Зан заншил

Гэр барих тоглоом

“Гэр барих” тоглоом нь 3-12 насны хүүхдүүдийн дунд өргөн дэлгэрсэн уламжлалт тоглоом юм. Тоглогчид нь чулуу тойруулан зэрэглэж монгол гэр болгон өрөөд, чулуун тойргийн зүүн өмнө талд үүд гаргаж тоглодог.Гэрийн доторх янз бүрийн эдлэл тавилгыг хийсвэрлэн төлөөлүүлж, дөрвөлжин чулуугаар авдар, гонзгой чулуугаар ор хийх, хонхор чулуугаар сав суулга хийх зэргээр гэрийн дотор зохист газарт нь байрлуулан тавих байдлаар Бурханы дорхоноос нохойн идүүр хүртэл айлд байх ёстой бүхий л эдлэлийг бүртгэн байрлуулж, монгол айлын аж амьдралыг загварчлан дуурайж нааддаг байжээ.   Хүүхдийн тоглоомын гэрийн чулуун тавилга дотоод заслын хувьд доктор С.Дуламын судлан тогтоосон монгол гэрийн зүг чигийн бэлгэдэлтэй яг тохирч байдаг. Монгол гэрийн дотоод заслыг үүднээс нь эхлэн нар зөв эргэн тоочвол:

  • Монгол гэрийн үүд зүүн өмнө зүгт хандсан байна.
  • Морин зүг буюу гэрийн баруун урд хатавчинд морины хазаар ногт, намартаа айргийн хөхүүр зэргийг өлгөсөн байна.
  • Хонин зүгт хавартаа  хурганы хөгнө уяа байрлана.
  • Бич, тахиа зүг буюу гэрийн баруун талд голдуу бараа хураасан байдаг. Орчин үед гийчинд зориулсан унтах орыг байрлуулсан байдаг.
  • Нохой, гахай зүгт арслантай авдар байна.
  • Хулгана зүг буюу монгол айлын хойморт бурхан тахил тэргүүтэн бүхий дорхон байна. Бурханы  хоёр талд  авдар байна.
  • Бар зүгт гэрийн эзний суух олбог суудал, зэр зэвсэг тэргүүтэн байна.
  • Туулай зүгт хүүхдийн өөжин хийгээд эзэгтэйн  унтах ор, эзэгтэйн орны доод талд “үхэг” хэмээх эзэгтэйн хөлийн авдар байрлана.
  •  Луу зүг буюу зүүн урд талд “эргүүл” хэмээх гал тогооны модон тавиур дээр гал тогооны хэрэгсэл бүрэн багтсан байна.
  • Могой зүг буюу зүүн урд хатавчинд усны ган байна

Тоглох дүрэм:

Энэхүү чулуун гэртээ хүүхдүүд ээж аав ба үр хүүхэд, зочин гийчдийн дүрд хуваагдан тоглоно. Хүүхдүүд айл гэр болж тоглосоор гэрийн доторх суудлын эрэмбийг мэдэх төдийгүй айлын эзэгтэй нь цай идээгээ гэрийн эзэндээ дээжилж, зочноо дайлах зэргээр гэр ахуйн аж амьдралыг дуурайн хоорондоо ярилцаж  тоглосоор мэндлэх хүндлэх ёс, зочдыг угтах үдэх ёс, цайлах дайлах ёс зэрэг харилцааны соёлд суралцдаг. Монгол соёлд гэрийн дотор суух суудал нэн эрхэм бөгөөд суудлаараа хүндэтгэлийг үзүүлдэг. Суудлыг нэрлэвэл[1]

  • Гэрийн эзэн бар зүгт буюу гэрийн зүүн хойт талыг эзлэн сууна.
  • Туулай зүгт үр хүүхдүүд сууна.
  • Гэрийн эзэгтэй  луу зүгт буюу тулганы өмнө сууна.
  • Гэрийн баруун талд зочин гийчид суух бөгөөд өрхийн тэргүүлэгчээс насаар ах бол баруун хойморт гахай чигт сууна.
  • Гэрийн эзэнтэй үе тэнгийн бол зочин баруун талд нохой чигт сууна.
  • Гэрийн эзнээс насаар дүү бол баруун урд талд буюу тахиа, бич чигт сууна.  
  • Зочин эмэгтэй гэрийн эзэгтэйгээс насаар эгч бол зүүн дээд талд нь,  дүү бол доод талд нь суудаг ёстой.

Монгол хүүхдийн чулуун гэрийн тоглоом нь ийнхүү монгол хүний гэр өргөөгөө барьж аж төрөх ёс ба мал аж ахуй эрхлэх аж амьдралын тусгал бүхий хөдөлмөрийн үйл ажиллагааг саяхан болтол тогтвортой тусган хадгалж,  өрхийн доторх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарийг хүүхдэд бага наснаас нь таниулан сургадаг байсан ч даяаршлын нөлөө бүхий сүүлийн жилүүдэд ховордсоор, одоо бараг үзэгдэхээ больжээ.

Тоглоомын түүх:

Монголчууд “Чулуун гэр” дугуйлах хүүхдийн чулуун тоглоомыг нутаг усны эзнийг баясгах дом заслын шинжтэй хэмээн үзэж, хүүхдийн тоглоомын чулуун сүргээр  амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийнхээ өсөн үржихийг бэлгэдэн шинжих ба тоглогч хүүхдүүдийн хожмын амьдрал үйлсийн бүтэмжийг ч чулуун тоглоомоор нь шинжин бэлгэшээх ёс уламжлал байжээ.

Хүүхдийн чулуун тоглоомыг бэлгэшээх уламжлалыг батлах нэгэн сонирхолтой жишээ баримт бол Говьсүмбэр аймгийн Чойрын богд уулын хөндийд байдаг Хүүхдийн овооны орчимд тал дүүрэн дугуйлсан шинэ хуучин  чулуун гэрийн тоглоомууд юм.   Боржигин вангийн хошууныхан энэхүү овоог хүүхдэд ивээлтэй, ялангуяа айлын ганц хүүд их ээлтэй гэж эртнээс шүтсээр ирсэн бөгөөд овоонд хүүхэдгүй гэр бүл сүслэн мөргөж, чулуун гэрдугуйлбал үр хүүхэд заяадаг гэж итгэх болсон байна. Хувьсгалаас өмнө бол овооны тахилга хийж,  хүүхэд уралдуулан  хувь түгээдэг байсан гэнэ. Хүүхдийн овоог урд нь Цагаан овоо хэмээн нэрлэдэг байжээ. Ийнхүү нэрлэдэг байсны учир нь Чойрын богд уулын орчинд байх хад чулуун дунд зөвхөн энэ чулуу цагаан өнгөтэй байсан аж. Харин одоо хүүхдийн овоо хэмээн нэрлэх болсон бөгөөд тус овоог эрчүүдийн  цог хийморийн бэлгэдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулах ерөөлт бурхан Цагаан дарь эх бурхны хамтаар гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн гурвал шүтээн болгон шүтэж, шинээр гэр бүл бологсод очиж мөргөдөг болжээ. Мөн эцэг, эхчүүд үр хүүхдээ дагуулан очиж энэхүү овоонд мөргүүлэн, чулуун гэр бариулж, хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, буян заяаг нь даатгадаг ба орон нутгийн сургууль цэцэрлэгүүд ч хүүхдүүдээ зугаалуулж салхилуулдаг болсон байна[2].  

Хүүхдийн овооны чулуун гэрийн тоглоомуудыг авч үзвэл гол төлөв орчин үеийн суурьшмал ахуй  амьдрал, зан үйлийг загварчилж, монгол гэрийн дугуй буурийн оронд олон өрөөтэй орон сууцыг, морины уяа сэргийн оронд жийп машин зэрэг орчин үеийн шинэ соёлын эд зүйлсийг орлуулах байдлаар  өөрчилсөн тохиолдлууд үзэгдэж байна.  Үүний зэрэгцээ буян хишгийн бумба, зулын цөгц, галын тулга зэрэг бурхан тахил, гал голомтын бэлгэдэлт зүйлс  өмнөх соёлоос амь бөхтэй үлдэж хоцорсон нь ч ажиглагдаж байна. Чулуун гэрийн наадам нь ийнхүү хүүхдийн зугаа наадам байхаа бараг больж, харин  үр хүүхдийг хүсэн гуйх, эсвэл хүүхдийнхээ ирээдүйн амьдрал үйлсийг чулуун тоглоомоор бэлгэдэх томчуудын домын болоод хишиг даллагын санаа төдийгөөр уламжилж байна.

Энэхүү жишээнээс үзэхэд, чулуун гэрийн тоглоом нь монгол ахуй  амьдрал, зан үйлийг загварчилж, өрхийн доторх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарийг хүүхдэд багаас нь таниулж ирсэн практик хэрэглээ нь алдарсан ч  гал голомт, бурхан тахилын шүтлэг нь улбаалахын зэрэгцээ олон өрөөтэй орон сууц, жийп машин зэрэг орчин үеийн шинэ соёлын эд зүйлсийг нэмж оруулах байдлаар  өөрчлөгдөж  байна. Дээрх баримтаас үзэхэд даяаршлын үеийн соёлын харилцаа нь чулуун тоглоомын дүр дүрслэл, үүрэг ач холбогдлыг өөрчилсөн нь илэрхий харагдаж байгаа ч тус тоглоомын домын болоод даллагын санаа нь уламжилсаар байна.

Монгол уламжлалт тоглоом наадгай бараг устахад хүрээд буй энэ үед үндэстний соёл оюуны дархлааг сэргээн уламжлуулах зорилгоор үндэсний сэхээтнүүдийн зүгээс ЕБС-ийн сурах бичгийн агуулга арга зүйд зарим тоглоомыг тусган оруулж, тоглоомыг сургалтанд нэвтрүүлэх, үйлдвэрлэн дэлгэрүүлэхийг уриалсан санал санаачлага өрнүүлж байна. Түүнчлэн зарим аж ахуйн нэгж, хувь хүмүүс “Хорло”, “Үүчүүр” зэрэг цагаан сарын бэлгэдэлт тоглоомын монгол зургийн урлал ба модон сийлбэрийн уламжлалт хийц технологийг өөрчилж, хямд төсөр аргаар үйлдвэрлэж эхлээд байна. Гэвч цахим тоглоомын эрин үед уламжлалт тоглоомын амьд хэрэглээ бараг тасарч, харин эцэг эхийн үеэс уламжилсан бэлгэдэлт тоглоомыг гэртээ нэгэн зүйлийн ээлтэй тавилга юм уу шинэ шүтээн байдлаар хадгалах, гэрийн жавар үргээх дом заслын шинжтэй хэмээн итгэх заншил төдийгөөр уламжилж байна.

Холбогдох мэдээлэл:

  1. Л. Сосор, 73 настай, морь жилтэй, Хөвсгөл аймгийн  Шинэ-Идэр сум, 1998 оны 7 сарын 18 (Mongolian Traditional Games and Cultural Change,  (Ph.D)Ganbaataryn Nandinbilig)
  1. Т.Болдбаатар, 56 настай, Говьсүибэр аймгийн Чойр сум, 2012 оны 10 сарын 20

 

Эх сурвалж: http://www.naadgai.mn/content/read/140231/Ger-barih.htm?view=gamelist