Бусад орны үлгэр

Залхуу Жек

Эрт урьд цагт Жек гэдэг нэгэн хархүү, хөгшин ээжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Эмгэн ээж нь бусдад юм нэхэж өгдөг боловч түүнээс хичээнхэн ч орлого олох билээ дээ.

Жек хүү юу ч хийлгүй үтэл сууж зуны цагт нялх хүүхэд шиг гадаа нарлаж, өвлийн хүйтэнд галын захаас салдаггүй юм санжээ. Тэгээд ч хүмүүс түүнийг залхуу Жек гэдэг болжээ. Ээж нь хүүгээ ажилд сургах гэж элдвээр оролдоод тун ч дийлдэггүй байжээ. Нэг удаа эх нь

— Ажил хийж амиа тэжээхгүй бол чамайг гэрээсээ хөөнө шүү. Яаж амьдрахаа бодоорой! гэж гэнэ. Жек маргааш нь саахалтынхаа нэг баян айлд ажил хийж хэдэн мөнгө олжээ. Тэгээд харих замдаа горхи гаталж яваад нөгөө мөнгөө усанд унагачихжээ. Зайлуул Жек амьдралдаа мөнгө авч явж үзээгүйдээ тэр шүү дээ.

— Ээ өлзий бус гэж! Мөнгийг барьж явдаггүй юм. Халаасандаа хийдэг юм шүү дээ гэж ээж нь загнасанд Жек

— За за одоо л үүнээс хойш халаасандаа хийж байя гэжээ. Нөгөөдөр нь Жек нэг малчин айлд очиж үхэр хариулж гэнэ. Тэднийх хөлсөнд нь домбо сүү өгчээ. Жек тэр сүүг цамцныхаа гадуур халаасанд хийсэнд буцах замын дунд ч хүрээгүй байтал сүү нь шүүрч гоожоод дуусжээ.

— Ээ элий минь! Домботой нь толгой дээрээ тавьсан бол хаанаас асгах вэ дээ гэж ээжийгээ зэмлэхэд

— Дараа л хичээе гэжээ.

Цаад өдөр нь Жек бас нэг айлд ажил хийж зүсэм бяслаг авчээ. Орой нь Жек бяслагаа толгой дээрээ тавиад гэр өөдөө явж гэнэ. Гэртээ ирээд бяслагаа ээждээ өгөх гэсэн чинь түүхий бяслаг нь үйрч унаад, үстэй нь наалдчихсан байжээ.

Ээ тэнэг амьтан. Гартаа аятайхан бариад ирэхгүй дээ гэж ээжийгээ Зэмлэхэд

— За дараа л тэгж байя гэжээ.

Түүний цаад өдөр Жек талхчин айлд очиж ажиллаад нэг том муур авчээ. Муураа гар дээрээ тавиад бариад явтал гарыг нь маажсанд цочоод алдчихав. Жек дахиад л гэртээ юу ч үгүй ирсэнд ээж нь

— Эргүү минь, түүнийг олсоор оосорлоод хөтлөөд ирэхгүйдээ гэж зэмлэжээ. Жек

— За үүнээс хойш л тэгж байя гэжээ. Дараа өдөр нь Жек мах худалдагчийнд ажиллаж хонины гуя авчээ. Жек махаа оосорлож шавар шавхай дундуур чирээд иржээ. Тэр махаар яаж хоол хийж идэх вэ. Ээж нь гайхаш тасраад.

— Манайд байцайнаас өөр хоолны юмгүй байхад энэ тэнэгийн мах авчирч байгаа царайг нь. Энэ махаа үүрч ирэхээ яав даа гэж үглэсэнд Жек

— Дараа л таны хэлснийг дагая гэжээ. Маргааш нь Жек мал наймаачныд очиж ажиллаад нэг илжиг авчээ.

Жек ээжийнхээ хэлснийг санаж, тэр илжгийг арай чамай үүрч, гэр өөдөө гуйвчин туйвчин алхаж гэнэ. Нэг баян айлын гадуур гарч явжээ. Тэр баян айлын ганц охин нь хэлгүй дүлий, тэгээд ч ганц ч удаа инээж үзээгүй юм байжээ.. Эмч домч нар

— Инээлгэж л чадвал хэл орно гэдэг байжээ. Тэгтэл тэр охин илжиг үүрсэн Жекийг гэнэт хараад инээд алдчихав. Ингээд л тэр дороо ярьж ч чаддаг, сонсож ч чаддаг болжээ. Эцэг нь баярлахдаа охиноо Жектэй суулгаж гэнэ ээ. Ингээд залхуу Жек баяжиж гэнэ. Том өргөөнд морилж, ээжийгээ авчирч гачигдах дутагдах юмгүй, ядрах зүдрэхийг үзэлгүй амар сайхан жаргаж гэнэ.

Эх сурвалж: Газар газрын үлгэр //e-nom.mn