Бусад орны үлгэр

Задгай амтай эхнэр

Эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь тун ч задгай амтай, юугаа ч хэнээс ч нуухгүй ярьдаг хүн байжээ, Юу л сонсоно, тэр дорхноо тосгоныхон нь мэдэж авдаг байв.

Нөхөр нь ойд явжээ. Чонын нүх ухаж байгаад бөөн алт мөнгө олжээ. «За одоо яах вэ? Эхнэр энэ баялгийн тухай мэдмэгц хол ойрынхон бүгд сонсох болно. Ноёны сонорт хүрвэл ч мөнгийг минь булаагаад авчихна. Тэгээд өнгөрнө дөө! За байз, яая даа?» гэж ядуу эр бодож бодож нэг арга олжээ.

Тэгээд олсон алт мөнгөө эргүүлж булаад тэр газраа сайн тэмдэглэж аваад гэр лүүгээ явжээ. Гол руу очиж тороо үзвэл цурхай баригдчихсан байна гэнэ.

Цурхайгаа аваад явжээ. Замдаа хавхаа үзсэн чинь туулай орчихсон байна гэнэ.

Тэгэхээр нь туулайг гаргаж аваад цурхайгаа хавханд хавчуулчихжээ. Харин туулайгаа загасны торонд хийчихжээ.

Тэгээд гэртээ иржээ.

– За эхнээр, пийшингээ галла, ихээхэн хуймаг хайр.

– Яах нь вэ? Харанхуй шөнө хэн галлаж, хуймаг хайрч байлаа? Бас юу болоов!

– Маргаад яахав, хий гэснийг хий… Татьяна, би бөөн мөнгө оллоо. Өнөө шөнө очиж мөнгөө гэртээ авчрах хэрэгтэй.

Эхнэр бөөн баяр болж, пийшингээ галлан хуймаг хайрав.

– Өвгөн минь, ид халуун дээр нь ид! гэнэ.

Мань эр нэгийг идээд хоёр гурвыг эхнэрээсээ нуун үүргэвч рүүгээ хийгээд байж.

– Өнөөдөр яасан их идэх нь энэ вэ? Хуймаг хайрч гүйцэхгүй нь шив.

– Тэгэлгүй яах вэ, эндээс нэлээд хол шүү, бас их мөнгө байгаа. Сайн идэж авах хэрэгтэй. Ингээд нөхөр нь үүргэвчээ хуймгаар дүүргэж аваад эхнэртээ:

– За, би цадлаа. Чи өөрөө ид, одоо тэгээд түргэлэлгүй болохгүй.

Эхнэр ч хурдхан хооллочихоод тэд явжээ.

Шөнө дүл байлаа. Нөхөр нь урд нь орчихоод үүргэвчнээсээ хуймгаа гарган нэг нэгээр нь модны мөчирт өлгөөд явжээ.

Эхнэр нь модны мөчир дэх хуймагуудыг гэнэт хараад:

– Хөөе хараач, мөчир дүүрэн хуймаг өлгөөстэй байна! гэжээ.

– Юунд нь гайхаад байгаа юм бэ? Бидний өмнүүр хуймгийн үүл нүүгээд өнгөрөхийг чи хараагүй юу?

– Үгүй, хараагүй. Би уначих вий гээд газар ширтээд л явж байна.

– Алив хоёулаа хавхаа үзээдхье, туулай орж уу, үгүй юу? Хавхан дээрээ очоод нөхөр нь цурхай гаргахыг харсан эхнэр:

– Хүүе, энэ чинь юу вэ? Загас туулайн хавханд орчихсон байх чинь!

– Хуурай газраар явдаг цурхай байдгийг чи мэдэхгүй юу?

– Мэдэхгүй шүү! Өөрийнхөө нүдээр үзээгүй бол хэнд ч итгэхгүй юм байна.

Голын эрэг дээр очоод эхнэр:

– Чиний тавьсан тор чинь хаа байна? Алив хоёулаа харъя. Тороо гаргаад иртэл туулай байв.

Эхнэр уулга алдан:

– Эцэг минь! Өнөөдөр чинь юу болоод байна даа? Торонд чинь туулай байх чинь!

– За за, юу гээд гуугачаад байгаа юм. Усны туулай үзээгүй юм шиг! гэж нөхөр нь зандрахад эхнэр:

– Үзээгүй юм чинь, үзээгүй гэв.

Ингээд хоёул тэмдэгт газраа хүрч, нөхөр нь булсан алт мөнгөө ухаж даахынхаа хирээр аваад гэр лүүгээ явжээ.

Буцах замдаа ноёны эдлэн газрын хажуугаар өнгөрч явтал хонь майлах сонсогдов.

– Ай, яасан аймаар юм бэ! Юу дуугараад байнаа? гэж эхнэр нь шивгэнэв. Нөхөр нь:

– Хурдал хурдал, гүйгээч! Энэ чинь манай ноёныг чөтгөр барьж байна. Биднийг харчих вий! гэв.

Ингээд гэр хүртлээ гүйцгээж, арай гэж амьсгаагаа дарцгаажээ. Нөхөр нь алт мөнгөө нуугаад унтахаар хэвтэцгээв

– Татьяна, мөнгө олсон гэж хэнд ч битгий хэлээрэй, муу юм болно шүү!

– Үгүй чиш, би юу гэж хэлдэг юм бэ! гэж эхнэр хариулжээ. Маргааш нь оройхон босоцгоожээ.

Эхнэр пийшингээ галлачихаад хувингаа шүүрч аваад усанд явжээ. Худгийн дэргэд айлынхан нь

– Татьяна, яагаад өнөөдөр ийм орой галлаж байгаа юм бэ?

– Тиймээ, бүр үд болчихож! Өчигдөр шөнөжин яваад ингээд үүрээр таг унтчихаж.

– Шөнө хаашаа яваав?

Нөхөр минь бөөн алт мөнгө олоод оо. Бид хоёр шөнө явж мөнгөө авчирлаа гэжээ.

Тэр өдөр тосгон даяар «Татьяна нөхөртэйгөө хоёул дарсан мөнгө олж гэнэ. Хоёр үүргэвч дүүрэн мөнгө авчирчээ» гэдэг яриа түгэв.

Оройдоо ноёны сонорт хүрчээ. Ноён ядуу эрийг дуудуулжээ.

– Чи алт мөнгө олоод яагаад надаас нуудаг билээ?

Би юу ч олоогүй, юу ч үзээгүй, юуны алт мөнгө вэ? гэж ядуу эр хариулжээ.

– Битгий булзааруулаад бай! Би бүгдийг сонссон. Чиний эхнэр чинь ярьсан гэнэ лээ.

– Миний эхнэр үү, аан тэр чинь юу ч гэж бурж мэднэ!

– За тэгвэл, чи өөрөө сонс л доо!

Тэгээд ноён Татьянаг авчруулав.

– Танай нөхөр чинь алт мөнгө олсон уу? Олсоон, ноёнтон минь, олсон.

– Шөнө явж мөнгөө зөөсөн үү?

– Явсаан, явсан.

– За ярь, яаж хаагуур явсан.

Эхлээд бид ой руу орлоо, тэгсэн чинь тэнд мөчир бүр дээр хуймаг өлгөөстэй байсан.

– Ямар юмны чинь хуймаг ойд байдаг билээ?

– Хуймгийн үүлнээс бууж л дээ!.. Дараа нь туулайн хавхаа үзсэн чинь цурхай орчихож. Цурхайгаа аваад цаашаа явлаа. Гол дээр очоод тороо гаргаад иртэл тэнд туулай баригдчихсан байлаа. Голоос нэлээд холгүйхэн нөхөр маань газар ухаж алт мөнгөө авсан. Нэг нэг үүргэвч алт мөнгөөр дүүргэж аваад буцлаа. Буцахдаа танай эдлэн газрын хажуугаар өнгөрч явтал чөтгөрүүд таныг барьж идэж байлаа.

Ноён тэсвэр алдан, хөлөө дэвсэлж:

– Тэнэг эм, зайл! гэж хашгирахад ядуу эр:

– За харав уу! Миний эхнэрт итгэх гэдэг байж болохгүй зүйл! гэжээ. За за, ойлголоо, чи харь! гэж ноён гараараа дохив.

Ядуу эр тэр цагаас хойш одоо болтол сэтгэл тайвуун, амар сайхан амьдрах болжээ. Хааяа нэг ноёноо бодон инээдэг гэнэ лээ.