Яруу найраг

Ч.Лхамсүрэн – Хүрэн морь найраглал

Зүгээр, ээж ээ нойр хүрээгүй
Зүсэрсэн бороонд малаа алдвал
Зүүрмэглэж хэвтсэнээс долоон дор
Зүггүй муухай хэрэг болно гэж
Өвчтэй байгаа эхийнхээ дэргэд
Өдөр шөнөгүй сахиж суусаар
Унтах нойроо мартаж орхисон
Ухаант хүү ээждээ хэлээд
Зулайныхаа хөлсийг нэг арчаад
Зуландаа тос нэмж сэргээв.
Хур бороо ширүүсэж
Хурц цахилгаан ихдээд
Бод мал үргэж
Ботго тугал шуугилдав.
Бог мал уруудаж
Болгоомжлох цаг тулгарав.
Архи дарсанд автагдан
Алмайрч согтон хэвтээд
Торгон хөнжлийн дотор
Тохитой унтаж байгаа
Эзэн ноёны байдлыг
Эрэгцүүлж хүү бодохдоо
Өнөө шөнө хонь уруудвал
Өглөө босоод би зүдэрнэ
Маш сайн хичээж байгаад
Малы нь алдалгүй хоноё! гээд
Хөдсөн дээлийн танагаар
Хөөрхий эхээ хучаад
Тохмын шар эсгий
Толгой дээрээ тавиад
Хурдан хөлийн гүйлтээр
Хуйвт шилбүүрийн чимээгээр
Уруудаж байсан малыг
Уг байранд нь тогтоов.
Бусад зарц нарыг шуугилдаж
Бухимдаж малтай хөөцөлдсөөр
Цаглашгүй зүдэрсэн хүүг
Цахилгааны гэрэлд хараад
Гэртээ орж ээжээ асар
Хэрхэвч бид мал алдахгүй! гэж
Ноёны амнаас гараагүй
Нот сэтгэлийн үгийг
Норж нэвтэрсэн ядуучууд
Ноорхой хүүд хэлжээ.
Нүх шиг шөнийн харанхуйд
Нүцгэн хөлөөрөө чулуу өшиглөж
Сайртсан хөлөө шалбалаад
Сандарсан хүү гэртээ оров.
Өргөсөн зулы нь эрвээхэй цохиод
Өөхөн дэнгий нь салхи цохиод
Харанхуй гэрт дусаал гоожоод
Халамжит эх нь чимээ ч үгүй байв.
Ихэд сандарсан хүү
Ээжээ нэг дуудаад
Өөхөн дэнгээ асаатал
Өөв гэж эх нь дуугарав.
Сандарч тэвдсэн хүүгийн
Санаа сэтгэл нь тавигдаж
Бурхны өмнөх зулаа
Бушуухан гэгч өргөөд
Хайрт эхийнхээ нүүрийг
Харан харан зогсоход
Хоёр алаг нүд нь
Хонхойж баахан ядарсан
Хувирдаггүй хөрслөг царай нь
Хундан цагаан болсон
Хосгүй энэрэлт ээж нь
Гоц эхэлж ширтээд
Хорвоо ертөнцийн жамыг
Хол ойргүй сэтгэж
Хоцорч үлдэх хүүгээ
Хонгор сэтгэлдээ бодохдоо
Дээрээс орсон дусаал
Дээл хучлагыг нэвтлэвч
Дороос тунасан чийг
Тохой нурууг хайравч
Биед туссан өвчин
Бэрхтэй хэцүү зовоовч
Уранхай хувцастай хүүдээ
Уул байдлаа хэлсэнгүй.
Өвчний хүндээс болж
Өнгө царай алдсан
Өнөр залуу эхээ
Өөрийн эрхгүй хайрлахдаа
Чулуу өшиглөснөө хэлэлгүй
Цус гарснаа үзүүлэлгүй
Дээлийн хормойд хөлөө нуугаад
Дэнгийн цөгцөнд тос нэмлээ.
Жижигхэн цагаан шүдтэй
Жигд хотгор нуруутай
Хөгжүүн шударга зантай
Хөөрхий бор хүү минь
Инээж хөдөлж байгаа нь
Ээжийгээ дуурайсан гэж
Саахалт айлын чавганц
Сайшааж магтдаг юм гэж
Энхрий танхил үрээ
Эвийлэн өхөөрдөн бодоод
Тооноо ширтсэн эх
Толгойгоо гэнэт хөдөлгөөд
-Хүү минь ээждээ ир гэж
Хүнд гүнзгий амьсгаа татав.
Дэнгийн хажуугаас хүү нь
Дэргэд нь хүрээд ирэхэд
Дэрэн дээр нь ус тогтоод
Дээлэн дээр нь дусаал дусаж байв.
Шаагисан борооны усыг
Цоорхой гэр яаж тогтоох билээ
Шүүрсэн хурын дусаалыг
Цочирдсон хүү яаж тогтоох билээ
Дэмий л нэг гайхаж
Дээлийн нь усыг шавхтал
Сайхан хурын усыг
Саатуулж битгий асга! гэж
Yрийнхээ сэтгэлийг тайтгаруулж
Yг сургамж хэлсэн нь:
Бүрээсний дор төрөөд
Булшны дор хэвтдэг нь
Бүхэл бүтэн хорвоогийн
Бодит нэгэн ёс юм.
Нас чинь бага боловч
Цус чинь шингэн боловч
Хөл чинь дөрөөнд хүрч
Гар чинь ганзганд хүрчээ.
Хүн амьд явахдаа
Эгэл олондоо зүтгэдэг
Хүлэг амьд явахдаа
Эзэн хүндээ зүтгэдэг.
Эр хүн эзгүй хээр
Эмээлт мориноосоо бүү сал!
Эрэлхэг баатар, эрхэм цагт
Эгэл олноосоо бүү хөндийр! гэдэг
Ямбатан ноёдын хүүхдийг
Ямар ч байсан битгий түш
Ядуу хүний хүүхдээс
Ялихгүй ч гэсэн битгий холд!
Ядрах цагт ард тусална
Яарах цагт морь тусална гэв.
Арван сар тээж гаргаад
Ангир уургаа шимүүлж өсгөсөн
Асралт эхийнхээ үгийг сонсоод
Айх тэвдэх нь улам нэмэгдэж
Ээж минь та юу хэлж байна
Итгэж гуйя битгий үх! гээд
Борхүү нулимсаа гаргаж
Борооны дусалтай зэрэгцүүлэв.
Зогсолтгүй орсон бороо
Жалга дундуур үерлэхэд
Зовлонт хүүгийн шаналал
Зүрхэн дундуур үерлэв.

Yvлээ цааш нь нуусан шиг
Өргөн тэнгэр цэлмээд
Yдшийн орсон бороо
Өглөө болоход арилжээ.
Хурмаст тэнгэрийн нар
Хөдөө хээрийг гийгүүлж
Хурын тунгалаг ус
Хөрст дэлхийг гялайлгавч
Шар эсгий гэрийн дотор
Ядарсан бүсгүй ёолсоор байв
Шаналсан хүүгийн нүүр дээр
Ядуугийн нулимс бөмбөрсөөр байв.
Нойргүй хоносон хүүхэд
Норсон дэвсгэрээ аваад
Наранд ээж хатаахаар
Навтгар гэрээсээ гартал
Гурвалжин үүрэг үүрсэн
Гурван шоо өвөртөлсөн
Хорвоогийн уудам зайд
Хойш урагшаа хэрсэн
Хот айлын нохойг
Хоёр модоор тогшсон
Бардам түрэмгий зантай
Бадарчин айсуй явжээ.
Тэвдсэн хүү хурдаараа гүйгээд
Тэр бадарчийн өмнө нь очоод:
-Халуун энэрлээр тэжээж өсгөсөн
Хангай дэлхий шиг түшиг болсон
Хайрт ганц эхийн минь биед
Ханиад хүрээд хэцүү байна
Бодь хутагт лам минь та
Болгоож хайрлаж өгнө үү гэж
Бор өвдгөөрөө сөхөрч суугаад
Бодсон хүслээ айлтгаж гэнэ.
Ховдог махчин шувуу
Хүүрийн үнэрт дуртай байдаг
Хорт санаат ламтан
Хүний зовлонд дуртай байдаг.
Балмагдсан хүүгийн үгийг сонсож
Бадарч лам гэрт нь ирээд
Маань уншаад судсы нь барьж
Магтаал уншаад адис өгчээ.
Өнөр түшиг эх чинь
Өвчин гамшиг ихтэй байна
Амь насы нь сүйтгэх
Ад чөтгөр шүгэлсэн байна!
Аврал буян сайн хийвэл
Амьд гарахын заяа байна! гэж
Эрдэнийн гурван шоод минь
Ил тодорхой буулаа гэв
Зандан шоо буруу таасныг
Залуу хүү яаж мэдэх вэ?
Зальт лам хууран мэхэлснийг
Залбирсан бүсгүй яаж мэдэх вэ?
Явган энэ үлгэрийг
Ярьж хэлж байхдаа
Даахийн чинь ширэлдээ гараагүй
Давхар нүдний чинь хараа гүйцээгүй
Гурван настай нялх цагт
Гунигт муухай өвчний уршгаар
Гаргасан эх чинь эцэслээд
Ганцаараа чи үлдсэн гэж
Өвгөн эцэг Чойжилжавын
Өрөвдөж хэлснийг санадан би.
Зэрэгцэж ярихаа зогсъё
Залгаж үлгэрээ хэлье.
Галуу шувуу дуугарсан
Хавтгай дулаан улиралд
Галт нар ээсэн
Халуун гэгчийн өдөр
Зовлонт өвчин нь хүндэрсээр
Зовхит нүд нь буурсаар
Амраг хонгор эх нь
Амьсгаагаа гүйцэд хураагаад
Амин халуун судас нь
Ахиад цохихоо болив.
Залуу эхээ үхүүлсэн
Зарц бор хүү
Заяа золондоо гомдож
Зангирсан нулимсаа унагаахад
Хүний үхэл олныг үзсэн
Хомхой тэр гэлэн
Хүрэн морины сургаар
Хорхойсох сэтгэл хөдлөв.
Элэгдсэн шар эрхээ
Эргүүлэн тойруулан байж
Элэнц хуланцын буян нүгэл
Энэ тэр сайн муу гэж
Элдэв янзын цэцэн үгээн
Эрдэмт гэгдсэн тэр бадарч
Эхэр татан уйлж байгаа
Эгэл хүүд ингэж хэлэв.

-За хүү минь битгий уйл
Залуу хөгшин хэн боловч
Зайлшгүй үхэж өнгөрдөг нь
Заяасан ертөнцийн зохиол юм!
Нөхөцсөний хойноос уйлбал
Нүгэл хилэнц арвижаад
Yvрдийн оронд тонилох
Yхсэн сүнсний нь зам дээр
Yер болж саатуулдаг
Yнэн номын ёс бий!
Хорвоо өнгөрсөн эхийн чинь
Хойтохыг би хийнэ гээд
Хонх дамраа дуугаргаж
Хоёр ерөөл уншжээ.
Нарт амьдралаас салж
Нас барсан эхий нь
Хүйтэн болсон биеийг
Хүнд хөх чулуутай
Тэнцүүлэн хүлж байгаад
Тэмээнд тэгнэж ачаад
Бэлчээр нутгийн цаана
Бэл чулуун дэрлүүлж
Огцом жижиг талбайд
Оршуулж орхиж ирээд
Хүндэтгэн буян хийсэн гэж
Хүж зул асааж гэнэ
Хүүрийн ясыг барьсан гэж
Хүрэн морий нь авч гэнэ.
Өрөвдөж хайрладаг эзнээс салж
Өөдгүй хүний хөл болоод
Төрсөн нутгаас холдож
Түмний газар чиглэхдээ
Хань ижилдээ тэмүүлж
Халамжит эзэндээ хоргодоод
Ханаран эргэн хөндөлдөвч
Хазаар даран булаалдавч
Хатан төмрийн хүчинд
Халуун амаа мэдүүлсээр
Хатуу модон ташуурт
Хаа, гуяа мэдүүлсээр
Жороо хүрэн морь
Жолоо цулбууртаа хумигдав
Жолоо цулбуур хоёр нь
Зодоч ламд хумигдав.
Ааг сайтай хүлэг минь
Амар мэнд яваарай
Аз жавшаан байвал
Ахиал хоёулаа уулзана гэж
Хүү дотроо бодож
Хүрэн морио харсаар
Нулимс гоожсон нүдээ
Нухлан арчин үлдэв.
Ядарч өнчирсөн хүү
Яахаа мэдэхгүй хоцроход
Явган ирсэн бадарч
Явдалтай мориор буцжээ.
Өөрийн эзнээсээ хагацаж
Өнөр ижлээсээ тасарч
Өргөн нутгаасаа алслаад
Өлөн бадарчинд унуулсаар
Хүрэн жороо морь
Хүний газар ирэв.
Эх нутгаас гарахад
Ээлтэй зөөлөн зун байжээ
Энэ газар ирэхэд
Эрс хатуу өвөл байжээ.
Хоосон сурталт ламтан
Холын холоос ирээд
Хүрэн морины ядарсныг
Хөөрхийлөх сэтгэлээр бодолгүй
Хүйтэн жаварт өвлийн
Хөр хунгар цасанд
Хөлстэй тохмоор хайрч
Хөлдүү амгай зуулгаж
Өл хоол өгөлгүй
Өдөр болгон унаж байв
Сөл хазуулах төдийгөөр
Шөнө болгон чөдөрлөж байв.
Өвлийн бэрх улирлын
Өдөр шөнө хоёрыг
Аль муу зовлонгоор
Арай чарай өнгөрөөгөөд
Хаврын сар гарч
Хамаг амьтан тэнийхэд
Яндан хүрэн морь
Яс арьс болжээ.
Хөтлийн цас хайлж
Хөх ногоо цухуйлаа
Хөхөө өвлийн хүйтэнд
Хөрч ядарсан мал
Тамир чадлаа олбол
Дахиж унахад тустай гэж
Тэнэмэл тэр бадарч
Тэнэг ухаандаа бодоод
Ногт чөдрөөс нь салгаж
Ногоо хэд хазуулъя
Хээрийн бэлчээрт явуулж
Хэд хоног амраая гээд
Алжааж турсан хүрэнг
Айлын адуунд тавьжээ.
Ижилдэж дасаагүй сүргийг
Итгэж хамт явахад
Өнгө удам нэгтэй боловч
Өшиглөж, хазах нь олон байв.
Энэрэлгүй муу эзний
Эмээл хазаараас салавч
Идээшилж дасаагүй нутагт
Их л уйтгартай байв.
Тууш нуруу нь халцарч
Дөрвөн туурай нь эмтрээд
Туг сүүл нь ширэлдсэн
Туранхай хүрэн морь
Шинэхэн ногооны шимийг
Чөдөргүй идэж
Шингэн булгийн усыг
Чөлөөтэй ууж
Шаналсан бие нь тэнийж
Шар үс нь унав
Санаа сэтгэл нь хөдөлж
Саруул нутгаа бодов.
Навч цэцэг дэлгэрч
Нарны элч дулаараад
Уул тал ногоорч
Ус гол шуугиад
Хурын тунгалаг рашаан
Тэнгэрийн үүлнээс буугаад
Хун цагаан шувуу
Тэнд эндгүй ганганаад
Хөхөө гургалдай хоёр
Ээлж дараагаар донгодож
Хөвчийн өндөр ууланд
Эгшиг дуугаа дамжуулахад
Нутгийн сайхан байгаль
Нүдний өмнө үзэгдээд
Хань ижлийн дуу
Халуун чихэнд нь сонсдов.
Хөнгөн төмрийн үрдсийг
Хүдэр соронзон татдаг шиг
Хүрэн морины сэтгэлийг
Хүсэлт нутаг нь дуудав.
Унаган бага наснаасаа
Усы нь ууж өссөн
Дааган бага цагтаа
Даваа гүвээгий нь хэссэн
Өн тавиун бэлчээрээ
Өөрийн эрхгүй санаж
Хэт нутагтаа гүйх гэж
Хэд хоногоос зөгнөөд
Задгай бэлчсэн адууны
Захад нь явдаг болов.
Yлгэрийн эзэнд үзэгдсэн
Yгийн үзүүрт яригдсан
Ажнай хурдан хүлэг
Анх ингээд гүйжээ.
Яриан дунд орхигдсон
Ядуу өнчин хүү
Яаж амьдарч байгаагийн
Явдал дүрсийг хэлэх үү?
Дотроос буцалсан уур хилэн
Гаднаас нөмөрсөн гашуун зовлон
Өргөн түмэн монголыг
Yер мэт дайрч байхад
Өнчин ганц хүүг бас
Yvл мэт бүрхэж байв.
Алтан их дэлхийн
Адал явдлыг бодоогүй ч
Ард монгол хүмүүсийн
Аймшигт зовлонг бодож
Алс хэтийн жаргалыг
Ариун зүрхэндээ хүсээд
Энхрийлж өсгөсөн эхийнхээ
Эрхэм шарилыг тавьсан
Өөгүй бяцхан талбай дээр
Өнчин хүүхэд ирлээ.
Намуухан зөөлөн салхи
Найланхай янзаар илэхэд
Урсаж байгаа хөлс нь
Урьхан салхинд эвэрнэ
Давхар алаг нүдээр
Тал хөндийг ширтэхэд
Тэмээн сүргийн бараа
Тэртээ баруунаа сүүмэлзээд
Жирийн хоосон зэрэглээ
Жирэлзэн торолзож харагдав.
Хүн малаас зайдуухан
Хөдөө талын бэлчээрт
Шарилийн газар ирсэн
Хүүгийн сэтгэл үймрээд
Орxлон хорвоогийн хэрэг
Олон зүйлийн бодол
Оюун ухаан дотор нь
Орон гаран байлаа.
Уран авъяас бүрдсэн
Төвшин цагаан хуруу нь
Уяруун сэтгэл тодорсон
Дөлгөөн харцат нүд нь
Хөдөө хөхөрч явахдаа
Хүйтэнд даарч байхдаа
Хөлдөж ер үзээгүй
Хөрслөг бор хацар нь
Yр минь, хүү минь! гэж
Yг хэлэхийнхээ эхэнд
Yргэлж хүүгээ энхрийлдэг
Yнэн хайрын чанар нь
Тэнгийн хүндийг өргөж
Тэмээ ачиж байхдаа
Эр хүнээс дутдаггүй
Эрдүү чийрэг тэнхээтэй нь
Ноднин жилийн зун
Ноёны үнээ саагаад
Ууртай хатанд загнуулж
Уйлж байсан байдал нь
Өөрийн бор гэртээ
Өвдөж шаналж байхдаа
Yр ганц хүүдээ
Yгээ захиж хэвтсэн нь
Харах нүдэнд үзэгдэж
Халуун санаанд нь бодогдов.
Эцэс болсон эхий нь
Эмзэг шарил нь арилаад
Ээрэм цагаан яс нь
Энд тэнд сарниад
Дэрний нь улаан чулуу л
Тэр хэвээр үлджээ.
Эхийн сүүж нь хүрсэн
Эрдэнийн шороон дундаас
Цэлмэг тэнгэрийн өнгөтэй
Цэцэг ургасан байлаа.
Урин салхинд ганхсан
Удвал цэцгийн өнгийг
Удтал ширтэн хараад
Уйлж суусан хүү
Алиа хонгор ээжээ
Амраглан дуудмаар ч болов
Ардын гунигт дууг
Аялан дуулмаар ч болов.
Хуучин цагийн үлгэрийг
Хуурдаж уншмаар ч санагдав
Хурдан хүрэн морио
Хурайлан далламаар ч бодогдов.
Оргил хайрхан сүндэрлэж
Огторгуй нам гүм байтал
Yр ачаа дагуулан
Yелэн нисэж яваа
Тогоруу шувуу шуугилдаад
Толгой дээгүүр өнгөрөв.
Ачит залуу эх минь
Амьд мэнд байсан бол
Алаг үрээ дагуулсан
Аянч шувууны адил
Асарч өсгөсөн намайгаа
Ариун гартаа хөтлөөд
Аятай явах байсан даа! гэж
Амьсгаа даран бодоод
Хошууран нисэж яваа
Хун цагаан тогорууг
Сайтар нарийн харж
Санаа алдан суутал
Чимэгт ариун талын
Чимээгүй байдлыг доргиож
Цаст өндөр уулсын
Цуурайг цочоон хөгжөөгөөд
Унгалдан янцгаах дуу
Уянгалан гэнэт хангинав.
Зүүд нойрны дүрс үү?
Зүй ёсны тэмдэг үү?
Зөн билгийн ёс уу?
Зүгээр жирийн чимээ юу? гэж
Олон шувууны хойноос
Онцолж харахаа болиод
Өргөн уудам талын
Өнцөг буланг ширтлээ
Тормогор хар нүдний нь
Тодхон соргог хараанд
Хурдан жороо морь нь
Хүй тоос босгоод
Хангинатал чанга унгалдаж
Хатиран айсуй харагдав.
Баярын халуун амьсгал
Байж тогтон үймэх шиг
Бат цагаан цээжнээс
Багтаж ядан гараад
Уйлж хавдсан нүдий нь
Угааж өгөх гэсэн шиг
Уярлын зөөлөн нулиис
Улам улам асгараад
Итгэлт морь минь ирлээ! гэж
Ээжийгээ дуудах шахлаа.
Гоолиг хүрэн морио
Гурры гурры дуудаад
Гунын суран ногтоор
Гурав дөрөв даллав.
Энх нутгаа үзэж
Эзэн хүнээ харсан
Хүрэн зүст морь
Хүүгийн дууг таньж
Хатиран хатиран давхисаар
Хажууд нь ирээд үүрсэв.
Арван давхар аюулаас
Арай гэж зугтааж ирсэн
Алдарт сайн морио
Ажиглан тойрон харвал
Дааган согсоо нь ширэлдэж
Ташаан толгой нь ёрдойгоод
Суман дэл нь хийсэж
Сунах хөл нь чичрээд
Урт иштэй хутга
Улаан гуянд нь шигдээд
Ухаа ягаан цус
Урсаж гарсан байв.
Хөх төмөр хутгыг
Хөхсөн махнаас сугалж
Хайрт хөлгийн шархыг
Хангайн цэцгээр эмнэж
Хатааж хийсэн хутгыг
Хайрган билүүгээр билүүдэв.
Хутга хэдий моховч
Гуранзан билүүгээр хурцалдаг
Эмзэг шарх гаравч
Эмийн хүчээр эдгээдэг
Морины чадал ч сэргэлээ
Мохоо хутга ч ирлэгдлээ.
Эхээ үхүүлж өнчирсөн
Эгэл ардын хүү
Эрийн цээнд хүрээгүй ч
Эрхэм үйлсэд зүтгэхээр
Элэг нь харлаж хатсан ч
Эрх чөлөөгөө олохоор
Хэргийн эзэн бадарчаас
Хэрмэл муухай дайснаас
Өшөө хорслоо авах
Yвтэгш зорилго тавиад
Эрэлхэг хүрэн мориндоо
Эмээл тохож мордоод
Иртэй том хутгаа
Иший нь чанга атгаад
Ардын партизан цэргийн
Ариун жагсаалд нийлэхээр
Алтан шар замдаа
Аялан дуулсаар оров.
Өнөр хүрэн морь
Өнчин хүү хоёрын
Yнэн учир ийм байна
Yлгэр одоо төгслөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *