Зан заншил

Хүүхдийн даахины ерөөл

Эрхэм хайрт танайх болбол
Түмэн өлзий бүрдсэн
Түгээмэл жилийн түвшин сайн өдөр өө
Эрхэм хайрт хүүгийнхээ
Алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбоос
Ивээл жилтэй хүнийг
Эрхлэн залж
Эрхэм олон түмнээ
Урьдчилан хэлж
Ган цагаан хайч
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтан хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай алтан бариултай хайчаа
Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж
Гарсан төрсөн насыг нь
Уртатгаж өргөөд
Баруун талын шанаанаас нь
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж,
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
Ар шилэн дээрээс нь авч үргээхэд
Агуу хүчин төгөлдөр байгаа мэт ээ.
Эрхэм хайртай хонгор хүүгийн
Эрдэм билгийг ярихад
Номд мэргэн, нойрт сэргэг
Үйлэнд уран, үгэнд цэцэн
Хуульд шударга
Дайнд баатар, далайд усч
Элгээрээ энх сайхан жарган
Төрлөөрөө төв сайхан оршиж
Төв их нутгийнхаа дунд
Үрээ танихгүй өнөр баян
Үрээгээ танихгүй хурдантай баян
Суух заяа, сурах эрдэм
Баярлах наадам, бахтай жаргал
Нас сүүдрээр урт
Найр цэнгэлээр их
Эгүүрд номын ёсоор
Баярын магнайгаар
Баясан жаргахын
Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая.

Эх сурвалж: Эх сурвалж: Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *