Бусад орны үлгэр

ХҮН, ОДОС, БАР ГУРАВ – Вьетнам ардын үлгэр

Адгуус амьтад хүний хэлээр ярьдаг байсан эрт урьдын цагт нэг тариачин залуу, тутраганыхаа тариан дээр ажиллаж байж гэнэ. Жин үд болоход ундаа уухаар сүглэгэр модны сүүдэрт сууж, агшаасан будаанаас идэж байжээ. Одос үхэр нь ч тарианы захаар ургасан өвс тэмтрэн идэж байснаа хэсэг гадил модны сүүдэр бараадан сүүлээ ширвэн ялаа шумуул үргээн хивж хэвтэж гэнэ. Тэр үед одос бусад адгуусны адил хоёр эрүүндээ шүдтэй байсан юмсанжээ. Тэр одос гэв гэнэт араатны үнэр авч харайн босоод эврээ сэжлэв, хамраа өлийн шиншилж гэнэ. Тэгтэл нэгэн бар дөхөж ирээд

-Би чамд хорон санаа өвөрлөж ирсэнгүй. Харин чамаас нэгэн зүйлийг асуухаар ирлээ. Би өндөр бутан дотор нуугдаж чамайг өдөр бүр ажиж байдаг юм. Хүн гэж хүч чадлаар дорой бас ажиг сэжиг авах нь төдий л гавимгүй хоёр хөлтэй энэ нэг жаахан амьтан чинь хэдэн арав дахин хүчирхэг тураг амьтан болох чамайг яаж албадан ажиллуулж чадаж байна вэ?гэж асуухад

– Үнэнээ хэлэхэд би ч өөрөө сайн мэдэхгүй л байна. Энэ хүний уран аргаас би мултарч чадахгүй л байна. Хүнд ухаан гэдэг нэг сүрхий хүч чадал байдаг юм гэж Одос хариулав.

– Тэгвэл би энэ хүнээс чинь тэр гайхамшигт арга ухаанаас нь өчүүхнийг ч болов өгөөч гэж гуйх юм байна. Хэрвээ би тэр ухаан гэдгий нт авбал араатнаас улам ч хүчирхэг болж таарна. Амьтан барьж идэх гэж өдий төдий болтол хярж хэвтэх юм уу, эсвэл тэдэнтэй багтарч ойчтолоо хөөцөлдөж төвөг удахгүй шууд л дороо хөдлөлгүй зогсох зарлиг буулгачихаад л аль тарганы нь шилж амар зооглож байвал аштай байхав дээ гэж Бар өгүүлэв.

– Тэгэлгүй яахав. Та одоо тэр хүн рүү очоод ухаанаасаа аль гэж гуй! гэж Одосыг хэлэхэд бар тийшээ явав.

– Эрхэм хүн гуай би хүчирхэг том биетэй хурдан шалмаг амьтан. Гэлээ ч нэг хүсэх юм байна. Танд ухаан гэж нэг ховор юм байдаг гэж би дууллаа. Түүнийхээ хүчээр та адгуус амьтныг ноёлж байдаг гэнэ. Тэгэхээр та тэр арга ухаанаасаа надад жаахныг ч болов өгөхгүй юү? Тэр чинь надад тун их чухал байна.

– Бар гуай өршөөж хайрла! Би түүнийг чинь гэртээ орхичихоод ирсэн. Тэр чинь энд ажиллахад хэрэг болдоггүй юм шүү дээ. Яахав би хариад аваад ирж болох юм.

– Би тантай хамт явах уу? гэж Бар асуув.

– Таны барааг хараад хавийн хүмүүс цугларч амь насанд чинь аюул учруулж мэднэ. Та эндээ үлдсэн нь дээр. Намайг хүлээж бай. Би одоохон хариад таны тэр хүсэж байгаа юмыг чинь аваад ирье гээд тариачин залуу хэд алхсанаа бодлогошроон тээнэгэлзэх мэт зогсоод

– Та намайг явсан хойгуур одос үхрийг минь зооглочих юм биш байгаа даа! гэж сэтгэл зовоод байна. Хэрэв үхрийг минь идчихвэл би чинь ямар амьтнаа ажилд зүтгүүлэх билээ дээ гээд барыг юу ч гэж хэлж завдаагүй байтал

– Хэрвээ татгалзахгүй бол би таныг тэр модноос агдлаад санаа амар явмаар байна гэв. Хүний тэр шидэт ухаан гэдгээс өчүүхнийг ч болов олж авахын хар хүслэнд автсан бар дуртайяа зөвшөөрч гэнэ. Тариачин залуу барыг өндөр модноос бүдүүн олсоор чанга гэгч нь хүлж орхиод гэрийн зүг яаравчлан одов. Тэгээд гэртээсээ хуурай сүрэл авчирч барыг уясан модыг тойруулан тавьж гал оруулж гэнэ. Тариачин залуу

– Миний ухаан гэдэг маань энэ шүү дээ! гэж улаан дөлөн дунд ой модыг доргитол архиран хүрхрэн байгаа бард хашгиран хэлээд инээж гэнэ.

Тэгтэл энэ явдлыг харж байсан нөгөө одос өөрийн эрхгүй инээд алдан гүйж яваад бүдэрч хаданд дээд эрүүнийхээ шүдийг булга ойчиж гэнэ. Ингээд одосын дээд эрүүнд өнөө болтол шүд ургадаггүй юмсанжээ. Тэр үест барыг агдалсан олсонд гал авалцаж тасрахад бар сая тавигдав. Түлэгдсэн биеэ хорсохын эрхээр бар хилэгнэн уурсаж хүрхрэн архирсаар үсрэн гарч үсэндээ наалдан шатаж байгаа сүрэл олсны тасархайг авч хаясаар зугтан одов. Гэлээ ч барын шарласан арьсны дээр тэр түлэгдэлтээс зураас мэт хар хөндлөн зурвас тогтсон нь одоо болтол арилаагүй юмсанжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *