Орос үлгэр

Шидэт мөнгөн таваг, шимт улаан алим

Эмгэн өвгөн хоёр гурван охинтой юмсанжээ. Хоёр том охин нь эрх танхи, гоёж гоодох дуртай гэнэ, харин бага охин Маша даруу төлөв зантай гэнэ. Хоёр том охин өнгийн бошинз өмсдөг, өндөр өсгий гишгэдэг, шармал сондор зүүдэг, сайхан бүхнийг нэхдэг гэнэ. Харин Машагийн өмссөн бошинз даруухан ч өглөөн нар шиг нүдтэй гэнэ, өдрийн гэгээ шиг жавхаатай гэнэ, газар хүрсэн гэзэгтэй гэнэ, ганхах цэцэгсэд шүргэдэг гэнэ. Хоёр эгч хойрго залхуу, хоосон цагаан гартай гэнэ. Бага жаахан Маша үүрийн туяанаас үдшийн бүрий болтол гэрт гадаах бүхий л ажлаа амжуулж, төмсөө усалж, тахиа нугасаа тэжээж, үнээ малаа сааж өдрийн турш ажилладаг гэнэ. Ээж аавынхаа хэлсэн бүхнийг хийдэг гэнэ, сөрсөн үг хэлдэггүй гэнэ. Хоёр эгч нь Машагаар хамаг ажлаа хийлгэж, хавчин шахан гадуурхдаг гэнэ. Маша дув дуугүй л байдаг аж. Нэг удаа эцэг нь зээлийн газар явах болж, охидоосоо «Та нарт ямар бэлэг авчрах вэ?» гэж асуужээ. Том охин нь,

– Бошинз хийх торго авчраарай гэхэд хоёр дахь охин нь, улаан хамба хилэн захив гэнэ.

Маша дуугүй зогсож байтал эцэг нь өрөвдөн,

– Машенька, чамд юу авчрах вэ? гэв.

– Хүндэт эцэг минь, надад шимт улаан алим шидэт мөнгөн таваг авчирч өгөөрэй гэлээ.

Хоёр эгч нь хөхрөн шоолж,

– Ээх Маша Маша, ийм тэнэг амьтан даа! Гадаа хаяанд алим ургаж байна. Хэдийг л бол хэдийг ав, бас тавгаар яах нь вэ! Нугас тэжээх гээ юу? гэцгээхэд Маша,

– Үгүй ээ, эгч нар минь! Алимаа би тавган дээгүүрээ өнхрүүлэн ариун нандин хүслээ шивгэнэн хэлнэ. Нэг эмгэн надад зааж өгсөн юм. Би тэр эмгэнд талархан бөөрөнхий талх бэлэглэсэн.

– За за, та нар дүүгээ шоолохоо тат! Хүн бүхэнд хүссэн бэлгийг нь авчирч өгнөө гээд эцэг нь явж зах зээлийн газар очоод өвсөө заран бэлэг авчээ. Нэг охиндоо цэнхэр торго, нөгөө охиндоо улаан хамба хилэн, Машад шидэт мөнгөн таваг шимт улаан алим авчирлаа гэнэ. Хоёр эгч баярлан бошинз хувцас оёно, басхүү Машаг шоолон хөхөрнө.

Маша нэгэн буланд суугаад шидэт мөнгөн таваг дээгүүрээ шимт улаан алимаа өнхрүүлэн,

– Шимт улаан алим минь, шидэт мөнгөн таваг дээгүүр өнхөр өнхөр. Төрөлх Орос нутгийг минь уул тал, хот тосгон, тэнгис далай, тэнгэр газартай нь үзүүлээч! гэж

хэлэв.

Гэнэт мөнгөн таваг хангинах чимээ гарснаа өрөө дүүрэн гэрэлтэй болж шимт улаан алим ч таваг дээгүүр өнхрөн эргэлдэж таваг дээр хот тосгон, уул нуга, хөндий тал, тэнгис далай, тэнгэр газрын үзэсгэлэн гоо харагдаж гэрэлт нар гэгээн сарны араас бөмбөрөн, од мичид тойрон бүжигтээ бэлдэн, хун шувуу нуур усандаа дуулан чуулах нь үзэгдэв гэнэ.

Хоёр эгч нүд салгалгүй ширтэн хор шар нь хөдлөн Машад атаархана. Тэгээд Машагаас мөнгөн таваг улаан алимыг нь яаж авах вэ? гэж бодож сэтгэх болов. Маша юугаар ч солихгүй, юунаас ч өгөхгүй, харин орой болгон тавгаа үзэж цэнгэнэ гэнэ.

Тэгэхэд хоёр эгч Машаг ой руу явъя гэжээ.

– Хонгорхон дүү минь, жимсэнд явъя, аав ээж хоёртоо амттай шүүстэйхнээс түүж ирье.

Тэгээд гурвуулаа ойд явсан чинь ямар ч жимс гүзээлзгэнэ олдсонгүй.

Маша тавгаа гарган алимаа дээгүүр нь өнхрүүлэн,

– Шимт улаан алим минь, шидэт мөнгөн таваг дээгүүр өнхөр өнхөр, номинхон навч, ногоохон гүзээлзгэнэ хаана байгааг үзүүлээч гэлээ.

Гэнэт мөнгөн таваг хангинан шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн өнхрөн, таваг дээр ойг бүхэлд нь үзүүлэв. Номинхон навч, ногоохон гүзээлзгэнэ, нуугдсан мөөг, нуугисан булаг, нуур ус хун шувууг харуулав. Үүнийг үзсэн хоёр эгчийнх нь атаа хорсол арвалзан буцалж хуурай гишүү шүүрэн авч буурай даруухан Машаг цохиж алаад хус модны ёроолд булж орхиод алим таваг хоёрыг нь авчээ. Тэгээд гэртээ орой болсон хойно сагс дүүрэн мөөгтэй эргэж ирээд,