Орос үлгэр

ЭРЭЛХЭГ БААТАР ЕРУСЛАН ЛАЗАРЕВИЧ

Эрт урьд цагт нэгэн улсад Картаус гэдэг хаан байжээ. Картаус хаан арван хоёр баатартай бөгөөд хамгийн хүчтэй, хамгийн эрэлхэг баатар нь тайж Лазарь Лазаревич гэнээ. Залуу баатар Лазарь Лазаревичийг бусад баатрын хэн ч дийлдэггүй байжээ.

Ингээд залуу баатар Лазарь Лазаревич хорь хүрчээ. Эцэг эх нь:

– Хүү гэрлэх цаг болжээ! гэв. Лазарь Лазаревич ч гэсэн гэрлэхдээ дургүй биш байжээ. Гагцхүү гэргий болгомоор хүүхэн олдохгүй байж гэнэ. Эцэг эхийн сэтгэлд нийцэхгүй, эсвэл өөрийнх нь санаанд таарахгүй байжээ.

Ингэж байтал Лазарь Лазаревич эцэг эхдээ хандан:

– Алсын замд явъя, өнгөт орчлонг үзье, өөрийн хүчийг сорьё гэж гуйв.

Эцэг эх нь ч саад болж хориглосонгүй. Тэгээд сайн эр эцэг эхтэйгээ салах ёс хийгээд Картаусын хаант улсаасаа гаран явжээ. Өндөр уулыг өвөрлөн намхан газрыг нарлан явсаар Лазарь Лазаревич харийн нэгэн улсад иржээ. Тэгтэл тэр улсын ард олон ихээсээ багаа хүртлээ цөм уйлан хайлан, уйтгар гунигт дарагдан байна гэнэ. Лазарь Лазаревич:

– Ард олон гуниглан зовохын учир юу вэ? Ямар гай зовлон учрав? гэхэд,

– Ээ сайн эр минь, бидний зовлон их. Манай улсад далайн могой нисэн ирж өдөр бүр нэг хүн авч иддэг болоод байна. Хэрвээ дэг хүн өгөхгүй бол манай бүх хот тосгоныг түймэрдэн шатаана гэж занадаг. Өнөөдөр бид нэг бүсгүйгээ могойд идүүлэхээр далайн хөвөөнд хүргэж өглөө гэжээ.

Эрэлхэг баатар өөр юу ч асуусангүй морио ташуурдан далайн хөвөөнд давхин очлоо. Далайн хөвөөн дээр нэгэн бүсгүй гашуунаар уйлан сууж байна гэнэ.

Лазарь Лазаревич тэр бүсгүйд ойртон очиж:

– Амар сайн уу, үзэсгэлэнт бүсгүй минь! гэв. Бүсгүй толгойгоо дээш болгож түүнийг хараад:

– Сайн санаат хүн гуай, эндээс хурдан холд! Одоохон далайн могой гарч ирээд намайг иднэ. Таныг ч амьд үлдээхгүй гэв.

– Үзэсгэлэнт бүсгүй минь, би могойгоос зугтаж нэрээ бузарлахгүй. Аян замд ядарлаа, жаахан амраадхъя. Могой гарч ирмэгц намайг сэрээгээрэй.

Ингэж хэлээд мориноосоо бууж ногоон дээр хэвтээд баатрын нойроор бөх унтжээ.

Удсан ч юмуу, удаагүй ч юмуу гэнэт далай цалгилж, өргөн давлагаа хаялан шуугив. Могой ирж яваа нь энэ ажээ. Бүсгүй харийн баатрыг сэрээх гэж дуудав. Лазарь Лазаревич унтсаар байв.

Энэ үед могой эрэг дээр гарч ирэв. Бүсгүй айн уйлахад нэг дусал нулимс баатрын нүүрэн дээр унав. Эрэлхэг баатар сэрлээ.

Могой:

– Өнөөдөр яасан элбэг дэлбэг байх нь энэ вэ? Нэг хүний оронд хоёрыг явуулж бас нэмээд морь өгчээ!

– Үхээрийн хар мангас чи ганц намайг ч залгиж чадахгүй хахах биш үү! гэж Лазарь

Лазаревич чанга хэлэв.

– Би чам шиг гурвыг нэг зэрэг идэж байсан. Одоо чамаас эхэлнэ! гэж могой орилоод баатар луу үсрэв.

Ингээд могой баатар хоёр амь дүйн барилцаж авав. Ноцолдож ноцолдоод могойн хүч буурч эхлэхийг Лазарь Лазаревич мэдмэгцээ самбаачлан болд сэлмээрээ могойн толгойг тас цавчиж хаяв.

Тэгээд ухаангүй айн зогсож байгаа бүсгүй рүү очиж дуудахад бүсгүй баярлан:

– Би амьдарна гэж бодоогүй, таныг мэнд үлдэнэ гэж ч санасангүй. Аймшигт үхлээс аварсан танд гялайлаа. Таны алдар нэр хэн бэ? Эх эцэг дээр минь очъё. Эцэг минь таныг шагнана!

– Надад шагнал хэрэггүй, харин эцэг эхэд чинь хүргэж өгье гэж баатар хэлээд бүсгүйг мориндоо мордуулж өөрөө араар нь сундлаад хотод иржээ. Эцэг эх хоёр нь охиноо ирж явахыг цонхоороо хараад итгэхгүй байв. Тэгээд угтан гүйж ирцгээн баярласандаа нэг уйлж нэг инээжээ.

– Аймшигт могой охиныг минь өршөөх нь энэ үү? Эсвэл зөвхөн нэг өдөр эцэг эхтэйгээ дахин уулз гэж явуулав уу?

Бүсгүй Лазарь Лазаревичийг заан:

– Аймшигт үхлээс намайг аварсан хүн энэ байна. Энэ баатар эр могойг алсан гэв. Эцэг эх нь эрэлхэг баатарт баярлахдаа яах учраа олохгүй тэвдэв.

Тохойг нь түшин цагаан гантиг өрөөнд оруулан хамгийн хүндтэй суудалдаа урьж суулгав. Ширээ засан амттан бүхэн, архи дарсыг өрөв. Дуртай бүхнээ зооглогтун! гэж хүндэлнэ.

Ундалж хооллож зочилсныхоо дараа бүсгүйн эцэг эх:

– Эрэлхэг хүчит баатар минь, чиний ачийг чинь яаж хариулах билээ? Биднээс хүсэл зүйл байна уу? гэхэд баатар эр толгойгоо мэхийн хүндэтгээд үзэсгэлэнт бүсгүйг харснаа эцэг эхэд хандан:

– Хэлэх үгэнд минь бүү уурлаарай. Алдарт Картаусын хаант улсын тайж Лазарь Лазаревич гэгч билээ би. Үзэсгэлэнт охин чинь сэтгэлийг минь татна. Хэрвээ охин чинь намайг таалан үзвээс хувь заяагаа холбохыг минь зөвшөөрнө үү? Энэ л надад хамгийн том шагнал болно. Энэ үгийг сонссон бүсгүйн царай нь улайн тонгойв.

Эцэг нь:

– Эрэлхэг баатар Лазарь Лазаревич, чи сэтгэлд минь нийцэх боловч охиноо би албадахгүй, хүсэл зоригт нь зөрчихгүй. Өөрөө юу гэж шийднэ, түүгээрээ болог. Эрсхэн хариулсанд бүү гомдоорой. Охин минь өөрөө мэдэг! гэв.

Үзэсгэлэнт бүсгүйн царай улам улайж:

– Өссөн гэрээсээ нисэн одож өөрийн үүрээ засах цаг минь болсон бизээ. Амийг минь аварсан Лазарь Лазаревич сэтгэлд минь таарах хүн мөн гэж зөөлөн хариулахад,

– Охины минь санал ийм хойно эцэг эх бид хоёр нь саад болохгүй. Хэлсэн үгнээс минь хэрэг үйлс зөрөхгүй гэв.

Тэр даруй хөл ихтэй хурим найр хийж Лазарь Лазаревич залуу эхнэрээ нутагтаа аваачжээ. Жилийн дараа хүү төрөхөд Еруслан нэрийг өгөв.

Еруслан өдрөөр биш цагаар өсөж, эр бие нь сунаж эрч чадал суужээ. Гурван настайдаа арван настайтай дүйхүйц болов гэнэ.

Ноёдын хүүхдүүдтэй наадан ордны хашаагаар гүйхдээ багын томоогүй зангаар хэн нэгний гараас нь татвал булгалж, хөлөөс нь чангаавал гэмтээгээд байжээ. Ийм л харьцуулашгүй их хүчтэй гэнээ.