Зан заншилЗүйр цэцэн үгс

Ертөнцийн гурав

Ертөнцийн гурван дунд: 
Сал онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд

Ертөнцийн гурван бардам:

Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Нохой сайтын хот бардам

Ертөнцийн гурван хурдан 
Салхит тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины давхих нэг хурдан

Ертөнцийн гурван хар
Цасанд мөр хар
Цаасанд бичиг хар
Зарганд үг хар

Ертөнцийн гурван шар 
Эрдэнэд алт нэг шар
Эдэд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Ертөнцийн гурван харш
Шивнээ үг нөхөрт харш
Шиврээ бороо дээлэнд харш
Их санаа биед харш

Ертөнцийн гурван хагас
Унтах үхэхийн хагас
Унгах баахын хагас
Уурлах галзуурахын хагас

Ертөнцийн гурван янаг 
Баян хүнд худалдаачин янаг
Бааран хүнд нохой янаг

Ховч хүнд ноён янаг

Ертөнцийн гурван худал

Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэгхудал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал

Ертөнцийн гурван цовоо 
Ой сайтай хүн нэг цовоо
Онгон талын туурайтан нэг цовоо
Онц сурдаг хүүхэд нэг цовоо

Ертөнцийн гурван муу
Ахмадын үгийг сонсдоггүй бол нэг муу
Аав ээжээ асардаггүй бол нэг муу
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол нэг муу

Ертөнцийн гурван том
Оосор бүчгүйгээс орчлон том
Оёор оломгүйгээс далай том
Орой хязгааргүйгээс огторгуй том

Ертөнцийн гурван олддоггүй 
Хаднаас хальж үхсэн хаг шаазгайн мах нэг олддоггүй
Модноос унасан морин шоргоолжны мах нэг олддоггүй
Хийдэд суугаад турж үхсэн гэлэнгийн мах нэг олддоггүй

Ертөнцийн гурван хол
Үхэртэй хүнд газар хол
Үгүйрсэн хүнд юм хол
Үхсэн хүнд дэр хол

Ертөнцийн гурван гэмшил
Нумгүй явбал ав дээр гэмшил
Номгүй лам хурал дээр гэмшил
Үйлгүй хүүхэн өгсөн газар гэмшил

Ертөнцийн гурван тус
Төрөхөд халамжлахын тус
Өвдөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус

Ертөнцийн гурван буг 
Харамч эм гэрийн буг
Хавтай түлээ галын буг
Хатсан ховоо худгийн буг

Ертөнцийн гурван догшин
Эрэг рүү буусан ус нэг догшин
Эмээлээ хөглүүлсэн морь нэг догшин
Эхнэрээ голсон хархүү нэг догшин

Ертөнцийн гурван цэгц
Сая буусан бэр нэг цэгц
Нуурт буусан нугас нэг цэгц
Хүлэг морины дэл нэг цэгц

Ертөнцийн гурван дутуу
Уул бүслүүргүй нэг дутуу
Далай таглаагүй нэг дутуу
Тэнгэр баганагүй нэг дутуу

Ертөнцийн гурван олон
Худалч хүний нээрээ олон
Хуурамч хүний хөөрхий олон
Хуудуу хүний за олон

Ертөнцийн гурван ширүүн

Хөгширсөн үхрийн хэл нэг ширүүн
Хаднаас гарсан хайрга нэг ширүүн
Хааны тогтоосон хууль нэг ширүүн

Төрд элч ширүүн
Төмөрт хуурай ширүүн
Төхөмд зараа ширүүн

Ертөнцийн гурван шившиг 
Аманцар морь авын шившиг
Аальгүй авгай гэрийн шившиг
Хэрүүлч хүн хээрийн шившиг

Ертөнцийн гурван бэрх 
Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрх
Усан дээр гал түлэх нэг бэрх
Үхрийн эвэр дээр цас тогтоох нэг бэрх

Ертөнцийн гурван гутамшиг 
Үхэргүй хүн намрын цагт гутамшиг

Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг

Эрдэмгүй хүн номын газар гутамшиг

Ертөнцийн гурван балай 
Эрдэмгүй хүн номын газар балай
Хоол ихэдвэл бөөлжис балай
Хог ихэдвэл новш балай
Хов ихэдвэл хэрүүл балай

Ертөнцийн гурван бар
Муу муудаа бар
Муур хулганадаа бар
Муна гадсандаа бар

Ертөнцийн гурван барагдах 
Төмөр болд хатуу боловч удаандаа элэгдэж барагдах
Тэргэл нар том боловч удаандаа шатаж барагдах
Тэрэгний тэнхлэг бөх боловч удаандаа тасарч барагдах

Ертөнцийн гурван байна
Ус байваас замаг байна
Уул байваас зам байна
Ухаантан байваас засаг байна

Ертөнцийн гурван байх
Уул хэдий өндөр боловч оргилтой байх
Далай хэдий гүн боловч ёроолтой байх
Тал хэдий уудам боловч хөвөөтэй байх

Ертөнцийн гурван байхгүй 
Үнэн үгэнд худал байхгүй
Үхрийн эвэрт цас байхгүй
Өмх модонд хавч байхгүй

Ертөнцийн гурван холгүй 
Авир зангаа засахгүй бол нэрээ барах нь холгүй
Ашиг хөрөнгөө аривлахгүй бол юмаа барах нь холгүй
Архи дарсаа болихгүй бол амиа алдах нь холгүй

Ертөнцийн гурван баярлах
Үл ханах ховдог санаатан эд малд баярлах
Үлэмж дээд ихэс дээдэс үнэн номоор явбал баярлах
Үргэлж хөөрөмхий онгироо зант хүн мэдвээс баярлах

Ертөнцийн гурван битгий
Өсч буй хөвгүүнд өс битгий бод
Өтөлж буй хүнд өр битгий тавь
Өшиж буй хүнд сэрэмж битгий алд

Ертөнцийн гурван битгий
Үнсээ битгий өвстэй газар асга
Үхрээ битгий шүлхийтэй газар бэлчээ
Өвөлжөөгөө битгий жавартай газар барь

Ертөнцийн гурван бүү
Сохор үхэрт худаг бүү үзүүл
Солиотой хүнд хутга бүү бариул
Согтуу хүнд архи бүү хундагал

Ертөнцийн гурван бодох
Алхахаасаа урьд гүйхийг бодох
Амтлахаасаа урьд цадахыг бодох
Авлахаасаа урьд өвчихийг бодох

Оёхоосоо урьд гоёхыг бодох
Олохоосоо урьд зарахыг бодох
Оочихоосоо урьд залиглахыг бодох

Аавыгаа санавал авгыгаа бод
Ээжийгээ санавал нагацыгаа бод
Ахыгаа санавал бэргэнээ бод

Ертөнцийн гурван богино 
Эрдэм багатын бодлого богино
Энэрэл муутын нас богино
Эмээл муутын ганзага богино

Ертөнцийн гурван биш 
Баян бүхэн өглөгч биш
Баатар бүхэн мөнх биш
Багш бүхэн эрдэмт биш

Зам бүхэн шулуун биш
Жуумалзсан бүхэн нөхөр биш
Зөрсөн бүхэн дайсан биш

Зурам том ч тарвага биш
Зул гэрэлтэй ч нар биш
Зураг сайхан ч бурхан биш

Ертөнцийн гурван бардам
Бартаа сайтын үнэг бардам
Багш сайтын шавь бардам
Барлаг сайтын ноён бардам

Бэр сайт хадам бардам
Билүү сайт хутга бардам
Бэлчээр сайт мал бардам

Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Ноён сайтын албат бардам
Нохой сайтын хот бардам

Ертөнцийн гурван алга
Агсам моринд амар заяа алга
Ааштай хүнд аз жаргал алга
Ажилч хүнд амсхийх зав алга

Ертөнцийн гурван амаргүй
Зовлон олон бол сэтгэл амаргүй
Зүүд олон бол зүрх амаргүй
Зоос олон бол санаа амаргүй

Ертөнцийн гурван хөнгөн
Урсахдаа ус нэг хөнгөн
Хийсэхэд өд нэг хөнгөн
Өргөхөд өвс нэг хөнгөн

Ертөнцийн гурван баян

Эрдэм ном дээд баян
Vр хүүхэд дунд баян
Эд хөрөнгө адаг баян

Газар усаар баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян…

Эрдэмтэй хүн нэг баян
Өргүй хүн нэг баян
Хүүхэдтэй хүн нэг баян

Дэлхий өвсөөр баян
Далай загасаар баян
Дээдэс (огторгуй) одоор баян

Далай лам жанчаар баян
Дайтуу хот зоосоор баян
Хөх тэнгэр одоор баян
Хөрст дэлхий үндсээр баян

Хөх тэнгэр үүлсээр баян
Хөрст газар үндсээр баян
Хөлгүй далай загасаар баян

Ертөнцийн гурван бээрэг

Vүрээ засдаггүй шувуу бээрэг
Өвлөө мартсан аж ахуй бээрэг
Өтөг бууцгүй мал бээрэг

Ертөнцийн гурван бэрх

Замгүй давааг давахад бэрх
Зангилсан үгийг тайлахад бэрх
Зааны соёог залахад бэрх

Ертөнцийн гурван ариун

Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун

Ертөнцийн гурван бага

Өвс ургасан нуур бага
Эрээгүй эхнэр бага
Ахлагчгүй албат бага

Ертөнцийн гурван бах

Азрага унасан хүн өдрийн бах
Эмээл авсан хүн сарын бах
Эхнэр авсан хүн жилийн бах

Ертөнцийн гурван бараан

Малгүй айлын хот нэг бараан
Өнчин хүний элэг нэг бараан
Эрдэмгүй хүний тархи нэг бараан

Ертөнцийн гурван бардаг

Зуудаг нохой шүдээ бардаг
Зусарч хүн үнээ бардаг
3уйрган хүн зулгаа бардаг

Ертөнцийн гурван цагаан

Өсөхөд шүд цагаан

Өтлөхөд үс цагаан

Үхэхэд яс цагаан

Ертөнцийн гурван улаан
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан
Жалганд ургасан сухай улаан

Ертөнцийн гурван ногоон
Тагт ургасан арц ногоон
Тайгад ургасан хуш ногоон
Талд ургасан зээргэнэ ногоон

Ертөнцийн гурван шар
Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Ертөнцийн гурван хөх
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх

Ертөнцийн гурван цэнхэр
Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонхорт тогтсон ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр

Ертөнцийн гурван хар
Тостойгоос тогоо хар
Билигтэйгээс бэх хар
Амттайгаас архи хар

Ертөнцийн гурван бөх
а/
Хүргэн хүүгийн хүзүү бөх
Хүрэл чулууны амь бөх
Хүний малын нуруу бөх
б/
Нойтонд цавуу бөх
Маханд элэг бөх
Амьтанд заан бөх

Ертөнцийн гурван харанхуй
Номгүй бандийн цээж харанхуй
Хоньгүй айлын хот харанхуй
Хойшоо харсан нүх харанхуй

Ертөнцийн гурван цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр

Ертөнцийн гурван хоосон
Барьж тавьж байвч зүүд нэг хоосон
Барайж торойж байвч зэрэглээ нэг хоосон
Бархирч цахирч байвч цуурай нэг хоосон

Ертөнцийн гурван үнэн
Төрсний эцэст үхэх үнэн
Хураасны эцэст дуусах үнэн
Хурсны эцэст тарах үнэн

Ертөнцийн гурван хөөрхөн
Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн
Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн
Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн

Ертөнцийн гурван сайхан
Жигдэрсэн оддын дунд сар сайхан
Жигүүртэн шувуудын дунд тогос сайхан
Жигдэлсэн моддын дунд галбарбаасан сайхан

Ертөнцийн гурван муухай
Хурган малгайд чихэвч муухай
Хувхай эмээлд хударга муухай
Хулсан ташуурт янгиа муухай

Ертөнцийн гурван дүү
Баян хүн ноён хүний дүү
Худалч хүн хулгайч хүний дүү
Унтсан хүн үхсэн хүний дүү

Ертөнцийн гурван жигтэйхэн
Лууны уушги шилэндээ байдаг нэг жигтэйхэн
Арслангийн дэлэн тавагтаа байдаг нэг жигтэйхэн
Зааны ам хэнхдэгтээ байдаг нэг жигтэйхэн

Ертөнцийн гурван олдохгүй
Хаднаас халтирч унасан хаг шаазгайн мах олдохгүй
Модноос хальж унасан морин шоргоолжны мах олдохгүй
Уснаас цацаж үхсэн загасны мах олдохгүй

Эх сурвалж:

http://baigalaa99.blog.gogo.mn/read/entry463854
http://ulgerch.blogspot.com/2011/12/ii_3337.html
http://ulgerch.blogspot.com/2011/12/blog-post_5098.html

https://library.to.gov.mn/epub_post_type/ертөнцийн-гурав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *