинд сүү дүүргэж, түүнээ уурганд дамнан есөн нүдтэй сацлаар сүүгээ цацна. Тэгэхдээ уурганд дамнасан сүүгээ явган болон мориор явж сацал өргөнө. Сацал сацах хүн нь ямагт эр хүн байна. Гүү барихад эхлээд ууган унагаа уургална. Уурганы хуйвны угсуурганд улаан утас уяна. Ингээд үрсний найрт оролцогсдоо есөн бор /цагаан/ морьтой хүнийг сонгон, гэрийн эзэн тэргүүлэн гэрсийн дэрсгэд ирэхэд гэрийн эзэгтэй мөнгөн аяганд сүү хийж тэдэнд амсуулна. Есөн морьтон эргэж гүүн зэл рүү очин, зэлний эхэнд хүрэхэд гэрийн эзэн сүүтэй хувингаа уурганд дамнан өлгөж, номхон цагаан морьтой хоёр хүнд өгч бариулан, өөрөө түрүүлэн явна. Энэ үед морьтонгоос нэг нь сацал өргөн “цөөн хэд”, “цэгэн цад”, “цоод хайрхан” гэж хашгирна. Мөн гүүний сацлын судрыг өндөр дуугаар унших нь ч бий. Морьтонгууд гүүн зэлийг нар зөв эргээд азарганыхаа дэлд хадаг сүлжиж, ууган унаганы толгойд хадаг зүүн мялаана. Морьтонгууд сүүтэй хувингаа газа хүргэлгүй явж гэрт хүргэнэ. Ингэхэд зэлний доод эхэнд байсан цай идээг гэрт авчирна. Энэ хооронд гурав үдлэж ирдэг. Амрахдаа “бууяа” гэх, хөдлөхдөө “нүүеэ” гэдэг. Тэднийг гэрийн үүдэнд ирэхэд “үрсний идээ шүүс хүргэж ирлээ” гэж хэлнэ. Гэрийн эзэн гарч ирээд “сайн явж ирэв үү, хаана үдлээд, хаа хоноод ирэв” гэж асууна. Тэгэхэд үрс хүргэгсэд нутаг орныхоо аль алдартай уул усны нэрсийг хэлж, тэнд үдлээд, тэнд хоноод ирлээ гэж хэлнэ. Ингээд гэрт ороод гэрийн эзэн хоёр хүний нэр заан шүүс хуваахыг уламжилна. Гэрийн эзэн ууцнаас амсаад, шүүсийг зочид бүгд амхарна. Ингэсний дараа гэрийн эзэн мөнгөн аягатай архи, хадаг барьж ерөөлчид ерөөл айлтгахыг хүснэ. Ерөөлч ерөөл тавина. Зочид идээ шүүс зооглон найрлаж гүүний үрс гаргах ёслол өндөрлөнө.

Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/Гүүний_үрс_гаргах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *