Зан заншил

Гүү барихын ерөөл

Хөх мөнгөн огторгуйгаас наагуур
Хөвөлзөн нүүж байгаа
Хөвсгөр бараан үүлэн дундаас
Хүрчигнэн дуугарах
Хүйтэн халуун хийний хүчээр
Хөврөн цутгах борооны чийгээр
Хөхөрч ургаж цэцэглэж навчилсан
Хөх ногооны шим нь дэлгэрсэн
Хөгжилтэй сайхан зуны цагт
Үзүүр хурцтай зассан
Үндсэн толгойтой гадсаа
Уран залуу мунаараа
Удаа дараалан цохиж шаагаад
Гунан шарын ширээр
Гурамсалж эрчилсэн
Гунагар урт зэлээ
Гуч шахам эрчүүдийн хүчээр
Гулжийхгүй болтол чангалаад
Ар хөндий дүүрэн бэлчээрлэсэн
Ай түмэн адуугаа
Адуучин залуучууд нь
Азарга азаргаар нь цуглуулж ирэхэд
Татал сайтай залуус нь
Тагнай сайтай уургаа барьж
Тасрахгүй сайн хуйваа уяж
Таварцаглахгүй сайн морио унаж
Хөөвөл ороолдог
Хөдөлбөл жороолдог
Хөөрхөн эсгэлэн унагаа
Ойтол уургалж
Цойлтол суулгаж
Орилуулан чарлуулж
Олон залуусаар ноцуулахад
Эртэй гэсэн нь ноцож
Эвтэй гэсэн нь ногтолж
Эгнэж ярайсан чагтаар чагталж
Эрчилж нийтгэсэн оосроор
Эрсхэн татаж уяад
Эргэж яахыг нь харвал
Атар тарган унаганууд
Ар тийшээ захалж
Урагшаа ухасхийж
Уруул амаа шударч
Урт зэлээ чавхдуулж
Ягнайж гэдрэгээ захлаад
Янгуурхаж хажуугаараа ойчоод
Яасан ч номхрох шинжгүй байлаа.
Догшрон эмнэгшсэн гүүнүүд
Дэргэдүүр дайран гарч
Дэмий цойлон давхихад
Хашир сайн азарга
Харж ажиглан таниад
Хангинан үүрсэж янцгаагаад
Дэлийнхээ хялгасыг
Дээш нь шаширлуулж
Дөрвөн туурайгаараа
Дэлхийг онгилсоор
Хүрч гүйцэн очоод
Хүзүү талбин эргүүлж
Хүй сүрэг ижилдээ
Хөөн оруулж ирэхэд
Хүчит золбоот залуучууд
Хүдэр хурдан морио унаад
Хөвөлзсөн урт уургаа бариад
Хөөж гүйцэж уургалаад
Хүч мэдэн тогтоогоод
Ноцож барьж, ногтолж аваад
Чихдэж байж чагталж чөдөрлөөд
Авгай бүсгүйчүүд
Агар зандан хувин барьж
Атар эмнэг гүүний хөлд
Аймшиггүй сурмаг сууж
Арвин эвлэг сүүг нь
Амсар бялхтал саагаад
Шарын ширийг
Шар усалж болгоод
Шаглаж оёод
Уявал хараатай
Утгавал ховоотой
Урт бүлүүртэй
Уудам ёроолтой
Том хөхүүрт
Тонгойлгож юүлээд
Тоолж бүлээд
Тордож исгээд
Сагаж хөөсрөөд гарахад
Сав торхонд таслаад
Том зооринд хураагаад
Айраг бэлдэх төлөвлөгөөгөө
Ахин дахин давуулаад
Ногтны айраг үлдээгээд
Намрын сэрүүн ч боллоо.
Ногооны сөл ч хатлаа
Цагийн жамыг дагаж
Цагаан хяруу ч уналаа
Нас жигдэрсэн унаганууд
Наранд шарлаж хүч нь бөхжөөд
Насжиж хөгширсөн гүүнүүд
Хазаж хайрах гээд
Хавьтуулах ч дургүй боллоо
Шар намрын сүүлчээр
Шийдэж товлосон өдөр
Буман сүрэг мялаасан
Болд эрдэнэ тэмдгээ
Утаагүй дүрэлзсэн галд
Уушги мэт улаан болгоод
Соргог хөөрхөн унаганы
Согоо хоёр чихийг нь
Солжир болтол мушгиж
Хөвч нимгэн цавийг нь
Хөндүүр болтол базаж
Хөдөлгөхгүй бат бариад
Хөрсийг нь гялайтал хайраад
Айраг нэртэй ариун чанартай
Ашдын бэлэгт идээнийхээ
Рашаан болсон дээжийг
Бариул сэнж сайтай
Багтаамж орц ихтэй саванд
Бялхаж цалгитал дүүргээд
Бяртай хоёр нь дамжилж
Орон гэрийнхээ хоймор сөгнөөд
Олон үед өвлөж хадгалсан
Ухаж урлаж хийгээд
Угалз хээтэй будсан
Үндэс царсан хулнуудаа
Угааж арчиж цэвэрлээд
Цаас шиг нимгэн
Цас шиг цагаан
Хээ нь товгор, дуу нь шингэн
Гангар шаазан хулнууд
Гаргаж бас авчраад
Бар арслан хатгаж
Базааж урласан бүтээлэгтэй
Бахим дориун хөлтэй
Вандан ширээн дээр өрж
Барих амсартай дүүргээд
Холын зочид ойрын нөхөд
Амар мэндээ мэдэлцэж
Аж амьдралаа хүүрнэлдэж
Аз жаргалаа ерөөж
Ая дуугаа өргөж
Хөгжим хуураа эгшиглэж
Хөгжилтэй сайхан найрласан юм биз ээ.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: http://www.monheritage.mn/mn/Intangible/Content.aspx?ContentID=10