Яруу найраг

Хил дээр бичсэн шүлэг – Лхагвасүрэн Б.

Болор цом – 1992 оны тэргүүн шүлэг

Хүний нутагт явсан цулбуур эвхэж

Хилийнх нь боомтод ирлээ

Торгон хилийн эмзэг зурвасны цаана

Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг

Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна

Хилийн эрхэм түшмэл

Хээмсэгхэн ширтэж хуудас тараана

Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр

Аль улсын иргэн болох …гэж асуусан байна

” Монгол” гэж

Зургаан хана шиг үсгийг

Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ

-Монголд хэдий хугацаагаар суу…гэж бас асууж байна

-Үхтлээ суунаа

-Үхсэн хойно ,сүнс нь хүртэл монголын харъяат гэж бичлээ

-Зарах юм байна уу? гэсэн хүмүүс

Завсраар нь бас гүйлдэнэ

Мохоо хутга шиг нүд нь

Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ

-Yгүй дээ

Yгүй!

Хардаг нүд гэмээнэ

Цавчихыг нь мартаж өмгөөлсөн

Хальдаг амь гэмээнэ

Yхэхийг нь мартаж өмөөрсөн

Нутгаа өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан

Нумын хєвч, аагтай илдний үр садыг монгол гэдэг юм

Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!

Нутаг руу минь унагасан

Нүдээ ав!

Өвөг дээдэс минь

Ясаа дор нь ивсэн

“Өндөр” оронд минь санаархваас

Заяа чинь дутна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *