Домог, Тууль

Гурван настай Гунан улаан баатар

Наран сая жаргаж байхад

Навч цэцэг дэлгэрч байхад

Захын модыг зулзага байхад

Загал бугыг янзага байхад

Самуун цагийг шувтарч байхад

Сайхан жаргалыг эхэлж байхад

Сүн далайг шалбааг байхад

Сүмбэр уулыг гүвээ байхад

Манай энэ орны эзэн

Манлай баатрын хуү

Ачтай гэж ард нь хүрээлсэн

Алдартай гэж дайсан нь сүрдсэн

Хүний сайн Хөхөлдий мэргэн гэж байжээ.

Барьж суудаг өргөө нь

Дэнж газар барьсан

Тавзан газар тааруулсан

Холбоо толгойн хооронд

Хоёр зааны аманд

Зуун найман ханатай

Зургаан мянган уньтай

Хөх менгөн цавагтай

Цардмал мөнгөн дээвэртэй

Шижир алтан довжоотой

Ширмэл мөнгөн туургатай

Могойн ясан тоонотой

Молор эрдэнэ хаалгатай

Хөх хамбан хөшигтэй

Халзан хамбан дээвэртэй

Хар магнаг хаяавчтай гэнэ.

Айлын хүүхэд нураана гэж

Албин савдгаар тойруулсан

Адуу мал шөргөөнө гэж

Араатан чоноор мануулсан

Салхи шуурганд ойчино гэж

Савдаг лусаар түшүүлсэн

Дэлхий газраас өөрцгүй

Далай цагаан өргөөтэй гэнэ.

***

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *