Домог, ТуульЗан заншил

Хонины толгой идсэн хүүдээ хонтой шаант нэмж өгье гэдэг үгийн учир

Эрт урьдын цагт өнчин хүү, охин хоёр бүхий нэгэн бэлбэсэн эр эхнэр авав гэнэ. Удалгүй бас нэг хүүтэй болов гэнэ.

Гэтэл эхнэр нь дагуур хоёрыгоо ил далд шоовдорлодог, идэх уухы нь хасдаг болж гэнэ. Харин өөрөөс нь гарсан хүгээ л өөхөнд боосон бөөр шиг бөмбийлөх болжээ.

Тийнхүү амьдар байтал, юм бүхэн ховордсон хаврын нэгэн өдөр хойт эх нь хоолоо чанаж гаргаад, хоёр дагуур жаалдаа зээр ямааны толгой нэжгээдийг өгчээ.

Харин өөрийнхөө хүүд хонины толгой өгөв гэнэ.

Гурван хүүхэд нь толгойгоо мөлжин дуусахад эх нь:

Зээрийн толгой идсэн охин маань

Зэгсэн сайн цадаа биз дээ!

Ямаан толгой идсэн хүү минь

Язартлаа сайн цадаа биз дээ!

Хонины толгой идсэн хүү минь

Хонх ёнх цадаа биз ээ!

Хонтой шаант нэмж өгье

гээд ;

Зээр, ямааныхыг бодвол зэгсэн их мах өөхтэй хонины толгой идсэн, бас тэгээд бага биетэй хүүдээ шагайт нэмж өгчээ.

Гэтэл бяцхан хүү нь ээждээ хандан:

Тарган хонины толгой идсэн болохоор

Тавтай сайн цадлаа, ээжээ!

Хонтой шаант идвэл би

Ховдог нэртэй болчихно шүү дээ, ээжээ!

гэжээ.

Энэ өдрөөс хатуу сэтгэлт хариг эх гурван хүүхдээ жигд хайрладаг болсон гэнэ.

Ёс суртахууны нандин сургаал бүхий энэ домгоос:

“Хонины толгой идсэн хүүдээ

Хонтой шаант нэмж өгье”

гэдэг хэлц үг гарчээ.

Арын хаалгадаж ашиг олзыг буруу түгээх тохиолдолд энэ үгийг хэрэглэгдэг болсон гэнэ.