Орос үлгэр

ОЮУН УХААН ТӨГӨЛДӨР ОТГОН ХҮҮ ИВАН

Эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн ан амьтан жигүүртэн шувуу агнаж түүгээрээ хоёул амьдарна. Он жилийг элээн олон насыг насалсан авч эд хөрөнгө гэх юм байсангүй.

Эмгэн харамсан зовж:

– Амттанг идэж уусангүй, аятай хувцсыг өмсөж зүүсэнгүй энэ насыг галын хажууд эргэлдсээр өнгөрөөлөө! Өтлөх насанд харж баясах үр хүүхэд ч алга! гэхэд өвгөн нь:

– Эмгээн, бүү зов! Гар минь нугарч, хөл минь хөдөлж байгаа цагт өлсөхгүй байх. Юу юуны туханд хүрэлгүй гонсойгоод яах вэ!

Ингэж хэлээд өвгөн анд явжээ.

Өглөөнөөс орой болтол яваад нэг ч шувуу, нэг ч амьтан намнасангүй. Ганзага хоосон буцмааргүй байж, тэгээд яах билээ? Нар гудайчихаж харилгүй болохгүй.

Ингээд аргагүйн эрхэнд харихаар явж байтал хажууханд нь далавчны дэвэх сонсдон бутны цаанаас тун үзэсгэлэнт гоё нэг том шувуу нисэн хөөрөв гэнээ.

Өвгөн буугаа шагайх хооронд шувуу нисэн одов.

«Миний хувь биш байжээ!» гэж өвгөн бодоод шувуу нисэн гарсан бутыг шагайж үзвэл тэнд гучин гурван өндөг байна гэнэ.

«Ядахдаа энэ олзыг чинь аваад харья!» гэж сэтгээд бүсээ чангалан гучин гурван өндгийг өвөртлөв.

Явсаар байтал замдаа бүс нь суларч өндөг нь цувран унасаар байжээ. Өндөг газар унамагцаа сайхан залуу эр болж хувираад байж гэнэ. Гучин хоёр өндөг унаж гучин хоёр сайн эр болон босжээ!

Яг энэ үед өвгөн бүсээ чангалсанд гучин гурав дахь өндөг өвөрт нь үлдчихжээ. Өвгөн нэг эргээд хартал гучин хоёр сайхан залуу дагаж явахыг үзээд нүдэндээ итгэсэнгүй гайхав. Үс зүс, өндөр намаараа ив ижилхэн гучин хоёр залуу нэгэн дуугаар:

– Та биднийг олж чадсан, одоо та бидний эцэг, бид таны хүүхдүүд. Гэртээ харьцгаая! гэв.

«Эмгэн бид хоёрт нэг ч хүүхэд байгаагүй гэтэл одоо гэнэт гучин хоёр хүүтэй болдог юм байжээ!» гэж өвгөн баярлажээ.

Гэртээ ирээд өвгөн:

– Эмгээн, чи хүүхэд шуухад байхгүй гэж зовж шаналаад байсан. За май, одоо чи энэ гучин хоёр хүү, гучин хоёр сайн эрийн эх боллоо. Ширээгээ засаж идээ будаагаа гарга, хүүхдүүдээ хоолло!

Ингэж хэлээд өвгөн яаж гучин хоёр хүүтэй болсноо ярьжээ.

Эмгэн гайхах баярлах зэрэгцэн юу хэлэх, юу хийхээ мэдэхгүй самгардан зогсож байснаа ширээгээ засаж эхлэв. Өвгөн эхлээд бүсээ дараа нь тэрлэгээ тайлж эхэлтэл өврөөс нь гучин гурав дахь өндөг өнхрөн унаж тэндээс гучин гурав дахь залуу босож ирэв.

– Чи хаанаас гараад ирэв?

– Би бас л чиний хүү. Отгон хүү Иван. Өвгөн:

– Аа нээрээн, үүрэнд гучин гурван өндөг байсан шүү дээ гэж санаад,- За суу, Отгон хүү Иван, хоол ид! гэжээ.

Гучин гурван залуу эр ширээнд суугаад эмгэнд байсан бүхий л идэх юмыг дуусгаад гэдэс цадаагүй ч сэтгэл дүүрэн босоцгоожээ.

Нэг шөнө өнгөрөв. Өглөө нь Отгон Иван:

– Эцэг та биднийг олж авч чадсан юм чинь одоо ажил олж өг! гэв.

– Та нарт би ямар ажил өгөх вэ? Эмгэн бид хоёр үр тариа суулгадаггүй, хагалах газар ч байх гүй, анжис хадуур, морь тэрэг ч байхгүй шүү дээ!

– Байхгүй бол байхгүй, гомдох юм алга! Хүмүүст ажил хийж өгөөд амьдарч болно. Эцэг та дархнаар гучин гурван хадуур хийлгээч гэж Отгон Иван өгүүлэв.

Өвгөн дарханд очиж хадуур ширээж ирэх хооронд Отгон Иван ах нарынхаа хамт гучин гурван тармуур, гучин гурван хадуурын иш хийж бэлдээд байжээ. Эцэг нь ч дархныхаас эргэж ирэв. Отгон Иван ах нартаа хадуур, тармуур тараан өгч:

– За явж ажил эрцгээе. Олсон мөнгөөрөө өөрийн гэсэн аж төрөлтэй болж эцэг эхийгээ амраая гэв.

Ингээд ах дүү гучин гурвуулаа аав ээждээ үнсүүлээд алсыг зорин явжээ. Явсаар байтал өмнө нь нэгэн том хот харагдав. Тэр хотоос хааны бойдоо гарч яваад тэдэнтэй тулгарч ирмэгцээ:

– Залуу эрчүүд минь, ажлаас зугтаж явна уу, ажил эрж явна уу? Хэрвээ ажил эрж яваа бол намайг дагаад яв, би ажил олгоё гэв.

– Ямар ажил вэ? гэж Отгон Иван асуув.

– Хэцүү ажил бишээ. Хааны дархан нугын өвсийг хадаж, хатааж, бухалдах, нуруулдах хэрэгтэй байна. Хамгийн ахмад чинь хэн бэ? гэхэд цөм дуугүй байцгаав.

Отгон Иван:

– За тэр нугаа заагаад аль.

Бойдоо тэднийг хааны дархан нугад авчрав.