Бусад орны үлгэр

ЖАРГАЛТАЙ АЙЛ

Эрт урьд цагт нэг улсад тун баян сурвалжит ноён амьдардаг байжээ. Ноён баянаараа бардан, удам угсаагаараа гайхуулдаг байжээ. Бардахгүй, гайхуулахгүй ч яах билээ дээ. Газар гэж зах хязгааргүй их. үүний нутагт том том хот, тосгон, суурин, гацаа олон гэнэ. Ногоон нугад нь тоолж баршгүй адуун сүрэг бэлчинэ. Ой тайга нь ан амьтнаар дүүрэн, ус гол нь загас жараахайгаар элбэг гэнэ.

Ноёны эцэг өвгөд үеэс үед дээд албанд сууж улсын хэргийг шийтгэж явсан болохоор яаж ч удам угсаагаараа бахархахгүй байх билээ дээ!

Ноён ганц охинтой юмсанжээ. Охин нь үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй, үлгэрийн дагина шиг сайхан гэнэ. Үүний дээр цэцэн ухаантай гэнэ. Авхай том болох тусмаа л улам үзэсгэлэн төгс болж ухаан үзэсгэлэн хоёр нь хотол даяар алдаршжээ.

Ингээд өндөр цагаан ордондоо өвч их баялагтаа умбан өргөн олны хүндэтгэл эдэлсэн баян ноён амьдарч байжээ. Авхайг долоон шивэгчин, долоон аягач үргэлж тойрон далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж, нүдний цэцгий шиг хайрлан энхрийлэн байдаг байжээ. Ноён эцэг нь ч охиндоо амь шигээ хайртай байв гэнэ.

Үзэсгэлэнт авхай өсөж том болсоор хадамд гарах насанд хүрчээ. Баян ноёны хүргэн болохыг горьдсон өдий төдий эрчүүл охиныг нь гуйв. Өөрийн улс гүрэн, харь холын олон тайж ноёд баян ноёнтой ураг холбохыг хүсэж увж цувдаг болж гэнэ

Ирсэн бүхнийг ноён ихэд хүндэтгэн хүлээн авч:

– Орцгоо орцгоо, дээшилцгээ. Охиноосоо асууя. Хүчилж би чадахгүй, хувь заяагаа өөрөө шийдэг, өөрөө хариулаг гэхэд,

– Хайрт аав минь, хадамд гарч, хаяа тэлэх арай эрт байна. Таныхаа нөмөрт хоргодон танхил охин насаа жаахан ч болон уртасгая гэж охин нь хариулдаг байжээ.

Ингээд хүргэн болохыг хүсэгчид, зууч нар хаяанаас нь буцдаг байжээ. Ингэж нэг жил өнгөрч хоёр дахь жил дуусаж байж гэнэ. Тэгтэл гэнэт алс хол нутгийн алдар цуутай нэгэн хаант улсаас хадамлахаар иржээ.

– Эрхэм ноёнтон минь, сайн үг салхин чимээтэй гэдэг. Охины тань үзэсгэлэн гоо, цэцэн ухаан орчлон дэлхийд цуурайтлаа. Ингээд манай олон ардыг тэтгэгч, их хаан өчүүхэн зууч биднийг тан руу явууллаа. Их хаан тантай худ ураг болохыг хүсэж, үзэсгэлэнт охиныг тань гуйж байна гэжээ.

Энэ үгийг сонсоод ноён баярлажээ. «Хүчирхэг гүрнийг эзэмшигч их хаан хүн хүргэн минь болох нь. Охин минь алдарт улсын хатан болох нь, энэнээс сайн хүргэн гэж хаана байх вэ! Ёстой амандаа орсон алтыг хэлээрээ түлхчихгүй юмсан!» гэж ноён тунгаажээ.

Тэгээд ноён охиноосоо ч асуусангүй шууд л зочдыг дайлан зочилж их хааны элч зууч нарт элэгсэг хариу хэлж хөөр баяр болов.

– Их хаантай ураг холбохдоо би сэтгэл дүүрэн байна. Охин минь бас баярлана. Охин минь хааны хатан болохыг дуртайяа зөвшөөрнө. Олон эрийг буцааж одоо болтол хүлээж байсан нь ийм ерөөлтэй байжээ гэж ноён ярьжээ.

Дайлж цайлаад зочид явсан хойно ноён охиныхоо өргөөнд орж:

– Хайрт охин минь, хуримдаа бэлтгэ! Алдарт нэгэн улсын их хаан чамайг гуйж зууч илгээжээ. I Аз буянтай сайхан хэрэг болж байна. Урьд өмнө ирж миний охины таашаалыг хүсээд гологдож буцсан ноёд тайжуудын хүүхдүүдтэй зүйрлэшгүй сайхан хүргэнтэй болно. Удахгүй миний охин их улсын хатан, олон ардыг захирагч болно. Манай олон гүнж атаархаж үхнэ! гэж өгүүлэв.

Авхай харцаа бууруулан, чичирсэн хоолойгоор эцэгтээ хариулав.

– Хүндэт эцэг минь, хүссэнээр чинь болог дээ.

– Тэгээд яагаад уруу царайлж, газар ширтэв? Нөхөр болох хүн сэтгэлд чинь нийцэхгүй байна уу?

– Би түүний барааг ч хараагүй шүү дээ гэж охин нь бүр ч аяархан хариулав.

– Хараагүй ч гэсэн сонссон биз дээ? Хуримаа хийгээд суухаар аяндаа хайртай болно доо. Ханилж суугаад дасна, харж суугаад дурлана. Намайг бодож, чамайг жаргалтай явуулахсан гэж байна шүү дээ!

– Тиймээ, аав минь. Таны үгнээс би зөрөхгүй. Таны хэлснээр болно гэж охин нь шивгэнэн хэлээд харцаа улам доошлуулан,

– Өнөөдөр бие муу байна улам дордож ч магадгүй, аав минь гэв.

Тэр өдрөөс эхлэн авхай өвджээ. Өдөр хоногоор улам өвдөн доройтов гэнэ.

Ноён эмч залаад тус болсонгүй. Олон олон эмч домч авхайн биеийг үзэж эм тан уулгаж, аргалж чаргалавч эдгэрсэнгүй улам муудаад, орноосоо ч босож чадахаа больжээ.

Ноёны сэтгэл түгшин зовов. Олон газрын олон эмчийг залан үзүүлэвч тус болсонгүй. Тэгэхээр нь авхайн эмгэгийг таньж, биеийг эдгээж чадах домч байна уу? гэж улс даяар зар тараан эрэл сурал болжээ.

Ноёны элч нар зүг бүрд мордон эрж сурагласаар нэгэн тосгоноос уналдаа тулсан нэг муу хөгшин эмгэнийг авчиржээ.

Эмгэн домч аягачин шивэгчин нараас авхайн бие хэзээнээс эхэлж яаж муудсаныг асууж лавлаад дараа нь авхайн өргөөнд орж асууж ярилцжээ. Хэнийг ч битгий оруул гэсэн тул тэр хоёр юун тухай ярьсныг хэн ч мэдсэнгүй.

Домч эмгэн авхайн өргөөнөөс гарч ирээд ноёнд мэхийн хэлсэн нь:

– Ноён минь жаргалтай хүнийг олж тэр хүнээс цамцыг нь гуйх юмуу ер нь л авах хэрэгтэй. Үзэсгэлэнт авхай тэр цамцыг өмсөнгүүт өвчин эмгэг нь илааршин эдгэнэ. Өөр ямар ч эм тан тус нэмэргүй гэв.

Ноён энэ үгийг сонсонгуутаа:

– Хамгийн жаргалтай хүнийг эрж олоод цамцыг нь авчир! Цамцгүй буцаж бүү ирэгтүн! гэж зарлиг буулгав.

Ноёны элч нар эрэлд мордов. Түмэн газраар явавч жинхэнэ жаргалтай хүнийг хаанаас ч олсонгүй. Зарим нь баян чинээлэг, эвтэй найртай сайхан гэр бүл боловч өвчин зовлон ээрэх учир ямар юмных нь жаргал вэ? Зарим нь эхнэр хүүхэддээ хайртай, эрүүл чийрэг, их сайхан амьдарч байгаа боловч айлынхантайгаа ая зүйгээ олохгүй, араатан мэт сууцгаана. Зарим эхнэр нөхөр хоёр эв түнжингүй амьдрах юм гэнэ. Заримын нь хүүхдүүд олиггүй, эцэг эхийнхээ чихий нь хангинуулсан улс байх юм гэнэ. Хичнээн явсан ч «Би жаргалтай хүн, надаас жаргалтай хүн хорвоод байхгүй» гэж омог бардам, сэтгэл дүүрэн хэлэх хүн дайралдсангүй.

Ноёны элч нар явж явж нэг удаа бүр харанхуй болох үед нэгэн тосгонд дөхөж иржээ.

– Өнөө шөнө энд хоноцгооё. Харанхуй шөнө мэдэхгүй газар хайчих вэ! гэж ахлагч нь хэлжээ. Тэгээд харцгаатал бүх байшин харанхуй зөвхөн хамгийн захын нэг муу яйжгий байшингийн цонх гэрэлтэж байна гэнэ. Тэгээд яйжгий байшин руу ойртож очицгоотол «Би энэ дэлхийд хамгийн жаргалтай хүн!» гэж хашгирах сонсогдов.

Ноёны элч нар яаран цонх руу очиж харвал буржгар үстэй залуу эр ширээнийхээ араас үсрэн босож «Энэ дэлхийг тойрсон ч над шиг жаргалтай хүнийг олохгүй» гээд бүжиглэж байна гэнэ.

Тэгтэл ч пийшин дээрээс сайхан хүүхэн үсрэн бууж «Жаргал минь чи билээ! Үүнээс илүү жаргал байхгүй. Надтай байхад чамд сайхан бол чамтайгаа байхад надад бүр ч сайхан» гэж дуулан дэвслэн бүжиглэв гэнэ.

Ноёны элч нар шууд үүдийг нь тогшин:

– Сайн санаат ах дүүс минь, биднийг хонуулаач! гэжээ. Гэрийн эзэн буржгар залуу үүдээ нээв.

– Орцгоо, орцгоо! Ор дэрээ авч явдаггүй гэдэг!

Ингэж хэлээд үүдэнд гарч ирэн морьд хашихад туслав. Элч нарыг гэрт ороход хүүхэн угаагууртаа ус хийн цэвэр алчуур авч өгөв.

– Сайн санаат ах дүүс минь, хувцсаа тайлцгаа! Тоос шорооноосоо салцгаа, тухалцгаа! Тэгээд залуу хүүхэн ширээгээ бүтээн идээ будаа өрөв. Залуу ч яаруулан:

– Хурдал! Зуухан дээр байгаа бүхнийг ширээн дээр тавь! гэв. Залуу эхнэр:

– За сууцгаа, байгаагаараа баян гэдэг! Зооглогтун! гэж урив. Ноёны элч нар ширээнээ суухад ахмад нь:

– Энэ дэлхий дээр хамгийн жаргалтай хүн гэж ярихыг бид гаднаас сонссон. Ингэж чи ярьсан уу?

– Өөр хэн энд ярих вэ? Би үнэхээр жаргалтай хүн! гэж гэрийн эзэн хариулав.

– Хэрэв тийм бол биднийг гай зовлонгоос ангижруулаач!

– Ямар, яасан гай зовлон та бүгдэд учраав? гэж гэрийн эзэн асуув.

– Ай, ямар гэж санана. Манай улсын хамгийн баян, сурвалжит ноёны ганц үзэсгэлэнт охин ухаант авхай айхтар их өвдөөд байна. Залаагүй эмч байхгүй, уугаагүй эм байхгүй, эдгэж илааршдаггүй ээ. Гэтэл ашгүй нэг эмгэн домч олдов. Эмгэн авхайг үзээд «Ганцхан зам, ганцхан арга байна. Жаргалтай хүний цамцыг өмсвөл авхай эдгэнэ. Өөр юу ч хэрэггүй» гэлээ. Ингээд ноён биднийг хамгийн жаргалтай хүний цамц олж ир гэж илгээсэн билээ. Чи жаргалтай хүн тул өмссөн цамцаа тайлж өгнө үү. Хэрвээ үзэсгэлэнт авхай эдгэж илааршвал ноён чамд юугаа ч хайрлахгүй их шан өгнө.

– Танай ноёноос надад юу ч хэрэггүй. Харин миний цамц хүнийг эдгээх юм бол би дуртайяа өгнө… гээд түгдэрснээ эхнэртээ:

– Алив, миний жанч аваад өгөөч! гэв.

Эхнэр нь түүнд нөхөөс болсон нэг жанч авч өгөхөд залуу эр цамцаа тайлан түүнийг нөмрөв.

– За май, энэ миний цамц. Сольж өмсөх цамц байхгүй юм байна. За яахав, би жанчтай байж л байя.

«Өөрийгөө хамгийн жаргалтай хүн гээд байгаа, тэгтэл сольж өмсөх цамцгүй эр шив дээ!» гэж ноёны элч бодсон ч юу ч хэлсэнгүй, цамцыг авч цүнхэндээ хийжээ.

Маргааш өглөө нь эрт босоцгоов. Хүүхэн хуймаг хайрч зочдоо дайлав. Ноёны элч нар дайлж зочилсонд, цамцаа бэлэглэсэнд баярласан талархсанаа илэрхийлээд тэднийхээс явжээ.

Элч нар давхисаар ордондоо ирцгээв.

Тэд хамгийн жаргалтай хүнийг яаж олсноо ноёндоо ярив. Домч эмгэн ч хүлээж байж. Эмгэн цамцыг аван охины өргөөнд орлоо.

Гурван өдрийн дараа охин нь дээрдэж, долоо хоногийн дараа бүүр эдгэж байна гэж ноён дуулаад баяр хөөр болон:

– Тэр жаргалтай эрийг аваад ир! гэж тушаажээ.

Түрүүчийн элч нараас нэгийг нь давхиулав. Удсан ч үгүй элч жаргалтай эрийг авчрав. Ноён түүнийг их л найртай угтан авч:

– Гай зовлонг минь чи нимгэллээ. Эмгэн домч юу гэж хэлсэн, яг тэрүүгээр боллоо. Охин минь илааршин эдгэв. Чи ямар ч гэсэн намайг зовлонгоос аварлаа. Гагцхүү чи яахаараа өөрийгөө хамгийн жаргалтай хүн гэж боддогийн учрыг үл олно?

– Яагаад гэвэл би үнэхээр хамгийн жаргалтай хүн!

– Чамайг хараад би гайхаж байна. Чи өөрийгөө жаргалтай гэнэ, гэтэл чиний өмссөн хувцас чинь уранхай ноорхой байдаг. Миний зарц нарын ярьснаар бол чи яйжгий муу байшинтай, гашуун лууван идэж, шар квас уудаг ядуу амьдралтай гэсэн шүү дээ. Сольж өмсөх цамц ч үгүй гэсэн. Энэ чинь ямар жаргал байх билээ?!

Залуу эр сурвалжит баян ноёныг харж дуугүйхэн байснаа:

– Таны элч нар үнэн хэлжээ. Орон гэр минь муу, өмссөн хувцас минь хуучин. Гэхдээ ордонд сууж, торгонд ороогдох жаргал гэж үү?

Зарим хүн агуулах зоорь нь багтаж ядан байхад ч бага гэж санадаг. Өөрийн болон эхнэрийн биеийг ажилд нухлуулж, шунахай зангаасаа болж амар заяа үздэггүй. Жаргал үзэхээ байдаг.

Зарим нь эд баялагт нь болоод хайргүй хүүхэнтэй суудаг. Эсвэл ядуу хүн залуу сайхан охиноо баян бэлэвсэн эрд өгнө. Охин нь жаргалгүй. эр нөхөртэйгөө энхрий сэтгэл, эв эс байхгүй хүний хүмүүс шиг амьдарна

Харин би хамгийн жаргалтай хүн! Эхнэр бид хоёр бие биедээ хайртай, эв найр, хайр сэтгэл биднийг нийлүүлсэн, бид хоорондоо хэрэлдэх нь битгий хэл бие биедээ муу үг ч хэлдэггүй. Биднээс сайхан амьдарч байгаа хүн байхгүй болохоор бид хэнд ч атаархдаггүй, атаархах ч үгүй. Бид хүнд чадах чинээгээрээ тусалдаг. Бидэнд тусламж хэрэгтэй бол айл хотынхон дуртайяа гар сунгадаг. Цамц бол яахав дээ? Эхнэр утас ээрч, даавуу нэхээд урьдынхаас илүү гоё цамц хийгээд өгнө. Байшин ч гэсэн засаж болно. Намрын ажил дуусмагц айл хотлынхноо дуудаж олноороо нийлээд засчихна. Нэг хоёрхон өдөрт л дүнхийтэл босгочно. Ер нь л зовох юмгүй амьдар! Гагцхүү хүн эрүүл саруул, эхнэр нөхөр хоёр хоорондоо хайртай, эв найртай байвал болох нь тэр. Тэгвэл ч аливаа сайхан амттанаас лууван ч дээр байх шүү!

Залуу эрийн үгийг сонсоод ноён гайхаж:

– Зовлонтой үед минь чи тус болсон. Эцсийн ганц цамцаа ч хайрлахгүй өгсөн билээ. Ачийг чинь ачаар хариулахыг хүснэ. Юу хүсэж буйгаа хэл, би биелүүлье! гэхэд,

– Надад юу ч хэрэггүй. Миний цамц хүнд хэрэг болсон нь надад их шан. Харин ноосон алчуур олдвол эхнэрээ баярлуулъя! гэж залуу хариулав.

Ноён урьд урьдахаасаа улам ч их гайхаж инээвхийлээд:

– Гал зууханд оч. Тэнд хоол унд зоогло. Жаал амар. Дараа нь чамайг дуудна гэв. Залуу эрийг гарч явахад ноён домч эмгэнийг дуудуулав.

– Охиныг минь эмчилж, хөл дээр нь босголоо. Яагаад, юунаас болж охин минь өвдсөнийг хэлж өгөөч?

Эмгэн ноёнд мэхийж хүндэтгээд:

– Ноёнтон минь, танаас би жаал жуул юм нууж байсан, одоо бүх юм өнгөрсөн хойно илэн далангүй хэлье, бүү уурлаарай. Таны тушаалаар би энд ирэнгүүтээ аягачин шивэгчин нараас асууж лавлаж учрыг нь олохыг хичээсэн. Тэгээд ч авхайтай сэтгэл нээн ярилцаж, үнэн үгийг нь хэлүүллээ. Үзэсгэлэнт авхай бараагий нь хараагүй, дуугий нь сонсоогүй харийн хаан эхнэрээ болгохоор зууч ирүүлж энэ тухай таны хэлсэн өдрөөс л өвдөж эхэлжээ. Тэр өдрөөс хойш уйтгар гуниг сэтгэлийг нь идэж эрэмдэглэжээ… Харин охины уйтгарыг сайхан залуу арилгана.

Ноён дэвслэн уурлав.

– Зөнөг эмгэн! Ямар юмны чинь сайхан залуу яриад байгаа юм?!

– Уурлаад ч яах билээ дээ, ноёнтон. Үнэн мөнийг үзүүрийг олтлоо асууж шалгаасаар би бүгдийг мэдсэн шүү. Үзэсгэлэнт охин залуу сайхан торгон цэрэгт хайртай болоод жил илүү болж байгаа юм байна. Гэтэл та харийн хааны тухай хэлжээ. Ингээд охин өвджээ. Тэр торгон цэрэг ч авхайд ухаангүй хайртай гэнээ.

Ноёны царай хувиран, ширүүнээр:

– Хэн, тэр чинь хэн бэ?! Яаж зориглоов? Түүнийг чинь одоохон энэ хорвоогоос тонилгоно доо!

– Хэн гэдгийг авхайгаас асуу, би мэдэхгүй. Үзэсгэлэнт охинд чинь хайртай болсны учир гэвэл, ноёнтон минь, зүрх сэтгэлийг захирч болдоггүйн үлгэр энэ билээ! Авхай өөрөө түүнд хайртай шүү дээ. Ингэхлээр сайхан залууг тонилгоно гэдэг охиноо тонилгохын нэр…

– Байз, охин минь түүнийг марттал нь илбэдэж, сэтгэл зүрхийг яаж хөргөхийг домч чи надаар заалгалтгүй мэдэж байгаа биз дээ! гээд ноён толгойгоо барин «Энэ охин намайг ч, өөрийгөө ч амьдаар нь алах нь. Удахгүй харийн хаан хүргэн болохоор ирнэ! Гэтэл би их хаанд юу хэлэх вэ? Яаж нүүрийг нь харна?» гэж үглэв.

– Авхайг би эмчилсэн. Амт үнэр сайт янз бүрийн өвс ногооны ханд уулгаж хүчийг нь сэргээж, хүслийг нь бадраасан. Сэтгэлийн үгээрээ санаа бодлыг нь тайтгаруулсан. Харин ариун нандин сэтгэлийг хөргөх гэдэг энэ насандаа хийж үзээгүй нүгэл байна.

Эмгэн домч ийнхүү өгүүлэх үед ноёны зарц гүйн орж ирээд:

– Алдарт нэгэн улсын хааны элч ирлээ! гэв.

– Оруул гэж ноён тушаагаад домч эмгэнийг мартан, самгардан ийш тийш гүйв. Харь нутгийн элч орж ирэн ноёнд мэхийж ёслоод:

– Уйтгарт мэдээ авчирлаа. Манай их хаан шархдан нас барлаа. Талийгаач их хааны дүү шинэ хаан намайг таны манай их зууч нарт сүй тавьж өгсөн шигтгээт бөгжийг эргүүлэн аваачиж өг гэж илгээсэн билээ.

Ноёны царай хувхай цайж үг хэлж чадахгүй байснаа асуусан нь:

– Яаж, юунаас болов?

– Саяхан манай их хаан цөөн цэргийг аван өвдөг сөгдөн бууж өгдөггүй нэгэн тайжийг номхотгохоор мордсон билээ. Гэтэл тэр догшин тайж хааны цэргийг зальдан урхинд оруулан бүгж байгаад гэнэдүүлэн цохив. Ийм хүч тэнцвэргүй тулалдаанд их хаан хүндээр шархдаж гэрт нь ухаангүй шахам авчирсанаас хойш хоёр хоногийн дараа нас барлаа.

Ингэж яриад элч ноёнд бөгжийг буцааж өгөв. Ноён бөгжийг авч элчийг явуулав. Дараа нь толгой гудайлган, бодол болон удаан суув. Сүүлд нь гэнэт:

– Энэ чинь одоо юу болоод байна? Гай зовлон дайрлаа. Нэгийг амсаж дуусаагүй байтал дахиад гай зовлон. Одоо тийм хаан хүргэн хаанаас олох вэ? Ингээд охиныхоо жаргалыг харсаар байгаад алдлаа! гэв.

– Гунигт мэдээ сайн ч болж магад гэж домч эмгэн дуугаран,

– Хэрвээ торгон цэрэг сайн хүн бол авхай хайртай хүнтэйгээ ханилан сууж жаргалтай болно. Ноёнтон минь, таны эд хөрөнгө хүргэн охин хоёртоо төдийгүй ач гучдаа хүрэлцэнэ! гэвээс ноён:

– Хөгшин зөнөг, чи зайл! Битгий саад болоод бай! гэж хашгирав.

Ноён хэнтэй юу ч ярилгүй удаан суув. Дараа нь буржгар залууг дуудуулж түүнд үнэтэй алчуур өгч найртайгаар үдэн гаргав.

– Чиний үг чинь дэмий боловч үнэний хувьтай бололтой гэж хэлжээ.

Тэгээд дараа нь охинтойгоо ярьж торгон цэргийг дуудуулжээ. Торгон цэрэг ноёны сэтгэлд нийцэж түүнээс хойш тун ч удалгүй охиныхоо өргөн их хурим хийжээ. Хурим найр хийж охин хүргэн хоёртоо маш их өв хөрөнгө таслан өгчээ.

Ингээд залуу хос сайн сайхан амьдарч, хөгжилтэй жаргалтай эрийн цамцыг нандигнан хадгалсаар байжээ. Хөгшин ноён жаргалтай гэр бүлийг харж нэг баярлаж хайрлаж нэг жаргасан гэдээг.

Ингээд сонин үлгэр төгслөө, сонссон хүнд гялайлаа.

Эх сурвалж: Орос үлгэрүүд: E-PUB номноос авав