Орос үлгэр

Ядуу эр хаан хоёр – Орос ардын үлгэр

Нэгэн хаан байжээ. Тэр хаан үлгэр сонсох тун дуртай юмсанжээ. Дандаа шинэ, сонин үлгэр сонсох гэдэг байжээ. Ордны үлгэрчид мэдэх бүх үлгэрээ ярьчихсан тул хааны сэтгэлийг хангаж чадахаа байв гэнэ. Хаан:

– Миний мэдэхгүй үлгэр ярьсан хүнийг охинтойгоо суулгана, хаант улсынхаа хагасыг өгнө! гэж зар тараах зарлиг буулгажээ.

Үлгэр ярихыг хүссэн олон хүн гарч иржээ. Тайж ноёд, генерал, худалдаачин гээд л, гэхдээ нэг нь ч амжилт олсонгүй. Нэг үлгэр ярьж эхэлмэгц хаан:

– Мэднэ, мэднэ. Энэ үлгэрийг сонссон! гэж зандарна. Тэгээд л үлгэрчийг хөөчихдөг байжээ.

Тэр улсад нэгэн ядуу эр зовж зүдрэн амьдардаг байж гэнэ. Орох оронгүй, оочих аягагүй ядуу эр гэнэ. Хаана ч хамаагүй хонож, юу ч олдсон идэж уугаад өдөр хоног өнгөрөөдөг юмсанжээ. Өл залгах цаг ч байж, өлсгөлөн суух өдөр ч байж. Нэг удаа ядуу эр аяга дарс ууж дулаацахаар архины мухлагт оржээ. Мухлагийн авгай түүнийг шоолон инээж:

– Яагаад хаанд очиж үлгэр ярихгүй байгаа юм бэ? Гүнж нүдээ бүлтэртэл харуулдаад чамайг тэсэн ядан хүлээж суугаа даа гэж дамшиглажээ.

Ядуу эр дооглон инээхийг нь сонсонгоо «Ер нь очоод азаа үзвэл яасан юм бэ? Хааны хүргэн болохгүй ч хоёр гурван өдөр хоолтой өнжье» гэж боджээ.

Ядуу эр ордонд ирэхэд хаан:

– За, ямар хэргээр ирэв?

– Их эзэнтэн минь, танд үлгэр ярихаар ирлээ. Гагцхүү эхлээд намайг хооллож ундлаач гэжээ.

Хаан түүнийг ширвэн хараад инээвхийлэн «Энэ бас гүнжийн нөхөр болох санаатай, ээ хөөрхий гэж! Далан нөхөөс болсон цамцтай, дан уяагаар тогтоосон дэрсэн шаахайтай байж» гэж боджээ.

Гэхдээ татгалзсангүй.

Ядуу эр хоол идэж цай уужээ. Хаан шадар ноёд, үнэнч зөвлөгч нараа тойруулан сууж:

– За, үлгэрээ ярь! гэж тушаав.

– Насан өөд болсон эцэг минь улсын хамгийн баян хүн байсан юм. Өндөр сайхан байшин бариулжээ. Тэр байшингийн дээвэр дээгүүр тагтаа гүйлдэж тэнгэрийн одыг тоншин байдаг байсан юм. Ийм л өндөр байшин байсан юм даа! Хашаа маань асар том цэлгэр. Тагтаа шувуу зуны өдөр нэг өнцгөөс нь нөгөө өнцөгт нь нисэн хүрч чаддаггүй байсан юм даа.