Бусад орны үлгэр

Гурван алимны үлгэр

1001 шөнийн үлгэрээс

Харун Рашид Халиф нэг өдөр шадар сайд Жафарыг дуудаж ийн өгүүлрүүн: Би хотоор засаг ноёдыг ард иргэд хэрхэн үздэгийг асууж мэдэхийг хүснэ. Муу гэгдэснийг нь огцруулж сайн гэгдэснийг нь шагная гэсэнд шадар сайд нь за гэж Халиф , Жафар, Масрур гурав хотын гудамж зээлээр хэсжээ . Нэгэн гудамжнаа насан туйлын өндөр болсон өвгөн толгой дээрээ өгөөш тор тавьж таяг тулан явна.Тэр өвгөн шүлэглэх нь:
– “Сартай шөнө лугаа адил саруул номтой хүн байна” гэж
– Сайшаан тэд намайг өгүүлэх нь буй.
– Эрдэм номыг гагцхүү эрх баригчид мэднэ.
– Энэ дэмий үг гэж би тэдэнд хэлнэ.
– Бэх, цаас эрдмээр минь дэнчин тавьсан ч тэр ,
– Би нэгэн өдрийн идэх хоол яасан ч олж эс чадна.
– Золгүй хоосон ядуу хүний
– Зовлон их, амьдрал бүрхэг ажээ.
– Зуны цаг хоол олж үл иднэ.
– Зөвхөн хоовон юугаар өвөл биеийг ээнэ.
– Золбин нохой харан дайрна
– Дамын хүн жигшин хараана.
– Ядуу зовлонгоо гомдон мэдүүлбэл
– Ямар амьтан эс тооно.
– Ядуу хүний зовлон дандаа ийм аваас
– Яс амар авсанд хэвтвэл дээр буюу.
гэж шүлэглэхийг Халфи сонсоод, өвгөн дээр очиж чи ямар ажил хийдэг хүн бэ? гэсэнд өвгөн өгүүлрүүн:
“Ай ноён минь би загасчин хүн билээ. Гэр бүлээ тэжээх хэмээн өдөр бүр гартал өдий болтол Аллах бидэнд идэх юм хайрласангүй заяандаа хорсон гомдож үхвээс дээр гэж бодож байна гэсэнд Халиф: За чи бидэн лугаа буцаж хамт оч! Тигр мөрний эрэг дээр очоод өгөөш тороо тавигтүн. Чиний өгөөшинд юу гарч ирвээс нэг зуун динар зоосоор би авсугай гэжээ. Өвгөн за гээд тэдний хамт очиж өгөөш тороо усанд тавиад гаргатал нэн хүнд цоожтой авдар гарчээ . Өвгөн нэгэн зуун динар зоос өгч буцаагаад, мөнөөхөн авдрыг ордонд авчраад Жафар, Масрур хоёр эвдлэн үзвэл дотор нь дал модны навчаар сүлжин хийсэн сагс байх бөгөөд улаан мяндсаар хамгамалдсан ажээ. Сагсыг задлан үзвээс нэг жижигхэн хивс, түүнийг сөхтөл цалин мөнгөн адил цав цагаан залуу эмийг хэрчин алж орхимжонд боосон байжээ .
Халиф ихэд гуниглан хацрыг даган нулимс асгаруулаад , Жафарт өгүүлрүүн: Ай муу нохой чи! Миний үед хүн алж усанд хаядаг хүн бий хэрэг үү! Энэ болбоос хожим хойно миний нэрийг хөөдөх тул энэ эмийг ийнхүү аль муугаар тамлан алсан хүнийг би заавал олж зохих цээрлэл үзүүлэх ёстой гээд Халиф нэн хилэгнэн , энэ эмийг алсан хүнийг чи заавал олж ирэгтүн! Эс олж ирвэл чамайг, чиний садангийн дөчин хүний хамт ордны хаалган дээр дүүжлэн ална гэж аль-Абаасын хөвгүүд бүх Халифийн нэрийг барьж ам алдсүгай ” гэжээ .
Жафар тэндээс гарч ихэд гутран “Энэ эмийг алсан хүнийг би хаанаас хэрхэн олох билээ. Өөр хүн аваачвал хожим хойно нэрд муу болно. Одоо яадаг билээ” гэж бодсоор харьж гурван хоног гэрээс гарсангүй . Дөрөв дэх өдөр Халиф дуудуулж “За тэр эмийг алсан хүн хаа байна” гэхэд нь Жафар “Тэр эмийг алахыг би харж байсан биш хэрхэн мэдэх билээ?” гэсэнд Халиф ихэд хилэгнэн Жафарыг дүүжилсүгэй хэмээн зарлиг буулгаад энэ тухай хотын иргэдэд зарла гэсэнд зарлагч хүн Багдад хотын гудамжнаа гарч өндөр дуугаар: “Халифийн тэргүүн шадар сайд Жафар Бармакадыг, Бармакидийн удмын дөчин хүнийг хамт Халифийн ордны үүдэнд дүүжлэн алахыг үзэх хүн байвал очиж үзэгтүн” гэж зарлан тунхагласанд хотын иргэд учрыг эс мэдэрч цөм цуглажээ. Ордны үүдэнд дүүжлүүр засаж дор нь Жафарын төрөл саданг аваачаад ганцхүү Халифын алчуур дохихыг хүлээх үес улс амьтан тэднийг өрөвдөн уйлцгаана.
Энэ үеэр арван тавны сар мэт цэвэрхэн царайтай гоё сайхан хувцастай, өргөн магнайтай , ягаан хацартай сарнай цэцгийн баглаа адил залуу хуран цугларсан хүмүүсийн дундуур чихэлдэн гарч ирээд “Аяа бүх эмир ноёдын ноён ядуу биднийг тэтгэгч чи энэ лайнаас мултарчээ. Тэрхүү авдарт хэвтсэн эмийг би алсан хүн би биеэр байна. Намайг дүүжлэгтүн” гэсэнд Жафар өөрийн бие суллагдах болсонд баярлан өрөөл хайран залуу дүүжлэгдэх болсонд гомдон бас нэг насан дээр гарсан хариугүй өвгөн гарч ирээд Жафарт өгүүлрүүн: ”Хааны шадар сайд эрхэм ноён минь , энэ хөвгүн худал хэлж байна. Тэрхүү эмийг жинхэнэ алсан хүн би энэ зогсож байна. Намайг даруй дүүжлэн , тэр эмийн хариуг авагтүн гэж Аллахыг дурдан дурдан өгүүлье” гэсэнд хөвгүүн “Ай хааны шадар сайд аа, энэ муу зөнөг өвгөн бидний ярьж байгааг юу мэдэх билээ. Намайг дүүжлэн цээрлүүлэгтүн” гэхэд нь өвгөн: “Ай хүү минь чи бол амьдын жаргалыг дөнгөж амсаж яваа сайхан залуу хүн байна. Би бол өтөлж үхэх болжээ. Чиний амь , шадар сайдын садангийн энэ олон хүний амины төлөөнөөс би үхсүгэй. Тэр эмийг чухам алсан хүн би зогсоогоороо байна. Намайг шалавхан дүүжлээд аль!” гэжээ .
Жафар хоёулангий нь дагуулан Халифт бараалахад өлмийн дор сөгдөн “Аяа үнэн шажинтны их хаан мөнөөхөн эмийг алсан хүнийг авчрав ” гээд “Энэ хөвгүүн тэр эмийг би алсан хэмээн биеэр өчих атал энэ өвгөн хөвгүүнийг худал хэлж буй, чухамхүү алсан хүн нь би байна гэж батлан өгүүлэх ажгуу ” гэжээ .
Халиф, “Та хоёрын хэн нь тэр эмийг алав? Гэсэнд хөвгүүн “Би алсан ” гэтэл өвгөн “Би алсан” гэжээ. Халиф, “Хоёуланг дүүжлэн хороосугай” гэсэнд Жафар өгүүлрүүн “Хэрэв энэ хоёрын нэг нь алсан байтал нөгөөг дүүжлэх нь зүйд үл нийцнэ” хэмээвээс, хөвгүүн “тэр эмийг би алсан гэж ” гээд мөнөөхөн сагс дотор хийж орхисон байдлыг нэгд нэггүй тоочин өгүүлбээс “Лав энэ хөвгүүн алсан ажээ” гэж Халиф итгээд учир шалтгааныг сонирхон , “Чи ямар учраас тэр эмийг дураар алаад адаг сүүлд нь ямар шүүлтгүйгээр өөрийн алсныг хүлээн өчив?” гэж хөвгүүнээс асуув. Хөвгүүн өгүүлрүүн: “Аяа үнэн шажинтны их хаан мэдтүгэй! Тэр эм бол миний гэргий манай нагацын охин билээ. Энэ өвгөн бол охины эцэг миний нагац бүлгээ. Бид хоёр ханилан суутал Аллах тэнгэр өршөөж гурван хөвгүүн заяасан агаад тэр минь надад хайртай, би ч түүнд хайртай байлаа. Харин энэ сарын эхээр сүрхий айхтар өвчлөн оточ домч нар анагаан арай гэж илээрь болтол, би түүнийг халуун усанд оруулж биеийг угаахыг хүсвээс ийн өгүүлрүүн. Би халуун усанд орохын өмнө жаахан алимны үнэр авч нэг хоёр хазах юмсан гэлээ .
Маргааш өглөө нь би алим эрж хотын бүх цэцэрлэгээр яваад олсонгүй. Нэгэн жимсчин өвгөнтэй уулзаж сураглаваас: “Ай хүү минь одоо алим олдоход тун бэрх. Гагцхүү Баср хот хүрвэл тэнд үнэн шашинтны их хаанд тавьж хадгалсан цөөн алим байдаг” гэлээ. Би гэргийдээ их хайртай учир тийшээ явахаар шийдээд Баср балгад орж тэндэхийн цэцэрлэгчээс гурван алим гурван динар зоосоор худалдан авч ирэх очихын арван таван хоног явж авчраад гэргийдээ өгвөөс ихэд баярлан хажуудаа авч тавилаа.
Би зээлийн газар мухлагаа нээж арилжаа наймаагаа хийж байтал , нэгэн хар арьст боол мөнөөхөн гурван алимтай адил нэгийг барьж явахыг үзээд, “Ай сайн санаат боол , чи энэ алим хаанаас олов? Над бас олох хэрэгтэй байна” гэсэнд боол өгүүлрүүн . “Би сэтгэлтэй хүүхнээсээ авлаа. Сая хэдэн хоног юманд яваад иртэл тэр минь өвчтэй байна. Хажуудаа гурван алим тавьж “Миний эр нөхөр Барс балгад орж гурван алим гурван динар зоосоор худалдан авчрав” гэж байна.
“Над нэгийг өглөө” гэв.
Боолын үгийг сонсоод дотор харанхуйлаад яаран мухлагийг хааж, гэртээ хариваас хоёр алим үлдсэн байлаа. Миний хилэн нэн бадарч “Нэг алим яасан бэ” гэсэнд “Би мэдэхгүй хараагүй” гэлээ. Хар арьст боолын хэлсэн үнэн болохыг мэдээд би гэргий юугаа үг дуугүй хоолойг тас хэрчин толгойг салган орхимжоор ороогоод жижиг хивсээр бүтээн сагсанд хийж авдарт хадаад Тигр мөрөнд аваачиж хаяв гээд хөвгүүн үргэлжлүүлэн өгүүлсэн нь:
“Аяа , үнэн шашинтны их хаан , намайг шалавхан дүүжлээд өгөөч! Бодохоос айдас хүрнэ. Гэргий хүүрийг сэм тигр мөрөнд хаяад ирэхэд миний том хүү уйлчихсан зогсож байв. Эхийгээ тийм болсон гэж огт мэдээгүй атал ямар учиртайг гайхан “Миний хүү яав?” гэсэнд миний хүү хэллээ. ”Ай би эхийн дэргэд байсан гурван алимны нэгийг авч гадаад гудамжинд тоглож байтал нэгэн өндөр хар боол ирж шүүрэн аваад “Чи үүнийг хаанаас олов? Гэхэд нь “Миний ээж өвдөхөд аав Баср балгад орж гурван алим гурван динар зоосоор худалдан авч ээжид авчирч өгсөн юм хэмээсэнд намайг тоолгүй коож орхиод алимыг аваад явчихлаа. Би эхээс айгаад хоёр дүүгийн хамт хотын захад гартал орой болж бас айгаад буцаж ирсэн. Ааваа , ээжид битгий хэлээрэй. Өвчин нь илаарь болсон атал дахин дордож мэднэ” гэлээ.
Хүүгийн энэ үгийг сонсоод тэрхүү хар боол санаанаас зохион худал ярьжээ гэж мэдмэгц би ихэд гашуудан уйлж суутал энэ миний нагац өвгөн орж ирсэн юм. Би учрыг нуулгүй ярьсанд хоёулаа уйлж гашуудал үйлдээд яг таван хоног болов. Би гэргийдээ ямар ч гэмгүй байхад алсан минь үнэн, энэ явдал ганцхүү тэр хар арьст боолоос боллоо. Ингэхлээрээ одоо намайг даруй алагтүн! Би нэгэнт гэргийгээ алсан хойно надад амьд яваад ч ямар хэрэг байх билээ гэжээ .
Халиф үүнийг сонсоод нэн гайхаж , “Тэр муу ёрын боолыг олж дүүжилсүгэй!” гээд шадар сайд Жафартаа ийн өгүүлрүүн: “Чи явж тэр муу заяат боолыг олж ирсүгэй Эс олж ирвэл чамайг оронд нь дүүжилнэ” гэжээ .
Жафар “Би заавал үхэх тавилантай ажээ. Ваар домбо нэг унахад тэсэх боловч дахин унагаваас яахин тэсэх билээ. Хэрхэхийг Аллах тэнгэр мэдтүгэй. Ямар ч боловч гурав хоног гэрээс үл гарсугай” гэж бодсоор харьжээ .
Дөрөв дэх өдрийн өглөө шүүгч гэрчийг дуудаж гэрийнхэтэйгээ салах ёс хийж байтал Халифын зарлага ирж маш их хилэнтэй, таныг дуудаж , өнөөдрөөс хэтрүүлэхгүй дүүжлэнэ!” гэж байна гэлээ .
Энэ үгийг сонсоод Жафар ба Жафарын болон хүүхэд боол зардсан нар цөм уйлав. Жафар хамгийн бага охиндоо их хайртай байжээ. Бага охиноо яаж орхин одно гэхээс зүрх шимшрэн уйлж тэврэн тэврэн үнэстэл өвөрт нь нэг хатуу бөөрөнхий юм байхыг мэдээд “Өвөрт чинь юу байнам?” гэсэнд “Ай аав аа, энэ бол хальсан дээр нь манай Халифийн нэр бичээстэй алим байгаа юм гэжээ. Жафар өврөөс алим гаргаж ихэд баярлан “Ай бурхан минь ямар ачтай вэ? – гэж дуун алдаад боол Рейханыг даруй дуудаж “Ай чи энэ алим хаанаас олов?” гэсэнд Рейхан өгүүлрүүн: “Аяа ноёнтон минь худал үг нэг удаа аврах боловч үнэн үг үүрд аврах бүлгээ. Энэ алимыг би чиний шилтгээн эрхэмсэг хаан их Халифийн шилтгээнээс хулгайлсан бус үүнээс таван хоногийн өмнө хотын нэг гудамжнаа явж байтал хэдэн хүүхэд тоглож байсны нэг нь алим барьж байхыг үзээд би булаан авсанд тэр хүүхэлд уйлж: ”Ай сайн эр, чи сонс! Миний эх өвчтэй хүн, Аав Баср балгад орж ээжид гурван алим, гурван динар зоосоор авчирч өгсний нэгийг би хулгайлан тоглож байна” гэхэд нь би тоосонгүй алгадаж орхиод алимыг авчирсанд манай хамгийн бага хатагтай хоёр динар зоосоор авсан юм даа” гэжээ .
Жафар өөрийн нь боолоос болж тэр эмийг алсныг мэдэж ихэд, гайхаж, бас гуниглавч өөрийн толгой мэнд үлдэх болсонд ихэд баярлан ийн шүлэглэрүүн:
– Золгүй явдал чамд тохиолдохын цагт чи.
– Золиосонд боол зардсан нараас гаргагтүн
– Олон зарц олъё гэвэл чи чадна
– Ондоо сэтгэл олъё гэвэл чи эс чадна
Гээд мөнөөхөн боолыг хөтөлсөөр Халифт бараалхан эл болсон намтрыг ярьсанд Халиф ихэд сонирхон тас гэдрэг хөхрөн унаж энэ үлгэр түүхийг бичиж улс иргэдэд тараагтүн” гэхэд нь Жафар өгүүлрүүн: “Аяа, үнэн, шашинтны их хаан минь та бүү гайхагтүн! Энэ бол Мисир газрын шадар сайд Нур-ад-Дин Аль ба Шамс-Ад Дин Мухаммед, түүний дүүгийн үлгэрийг эс гүйцэнэ ” хэмээвээс Халиф , “Тэр гайхалтай сонин үлгэрээс ярь” гэхэд нь “Аяа их Халиф аа, хэрэв чи миний боолыг цаазаар авахаас хэлтрүүлнэ гэвэл ярина” гэсэнд “Тэр үлгэр чинь нэн сонин аваас чиний боолын амийг хэлтрүүлнэ тиймгүй бол толгойгий нь заавал авна” гэжээ…