Зан заншил

Хуримын ерөөл

Зээ
Энэ ертөнцөд төрөөд
Энх учрал бүрдээд
Эрдэнэт хүний биеийг олоод
Эх дэлхийг тэтгэсэн
Элбэрэлт ээж аав чинь
Энхрий нялх биесийг чинь
Эелдэг зөөлөн өлгийгөөр
Эмхлэн хучиж
Эндүүцэхийн жихүүн хүйтэнд
Элэгний илчээр дулаацуулан
Ээлтэй сайхан сургаалаа хайрлан
Өргөн тэтгэж өсгөснөөс дараалан
Гарыг чинь ганзаганд хүргэж
Хөлийг чинь дөрөөнд хүргэлээ.
Хөвчин дэлхий уудам боловч
Мөрөн далайгаар холбоотой
Амьтан хүн олон боловч
Зүрх сэтгэлээрээ холбоотой гэж
Ах дүү бололцон
Амраг садан барилддаг нь
Алс эртний ёс билээ.
Айл саахалтаараа танилцаад
Ажил явдлаар нөхөрлөөд
Ая зангаа авалцаад
Ажил төрлөө нэгтгэхээр
Хил шадраар ханилсан
Хоёр хүүхдийн маань
Заяа зам нь нийлээд
Зол мөр нь зохиод
Аав ээжээ баярлуулан
Ах дүү нараа цэнгүүлэн
Аз жаргалтай амьдрахын
Алтан босгыг нээж
Айл орон үүсгэхээр болж
Эцэг эх, ах дүү нар бүгдийг
Эрхэмлэж хуримлуулсны баярын хундагыг
Барьж хэлэх үг бол
Үр хүүхэд маань,
Өнө жаргаж
Дэлгэрч жаргаж
Дэвшиж жаргаж
Хүмүүжин жаргаж
Хүндлэгдэн жаргаж
Өлзий хишиг бүрдсэн
Энэ сайхан өргөөндөө
Өөрсдөө эзэн хүний ёсоор сууж
Үржил малаар хотоо дүүргэж
Үр хүүхдээр өнөр өтгөн
Үйлс эрдмээр өөдрөг баян
Дайраад ирэхэд далай шиг
Буцаад ирэхэд булаг шиг
Сайн үйл нь
Салхин хур мэт элбэг
Санасан бүхэн нь
Саадгүй бүтэж
Буян хишиг нь арвижин
Бууралтгүй жарган
Бум түм наслахын
Ашдын билэг
Амны өлзийг
Айлтгаж
Дээш дээш нь
Дэвшүүлэн барья.

Эх сурвалж: Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: http://weddingpalace.mn/news/236-deeltey-mongol-naadam-2017.html