Яруу найраг

Ч.Лхамсүрэн – Хүрэн морь найраглал

Элбэг намтрын нэгнээс
Эвлүүлж та нартаа хэлье
Баялаг домгийн нэгнээс
Бахдуулж та нартаа хэлье.
Ардын засаг мандах
Сайн цагийн түрүүнд
Аюулт дайсан сөнөх
Самуун цагийн эцэст
Баруун нэгэн хошууны
Баян ноёны зарц хүү
Ачит эхтэйгээ хамт
Амьдран суудаг байжээ.
Нарны гэрэл нэвтэрсэн
Навсгар хар бүрээстэй
Сарны туяа орсон
Салбагар уранхай үүдтэй
Ширүүн салхинд тэсдэггүй
Шидэмсэн муу бүслүүртэй,
Ийм нэгэн гэрээс өөр
Илүү гарах хогшилгүй
Айлын хонь дагасан
Арван ямаанаас өөр
Ахиад тоолох малгүй
Хүний адуу бараадсан
Хүрэн мориноос өөр
Хүлэглэж унах унаагүй
Хөл нүцгэн ядуу байжээ.
Ганц модон ташуураас өөр юмгүй
Гар хоосон зүдүү байжээ.
Унадаг хүрэн морины нь
Уг байдлыг дурдвал:
Ширээ сайхан нуруутай
Ширүүн цацган сүүлтэй
Шингэн мяндас дэлтэй
Шигшмэл хүрэн зүстэй…
Хурц дөрвөн туурайдаа
Хурдны удам хадгалсан
Соргог алхан толгойдоо
Эрдэнийн чанар бадруулж
Содон цагаан сарандаа
Эгэл тэмдэг тодруулжээ.
Энгүй өргөн нуруунд нь
Эмээл тохоод мордоход
Уул шиг өндөр зоотой
Усан тэлмэн жороотой
Адуун сүргийн манлай болсон
Аавын хүүгийн нөхөр болсон
Алдартай сайн морь байжээ
Аагтай хурдан хүлэг болжээ.

Зузаан үүлний хур
Зуур зуур ороод
Зулзаган нялх мод
Зуун тийшээ дэлгэрээд
Навч цэцэг дэлгэрдэг
Нарны элч халаадаг
Зугаа цэнгэл бадарсан
Зуны эхэн сард
Ардын ядуу хүүгийн
Амраг хайртай ээжийн
Ариун нандин биед
Аюулт өвчин хүрчээ.
Харц бор хүү
Хайртай залуу эхийнхээ
Янтай өвчний уршгийг
Яавал арилгах вэ гэж
Янз бүрээр бодовч
Ямар ч тусыг олсонгүй.
Дэмий гайхаш тасрахдаа
Дэргэдэх айлдаа ороод
Баян эзэндээ бараалхаж
Байдал учраа гаргаад
Төрүүлсэн ганц эхий минь
Түргэн эдгэрүүлж болох
Арга чарга байна уу? гэж
Арай ядан хэлж гэнэ.
Ноёд, тайж баян гэхдээ
Өнчнийг хэзээ тэтгэдэг байлаа
Номтой лам буянтай гэхдээ
Өвчнийг хэзээ таньдаг байлаа.
Харц зарцын үгийг
Харгис ноён сонсоод
Авралт бурхны зарлигаар
Анх эхээс төрөвч
Ад чөтгөрийн хүчээр
Адаг сүүлдээ үхдэг нь
Орчлон ертөнцийн тавилан юм
Олон амьтны лай юм.
Би одоо яах вэ
Битгий чи сандар!
Нялх бага наснаас
Нярайлж өсгөсөн эх чинь
Yсээ буурал болтол
Насаа гүйцэд эдлээд
Хорвоогийн ус уух
Хувь заяа дутуу байжээ.
Гучин хоёр шүднээс нь
Ховхорч ер унаагүй
Шинхэн хар гэзэгнээс нь
Ширхэг ч үс цайгаагүй,
Ийм залуу насандаа
Ингэж өвдөнө гэдэг чинь
Эргэл мөргөл хийдэггүй
Эрхэм дээдэст залбирдаггүйн
Хар нүгэл нь болж байна
Харин чи эхээ үхвэл
Бурхан тэнгэрийн оронд
Буцалгүй төрөөсэй! гэж
Буян номыг сайтар хийж
Буруу бүхнийг сайн тэвч! гэж
Буурлын үнэт сургаалыг
Бузгай хэлж байвч
Өөхөөр хавагнасан нүүрт нь
Өрөвдөн тэтгэхийн шинжгүй байв
Өөдгүй улцан нүдэнд нь
Өглөгч бэлэгтний харцгүй байв.
Хэрцгий ноёны үгэнд
Гэмгүй зарц бухимдаж
Хэн юу хэлэх бол гэж
Гэр доторх хүмүүсийг харав,
Ханагар сайхан жороо хүрний нь
Хагацаахыг боддог ноёны хүү
Хар нохой минь хөл доголжээ
Харц чи зодсон уу? гээд
Элдвээр дайрч доромжлоод
Эхий нь тухай юу ч хэлсэнгүй.
Халуун элэгт ээжийгий нь
Хараан загнаж зоддог
Хатан язгуурт эхнэр
Хуньшгүй зангаа гаргаад
Шавартай сайран хөлдөө
Шавхай наалдуулж ирээд
Ширмэл том ширдгий минь
Шинэхэн өнгийг гутаав
Хэн чамайг дуудав! гээд
Хялайхын муухайгаар хялайв
Эзэн дээд ноёноо гэж
Элбэрэл хүсээд орсон хүү
Зовлон дээр зовлон нэмээд
Золбоот нүдэндээ нулимс дүүргээд
Хөндлөн босгон дээгүүр
Хөлөө өргөөд гарахдаа
Дэргэдэх ардын зовлонг
Дэвсгэрээсээ дор үздэг
Тэнэг ухаант хатны
Дээрэнгүй үгэнд гомджээ
Номхон ардын амийг
Нохойноос дор санадаг
Ноёны хүүгийн хэлсэнд
Ноцтой хорсгол хадгалжээ.
Сүмбэр уулын оройд
Сөрсөн үүл гараад
Сүрт цахилгаан цахилж
Сүрхий дуу нижигнээд
Азарган борооны түрүүч
Айхтар ширүүн оров.
Шүршин орох чимээг чагнавал
Шөнөжингөө орох бороо байна
Шүтээний өмнөх зулаа сэргээгээд
Сүүжээ амрааж унт хүү минь гэж
Сүүрс алдаж эх нь хэлээд
Шүлэг маанийг амандаа уншив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *