Бусад орны үлгэрӨөрийгөө хөгжүүлэхТүүх, Хуучны баримтУран зохиол - ЗурагҮлгэрХүний хөгжил

Хан хүү Даваагийн харгис мангаст эрхшээгдсэн үлгэр

Олон сая жилийн тэртээ Бурхан багш өмнөх нэг төрөлдөө хааны гэр бүлд ханхүү болж мэндэлжээ. Тэр үед бурхан багш болоогүй, гэгээрэлд хүрээгүй, гэхдээ хэдийнээ Бодьсадва байжээ. Ханхүү 16 нас хүрэх үедээ машид сайхан сэтгэлтэй, гоо зүс төрхтэй, Дээдийн номыг чин сэтгэлээс их сонирхдог, оюун ухаанаа номхотгох хүслээр Дээдийн номд суралцахыг хүсдэг байжээ. Тэр нутагт мөн хүний махан идэштэн аймшигт махчин амьдардаг байсан нь зөвхөн хаад ноёдын хөвгүүд, ханхүү нарыг иднэ гэх тангарагтай байсан юм ажээ. Даваа гэгч ханхүү байдгийг махчин сонсжээ. Ингээд ханхүүг барьж идэхээр шийджээ.

Нэгэн удаа махчин, Даваа ханхүү бусад олон хүний хамт номын багшаасаа номын дуу сонсохоор болсныг дуулжээ. Ийнхүү номын үеэр өнөөх махчин хүрээд очтол хамаг амьтан айн сандралдаж бие биеэ гишгэлэн зугтжээ. Тэгтэл ханхүү Даваа өнөөх махчинд “Хэнийг ч бүү хорло. Ханхүү Даваа би байна, би энд байна, наашаа ир!” хэмээн хашхиран хэлэв гэнэ. Махчин ч үсрэн хүрч ханхүүг шүүрэн аваад арилжээ.

Махчин ханхүүг өндөр ууланд аваачаад хадан дээр тавьтал ханхүү уйлж байв гэнэ. Махчин гайхаж “Даваа ханхүүг маш хүчтэй, мэргэн ухаантай, зоригтой гэж сонссон чинь надад баригдаад уйлж байх шив. Уйлж байгааг нь би харж байна” гэв.

Тэгтэл ханхүү Даваа түүнд хэлжээ “Би уйлж байна. Гэхдээ чамаас болж уйлсан юм биш. Чи намайг ална уу байна уу надад ялгаагүй, эрт орой хэзээ нэгэн цагт үхэхээс хойш ялгаа алга, үхлээс хэн ч зайлж чадахгүй. Уйлсны минь учир гэвэл өнөөдөр би сэтгэл оюунаа хэрхэн номхотгох тухай эрдэнийн эрхэм дээдийн номыг сонсож байтал дундаас нь чи намайг барьж номыг би гүйцээж чадсангүй. Ингээд би цааш ирээдүйд эрдэнийн энэ сургаалыг хүлээж авах боломжгүй боллоо. Дараа дараагийн төрөлдөө хайж олоход хэцүү боллоо. Иймээс би уйлж байна. Чи намайг буцаагаад явуулаач, номоо дүүргээд би эргээд чам дээр хүрээд ирье” гэжээ.

Тэгтэл өнөөх махчин инээж “Чи намайг хуурах гэж байна уу?” гэв.

Ханхүү түүнд “Наран сөнөж болно, далай ширгэж болно, ханхүү Даваа хэзээ ч худал эс хэлнэ” гэж хариулжээ.

Түүний үгэнд махчин ихэд гайхаж “3а тэгвэл чи яв, буцаад харин ир. Ирэхгүй бол би чамайг хаанаас ч олно” гэжээ.

Даваа ханхүү “за тэгье” гээд явав. Хэдэн өдрийн дараа ханхүү махчин дээр буцаад иржээ.

Энэ түүх зүгээр нэг түүх биш; завсар дунд нь мэргэн сануулга олон бий. Жишээ нь, ханхүү “Чи намайг ална уу байна уу надад ялгаагүй эрт орой хэзээ нэгэн цагт үхэхээс хойш ялгаа алга. Эрдэнийн үнэт сургаал номыг бүрэн сонсож чадаагүйдээ би уйлж байна” гэж хэлж байна. Эдгээр үг та нарт маш сайн зөвлөгөө юм.

Ханхүү эргээд ирж байгааг харсан махчин гайхан цочирджээ. Гэрэлтсэн, жаргал дүүрэн, машид амар амгалан царайг хараад бүр ч ихээр балмагджээ. Ханхүү түүнд “Намайг явуулсанд гүнээ талархъя, миний хүсэл биеллээ. Одоо би чинийх, хүссэн цагтаа намайг ид” гэжээ.

Махчин түүнд “Үхлийн өмнө хэн ч чам шиг байгаагүй” гэснээ “Ямар гээч ном сургаал хүнийг ийм жаргалтай болгодог байна” гэж дотроо боджээ. Тэгээд тэр ханхүүгээс “Үхэхийн өмнө ч ийм жаргалтай байх ямар ном чи багшаасаа сонсоод ирэв?” гэж асуужээ.

Даваа ханхүү хэлэв: “Дээдийн номын үнэ цэнийг мэдэхгүй чамд эрдэнэт сургаалыг тайлбарлахын хэрэг юун? Чамд ердөө мах л үнэ цэнтэй. Өмнө чинь мах байна, идээч!” гэжээ.

Үүнийг сонссон махчны сонирхол улам шатаж “Үгүй ээ, чи надад хэлээд аль. Ямар ном сургаал юм? Би сонсмоор байна” гэжээ.

Ханхүү тэгэхэд нь хэлэв гэнэ: “Ном сургаалыг сонирхлоо гээд чамд зүгээр нэг хэлээд өгнө гэж бүү бодоорой. Тусгай бэлтгэл хэрэгтэй. Эхлээд надад сэнтий босго, гэхдээ миний чухлын тулд биш дээдийн номыг хүндлэх учраас тэр” гэв.

Би ч мөн одоо та нарын өмнө сэнтийд сууж байна. Гэхдээ энэ бол миний чухлыг бус та нарт сонсгож буй Дээлийн ном сургаал ямар үнэ цэнтэйг илтгэж байгаа юм. Дамжуулж буй эрдэнийн номоо хүндлэл дээш залж байгаа юм. Би онцгой нэгэн биш та нарын адил хүн. Харин Дээдийн ном сургаал бол эрдэнэ юм.

Ингээд махчин ханхүү Даваад сэнтий засаж өгчээ. Сэнтийд суугаад ханхүү хэлжээ “Одоо чи миний өмнө гурвантаа мөргө, ном сургаалыг сонсоход ийм заншилтай”.

Махчин сэнтийн өмнө гурав сунаж мөргөөд “За одоо багшийнхаа заасан номыг надад хэл” хэмээн гуйжээ.

Даваа ханхүү хариулав гэнэ: “Номын багш минь надад ингэж хэлэв, бусдад чи хор хөнөөл хийвэл давхар өөрийгөө хохироож буй юм. Учир нь чи бусдаас хамааралтай. Чи бусдаас хамаардаг учраас бусдыг хорлоод дам өөрийгөө хороож буй”. Багш минь мөн ингэж сургалаа гээд ханхүү цааш ийн хэлжээ: “Чи бусдад туслахдаа өөртөө тусалдаг юм, учир нь чи бусдаас хамааралтай. Бусдаас хамаардаг учир бусдын төлөөх чиний тус юуны түрүүнд өөрт чинь дараа нь бусдад тус болж очдог” гэлээ. Ханхүү цааш үргэлжлүүлж “Миний багш надад хэлэхдээ: амьдралдаа нэг ч амьтанд хор хүргэхгүй байхыг хичээ, бусдад туслахын тулд чадах бүхнээ хий гэж сургав. Мөн Багш маань ийн айлдав: гадаах ертөнц, чамайг тойрон байгаа бүх юмс чиний ухамсрын тусгал юм. Ухамсар чинь сөрөг байвал харагдсан үзсэн бүхэн чамд тааламжгүй санагдана. Сэтгэл оюун эерэг бол хаашаа л харна бүх зүйл сайхан, өөгүй, цэвэр ариун санагдана. Жишээлж хэлбэл, чамайг тойроод мянган толь байхуйд нүүрэн дээрх шавар чинь мянган толинд тусаж мянган халтар царай үзэгдэнэ. Толин дахь бохир тусгалаа хараад хүмүүс бид толийг арчиж зүлгээд байдаг. Бид бүгд толинд туссан халтар нүүрээ бус толийн гадаргууг цэвэрлэхэд санаа тавиад байна. Толийг арчсан ч халтар нүүрний чинь тусгал хэвээрээ л байна. Тиймээс, Багш маань хэлэхдээ, өөрийн хирийг арилгаагүй байж мянган толь арчаад нэмэргүй, бохир тусгал хармааргүй бол өөрийн нүүрийг эхлээд угаа, энэ л хангалттай. Хиртэй нэг нүүрийг угаахад мянган толины халтар арилна гэж сургав.

Бид гэтэл яадаг билээ? Энэ л жишээний адил, өөрийгөө бус бусдыг, гадаад нөхцөл байдлаа өөрчлөх гэж хичээдэг маань халтар нүүрээ угаалгүй толины тусгалыг арчихтаы адил. Ингэхийн оронд дотоод руугаа өнгийж сэтгэлээ харж, оюун ухаанаа цэвэрлэхийг оролдох юм бол нүүрнийхээ шороог угаахтай адил болно. Оюун ухаан сэтгэл чинь тунгалаг болоод ирэхэд хаана ч таныг Ариун орон хүрээлэх болно.

Банчин ламаас “Ариун орон хаана байдаг юм?” гэж нэг лам асуув. Банчин лам хариуд нь “Ариун газрыг хаана нэгтээ хол байдаг гэж бүү бод. Бодлоо цэгцэлж сэтгэлээ цэвэрлэмэгц зогсож байгаа газар чинь Ариун орон болно” гэжээ. Банчин лам хэлэхдээ: “Миний харж буй байшинг та харахгүй. Таны харж буй байшинг би харахгүй” гэсэн юм.

Энэ хотыг миний харж буйгаар та нар харахгүй, та нарт харагдаж байгаагаар би харахгүй.

Хүн бүр өөрийн үзэл бодолтой, бодит байдлыг бид өөр өөрийнхөөрөө харна, харах өнцөг маань өөр өөр. Сэтгэл оюун тунгалаг нэгэнд бол танай хот үзэсгэлэнтэй сайхан харагдана.

Буруу сэтгэхүйтэй, оюун ухаан нь бохирдсон зарим хүн “Энэ хотын амьдрал онцгүй, бохир заваан, бүх юм нь муу, би энд амьдармааргүй байна. Европ руу явмаар байна” гэх. Европт очлоо гээд тэнд бас л тийм амьдарна. Дараа нь “Би Америкт очмоор байна” гэнэ. Тэнд ч ялгаагүй. Тийм хүн хаана ч очсон жаргахгүй.

“Сэтгэл оюунаа ариусгаагүй бол ариун ертөнцүүдийн аль нэгэнд очсон ч (орчлонд ариун газар, ертөнцүүд гэж байдаг), оюун ухаан чинь бохир хэвээр тул та тэнд таашаал эдэлж чадахгүй” гэж Банчин лам хэлсэн байдаг.

Ийнхүү, ханхүү Даваа өнөөх махчинд номын сургаалыг тодорхой ярьж өгчээ. Ханхүүгийн хэлсэн үг бүр махчны зүрхэнд гүн орж, хүний махан идэштэн уйлан хайлжээ. “Би үнэхээр энэ дэлхийн хамгийн муу, хамгийн муухай хүн юм. Би ийм том биетэй, нүсэр энэ биеэрээ бусдад туслахын оронд маш олон амьтанд хор хөнөөл учруулж байж!” хэмээн гэмшээд “Одоогоос эхлэн би нэг ч бодгальд хор хүргэхгүй, харин ч чадлын хэрээр туслахыг хичээнэ” гэж тангараглажээ. Тэгээд ханхүүгээс: “Сэтгэл оюунаа хэрхэн бүрэн ариусгах тухайд илүү дэлгэрэнгүй айлдаж огно үү. Миний сэтгэл маш бохир байна. Бодол санаа минь ямар муухайг олж харлаа, энэ хирийг би угааж арилгахыг хүсэж байна” хэмээн гуйжээ.

Энэ номын дараагаар та нар яг ийм бодлоор төрөлх хотдоо амьдраарай. Бид оюун ухаанаа цэвэрлэж ариусгах хэрэгтэй. Өөр зам байхгүй, та зөвхөн сэтгэлийн ариуслаар жаргалд хүрнэ. Сэтгэл оюунаа цэвэрлэж байхгүй бол та маш баян боллоо гээд ч жаргалгүй нэгэн хэвээр л үлдэнэ. Алдар цуутан боллоо ч жаргалгүй хэвээр хоцорно. Сэтгэл оюун цэвэр бол, ядуугийн ядуу өмсөх хувцасгүй нүцгэн ч үмх талхтай байвал тэр талх чинь амттайгаас амттай байх болно. Гуйлгачин байсан ч оюун ухаан цэлмэг бол амар амгалан жаргал дүүрэн байна. Жишээ нь: Мял богд байна. Төвөдийн аугаа бясалгагчдын нэг тэрээр бусдын нүдэнд юу ч үгүй хоосон ердийн нэг гуйлгачин мэт харагддаг байсан. Сэтгэл оюун нь гэтэл өгүүлшгүй жаргалаар дүүрэн байсан юм.

Мөнөөх махчин ном сургаал сонсож эхлээд эргэцүүлэн бясалгах болж хожим гэгээрлийн өндөр түвшинд хүрсэн ажээ. Амьдралынхаа эхний хагаст тэрээр нэрийг нь дуулуут хүн амьтан айсандаа бутран зугтдаг аймшигт эрлэг мэт явсан бол амьдралынх нь хоёрдох хагаст хүмүүс өөрсдөө түүнийг хайж уулзаж учрахаар зорьдог болжээ. Дээдийн номоор аюулт махчин ч ариуссан бодгаль болж өөрчлөгдсөн байхад ердийн хүмүүс та бид ариусан цэвэрлэгдэж чадах бус уу? Дээдийн ном сургаал мэдээж бидний оюун санааг ариутгаж чадна, гагцхүү үр дүн хэр хурдан гарах нь бидний өөрсдийн хичээл зүтгэлээс хамаарна.

Эх сурвалж: Гэвш Жамба Тинлей “Ертөнцийн 8 ном, эхлэлийн 8 алдаа” номоос…

УГ НОМЫГ ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШААРАЙ…

Монголын Буддын Соёлын төв ТББ

One thought on “Хан хүү Даваагийн харгис мангаст эрхшээгдсэн үлгэр

  • awesome

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *