Яруу найраг

Дөрвөн улирал

Урьд дүрийн догшин ноён хутагт хүний биеийн доройтлыг дөрвөн улирлаар зүйрлэж дуулсан шүлэг нь:
***
Хавар. Өсөх цаг
Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Эгүүрд байгаа хэлбэртэй байдаг л

Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохууныг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л.
***
Зун. Идэр цаг
Жаргалтай дэлгэр зуныхаа гурван сард
Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад
Жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд
Жавартай өвлийн хүйтнийг мартана л

Захирч сургагчдын сургаалыг орхиод
Зальхай найман номыг даган явсаар
Завдлага үгүй дөрвөн далайн
Жамыг эс мэдэв л.
***
Намар. Өтлөх цаг
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна л.

Найртай багын омгоор
Найдангийн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүний биеийг олсноон
Насны идрийн цогоор нөгцөөв л.
***
Өвөл. Өнгөрөх цаг
Хөхөө өвлийн дохио ирэхэд
Хөвчийн өндөр дээгүүр нь цас будраад
Хүйтэн жаварлагч салхины эрчим чангараад
Хөвчин дэлхийн өнгө буурна л.

Хүний биеийн шүтээн улмаар
Хөгшрөөд өтлөхийн хэрд
Хүч ба оюун билиг сулран хомстож
Хүчтэй үйл эрхийг дагана л.
***
Амраглан ханилсан амь бие хоёрыг
Аюултай эрлэгийн элчийг салгахын урьд
Ачит лам багшийг дагаж
Ариун нирвааныг олох болтугай.
– ДАНЗАНРАВЖАА (1803-1853)
Эх сурвалж: muzo.mn

Зургийг томоор үзэх:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *