Зан заншил

Эрийн гурван наадмын ерөөл

Зэ хө,
Эрийн гурван наадам нь
Эртний цуутай наадам юм.
Эртэй хүчтэй нь барилдаж
Эрдэнэт хүлэг нь уралдаж
Эрхий мэргэн нь харваж
Энгүй их наадмаа хийдэг билээ.
Зэ,
Эрээн асрын үүдний зүг
Түмний нүд ширтэхүйеэ
Эрэлхэг цуутай бөхчүүд маань
Төдхөн зуур бэлдэн зодоглож
Уулын бүргэд шиг дэвэн гарч
Ууртай юм шиг шаван зогсож
Давшиж дайраад гэнэдүүлж байдаг
Татаж аваад ташаалдаж байдаг
Зөрөөд ирсний нь хавсарч байдаг
Зүтгээд ирсний нь дагуулж байдаг
Тосож аваад тонгорч байдаг
Довтолж ирээд золгонгуутаа
Дотуур дэгээ хийж байдаг
Сэлж халаад суйлж байдаг
Сэрмүүн золгож сэжлээд
Сээрэн дунгуй эргүүлж ч байх шиг
Сугадаж аваад тонгорч байх шиг
Суйлж хөөгөөд хаяж ч байх шиг
Өрж байгаад гүйж ороод
Өргөж дор нь дарж ч байх шиг
Арга мэхээ гаргаж
Ахин дахин хаяж давшсаар
Ардын наадмын түрүүг авч
Алдар цолтой аварга болдог.
Зээ хө
Эрхийдээ эрчтэй
Эгэмдээ хүчтэй
Ээтэн эрээн нумтай
Эрчит цагаан сумтай
Эрэмгий чин зоригтой
Эрэлхэг монголын харваачид
Эх орныхоо сүрийг бадруулан
Их наадмынхаа бахдал болж
Атаатан дайсныг дарагч
Амгалан тайвныг хамгаалагч
Алдар цуутай баатрууд шиг
Авхаалжит мэргэн сурчид
Эрийн булчин шалгаж
Энгүй олныг бахархуулж
Барс цоохор нумаа тэлж
Баярын уухай сураа харвахад
Хун цагаан годил нь
Хуй салхинаас хүчтэй
Агшин мөчийн дотор
Агаар зүсэн исгэрч
Хошуу цагаан сум нь
Холын тэртээ сурд
Тусах хүчээ аваад
Тун түргэн дүүлэхэд
Алтан наранд гялбалзаад
Алсад тод харагдана.
Дэгжин болгон гоёсон
Дэллэж наасан өд нь
Харцага шонхортой зүйрлэмээр
Дүүлэн исгэрэн нисэж
Хурд хүч нэмдэг юм.
Очсон сум нь хоосонгүй
Орсон сураа нураана.
Оноо бүрийд хөгжилдөн
Уухай дуу хангинана.
Зээ хө,
Сэрүүн орныхоо улиралд
Чийрэг дасан өссөн
Сүрэг ижил дундаасаа
Шигшмэл хурдан хөлгүүд
Гал халуунд ч ядрахгүй
Газрын бэрхийг туулаад
Салаа дүүрэн нүдээрээ
Бартаа бүхнийг ажиглан
Хашхиран дуулахын цуурайгаар
Хамаг хүчээ нэмээд
Салбан хамрын нүхээр
Амьсгалаа гарган давхисаар
Салхин хүрднээс хурдан
Ахин ахин хурдалсаар
Уруу газар гэж бардалгүй
Өөд газар гэж цөхрөлгүй
Мохошгүй чадлынхаа эрээр
Морьдыг цувуулан гүйцсээр
Задгай чулууг үсэргэн
Замын тоосыг бутаргаж
Жолоо сунган уралдагч
Жавхлант хүлэг сайхнаа.
Зээ хө,
Эрэлхэг хүчтэй нэг нь
Энэ барилдаанд шалгарч
Эрхий мэргэн харваач нь
Сурын цуваанд түрүүлж
Эрдэнэт хөлгийн дотроос
Эрэмгий хурдан нь тодорч
Эрийн гурван наадамдаа
Гаргуун түрүүлсэн бүгдээрээ
Гавьяа цолоо дуудуулж
Газар нутгаа нэрлүүлж
Бэлэг шан хүртэж
Бүх олондоо хайрлагддаг билээ.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: http://122.201.23.45/cgi-bin/koha/opac-imageviewer.pl?biblionumber=62328&imagenumber=34749