Өөрийгөө хөгжүүлэх

Дэглэмтэй ажиллаж мэддэггүй хүн авъяасынхаа дөрөвний гурвыг ашиглаж чаддаггүй


40 гаруй жил Вюхон өглөөний 9 цагаас 11 цаг хүртэл хичээллэж, орой 5 цагаас 9 цаг хүртэл ширээнд суудаг амьдралтай хүн болжээ. Өдөр бүр цаг тогтож эрдмийн ажил нүдэж байх зуур уг хөдөлмөр нь заншил болон тогтож биенд нь бүрмөсөн шингэж орхисон ажгуу.

Вюхоны намтрыг зохиогч бичихдээ: “Тэрээр ажилгүй бол амьдарч чадахгүй хүн байлаа.
Түүний судалгаа нь түүний амьдралд увидастай том хүч байсан. Тэрээр алдар хүндээр дүүрсэн амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ч “дахиад хоёр, гурван жил ч байсан болно, судалгаагаа бас жаахан үргэлжлүүлэхсэн” хэмээн дахин дахин ярьж суусан” гэжээ.
Вюхон үнэнч сэтгэлтэй эрдэмтэн байсан бөгөөд уншигчиддаа өөрийнхөө хамгийн дээд үзэл санааг хамгийн сайн хэллэгээр дамжуулахаар цаг үргэлж махран зүтгэж байсан. Тиймийн тулд бичлэгийн хэл найруулга нь тун төгөлдөр, гар бичмэлдээ дахин дахин гар хүрч,залхуурахыг ер мэддэггүй хүн байв. “Байгалийн цаг” (Еpoques de La Nature) зэрэг бүтээлээ бичиж байх үедээ санаандаа нийцтэлээ цөөхөндөө л арав гаруй удаа засч найруулж байсан гэдэг.
Ийнхүү Вюхон чин сэтгэлээсээ ажилсаг хүн бөгөөд ямар ч зүйлд арга барилаа тохируулж яв цав гүйцэтгэхээс нааш сэтгэл нь амардаггүй хүн байлаа.”Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй хүн хэчнээн ч тэнгэрлэг авъяастай байсан тэр авъяасынхаа дөрөвний гуравыг ашиглаж чаддаггүй нь мэдээж хэрэг” гэж тэрээр өгүүлдэг байв.
Тэр үеийн францын эрдэмтдийн гол хүний нэг Негел хатагтай Вюхоны тухайд ингэж ярьсан байдаг.
“Гоц авъяас гэдэг нь нэг асуудалд гүн гүнзгий, хэт анхаарч үр дүн гаргахыг хэлдэг” гэж Вюхон үздэг байсан. Тэр зөвхөн гар бичмэлээ бичиж дуусгахад л эрчим чадлаа шавхаж байсан боловч ядарсан биеэ ташуурдаж, төгс боловсронгуй болгох үзгээ атгадаг байсан гэдэг. Мэдээж аль эрт төгс төгөлдрийн өндөрт хүрчээ гэж бодогдохоор өгүүлбэрүүдийн тухайд ч гар хүргэхгүй орхидоггүй. Залхмаар бичиж засах үйлдэл нь нэг мэдэхэд л баяр хөөр болон хувирчихдаг” гэжээ.
Эцэст нь Вюхоны агуу их бүтээлийн ихэнхи, хүнд өвчинтэй тулалдаж байхад нь бичигдэж хэвлэгдсэнийг нэмж дурьдахад илуүдэхгүй байхаа.

Эх сурвалж: Смайлс С. Өөртөө туслах ухаан / орч. О.Жаргалсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *