Монгол ардын үлгэр

Илбэчин хүү

Эрт урьдын цагт нэг ядуу хүү амьдарч байжээ.

Тэр хүү «Эрдэм ном л сурвал аливаа санасан бүхэн бүтэж эгэл олондоо ч тустай үйл бүтээж болдог» гэсэн эцгийнхээ захиасыг санаж ганц үнээгээ нэгэн эрдэмтэн өвгөнд аваачиж өгөөд «Эрдэм сургаж өгнө үү?» гэж гуйжээ.
Хүү өвгөнөөр «Илбийн ухаан» заалгаж, юу санаснаа бүтээж ойр холын олон нөхдөдөө туслах болжээ. Үүнийг нь хаан сонсоод, хүүг дуудаж ирүүлээд:
–Чи «Илбэ» гэдэг эрдэм сурсан юм биз дээ! Тэр ид шидэт илбээ над үзүүлээтэх гэжээ. Хүү:
–Хаан та илбийн ид шидийг үзэхийг хүсэж байгаа бол өчүүхэн би чадах ядахын хэрээр үзүүлэхийг бодолгүй яахав.
Харин та юу үзэхсэн бол гэжээ.
Хаан:
–Илбэ гэдгээ л үзүүлэх юм бол юу ч яахав гэжээ. Хүү:
–За тэгвэл та эхлээд энэ аягаа халуун цайгаар дүүргээд тавьчих! Тэгээд гадаа гарч мориныхоо уяан дээр очихгүй юу? гэжээ:

Хаан, хүүгийн хэлсэн ёсоор гэрээсээ гарч уяан дээрээ очвол толгой хаясан хилэн хар морь дүүхэлзэн тогтож ядан байжээ. “Моринд хорхойтой хаан тэсэж чадалгүй хилэн хар моринд мордтол морь хуй салхи мэт хурдлан оджээ.

Агсам хар морь авч давхисаар байгаад эзгүй, хоосон зэрэм цөлд ирээд газрын үндэс тоолон, тэнгэрийн од дараалан булгиж хааныг унагачихаад тоос татуулан алга болжээ.

Хаан эзгүй талд эр бие ганцаар үлдээд царцаа, дэвхрэгхэнээр хооллож, шалбааг уснаас шимж, өлсөж цангахын зовлонг амсаж гэнэ. Өмссөн хувцас нь үй түмэн цоорхой болж, ядарч туйлдахын эцэст хүрч цаашаа явах тэнхэлгүй болж гэнэ.

–Гэтэл өөр шиг нь салбайж навсайсан хувцастай авгай, хүүхэд хөтөлчихсөн яваа тааралджээ. Хаан:

-Над шиг зовж зүдэрсэн амьтан нарт хорвоод бас байдаг юм байх даа!
гэж бодоод очсон нь өөрийнх нь эхнэр, өр зүрхний хайртай ганц хүүгий нь хөтлөөд мөн л ядарч зүдэрч явна гэнээ.

Эзгүй хоосон цөлд цор ганцаараа байсныг бодвол эхнэр, хүүхэдтэйгээ энд уулзаж хамаг зовлонгоо хамт хуваалцах боллоо доо гэж бодож байтал нь гэнэт гай таарч эхнэр нь нас барж өнчин хүүхэдтэй үлджээ.

Хаан бас л үхэл, өнчрөлийн хэцүүг амсаж санаа сэтгэлээр гутарч зовж гэнэ. Уйлж урсгасан нулимс нь нуур цөөрөм болох дөхөж гэнэ.

Уйлбал уйтгар гуниг хэсэг зуурт боловч арилдаг юм гэнэ билээ гээд ахин дахин асгартал уйлж байлаа гэсэн нь гэнэт өндөр саруул өнгөт ордондоо ирчихээд түшлэгт зөөлөн сандал дээрээ сууж байна гэнэ. Хаан:

–ЁХ, ёх би юу болов оо! Зүүдлэв үү дээ? гэсэн нь илбэчин хүү:
— Та үзэхийг хүссэн илбээ л үзлээ шүү дээ! гэж гэнэ.
Хаан аягатай цайгаа аваад уух гэтэл хав халуунаараа, хөрч амжаагүй байж гэнэ. Хүү:
–За хаан гуай, таны үзсэн юм ямар байна? гэвэл:
–Өлсөж, цангахын гачил, үхэл зовлонгийн гамшиг яасан ч хэцүү юм бэ дээ! гэж залбирч байжээ. Хүү:

–Хаан гуай та өнчин залуус, зовж зүдэрсэн хүнийг ердөө ч өрөвддөггүй шүү. Үүнээс хойш өрөвч зөөлөн сэтгэлтэй баймаар юм даа! гэжээ.

Харанхуй мунхаг, харгис хаан энэ үеэс эгэл олноо хүндэтгэж, эрдэм ухааны чадалд бишрэх болжээ. Илбэчин хүү илбэ ухааныхаа эрдмээр идэж, уух,өмсөх зүүх, хүссэн бүхнээ бүтээж,харц олондоо туслан жаргалтай сайхан амьдардаг болжээ.

Эх сурвалж: Могжоохон даагатай жогжоохон хүү.-УБ.,1983.-х.18-19

Зургийг: https://cdn.pixabay.com/photo/2015/12/07/18/15/magic-1081149_960_720.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *