Монгол ардын үлгэр

Долоон хулгана

Эрт урьд цагт ах дүү долоон хулгана байжээ. Алгын чинээ газартай юмсанжээ.

Нэгэн өдөр газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ.

Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулсан чинь дүү нь долоосоор байгаад идчихжээ. Тэгэхээр нь зургаан ах нь зодсоор байгаад алчихжээ.

Тэгээд энэ явдлаа ламд очиж хэлжээ.

«Ах дүү долуулаа юмсан» гэхэд нь лам «Өнөр болохоо дөхжээ» гэж хэлж.

«Алгын чинээ газартай юмсан» гэхэд «Их газартай болох дөхжээ» гэжээ.

«Нэг өдөр атгын чинээ цас орлоо» гэсэнд «Зуд болохоо дөхжээ» гэж гэнэ.

«Ах дүү долуулаа арилгав» гэхэд «Ажилч болохоо дөхжээ» гэжээ:

«Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо» гэхэд «Баян болох дөхжээ» гэжээ.

«Хамгийн отгон дүүдээ хадгалуулсанд долоосоор байгаад идчихэв» гэсэнд «Нярав болох дөхөж дээ» гэж хэлжээ.

«Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа» гэхэд «Дайн болох дөхөж дээ» гээд огт хайхарч өгсөнгүй.

Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдэцгээж гэнэдэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *