Үргэлжилсэн үгийн зохиол

Гунигласан нь

Антон Павлович Чехов

“Үдшийн бүрий болжээ. Маш том ширхэгтэй нойтон цас дөнгөж саяхан асаасан дэнлүүний гэрэлд удаан гэгчээр будран буй нь үзэгдэж зөөлхөн ширхэгүүд нь байшингийн дээвэр, морины нуруу, хүмүүсийн мөрөн дээр хийгээд өмсөж яваа малгай дээр нь хүртэл лавсан тогтож байлаа. Тэрэгчин Иона Потаповын хамаг бие цав цайж хий хуарын юм аятай үзэгдэх аж. Амь голтой амьтан яаж бөхийж бөгтийж болдог вэ тэрэгчин чухам тэгж суудал дээрээ тонгойхоороо тонгойн суугаад өчүүхэн ч үл хөдөлнө. Энэ янзаараа бол тэр өөр дээр нь бүхэл бүтэн овоорсон хунгарцас буугаад ирсэн ч сэгсрэх гэж нэг их юм болохгүйдэг. Чарганы нь морь ч бас адилхан бүхий бие нь дун цагаан бопоод огтын хөдөлгөөнгүй зогсоно. Ингэж хаашаа ч үл хөдлөх хийгээд эв хавгүй бие хаа, гуалин шиг бүдүүн хөл энэ тэрээсээ болоод энэ морь морь гэхээсээ илүү морь дууриалгаж хийсэн хүүхдийн тоглоомтой илуү адилхан харагдаж байлаа. Тэгээд бас морины бүхий л байдал ямар нэг бодолд дарагдсан шинжтэй. Анжис чирэх болоод дасаж сурчихсан нэгэн хэвийн өдрүүдээсээ хэрхэн салж хөллөгөө, хаа сайгүй гялбалзах хачин их гэрэл гэгээ, байнгын чимээ шуугиан, гүйж харайсан давчуу яаруу хүмүүс дунд хэрхэн орж ирсэн гээд бодож санахгүй байж яаж болохсон билээ…

Иона, морь хоёр байрнаасаа огтхон ч хөдлөхгүй тун ч их удаж байгаа юм. Тэртээ эрт өдрийн хоол идэхээс ч өмнө хашаанаасаа гарсан атал хэрэглэх хүн олдсонгүй. Ингэсээр байтал хотод бүрий унаж эхэллээ. Гудамжны дэнлүүнүүдийн цайвгар гэрэл бусад өнгө гэгээнд дарагдаж хотын дуу шуугиан улам ихсэв.

-Хөөе Выборг явъя. Хүүш! гэх дууг Иона сонспоо.

Иона давхийж цас мөс болсон сормуусаа нээн харвал юүдэн шинээл өмссөн нэгэн цэргийн эр байж байна.

-Чи унтаад байгаа юм уу, хаашаа юм? Выборг явъя, Выборг руу гэж тэрбээр давтан хэлэв.

Иона зөвшөөрч буйн тэмдэг болгон жолоогоо дугтарсанд морины нуруу хийгээд өөрийн нь мөрөн дээр тогтсон их цас бутран унах үзэгдэнэ. Цэргийн хүн чарганд нь суулаа. Хүн зөөгч уруулаа шилэмдэн, ямар ч хэрэггүй байтал өөрийн сурсан зангаараа хунгийнх шиг урт хүзүүгээ сунган өндийхөөрөө өндийгөөд ташуураа эргэлдүүлэв. Морь нь ч нугжийж байсан хүзүүгээ сунгаад өнөөх гуалинархуу хөлөө сарийлган тавьж зогсож байсан газраасаа үл ялиг мэдэгдэх төдий сажлан хөдлөв.

-Хаашаа зүтгээд байгаа юм бэ савдаг минь! Ямар чөтгөрөө хаана нь хүргэх гээд байгаа юм бэ? Баруугаар яваач! гэж урд хойногүй хүн амьтан бараалах харанхуйн дундаас хашгирах нь эхлээд сонсогджээ.

-Явж чадахгүй чи хаашаа юм бэ? Баруугаар яваач! гэж цэргийн эр дахиад уурсан хашгирав.

Дэлбэгч муухай муухай харж замаар хийсэн мөрөн дээгүүр нь давж морины толгой руу пүргэх цасыг гараараа сэгсрэн хараал тавина. Тэгээд зүүн дээр таарсан мэт суудал дээрээ тогтож ядаж нүд нь хүртэл сүртэй болчихсон өөрөө хаана юу гэж энд яваагаа ч мэдэхгүй яваа юм шиг дэгдэлзэж явлаа.

Тэгтэл цэргийн эр,

-Ямар дүүрчихсэн амьтад байдаг юм бэ! Ингэж зөрсөөр байгаад нэгэн бол тэргэн дор орж эсвэл моринд чинь дайруулж үхнэ дээ. Бүүр цаанаасаа тэгдэг улс гэж ширүүлэв. Иона ард суугч руугаа харж уруул нь хөдөлснөө дуугүй болжээ. Бодоход ямар нэг үг хэлэхийг хүссэн боловч хоолой нь сөөнгөтөөд дуу гарсангүй өнгөрөв бололтой.

Иона инээмсрэн амаа муруйлгаад хоолойгоо засан сөөнгөтөж хэлсэн нь,

-Ноён минь хүү маань энэ долоо хоногт нас бараад аа -Хн. Юунаас болоо вэ?

Иона наад хүнээдээ бүх биеэрээ эргэн харж өгүүлсэн нь:

-Хэн мэдэх вэ? Халуурснаас л болсон байх. Эмнэлэгт гурав хоноод л өнгөрчихлөө… Бурхны таалал хойно яахав.

-Алив чөтгөр минь! Цаагуур яваач ээ. Алах гээ юу хөгшин бөөс чинь? Наад нүдээ харж яваач!

-Яв, яв. Энэ янзаар бол маргааш болтол очих газраа хүрэхгүй нь. Сүнгэнүүлээд бай! гэж зорчигч эр адгуулна.

Дэлбэгч хүзүүгээ улам ч сунгаж хамаг биеэрээ дайван ташуураа эргэлдүүлж байлаа. Дараа нь мөнөөх эрээд харсан ч тэр нь нүдээ аниад сонсох янзгүй яваа бололтой байв. Түүнийг Выборгт нэгэн хоолны газрын дэргэд хүргэж орхиод суудалдаа аанай л бөгтийхөөрөө бөгтийж суугаад ганц ч чимээ гаргалгүй гэлдруүлжээ. Нойтон цас лавссан хэвээр морьтой нь цуг цав цагаанаар будсан хэвээр.

Цаг зугуухан өнгөрсөөр л байв. Замаар галошны нь чанга чанга гишиглэх чимээ сонсогдон, хараал зүхэл тавьсаар гурван залуу хүн өнгөрч явахыг харвал хоёр нь өндөр, нарийхан гуравдахь нь биеэр жаалхан, гүүн дээрээ бөгтөр нуруугай ажээ. Эл бөгтөр ам нээж, чичирсэн дуугаар,

-Гурван хүн, хоёр хорьтын зоос өгье гэлээ.

Иона сандчин жолоогоо татаж тамшаалав. Хоёр хорьтын мөнгө ямар үнэ байх вэ, гэвч тэр юун үнэ бодохтой манатай байжээ.

Түүнд нэг рубль эсвэл таван мөнгө ялгаагүй, гагцхүү суух хүн л олдвол гүйцэх нь тэр болоод байв.

Залуус маргалдан, ямар нэг юм яриад таарахгүй, чарга руу ойртож очоод гурвуул суудалд уралдан сууцгаав. Хэн хоёр нь суух, гурав дахь буюу зогсох нэг нь хэн бэ гэдгийг маргасан байжээ. Удтал хэл үг болж, зөрүүдэлцгээн бие биенээ буруутгаж буруутгаж сүүлдээ шийдвэрт хүрсэн нь юунд хүрэв гэвэл хамгийн жаалхан биетэй, өнөөх бөгтөр нь зогсон болсон байна. Бөгтөр Ионагийн ард зогсоод амьсгаадаж,

-Алив олигтойхон давхиж өг! Ороолгоод байгаарай! Ах минь наад малгай чинь мөн мундаг аа! Ийм адгийн малгай Петрбургт лав ондоо байхгүй байх аа гэв. Иона хэг хэг хөхөрч яаж л явдаг вэ, түүгээрээ л явна даа хэмээв.

-Ямар юмны чинь явдгаараа гэж, хурдал гэм хөөе! Та бас ингээд л салгалаад байх санаатай юу? Хоёр өндрийн нэг нь,

-Толгой хагачих нь ээ. Өчигдөр Васька бид хоёр дөрвөн шил конъяк уучихсан чинь, үхлээ гэх дуулдав. Тэгтэл нөгөө өндөр нь уурлаж,