Зан заншил

Эсгийн ерөөл

Агар сайхан газар дээр
Арван хуруугаар урлах гэж
Айл аймгаараа хамтарч
Айраг таргаа бэлтгэж
Зун цагийн зүлгийг сонгож
Зуун түмэн хонины
Зунгагтай цагаан унгасыг
Зулж, зүйж дэлгээд
Зуун голын усаар
Зулхай бүрийг шүршээд
Эвтэйхэн эвхэж хуйлаад
Эвий нь олж боогоод
Агт мориороо татаж
Ахин дахин өнхрүүлэх
Эсгий нэртэй эд нь
Энгүй захтай болтугай
Цагаан эсгий цавгүй
Цааш нааш гавгүй
Цаснаас илүү цагаан
Яснаас илүү хатуу
Мөснөөс илүү мөлгөр
Мөнгөнөөс илүү үнэтэй
Дарсан сайхан эсгий нь
Далан гэрийн бүрээс болж
Зулж хийсэн хүн чинь
Зуун намрыг үзэцгээж яв!
Дун шиг дун цагаан
Дурдан шиг артай болог!
Эвдэрч задаршгүй бат
Элэгдэж муудашгүй мөнх болтугай!.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Зургийг: http://culture.gov.mn/p/tr?id=422