Зан заншил

Арван хоёр жилийн магтаал

Алтан дэлхийд нүхтэй
Амуу үрийн идэштэй
Атгын чинээ биетэй
Ам цагаан хулгана жил

Асган сайхан эвэртэй
Арал дүүрэн биетэй
Арслан зааны чадалтай
Ач ихтэй үхэр жил

Агуул модонд нутагтай
Арван бухын идтэй
Амьтан бүхнийг айлгадаг
Агуур ихтэй барс жил.

Бут бургасанд хэвтэртэй
Буурал саарал зүстэй
Буцан харан дэгддэг
Булчин ихтэй туулай жил.

Агаар тэнгэрт нутагтай
Аянга үүлний хүлэгтэй
Арван найман увдистай
Аварга дуутай луу жил.

Уулын хажууд хэвтэштэй
Урт дээсэн биетэй
Улс бүхнийг сэр хийлгэдэг
Уран хэлтэй могой жил.

Алс газар гүйдэлтэй
Атар хээр нутагтай
Аян замд түшигтэй
Агуу хүчит морин жил

Дугуй сайхан сүүлтэй
Дугариг хоёр эвэртэй
Дун цагаан ноостой
Дурсгал сайхан хонин жил,

Хүрэн улаан зүстэй
Хүмүүн адил ааштай
Хөвч ойгоор довтолдог
Хөөрүү ааштай бичин жил.

Цав цагаан биетэй
Цагаан улаан зүстэй
Цаг цагтаа дуугардаг
Цагийг мэддэг тахиа жил.

Хүр хүр дуутай
Хүнс юмаа хадгалуулдаг
Хүний өөрийнхийг ялгадаг
Хүдэр нэртэй нохой жил.

Хөө хар биетэй
Хоржигнох сонин дуутай.
Хөрст газрыг урвуулах
Хүч ихтэй гахай жил.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: https://commons.wikimedia.org/wiki/File:Chinese_Zodiac_carvings_on_ceiling_of_Kushida_Shrine,_Fukuoka.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *