Домог, Тууль

Дөнөн наст хөлөг баатар

Арзайсан удаан асганд нь
Аргаль угалз, нутагласан
Будан манан татсан
Буга согоо идээлсэн
Хараатайхан газар бүхэнд нь
Халиу булга бужигнасан
Саглагар их, модонд нь
Сар, ёл цугларсан
Хөвч үргэлж нуруутай
Хөндий тал олонтой.

Давхар далан хангай
Ташир тавин хангай
Жаран өнгийн цэцэг
Жалга дэнжээр дэлгэрсэн
Жигүүртэн олон шувууд
Жарган цэнгэж байдаг
Аршаан булаг оргилсон
Арван хоёр мөрөнтэй
Алтай хангайд нутагтай
Түмэн отог дайчуудтай
Түшигт баатар гэж байжээ.
Энэ Түшигт баатрын
Энхрий хонгор үр нь
Булай их хүчиндээ баригдсан
Булчин их махандаа дарагдсан
Баатар сайчуудын шинж бүрдсэн
Дөнөн наст хөлөг баатар гэж байжээ.
Онгон тарган сүрэг нь
Од мичдээс цөөнгүй гэнэ.
Алтай арван гурван хангайг
Алаг бараан адуугаараа дүүргэж
Хойд хорин гурван хангайг
Хонгор халиун адуугаараа бялхуулж
Тайга тавин шилийг дүүрсэн
Таван живаа хоньтой гэнэ.
Тором ботгын нутаг нь
Товхон хангайн говь гэнэ.
Дорд хангайн чинээ
Доголон хар буур нь
Харганатай газарт хавтайлгаад
Хадтай газар хавьчин тийчээд
Хадыг ч аргал болгож
Хорин дөрвөн араагаа хяхнуулан
Туулай хамраа сэртийлгэн
Тунамал хар нүдээ мэлтэлзүүлэн
Холын барааг харуулдаад
Хортныг зайлуулдаг гэнэ.
Нүхтийн долоон говьд
Нүүгэлтэж хөхрөөд байдаг
Долоон түм хэтэрсэн
Догшин хар үхэртэй гэнэ.
Хангал хөгшин бухнууд нь
Харз булгаас балгаж
Харлаг толгойтой ширгээс
Хааяа нэг шүүрэн хэвтдэг гэнэ.
Ээжийн өвөр дээр
Эрх тааваар өссөн
Аавын өвөр дээр
Аажим тааваар өссөн
Дөрвөн настай хүү нь
Аавын бийд хүн танья
Агтны бийд газар мэдье гэсэнд
Аав нь хүүгээ зөв гээд
Аялахын өмнө найрлана гэжээ.

Баатар сайн хүүгийн
Баярын их найрт
Алтайн албат бүхэн
Хангайн харьяат бүхэн
Найман настай балчир
Наян настай хөгшдөөс
Нэгийг ч үлдээлгүй
Хоёрыг ч хоцроолгүй
Ирүүл ирүүл гэж
Хуй салхинд гүйцэгддэггүй
Хурдан цоохор мориор
Ар өвөр ангайн
Албатыг цуглуулж явжээ.
Уужим арвин хөндийд
Урт зэлээ татаад
Алтай хангайн завсарт
Арай чарай багтдаг
Адуун сүргээ хурааж
Агтны сайхныг сойгоод
Унаган сүргээ уяж
Уяа зэлээ дүүргэжээ.
Баяр найрт зориулсан
Бат цагаан өргөөгөө
Цацар сайхан майхнуудаа
Цацагт олон асраа
Босгон бэхэлж байгуулаад
Боломжтой суудлуудыг засжээ.
Энэ олон суудлаа
Эрэмбэ дараагаар эзэлж
Наад талд зассан
Найрын их байыг
Нарийн лимбэн дуутай
Нас залуу охид эзэлмэгц
Өргөн төрийн найр эхлэв
Өндөр төрийн сөнг сөгнөв.
Адуучин Агь сахал өвгөн
Агтны хатираагаар хүрч ирээд
Олны амрыг дэс дараагаар
Онцлон айлтгаад суув гэнэ
Хурим найрын журам ёсоор
Хун, цэн дуугаа нийлүүлэв.
Найрын дугараа улам чангарч
Найрт цугларсан хүн бүр
Намрын халиурах тариалан шиг
Найган ганхаж байх үед
Дөнөн наст хөлөг баатар
Адуучин өвгөн агь сахалд
Даргай цагаан шаазангаар айргийг
Дараалан арван тав барив.

Адуучин өвгөн агь сахал
Арз айраг хоёрыг уусаар
Зэхий улаан зээрд болж
Хөлчүүрч суух энэ үед
Хөлөг баатар ингэж хэлэв:
”Харийн газар унаж болдог
Хангай газар давхиж болдог
Бартаатайг саадгүй шаламгай өнгөрдөг
Байлдахад итгэлтэй тулгуур болдог
Хүний газар унаж болмоор
Хүчит дайсныг дарж болмоор
Хүний мориноос өөр ялгаатай
Хүлгий минь зааж өгнө үү” гэсэнд
Адуучин өвгөн Агь сахал
Айлтгаж хариу хэлсэн нь
Ижил дундаа
Илхэн төрсөн
Адуун дундаа
Аагтай төрсөн
Эрх зээрд азарганы
Эрхэм хүрэгчийн унага
Дөнөн настыг төрөхөд
Хамт нэг өдөр төрсөн
Эр хүрэн зээрд унага
Эрд хань болно.
Зуун алд зоотой
Зургаан алд хүзүүтэй
Нарийн бүдүүн холимоггүй
Наян найман шандастай
Умс хятай нь дүүрэн дэг
Уяа даах байх тэр
Хулгай найман шандас нь гүйцэд
Хурдан сайхны шинж бий
Нахилзах хавирга нь битүү
Нарийн зүү орох зайгүй дэг.
Тахийн найман булчин дүүрэн
Таван овоо тэгш дэг
Согоо хоёр чихтэй дэг
Соргог шаламгай байх
Хар болд туурайтай юм
Хангайд унахад болно гээд
Далан таван хажлататай
Далай цагаан үүдэнд
Дал мөрөө хүргэлгүй
Дайчин баатар шиг гарч
Гучин гурван алд
Хусан цагаан уургаа
Шүүрэн авч мордоод
Шүрхийгээд манаруулан гарав.

Арван гурван хангайн
Алаг бараан адуугаа
Хорми гурван хангайн
Хонгор ухаа адуугаа
Цуваа хангайн шил дэх
Цусан зээрд адуугаа
Арцат довхон хангай
Адагт хураан тогтооход
Дөнөн дөш хүрэн морь нь
Тугал шиг агсаж
Тууляй шиг дэгдэн
Арван хоёр мөрний эх
Арцат хангайг тэмцэв
Адуучин өвгөн Агь сахал
Хойноос нь хоцролгүй дагав.
Уулын өвсөнд аргаж
Ус балгахын үед
Арцат довхон хангайн
Амгай шар хөтлийн
Ар шилийн шанданд
Аман хүзүүгээр нь уургалав.
Дөнөн дөш хүрэн морь нь
Бул чулууг бутартал
Хар чулууг хамхартал
Дүүлэн дэгдэн зүтгэхэд
Дэнтэй дунтай гатаж явсаар
Алтай хангай нутгийг
Арван гурав эргэхэд
Адуучин өвгөн Агь сахалын
Бор зүрх нь булиглаад
Бодол санал алдагдаад
Авдар цагаан цээжийн
Арвин ухаан үймж байв.
Хусардгийн хурдан шарагч гүү
Хуй шиг хурдан төлөө дөө
Уулын чинээ биетэй
Дөнөн дөш хүрэн морь
Унаган дуугаа гаргаад
Уялдуулан зогсов гэнэ.
Хазаар ногт хүрээгүй
Хангал хүрэн морийг ногтолж
Эмээл хүрээгүй эмнэг хүрэнг
Эрийн аясыг дагуулан
Адуучин өвгөн Агь сахал
Аавын гадаа нь аваад ирэхэд
Дөнөн наст хөлөг баатар
Хайрт аавынхаа нэрт
Хазаараар хавхийтэл хазаарлан
Бахим чөдрөөрөө чөдөрлөөд
Сул мянган бэлчээртэй
Шургуу жаран үндэстэй ,
Саглагар зандан модноос
Хусардгийн шаргач гүүтэй
Хушуу толгойг зэрэгцүүлэн
Хом нурууг чацуулан
Хоёуланг хамт сойв.
Өргөн найрыг өнжөөе
Өндөр сөнг богинотгоё
Аавын бийд хүн танья
Агтны бийд газар үзье
Тураг шувуу тураад хүрдэг
Туурайт морь эцээд хүрдэг
Харь холын газар явъя
Хатан сайн зэвсгээ хайрла гэж
Дөнөн наст хөлөг баатар
Хан аавдаа мэхийж айлтгав.

Эцэн нь ёсоор болгож
Эрийн бүрэн хэрэгслийг өгөв гэнэ.
Дөнөн наст хөлөг баатар
Уулын чинээ биетэй
Дөнөн хүрэндээ мордов.
Эмээл хазаар хүрээгүй
Эмнэг хүрэн морь нь
Буруу амаа булаагаад
Бухаж туйлаад гарав.
Сүмбэр уулыг донсолтол
Сүн далай цалгитал
Булгиж бухаж байгаад
Буруу амаа болив гэнэ.
Хангал догшин хүрэнг
Хазаарын аясыг дагуулан
Нутгийн захад хүрээд
Нуурын шувуу гардаггүй
Хөх тэнгэрийг баганадсан
Хөшигт цагаан уулын
Орой дээр нь гарч
Орчлонг эргэлдүүлэн харахад
Батганы хоншоор багташгүй
Бараан зандны ой
Бас түүний цаана
Баглагар уул харагджээ.
Хурдан цагаан сумаа авч
Хуруугаа шимширтэл татаж
Аагинд нь арай мөрий нь тулгаж байгаад
Аажмаар тавьж орхисонд
Хар зандан ойн дундуур
Харвасан сум нь хага зүсэж
Айлаар хүн мал нүүдэллэх
Ачаагаар аян тэмээ цувах
Өргөн дардан зам гаргаад
Өнөөх баглагар хар уулыг
Сээрийн даваанаас намхан болтол
Сэт харваж орхиж гэнэ.
Сэтэрхий уулын хөтөл дээрээс
Сэмхэн нэг эргэж харвал
Хорин таван толгойтой
Хотгор хар мангасын
Муу санаат эцгийн тавьсан
Мундат боомтуудыг ингэж
Дөнөн наст хөлөг баатар
Түйвээж эвдсэн хэрэг байжээ.
Гаргасан замаараа явж
Зорьсон газартаа чиглээд
Ерэн есөн жилийн
Тэртээ цаана нутагтай
Түмэн алтан солонго гэдэг
Сайхан дагиныг авахаар
Санаа зориг эрслэв гэнэ.
Зуун жилийн боомт
Мянган зүйлийн саадыг
Дөнөн наст баатар
Давж арилгасаар явжээ.
Хорин таван толгойтой
Хотгор хар мангасын бараа нь
Бөртийж өмнө нь явна
Дөнөн наст баатар занаж
Дөнөн хүрнээрээ хөөсөөр гүйцэв.

Хорин таван толгойтой
Хотгор хар мангасын
Хорин таван толгойг
Хорин зүгт нь цавчин унагаав
Цаад талын замд нь
Цагаан өндөгний чинээ
Бараа харагдаж, цаашаа
Бас довтолж байх нь үзэгджээ.
Дөнөн наст баатар
Дөнгөж харсан даруй
Араас нь арав харайлгаж
Хойноос нь хорь харайлгаад
Хондпой дээр нь бууж
Хормой дээр нь гишгэвэл
Нүүр нь ардаа гарсан
Нүд нь бүлтийсэн тийм нэг
Өл буурал толгойтой
Өвгөн зугтаж явжээ.
Буруу харсан нүүртэй
Булай хачин хүн бэ? Гэв
Гурван зуун далаш тавтай
Дөнөн мэргэн гэдэг хүн билээ.
Гурван жилийн урьд
Хорин таван толгойтой
Хотгор хар мангасанд хөөгдөж
Түүнээс зугтаж явахдаа
Эргэж харсаар байтал
Толгой минь ардаа гарав гэхэд
Дөнөн наст хөлөг баатар
Хүдэр гараараа атгаж
Хүзүүгий нь зөв гурав
Буруу гурав эргүүлээд
Төрсөн хэвэнд нь оруулчихав.
Найртай сайхнаа мэдэлцэж
Навчин хөх тамхиа таталцаад
Хойшоо хоёулаа буцаж
Хотгор хар мангасны
Хоёртүмэн булдрууг
Ходоодыг хаг зүссэнд
Буураар тэмээ буйлаад
Бухаар үхэр мөөрөлдөөд
Азаргаар адуу янцгаалдан
Айлаар хүн уйлалдан гарав
Далч мэргэн өвгөн
Цусан зээрд зүстэй
Найман түмэн адуугаа
Нарийвчлан ялгаж аваад
Дааган адууны дундаас
Далан байдас цаламдаад
Хар гэдэснээс бусдыг авч
Харгай модоор шорлон шараад
Хоёулаа хооллож авав гэнэ.

Залуу хөгшин хоёр салж
Зам замдаа ороод явжээ.
Дөнөн наст хөлөг баатар
Дөнөн дөш хүрэн морио
Хамуутай бор даага болгож
Зэр зэвсэг бүхнээрээ
Зэвхий залтас хийгээд
Төрсөн биеэ хувилгаж
Төрчгөр хүү болоод
Ханцуйгүй хивнэг дээлтэй
Хатавчны зарц байдалтай
Эрэлчин суралчны үгтэй
Энгийн нэг болж явтал
Доголон хар бууртай
Догшин шар тэмээ хариулсан
Өвдгөө хүрсэн сахалтай
Өвгөн хүнтэй учирсан чинь
Өмнө бие нь наранд идэгдсэн
Ар бие нь уринд идэгдсэн
Хожгор хүүгийн нутаг хаана
Холыг зорьсон санаа хэнд вэ? Гэв.
Хараатын хааны тэмээчийн
Халцгай толгойт хүү билээ
Туг сүүл нь хэрчилхий
Туулай хамар нь сэтэрхий
Солби хар буур алдаад
Гурван жил хагас болчихов.
Алдар нэр чинь хэн бэ?
Аль хэний албат вэ? Гэв.
Түмэн алтан Солонго дагинын
Тэмээчин өвгөн Адармаа -гэдэг.
Алс нутгийн хожгор хүү
Ангаж цангаж яваа биз ээ.
Аршаан булгийн эхэнд
Ар тойрмын шилд
Далан хоёр баганатай
Далгай цагаан гэр бий.
Тэнд очиж гэдэс гар!
Тэр гэр бол манайх гэв.

Хөндлөн суусан эмгэний
Амар мэндийг асуусанд
Гин гэх дуугүй
Гялс хийх нүдгүй суужээ.
Үдийн нар өнгөрч
Үдшийн нар болоход
Шингэн цагаан хөөсөөр
Шилэн хүзүүгээ бүрсэн
Хорт цагаан хөөсөө
Хондпой сүүлээ бүрсэн
Доголон хар бууртай
Догшин шар тэмээгээ
Өвдөг хүрсэн сахалтай
Өвгөн адармаа туусаар ирэв.
Гажуу зантай эмгэн уурлаж
Галзуу хөлчүү юм шиг
Урт сахалтай өвгөнийг
Уруу өөдгүй загнахад
Даахин дор унага
Дахан дор эр байдаг юм.
Хоёр суурь тэмээний дотор
Хороор хоол хийдэг
Дээд соёонд нь тэмээ хатсан
Доод соёонд нь морь хатсан
Хэтээ далан тэмээ
Босоо тавь дээгүүр
Хийгүй дүүлэн гардаг
Хилэн хар үстэй
Шингэн хүрэн зогдортой
Ширээ дөрвөлжин бөхтэй
Тайган шар ат бий
Тарга хүчтэй нь тэх байх!
Тамир чадал чинь хүрвэл
Тайган шар атаар
Өлссөн хожгор хүү чи
Өл хоол ав гэсэнд
Харамч эмгэн хажуугаас нь
Хаанаас энэ муу чадах вэ гэв
Харахад царайгүй харчгар
Үзэхэд үзэмжгүй үрчгэр
Муу хувцастай хожгор хүү
Хаан дээдийн хайр юм бол
Хад чулууг боловч
Хамхалж хүртъе гэвд гарав.
Сарын газраас чимээ авдаг
Өдрийн газраас үнэр авдаг
Тайган шар ат
Босоо далан тэмээ
Хэвтээ тавийн дээгүүр
Хийгүй дүүлэн гарч
Амтайн хөтөл дээр
Алсыг ширтэн зогсов.
Эрчит цагаан сумаараа
Элгий нь чиглүүлэн харвасан
Хөндий талыг өшиглөн
Хөтлийг хөмрөн унав.
Хоргол сэвсий нь асгаж
Хонхор хотгорыг дүүргэн
Бусды нь сугавчлан ирж
Бултыг эвдэн чанаад
Ааш муут эмгэнд
Адгийн хавирга нэгийг
Өвгөн тэмээчинд
Өндөр сээр нэгийг өгөөд
Үлдсэн бусдыг цөм
Үрчгэр хүү өөрөө идэв.
Түмэн алтан солонго дагина
Түвшин амгалан биз ээ гэж
Хүү өвгөнөөс асуув.
Хүндэт дагина минь амгалан
Онц хурдан хар морьтой
Ойн хар бөх гэдэг нь
Түмэн алтан солонгыг авахаар
Түгээмэл хурим хийж байдаг гэжээ.

Үрчгэр бор хүү
Үүнийг олж сонсоод
Гал цог нь бадарч
Гар хөл нь чичир
Хувилгасан бүгдээ өөрчилж
Хуучин байдалдаа ороод
Дөнөн наст хөлөг баатар
Дөнөн дөш хүрэн мориороо
Холын хол газрыг
Хоромхон зуур товчлоод
Далан таван баганатай
Давхар цагаан өргөөний
Гадаа нь хүрээд очсон чинь
Ганган зандан уяанд нь
Айлчнн, гийчдийн шилдэг хүлгүүд нь
Арын харгай шиг арзайж
Хүрмийн чулуу шиг хөрзийж
Хүн амьтны шуугианд мансуурч байна.
Унаж явсан хүрэн морио
Уяанд нь бөх уяж орхиод
Өндөр цагаан өргөөнд нь орж
Өөд явсаар байгаад суучихав.
Мэнд амраа бүгдтэй нь мэдэлцээд
Хэрэг зоригоо хэлж эхэлсэнд
Олон баатрын дундаас
Ойн хар бөх гэдэг нь
Булай хүчиндээ баригдаж
Булчин махандаа боогдож
Асар их хүчиндээ бардаж
Арга зальдаа эрдэж би ялна гэв.
Гэтэл ойн хар бөх нь
Гэмт өсөн хар мангасыг
Дарж чадсангүй дэмий л
Дархан нэр хоосон санаа болоо
Найр хийж түмэн алтан солонго
Найдан горьдож байдаг юмсанж
Есөн хар мангасыг хэн дарвал
Тэр хүнд дагинаа өгнө гэж аав хэлэв
Ойн хар бөх газарчилж
Омогт баатар дөнөн наст явлаа.
Дөнөн наст хөлөг баатар
Есөн хар мангасын наймыг
Үд хүргэлгүй дийлж
Хоног хүргэлгүй үгүй хийж гэнэ.
Есөн хар мангасын тэргүүн
Етгөр хар мангас дийлдсэнгүй зугтав.
Дөнөн наст хөлөг баатар.
Дөнөн дөш хүрэн мориныхоо
Доод эрүүнд сөгдөж
Дотоод хормойгоо дэвсээд
Аюулт етгөр мангасын
Амин сүнс нь хаана байна? гэжээ.
Дөнөн дөш хүрэн морь нь
Гурван үе эвшээгээд
Гурван үе шилгээгээд
Хүдэр цээжээ хүнгэнүүлэн
Хүний үгээр хэлэв:
Муу эр сарын газраас
Сайн эр хоногийн газраас үхдэг
Хорт далай бий
Түүний цаана нь
Долоон давхар
Төмөр байшин бий
Үүний дотор нь
Дөрвөн алтан эвэртэй
Долоон илд хэлтэй
Дөнөн наснаас хэтрээгүй
Галзуу улаан үхэр бий.
Эвэр нь хүрсэн газар
Эдгэдэггүй хамуу болдог
Хэл нь хүрсэн газар
Хожгор нүцгэн болдог
Түүний дотор нь
Алтан хайрцаг бий
Алтан хайрцаг дотор
Гурван алтан бялзуухай бий
Гурван бялзуухайн жиргэхэд
Муу эр унтдаг
Сайн эр сандардаг
Тэднийг дарсан хүн
Етгөр хар мангасыг дарна гэв.
Мориныхоо энэ хэлсэн ёсоор
Мордож явсаар очоод
Тэр гурвыг арай чарай дарж
Етгөр хар мангасыг дийлэв гэнэ
Түмэн алган солонго дагиныг
Аваад алсын нутагтаа
Аялан явах болов гэнээ.

11 thoughts on “Дөнөн наст хөлөг баатар

  • It’s best to participate in a contest for among the finest blogs on the web. I’ll recommend this website!

  • Fantastic beat ! I would like to apprentice while you amend your website, how can i subscribe for a blog site? The account aided me a acceptable deal. I had been tiny bit acquainted of this your broadcast offered bright clear idea

  • certainly like your web site but you need to take a look at the spelling on several of your posts. A number of them are rife with spelling issues and I to find it very bothersome to tell the truth on the other hand I will certainly come again again.

  • F*ckin¦ amazing issues here. I¦m very glad to peer your post. Thanks a lot and i am having a look forward to contact you. Will you please drop me a mail?

  • Renew is a nutritional supplement that activates your metabolism and promotes healthy sleep.

  • Thanks for sharing superb informations. Your web site is very cool. I am impressed by the details that you have on this website. It reveals how nicely you understand this subject. Bookmarked this web page, will come back for more articles. You, my pal, ROCK! I found just the information I already searched all over the place and just couldn’t come across. What a perfect web-site.

  • Nagano Lean Body Tonic: An IntroductionNagano Lean Body Tonic is a dietary supplement designed to help lose unhealthy weight.

  • I have been surfing online more than 3 hours today, yet I never found any interesting article like yours. It is pretty worth enough for me. In my view, if all webmasters and bloggers made good content as you did, the net will be a lot more useful than ever before.

  • hey there and thank you for your info – I have certainly picked up anything new from right here. I did however expertise a few technical issues using this site, since I experienced to reload the web site many times previous to I could get it to load correctly. I had been wondering if your web hosting is OK? Not that I am complaining, but slow loading instances times will very frequently affect your placement in google and could damage your high quality score if advertising and marketing with Adwords. Well I’m adding this RSS to my email and can look out for a lot more of your respective fascinating content. Ensure that you update this again very soon..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *