Орос үлгэр

НИСДЭГ ХӨЛӨГ

Эмгэн өвгөн хоёр байжээ. Гурван хүүтэй юмсанжээ. Ахмад хоёр хүү нь залхуу, хувцасны сайныг өмсөж, амттаны дээдийг идэж, их унтаж ажилгүй хэвтэж байх дуртай гэнэ.

Бага хүү Иван номхон даруу зантай, ажилсаг шаламгай гэнэ. Иван бүхнээс түрүүнд босож бүгдээс сүүлд унтдаг. Эцэгтэйгээ тариалан дээр ажиллаж, ээждээ тус болж тоглоом наадам хөөцөлдөхгүй, олдсоныг идэж, өгснийг ууж, ах нарынхаа хуучин хувцсыг өмсдөг байжээ. Иван пийшин дээр унтана.

Ах нар нь түүнийг тэнэг гэж шоолон, Пийшин Иван гэж хочилжээ. Ах нарыг нь айл хөршийнхөн, аав ээж нь ч хүртэл дуурайж Иваныг шоолон инээлдэнэ.

Үүнд нь Иван огтхон ч гомдсонгүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажиллан бусад цагт пийшин дээрээ хэвтэж амардаг байв.

Энэ үед хаан охиноо гэрлүүлэхээр шийдэж хот хошуу бүрд элч илгээжээ.

– Нисдэг хөлөг хийгээд тэр хөлгөөрөө хааны ордонд нисэн ирэх уран гартан байна уу? Тэр хааны хүргэн болно. Зургаан долоо хоногийн дараа хааны ордонд хүргэнг шалгаруулна гэж элч нар зарлан давхина.

– Нисдэг хөлөг хийж чадсан ч чадаагүй ч хааны ордонд орж найрлаж үзье. Өргөн олныг харъя, өөрийн биеийг танилцуулъя гээд хоёр ах нь энэ зарыг сонсонгуутаа замд төхөөрч эхэлжээ.

Эмгэн өвгөн хоёр ахмад хөвгүүдээ ухаантай гэж бодож үнэн голоосоо хайрлан, хэлсэн хүссэн бүгдийг нь дураар нь болгодог байжээ. Энэ удаа ч гэсэн эмгэн өвгөн ер хориглож саатуулсангүй аян замд төхөөрөв. Эх нь хоёр хүүдээ замын хүнс зэхэж, амтат ундаа савлав. Эцэг нь урлах дархлахад хэрэгтэй бүгдийг олж өгчээ. Ингээд хоёр ах нь эцэг эхдээ үнсүүлээд аян замд гарчээ.

Арван мод газар яваад ах нь:

– Эндээс өөр сайн модтой газар олдохгүй байх энд мод унагаж нисдэг хөлөг хийе гэвэл дүү нь:

– Эхлээд ууж идэж аваад дараа нь ажлаа эхэлье гэв.

Ах дүү хоёр үүргэвчээ мултлан дөнгөж суумагц тэдний өмнө эрүү өвдөг нь тулсан хөгшин өвгөн гарч ирэв гэнэ.

– Сайн санаат ах дүү нар минь, идэх уух юмнаасаа илүүчлээч. Би та нарт тус болж магадгүй гэв.

Ах дүү хоёр инээлдэн нэгэн зэрэг:

– Ирсэн замаараа буц! Бялуугаа бид хоёр дөнгөөд идчихнэ гэж хариулжээ.

Өвгөн тэр хоромд огт байгаагүй мэт алга болов. Ах дүү хоёр ч амтат ундаа ууж, бялуугаа идээд амрахаар хэвтэцгээв.

Унтаж унтаж босоод мод унагаж нисдэг хөлөг хийж эхэлжээ.

Хичээгээд хичээгээд, оролдоод оролдоод, олон мод сүйтгэснээс ондоо юу ч бүтсэнгүй.

– Энд ингэж зууралдаж байх гэж төвөг. Цаг маш бага үлдлээ. Хааны найрнаас хоцрох нь гэж ах нь хэлэхэд дүү нь:

Дэмий хүчээ барлаа. Нисдэг хөлөг гэж ер дуулдаж сонсдоогүй зүйл! Амжих байх явган явъя гэж гэнэ.

Ингэж ярилцаад ахмад хоёр хүү үүргэвчээ үүрээд нийслэл хотыг чиглэн алхжээ. Энэ үед хамгийн бага хүү Пийшин Иван эцэг эх хоёроосоо:

– Ээж аав минь, намайг хааны найранд явуулаач! гэж гуйв. Эцэг эх хоёр нь:

– Иван, чи пийшин дээрээ л хэвтэж бай! Өлгөх хувцасгүй өмсөх гуталгүй чи хааны найранд яаж явах вэ? Үнс шороо болсон өөрийгөө хар! гэж аргадав.

Иван:

– Явуулсан ч явна, явуулаагүй ч явна гэж зөрөв. Эцэг эх хоёр нь уурлаж:

– За за, яв, баячуудын инээд доог бол! Гүнж ийм сайхан эрийг хараад ухаан алдах байлгүй! гэж загнажээ.

Эх нь хатсан талхны зах үүргэвчинд нь хийгээд үйсэн саванд булгийн ус дүүргэж өглөө гэнэ. Иван пийшин дээрээсээ бууж өмсөж байсан хуучин өмд цамцтайгаа тэр чигээрээ яваад өгчээ. Айлынхан нь шоолон инээлдэж:

– Хараач, хөөе хараач! Пийшин Иван хааны охинтой суухаар явлаа! гэлцэв.

Харин залуу эр Иван яван явсаар хоёр ахынхаа хөлөг хийж байсан газар хүрчээ. Хожуул дээр сууж амрав, Гэтэл хаанаас ч юм бэ, эрүү өвдөг нь тулсан хөгшин өвгөн гарч ирээд:

– Сайн санаатан минь, надад идэх юмнаасаа илүүчлээч, би чамд тус болж магадгүй гэв.

– Өвөө минь, би танд өгмөөр л байна. Харин та идэх болов уу даа. Надад жаахан хатсан талх ус хоёр л байна гэж Иван хэлээд үүргэвчээ мөрнөөсөө буулгав.

– Найрсаг үгэнд чинь баярлалаа! Юу байгаагаа гарга даа гэж өвгөн хэлэв.

Иван үүргэвчнийхээ амыг онгойлгоод нүдэндээ итгэсэнгүй гайхахын ихээр гайхав. Хатсан захны оронд дугуй зөөлөн талх, үйсэн саванд нь үнэр нь анхилсан зөгийн шинэ бал дүүрэн байх юм гэнэ. Талхаа нэг, балаа нэг, өвгөнийг нэг харан гайхлаа.

Өвгөн инээж:

– За залуу эр минь, зочноо дайл, өөрийгөө ч бүү гомдоо гэв. Талхаа идэж балаа ууцгаав. Өвгөн:

– Хаашаа явж байгааг чинь би мэдэж байна. Ажлаас шантрахгүй, унтах идэхийг урдаа барихгүй бол нисдэг хөлөг яаж хийхийг би чамд зааж өгье гэв.

Өвгөн Иванд нэг богц өгөөд:

– Энд хэрэгтэй юм бүхэн байгаа. За явъя, цаг тун бага байна. Ингээд цааш явж өвгөн гурван мод сонгож аваад:

– Энэ гурвыг унага! Хэлж зааж л чадна би, хийхийг нь харин чи ганцаараа хийх болно шүү.

Эр чадал минь харьж энэ бие минь суларчээ гэлээ.

Иван гурван өдөр гурван шөнө гар хумхилгүй, нүд анилгүй ажиллав. Гурав дахь өдрийн орой өвгөн:

– За одоо амар, би нарийн ширийн ажлыг нь хийе гэжээ. Иван унтаж байтал өвгөн сэрээж:

– Эрхэм нөхөр сайн эр минь, бос. Явах цаг чинь боллоо гэж хэлэв.

Иван нүдээ нээвэл өмнө нь нисдэг хөлөг бэлэн болчихсон дайвалзаж байлаа. Торгон далбаатай, мөнгөн шурагтай хөлөг гэнэ.

Өвгөн Иваныг үдэхдээ:

– Замдаа дайралдсан хүн бүхнийг хамт явъя гэж дуудаарай гэж захижээ.

Ингэж сайн эр Иван үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр хааны найрыг зорин нислээ.

Иван уулсын дээгүүр үүлсийн доогуур нисэж яваад тэртээ доор нэг өвгөн явж байхыг харав. Өвгөн газар наалдан хэвтээд юм чагнаж байна гэнэ.

– Өвөө, та юу чагнаа вэ? гэж Иван хашгиран асуув.

– Би Сонорч хүн. Хааны найранд зочид цуглаж уу, үгүй юу? гэж чагнаж байна.

– Сонорч, та нааш гараад ир. Хоёулаа цуг нисье!

– Гялайлаа, хүү минь. Би бүр эцчихсэн явна. Ингээд тэр хоёр нисэж яваад дахин нэг өвгөнийг харав. Өвгөн өрөөсөн хөл дээрээ маш хурдан гүйж явав. Нөгөө хөлөө юмаар уяжээ.

– Өвөө, та яагаад өрөөсөн хөлөөрөө яваа юм бэ? гэж Иван асуув.

– Би хааны найранд очиж явна. Хэрвээ энэ хөлийнхөө уяаг тайлж хоёр хөлөөрөө гүйвэл хотыг өнгөрөөд давхичих байх гэж айж байна. Би бол дэлхийд хамгийн хурдан гүйдэг газар товчлогч Хурдан гэдэг шүү дээ.

– Бидэнтэй хамт нис!

Хурдан хөлөгт сууж тэд гурвуул болон нисэв.

Гурвуул нисэж яваад тэртээ доор нэг өвгөн буугаа шагайн зогсож байхыг үзэв. Ойр хавьд ан амьтан жигүүртэн шувуу үл харагдана.

– Өвөө, та юу буудах гэж шагайж байгаа юм бэ?

– Би зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээх модны мөчир дээрх сойр шувууг буудаж хаанд бэлэг болгох гэсэн юмаа. Би хамгийн мэргэн бууддаг, намайг Мэргэн гэдэг гэж өвгөн хариулав.

Иван:

– Нисдэг хөлөгт минь суу. Хааны найранд хамт очицгооё.

– Гялайлаа, хүү минь! Би ч гэсэн хааны найранд очих гэж яваа юм. Ингээд өвгөн гарч ирж тэд дөрвүүл болон нисэв.

Үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр цааш нисэж яваад дахин нэг өвгөнийг харцгаав.

– Өвөө, та хаанаас хаана хүрч явна вэ? Нэр алдар хэн бэ? гэж Иван асуув.

– Би Жавар Жавардай гэдэг байна. Хаанаас хаашаа явж байгааг минь бүү асуу, харин намайг хөлөгтөө суулгаач, би чамд хэрэг болно гэж өвгөн хэлэв.

– Өвөө минь, суу суу! Хааны найранд хамтдаа очицгооё. Жавар өвгөн хөлөгт сууж тэд удсан ч үгүй нийслэл хотод нисэн очив. Хааны гүнжид нөхөр шилж авах найранд түм буман хүн цуглажээ.

Торгон далбаатай мөнгөн шурагтай сайхан хөлөг нисэн ирэхийг хүмүүс хараад хашгиралдав.

– Энэ л гүнжийн нөхөр ирж явна! Энэ хөлгийн эзэн л хааны хүргэн болох ёстой! гэлцэнэ. Малгайгаа дээш шидлэн угтав.

Нисдэг хөлөг хааны ордны хашаанд буув.

Ордныхон, шадар ноёд, хаан, хатан, гүнж, аягачин шивэгчин хүүхнүүд цөм хүргэнийг угтах гэж гүйн гарч ирцгээв.

Иван зангуугаа хаяхад нисдэг хөлөг дайвалзан зогсов. Хөлгөөс Сонорч, Мэргэн, Хурдан, Жавар өвгөд эхлэн гарч ирж, тэдний хойноос Пийшин Иван буув. Далан нөхөөс болсон өмдтэй даавуун цамц нь уранхай, үртэс зоргодос, будаг шунх наалдсан Иван бууж ирэхэд шадар ноёд:

– Хүргэн хаана байна? Хэн нисдэг хөлөг хийсэн бэ? гэхэд өвгөд ухран Иваныг зааж:

– Энэ Пийшин Иван ийм сайхан нисдэг хөлөг хийсэн гэж хариулав.

Хатан Иваныг хараад гараараа элгээ даран харуусаж нулимсаа унагаж гүнжийг тэврэн авч:

– Ээ, яасан муухай, нүдний булай вэ! Хун цагаан охиноо юуны төлөө нүдний цэцгийгээс илүү хайрлан өсгөсөн билээ? Энхрий охиноо энэ муу хөдөөний эр Пийшин Иванд өгөх гэж үү! гэж орилов.

Хатныг даган гүнж, аягачин шивэгчин хүүхнүүд цөмөөр уйлалдлаа. Хатныхаа үгийг сонссон хаан ч уурлаж зүхэн шогширч, дэвслэн:

– Надаар та нар тоглох гээ юу? Жинхэнэ хүргэн хаана байна! Нисдэг хөлөг хийсэн сайн эрийг аваад ирцгээ! гэж хашгирч гарав.

Энэ үед зах нь харагдахгүй олон хүн цуглав. Хааны найранд ирсэн хол ойр, хот хөдөөний олон хүн нисдэг хөлөг Иван хоёроос нүд салгалгүй ширтэнэ.

Хаан уурлаж:

– Энэ муу хөдөөний эр нисдэг хөлөг хийлээ гэж насандаа ч итгэхгүй! гэж хашгирав. Өвгөд хаан хатан хоёрт, цугласан олонд мэхийн ёслоод:

– Хөлгийг Пийшин Иван хийсэн. Иван гүнжийн нөхөр болох ёстой гэв. Ард олон:

– Хаан хүн үгээ буцдаггүй! Нисдэг хөлөг хийсэн хүн хааны хүргэн болох ёстой! гэцгээв. Тэгтэл гүнж уйлагнан:

– Ийм хүнтэй суухгүй! гэв.

Хатан охиныхоо энэ үгийг сонсоод улам их уйлав. Аягачин шивэгчин хүүхнүүд хатныг сугадан авч өргөөнд нь орууллаа.

Хаан дув дуугүй ууртай зогссоноо шулуудсан дур үзүүлэн:

– Эрхэм зочид минь, ёсоор болж таарах нь шив дээ. Хурим найр хийж гүнжийг нөхөрт гаргая гэв.

Ингээд зочид царсан ширээнээ сууцгаан амттан бүхнийг идэж ууж их найр өрнөв. Хаан шадар ноёдынхоо хамт тусдаа ширээнд сууцгаан ууж идэх ч үгүй бодол болцгоов.

– Энэ муу хөдөөний эр Пийшин Иваныг яаж тонилгох вэ? Тонилгочихвол ч нисдэг хөлөг минийх болно. Хаан надаас гарз гарахгүй Иваны оронд баян угсаат хүргэнтэй болоод авна даа гэж хаан ярихад хамгийн ахмад ноён гүнээ мэхийн ёслоод:

– Хаантан минь, хэлэх үгийг минь сонсоно уу, хэрэв таалахгүй бол өвгөн миний толгойг бүү аваарай! гэвэл хаан:

– За, ярь ярь, бид сонсъё гэв.

– Төрийн эзэн хаантан минь, энэ хүргэнд зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээх шувууг нэг цагийн дотор авчирч өг гэж зарлиг буулгаад тогтсон цагт авчрахгүй бол толгойгий нь авцгаая.

Иванд хааны зарлигийг хэлэв.

– Сайн эр минь, битгий санаа зов! Би тэр шувууг буудъя. Хурдан маань хагас цагийн дотор гүйгээд аваад ирэг гэж Мэргэн хэлээд шагайж шагайж буудав. Хурдан нэг хөлийнхөө уяаг тайлаад тэрхэн хоромд салхи мэт далдрав.

Сонорч чихээ газар наалдуулаад:

– Замынхаа тэг дунд ороод байна. Нэг минутын дараа:

– Шувууг аваад буцаж явна гэв.

Найр улам өрнөж зочин олон ууж идэн, гэрлэж буй хосыг магтан, дуу хөгжим эхэлжээ. Иван нөхдийн хамт хүлээгээд байв.

Тогтоосон цаг дөхөж байдаг Хурдан алга байлаа.

Тэгтэл Сонорч дахин газар чагнаад:

– Замынхаа хагаст ороод унтаж байна! Хурхирах нь сонсогдоно гэв.

Мэргэн буугаа авч буудвал Хурдан нэгэн минутын дараа гүйж ирэв. Шувууг хаанд өргөв. Хурдан амьсгаагаа даран:

– Нэг хоромд гүйж очоод шувууг авлаа. Буцах замдаа нойр хүрээд байхаар нь хэзээд л хугацаанаасаа өмнө очихоос хойш хагас цаг дугхийгээд авъя гээд хэвтсэн чинь унтчихаж. Модны мөчир унаж намайг сэрээгээгүй бол ч орой болтол унтах байлаа гэжээ.

Иван шувуу авчирсныг сонсоод хаан уурлан хилэгнэж титмээ авч шидэн, шадар ноёдоо загнан:

– Энэ муу хөдөөний эрийг дийлэхгүй бол та нар гахай хариулцгаа! гэж хашгичив.

– Төрийн эзэн хаан минь, уур хилэнгээ дар! Пийшин Иваныг бид заавал үгүй хийнэ, газар гишгэх хугацаа түүнд бага үлдсэн! Хаантан минь, халуун усны байшингаа галлуул! Иваныг нөхөдтэй нь тэнд угаал үйлд гээд оруулъя. Тэд тэндээс эргэж гарахгүй түлэгдэх болно гэж шадар ноёд аргадав.

Арван хоёр тэрэг түлээ түлж халуун усны байшинг галласан нь ойртох аргагүй халуун болжээ! Хаан Иваныг нөхөдтэй нь дуудан:

– За заяаны хүргэн худ ургууд минь, өнөөдөр угаал үйлдэж бэлтгэ. Маргааш гэрлэх ёслол болно гэв.

Тэгээд тэднийг халуун усны байшинд оруулаад түгжжээ. Тэнд бүтэж үхмээр халуун байв. Жавар өвгөн хоёр булан руу нь үлээж нулимахад халуун намдав. Нөгөө хоёр булан руу үлээж нулимахад бүр хүйтэн болов.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа хаан зарц нартаа:

– Тэдний ясыг нь цуглуулж булчхаад ир гээд явуулжээ.

Хааны зарц нар халуун усны байшинг онгойлгоод нүдэндээ итгэхгүй гайхацгаав. Иван өвгөдтэй цуг эв эрүүл:

– Дөрвөн хана нь цантсан ийм хүйтэн байшинд яаж халуун усанд орох юм бэ! гэж хараацгааж байна гэнэ. Хааны зарц нар айж халуун усны байшингаас гарч зугтав. Пийшин Иван вандан дээрээс бууж:

– Бидэнд өөрийн цэрэг байдагсан бол надаар тоглох ямар байдгийг хаанд үзүүлээд өгөхсөн! гэхэд Мэргэн:

– Энэ ч хэцүү биш шүү. Задгай газар гарцгаая гэв.

Өргөн задгай талбайд гараад Мэргэн буугаараа нэг, хоёр, гурван удаа даллахад хаанаас гарч ирснийг бүү мэд морьтой явган их цэрэг цугларав. Хороо хороогоороо жагсан бөмбөр дэлдэн

«Урай» цуурайтуулан, буугаар буудна.

Иван их цэргээ аван хааны ордон руу очив.

Их цэрэг дагуулсан Иван өвгөдтэй цуг ирж явахыг харсан хаан довжоон дээрээ гүйн гарч ирээд шагшран гасалж:

– Гай зовлонгоос тойрч гарахгүй нь! Охиноо энэ хөдөөний эртэй гэрлүүлэхээс яая гэх вэ! Ингэж нэрээ гутааснаа ч би ёстой санаандаа санаж шанаандаа зууна даа хө! Зай ч байна, лай ч байна, учрыг нь олоод хужрыг нь тунгаах цаг ч ирнээ хөө! гэж занав.

Хааны энэ хорон үгийг Сонорч сонсоод Пийшин Иванд хэлэв.

– Зусар зөөлөн үгэнд бүү хууртаарай. Хаан чамайг учрыг нь олно гэж байна.

– Хааны санаанд юу байгааг би мэдлээ. Эхнэр эрж энд ирдэг буруу болжээ! Хаантай яаж ярихаа ч одоо мэдэж авлаа.

Энэ үед их цэрэг хааны ордны үүдэнд тулж очив. Хаан гүйж гарч ирээд зусардан найрсгаар:

– Бид бүх юмаа зэхсэн, хүргэнээ л хүлээж байна. Гэрлэх ёслолоо үйлдэх цаг боллоо гэв. Пийшин Иван инээж:

– Та надаар тоглосон, тоглох ч гэж бодож байгаа. Эсэн мэнд дээрээ улс орноос минь зайл.

Хаан таны сүүдэр ч бүү үзэгдэг! гэв.

Ингэж Пийшин Иван хааныг шадар ноёдынх нь хамт хөөгөөд өөрөө хаан ширээнээ сууж улс орноо захирах болжээ.

Эх сурвалж: Орос үлгэрүүд: e-pub номноос авав