Бусад орны үлгэр

МАНГУУ ЧОНО

(Зөвлөлтийн кабард ардын үлгэр)

 Хоолоо ч олж идэж чаддаггүй маанаг чоно байж гэнээ. Тэнгэр бурхан түүнд:

  -Ямар чоно болоод хоолоо олж идэж чаддаггүй хэрэг вэ? Хээр талд тун хөгширсөн морь байна. Түүнийг очиж ид! гэж зааж өгчээ.

  Чоно чүү чамай гэлдэрсээр очоод

   -Тэнгэр бурхнаас асуусан, чамайг ид гэж байна! гэтэл морь өөдөөс нь

   -Чи чинь хэн гээч вэ? гэж асууж гэнэ.

   -Би чоно байна.

   -Биш ээ, биш. Би чоно

   -Үнэхээр чоно юм бол миний бөгсөн талаас идэх үү? толгойн талаас идэх үү? гэсэнд маанаг чоно гайхан бодлогошроход морь

   -Миний ар талаас идэхэд муугүй шүү. би тарган гэсэнд чоно араас нь идэх юм болж ойрттол үхтлээ өшиглүүлэв. Үлгэн салган босож тэмтэчсээр

   -Би ямар тэнэг чоно билээ. Толгойн талаас нь идэх минь ч яалаа даа! гэж улив.

Чоно дахиад л тэнгэр бурханд очиж хоол хаанаас олохоо асуув.

-Тэртээ ууланд тарган ямаа идэшлэж байгаа. Түүнийг олж ид! гэж хэлж гэнэ. Гуйвчиж салтирганасан чоно, ямааг олж очоод

-Тэнгэр бурхнаас асуусан чамайг ид гэж байна гэвэл

-Намайг аль талаас нь эхэлж идэх юм бэ? гэж асуув.

-Толгойн талаас чинь эхэлж иднэ!

-За тэгвэл уулын бэлд амаа ангайгаад зогсож бай. Би хар хурдаараа ам руу чинь ороод явчихъя гэсэнд чоно бэлд очиж амаа ангайн зогсож гэнэ. Ямаа ганц үсрээд чоныг дүйрч унатал нь мөргөв.

     Чоно гомдолтойёо

        -Би ямар таныг тэнэг амьтан билээ. Тэр ямаа яалаа гэж миний ам руу орох билээ дээ гэж улив.

     Тэгээд бас л тэнгэр бурхандаа очвол өөдөөс нь

        -Яасан маанаг чоно вэ? гэж уурлан загнаж гэнэ. Тэгээд хээр идэшлэж яваа тугал зааж өгчээ.

      Хайван гуйвчсан чоно тугалыг олж очоод

 

       -Тэнгэр бурхнаас асуусан чамайг ид! гэсэн гэтэл

Өчүүхэн намайг идэх гэж үү? намайг уна, би чамайг айлд хүргэж өгье. Эзэнгүй болсон айл байгаа юм. Чи тэндэхийн эзэн болж малы нь идэж бай гэсэнд чоно тугалыг унаад явав. Тугал айл харагдахад чанга мөөрөв. Чоно

  -Чи юу гэж хашгираад байгаа юм бэ? гэж асуув.

  -Би малчин эзнээ оллоо гэж бүхэнд дуулгах гэж хашгирч байгаа юм гэж хэлтэл хүмүүс сэрээ сүх гадас юу дайралдсанаа барьж гарч ирээд чоныг нугдайлгачихаж гэнээ.

Эх сурвалж: Олон үндэстний үлгэрүүд номноос авав.