Домог, Тууль

Гэсэр богд хаан

Эрт урьд цагт сая хүрсэн отог албаттай бум хүрсэн адуутай, нэг нэг хүүтэй хоёр хатантай нэгэн цэцэн хаан байжээ. Хаан нэгэн удаа отог албат, адал малаа эргэж яваад гэгээнд нь үйл оёж болмоор, гэрэлд нь адуу манаж болмоор өнгө жавхлан төгс хоньчин охинтой дайралджээ.
Хаан гэртээ буцаж ирээд элч илгээж өнөө үзэсгэлэнт охиныг дуудан авчирч хатнаа болгов гэнэ. Олон жил өнгөрч байтал бага хатан амаржих болжээ. Бага хатныхаа амаржихыг хаан хүлээж гэртээ орж гарч явтал хоёр том хатан нь:
— Хаан хүн, эхнэр хүнийхээ амаржих ажилд оролцдоггүй юм гэсэнд хаан морио унаад адуу өөдөө довтолгон оджээ. Бага хатан нь хүүхдээ гаргах гэж их л зовж байтал «Ээж, ээж малгайгаа авагтун! Би дээр тэнгэрт хаан болох учиртай, таны оройгоор гарна, миний нэр Зэс-Шихэр гэж гэдэс дотроос хэлэх нь сонсогдов. Хатан малгайгаа авсан чинь бага хатны толгойн оройд их солонго татаж байснаа гэрийн нь тооноор гарч замхран одохыг хоёр их хатан үзжээ. Бага хатан бас дахиад л нярайлах төлөв үзүүлэн зовж гарав гэнэ. Гэтэл гэдэс дотроос нь «ээж, ээж хоёр сугаа өргөгтүн! Би хоёр эгчтэй» гэхээр эх нь сугаа өргөсөн чинь хоёр их солонго үзэгдэж байгаад гэрийн тооноор гараад замхран арилахыг хоёр их хатан үзэж сонсжээ. Бага хатан бас л амаржсан шинжгүй өвдөж зовоод байжээ. Гэтэл гэдэс дотроос нь «ээж, ээж, би хүн хэвээрээ гарна. Өөрийнхөө орон нутгийн хаан болъё» гээд нэгэн хүү төржээ. Хоёр их хатан «бага хатнаас гарсан энэ хүү өсөж өндийхөөрөө бидний хоёр хүүхдийг яаж ч мэднэ, иймд нялх нялцгай дээр нь нэхийд цуглаад хонины хэвтэрт хаяулъя» хэмээн үгсэж зарцаараа уг санаагаа гүйцэтгүүлэв гэнэ. Үдэш хаан ирээд:
— За хүү юу, охин юу гэхэд хоёр их хатан нь:
— Чиний энхрий хайртай бага хатнаас чинь нэгэн гөлөг гарлаа гэхэд хаан ихэд уурсаж:
— Бага хатны эзгүй хээр хоёр модны завсарт аваачиж хаягтун, зэрлэг ангийн идэш болог! хэмээн зарц нартаа тушаажээ. Хааны зарлигаар бага хатны хүзүүнд тэрэг зүүгээд хээр хаяжээ. Хаан хоёр хатантайгаа амар сайхан сууж байжээ. Нэгэн өдөр хоёр хатан нь:
— Хонины хэвтэрт хаяулсан нөгөө хүү хэрхсэнийг мэдээд, ир хэмээн зарц нараа явуулжээ. Зарц нар очоод үзвэл нөгөө хүү, хонь хөхөөд амьд мэнд байна гэнэ. Зарц нар буцаж ирээд
— Тэр хүү тань амьд байна гэсэнд хоёр хатан уурсаж:,
Тэр муу хүүг үхрийн хэвтэрт аваачиж хаягтун гэсэнд зарц нар хүүг үхрийн хэвтэрт шилжүүлэн хаяжээ. Хэсэг хугацаа өнгөрөөж байгаад хоёр хатан нөгөө хүү хэрхсэнийг мэдээд ир гэж зарцаа явуулжээ. Зарц нар хүрч ирээд харсан хүү үхэр хөхөөд байжээ. Зарц нар:
— Нөгөө хүү амьд байна гэсэнд хоёр хатан ихэд уурсаж: Тэр муу хүүг адууны бэлчээрт аваачиж хая, адуу гишгэж алаг! гэжээ. Хүүг барьж аваачаад адууны бэлчээрт хаяжээ. Нөгөө хүү гүү хөхөөд өсөж өндийж байв гэнэ. Адууч нар хүүг олоод сэм авч ирж өсгөжээ. Хүү долоо найман нас хүрч хааны тугалчин болов гэнэ. Хааныхан тугалчнаа нусгай хүү гэж дууддаг болжээ. Хааны хоёр хүү, тугалчин нусгай хүүтэй үерхэж наадна. Нэгэн өдөр хааны хоёр хүү, нусгай хүү гурвуулаа тугал хариулж яваад нусгай хүү:
— За миний гэдэс өлсөж байна. Энэ тугалуудаас нэгийг нь алж идье гэсэнд хааны хоёр хүү:
— Биднийг тугал алж идлээ хэмээн аав зодно, тэгж болохгүй гэжээ. Нусгай хүү:
— За та хоёр эх, эцэгтэй учир гэдэс өлсөхгүй байлгүй яах вэ? Би өнчин хүн миний гэдэс өлсөж байна. Би нэг тугал алж иднэ гээд нэгэн тугал барьж алаад арьсыг нь битүүгээр өвчиж махыг нь шорлон шарж идчихээд ясыг нь цуглуулж арьсанд хийж орхисон чинь нөгөө тугал ижил өөдөө мөөрөн гүйгээд явахыг хааны хоёр хүү ихэд гайхан харжээ. Үдэш гурван хүү тугалаа тууж ирчхээд хааны хоёр хүү хаан эцэгтээ:
— Аав, аав энэ нусгай чинь нэгэн тугал алаад шарж идлээ. Тэгээд алсан тугалынхаа арьсанд ясыг нь цуглуулаад хийчихсэн чинь нөгөө тугал мөөрөн гүйж ижил дундаа орлоо гэсэнд хаан, хоёр хүүгээ худал өгүүлэв хэмээн загнажээ. Хоёр хүү:
— Бид худал өгүүлсэнгүй. Яг ийм явдал үнэхээр болсон билээ гэсэнд хаан:
— Маргааш та хоёр хамт яваад хэрэв тугал дахин алж идээд босгож тавивал уг тугалыг нь сүүлийг огтолж орхи гээд нэгэн хутга өгчээ. Маргааш нь Нусгай хүү:
— За нэг тугал алж идье. Миний гэдэс өлсөж байна гэсэнд хааны хоёр хүү:
— Аав загнана гэхэд Нусгай хүү:
— Миний гэдэс өлсөж байна хэмээх өгүүлэн нэгэн тугал шийрдэж бариад алж битүү өвчиж махыг нь шарж байх хооронд хааны хоёр хүү тугалын арьсны сүүлийг тайрчихжээ. Нусгай хүү махаа идэж дуусаад ясыг нь цуглуулж арьсанд нь хийгээд орхисон чинь тугал босон харайж мөөрсөөр ижил өөдөө гүйжээ. Үдэш хааны хоёр хүү тугалын сүүлийг эцэгтээ өгч:
— Өнөөдөр нусгай бас нэг тугал алж идчихээд ясыг нь цуглуулж арьсанд нь хийж орхисон чинь тугал босон харайж, мөөрсөөр ижилдээ гүйж орлоо. Бид сүүлийг нь тайраад авч ирлээ хэмээн тугалын сүүлийг эцэгтээ үзүүллээ. Хаан хатандаа хэлсэн нь:
— Энэ нусгай хүүг, миний хоёр хүүтэй хамт алтан аяганаас хооллож байгтун! гэхэд хоёр хатан «энэ муу нусгай хүүд алтан аягаар хооллох ямар учиртай юм бол, хорлоод алж орхиё» гэж ярилцаж хор буцалгаад аяганд нь хийгээд тавьжээ. Нусгай өдөржин тугал хариулж яваад үдэш буцаж ирэхэд нь хоол унд ер өгсөнгүйд:
— Над яагаад хоол унд өгөхгүй байна? Би өдөржин тугал хариулж яваад ирлээ гэхэд:
— Хаан чамд алтан аягаараа хоол өг гэсэн юм гээд алтан ! аягатай хор авч өгчээ. Нусгай алтан аягатай хор аваад:
— Хоол юм бол ходоодонд тогтох болтугай, хор биш юм бол хөлийг минь тавгаар гарах болтугай! хэмээн шившиж явган сууж алтан аягатай хорыг уучхав гэнэ. Гэтэл Нусгайн хоёр хөлийн тавгаас хоёр авгай гарч гүйжээ. Үүнийг хоёр хатан үзчихээд энэ хүүг хорлож ер чадашгүй юм байна гэж шийдээд дув дуугүй байх болов гэнэт. Нусгай өсөж торниж байлаа. Хаан нэгэн удаа:
— За би хөгширч байна. Хүүхдүүдээ газар орон, мал хөрөнгөө үзүүлж зааж өгнө гээд хамгийн том хатныхаа хүүг дагуулан явжээ. Тэр хүү нэгэн ацтай мод үзээд:
— Аав аа энэ ацтай модонд би ус хийж тоглоё хэмээснийг хаан сонсоод «энэ хүү ухаан муутай хүү болох нь ээ» гэж боджээ. Маргааш нь хоёрдугаар хатныхаа хүүг дагуулж явжээ. Тэр хүү нөгөө ацтай модны дэргэд хүрч очоод:
— Аав аа энэ ацтай модонд би ус хийж тоглоё гэхийг хаан сонсоод «энэ хүү ухаантай сайн хүн болохгүй нь дээ» гэж мэджээ. Дараа өдөр нь хаан, Нусгайг дагуулж явжээ. Нусгай хаантай хамт явж байгаад энд тийм юм босгож байгуулбал сайн юм байна. Тэнд мод суулгаж тариа таривал тохиромжтой юм, тэр нутаг малын бэлчээр юм хэмээн ярьж явтал хаан гэнэт мориноосоо унаж амьгүй мэт хэвтэхэд Нусгай:
— Эхтэй хоёр хүү ч яах вэ ээжээ дуудаж ирээд л энэ хааныг босгоод авах юм биз. Өнчин би хэнийгээ ч дуудаж даллах билээ. Эх минь ургаа модны хөндийд байдаг. Хөлөг минь хүчтэй биш. Хаан хүнийг ингэж хаяж яахин болох билээ гээд өвс шарилж тасалж цуглуулж амь шимгүй хааныг тойруулж овоолоод хааны цогцыг чандар болгоё хэмээн шатаасанд хаан үсрэн босоод. Нусгай чи юу хийж яаж байгаа чинь энэ билээ гэжээ. Нусгай өгүүлрүүн:
— Би таныг нас баржээ гэж бодов, надад бүү уцаарлагтун! гэсэнд хаан инээж:
— За, чи зоримог, ухаантай, сэргэлэн сайн хүн байна гээд хоёулаа буцаж иржээ.
Тэгээд хаан «энэ хүүг сайн ажиглаад үзвэл миний бага хатантай тун адилхан мэт. Түүний хүү биш биз» гэж бодож хаан хол ойрын юманд явахдаа мал хөрөнгө, нутаг албатаа Нусгайд захиж үлдээдэг болов гэнэ.
Нэгэн өдөр нэгэн баян хааны охины хурим болох гэж байна гэхийг сонсоод Цэцэн хааны ах дүү гурав морио тохоод баяр ёслолын байдлаар хувцаслан гарч Дорж гэдэг хааны охины баян хуримд хүрчээ. Тэнд очсон чинь Дорж хааны хурдан охиныг гүйж гүйцэх их мөрий эхэлж байжээ. Тэгээд хэн тэр охиныг хөөгөөд гүйцэж барьсантай охин ханилан суух юм гэнэ гэж байжээ. Тэр хүүхэн хурднаас гадна үнэхээр үзэсгэлэн төгөлдөр гоё хүүхэн гэнэ. Хааны охины төлөө гурван өдөр мөрийцөн тоглох ажээ. Хаад, ноёд, эрэлхэг зоригт шонхор баатрууд хааны охинтой бүтэн хоёр өдөр хөөцөлдөөд барьж чадсангүй гэнэ,
Гуравдагч өдөр нь Нусгай хөвүүн хааны хурдан охинтой хөөцөлдсөөр явж баруун гараас нь бариад авч гурван долоон хоног их найр хийгээд эхнэрээ аваад орон нутагтаа буцаж явжээ. Гэтэл Нусгай нусаа унжуулаад доожоо муутай явахыг үзээд эхнэр нь:
— Цаашаа хараад суугаач та, нусаа биед минь битгий наалдуулаач гэсэнд Нусгай уурсаж морин дээрээ хойшоо харан суусанд морь нь бөгсөөрөө ухран хойшоо явжээ. Нусгай өгүүлрүүн:
— Туяад чинь үйл хатгаж, гэрэлд чинь мал манаж баймаар. Дорж хааны отгон охин Ногоолоо, одоохондоо нас минь бага байна. Та миний ахтай гэрлэгтүн гэсэнд Ногоолоо
— За зөв, би бас тэгж бодож байна гэсэнд Нусгай ахаа дуудаж зэрэгцүүлэн суулгаад:
Эрхэм ах ноён минь, та энэ хүүхнийг гэргий болгож авагтун! гэсэнд хаан ах нь зөвшөөрчээ. Ногоолоо Цэцэн хааны их хүүтэй ханилан сууж нутаг оронд нь буцаж ирж гурван долоо хоног найр хурим хийжээ.
Өдий, төдий хоног өнгөрч байтал Мань— Бур гэдэг хаан охиноо мордуулах гэнэ гэсэн сураг сонсоод Нусгай, бага ахтайгаа Мань-Бур Хааныд ирсэн чинь хаад, ноёд, баатар эрчүүд хуран цугларч, шувууны махыг зуун хүнд адилхан хувааж өгөх мөрийд оролцох гэж байв гэнэ. Нусгай нэгэн шувууны махыг зуун хүнд тэнцүүхэн хувааж өгчхөөд Мань-Бур хааны охинтой их хурим хийжээ. Хааныхан охиндоо дөрвөн зүсмийн мал өгчээ. Мань-Бур хааны Булганыг залаад буцаж явахдаа Нусгай уруу царайлж явсаар нэгэн өдөр Нусгай хүү, Булган хатандаа:
— Булган одоо бие минь нялхаараа байна. Та миний ахын гэргий бологтун! гэсэнд Булган зөвшөөрсөнд Нусгай бага ахаа дуудаад:
— Эрхэм ах ноён минь, та энэ Булган хүүхнээр гэргийгээ хийж авагтун! гэсэнд ах нь зөвшөөрч гэртээ ирж гурван долоон хоног их найр хийжээ.
Нусгай хорин таван нас хүрч хол явж гадаад далайн хөвөөнд очиж зад хийж гадаад далайг хөлдөөжээ. Тэнд өнгө үзэсгэлэн төгөлдөр лусын хааны охинтой учирчээ. Тэр хүүхэн «Би хүнтэй суухгүй ээ. Адуугаа л маллаж байна» гэдэг байжээ. Усан хадын охин нэгэн удаа Шихэр гэдэг цагаан азаргаа унаад адуугаа маллаж яваад их буданд төөрчээ. Далай нь хөлдөж, орох ус үгүй болж зовж зүдэрч явсаар далайн хөвөөнд унтаж орхижээ. Нусгай, далайн хөвөөнд явж байгаад хээрээс нэгэн золбин унага олоод цаашаа явж, унтаж байгаа лусын хааны охины хормойд нуучхаад:
— Хүүе хүүхэн босооч ээ! Адуу чинь тарж орхив гээд сэрүүлжээ. Хүүхэн цочин бостол хормойгоос нь нэгэн унага унасанд Нусгай:
Чиний хормойгоос унадаг энэ чинь юу гэдэг юм бэ? Чи ийм л учиртай болоод айлын эхнэр болохгүй гэдэг юм байж. Чиний учир начрыг би сая л ойлгов гээд инээжээ. Тэгсэн чинь усан хадын охин:
— За хүү, энэ явдлыг хүнд хэлж болохгүй шүү. Би чамд алт, мөнгө өгье гэхэд Нусгай хариу өгүүлрүүн:
— Надад алт мөнгөний зүйл огтхон ч хэрэггүй, алт мөнгөө хэнд өгдөг юм билээ гэж явна. Чи надтай ханилан суух уу? Би чамд дуртай, тэгвэл л би чиний тухай үл өгүүлнэ гэсэнд хүүхэн:
— За хэмээн зөвшөөрч Нусгайтай ханилан суух болжээ. Нусгай задаа зогсооход их хүйтэн намдан, дулаарч далайн мөс хайлж адуу ус руу оржээ. Хүүхэн:
— Би чамайг гэртээ дагуулан аваачиж эх эцэгтээ үзүүлнэ гээд Нусгайг дагуулан ирж:
— Газар дээр явж байтал их аюултай учирч төөрч тэнэж байтал энэ хүү уулзаж миний амийг аварлаа. Одоо энэ хүүг зочилж хүндэлье гэсэнд эх эцэг нь охиныхоо үгэнд орж. Нусгайг зочлон хүндлэв гэнэ. Нусгайгаас асуусан нь:
— Хүү чи их ач тус үзүүллээ. Чамд алт мөнгө өгөх үү?
Адал мал өгөх үү? Чи юу дуртайгаа ав гэсэнд Нусгай хариуд
— Над алт мөнгө, адуу мал цөм байна. Отгон шар охиноо өгөгтүн гэхэд охины эх эцэг хоёр буруу харж уйлаад, зөв харж инээгээд отгон шар охиноо Нусгайд өгчээ.
Нусгай дагина залж ирээд долоон долоо дөчин есөн хоногийн их хурим найр хийж модны хөндийд байсан эхээ авчраад хуримдаа оролцуулав гэнэ. Цэцэн хаан бага хатнаа таньжээ. Бага хатан:
— За баяр дээр баяр болох болтугай. Хүүгээ гэрлүүлж байхад тань би танд уурлахгүй ээ! гээд жаргалтай сайхан байж байтал Үстлувсах гэдэг мангас Нусгайн адал мал гэр хогшлыг дээрэмдэн оджээ. Нусгай тар мангасын хойноос ганцаараа хөөцөлдөн явтал Нусгайн урьдаас маш их үс ноостой нэгэн мангас гарч ирсэнд Нусгай:
— Хэсэг жилдээ чамайг эрж хайсан билээ гэж хэлээд барин авчээ. Нусгай мангасын ташааны нь нүхээр дэгээдэн бариад нарийхан хар ташаа дээрээ долоон мянга сэгсрээд долоон долоо дөчин есөн хоног барилдаад болд хар илдээ гаргаж мангасын гэдсийг хага яраад орхисон чинь «хард» гэж дуугараад мангас үхжээ. Мангасын махыг мөч мөчөөр салгаж хаячхаад хоёр эгч дээр нь хүрч оджээ. Тэд Нусгайг үзээд:
— Ямар хүн бэ чи, хаанаас хаа хүрч явна? гэсэнд Нусгай:
— Би танай дүүтэй ах дүү бололцсон юм. Дүү хүү тань
Нусгайг хөөн одлоо. Намайг та нартай танилц гээд явуулав гэсэнд мангасын хоёр эгч нь Нусгайд хоол унд өгчхөөд унт гэжээ. Нусгай унтаж байгаа дүр үзүүлээд хэвтэж байтал хоёр эм мангас:
— Энэ муу хүүг унтмагц алаад шарж идье. Амттайхан махтай биз гэж ярилцав гэнэ. Гэтэл хоёр эм мангасын нэг нь үүд өөдөө гэтэн очмогц Нусгай ухасхийн босож зүрх рүү нь балиусаа дүрээд алчхав гэнэ. Хаалганы хажууд нуугдан зогсож байгаад нөгөө эм мангасын нугасыг тас цохиж алж нүхэнд дарчхаад харьж иржээ. Гэртээ хүрээд ирсэн чинь хаан эцэг нь хүнд өвчлөн хэвтэж байв гэнэ. Хаан гурван хүүхдээ дуудан ирүүлээд:
— За хүүхдүүд минь би мөд үхнэ. Нусгай хаан сууринд сууна. Чи бол зоримог зантай ухаалаг хүн юм. Чамд хаан байх бүх шинж бий. Та хоёр Нусгайн үгэнд орж дуулгавартай байгтун! Нусгай, олон амьтныг дүрвэж зовоож байсан мангасыг дарж чадлаа. Дайн самуун, хортон өстнөөс орон нутаг, ард олноо өмгөөлж хамгаалж байх чадалтай нь бол Нусгай юм. Гэсэр богд гэдэг нэртэй хаан болог! Би хөгширлөө. Одоо амарна гэжээ.
Гэсэр богд хаан улс орноо толгойлж байгаад нутаг усаа эргэхээр явжээ. Тэгж яваад хүн сордог нэгэн барс байна гэж сонсоод түүнийг дарахаар оджээ. Тэр барсын тэнд очоод нумаа хөвчлөн байгаад харвасан чинь барс Гэсэр богд хаан руу дайран ирж явснаа гэнэт навс хийн ойчив гэнэ. Гэсэр богд тэр барс хэрхэн алагдсаны учрыг олохоор бостол Зэс Шихэр ахаа үзээд
— Зэс ах та барсыг харав уу? гэсэнд Зэс-Шихэр өгүүлрүүн:
— Тэглээ, би алахаар завдан байсан юм. Одоо Андлам хаан бидэнтэй байлдах гэж хүч хуримтлуулж байна. Түүний хүч багатай дээр нь яаравчлан даръя гэжээ. Гэсэр богд харьж ирээд цэргээ цуглуулж Андлам гэдэг мангасын орон нутгийг эзлээд байтал Андлам хааны хатан гэж нэгэн сайхан үзэсгэлэнт хүүхнийг олзлон авчээ. Гэсэр богд тэр хатны өнгө үзэмжид автагдан гэр орон, мал, хөрөнгө, эхнэр хүүхдээ мартжээ. Гэсэр орон дээрээ хэвтэж байтал хоёр хун тооно дээгүүр нисэж өнгөрөхдөө нэг нь нөгөөдөө:
— Түргэн яв! Гэр малаа мартсан Гэсэр богд биш дээ гэхийг сонсчхоод Гэсэр уурсан нум сумаа авч хоёр хунг харвахаар гарчээ. Дээшээ хартал хоёр эгч нь нэгэн бумбатай рашаан өгөөд «хүн гэрээ, хөлөг ижлээ» гэдэг зүйр үг байдаг билээ. Орон нутаг чинь чамайг хүлээж байна. Явсан хошуур гарсан үр чинь морь унаад явж байна. Аав хэзээ ирэх юм бэ? гэж эхээ шалгаагаад эхдээ амар заяа үзүүлэхгүй байна. Түргэн буцаж харигтун! Жаргалдаа ханаа биз гэж хэлчхээд хоёр эгч нь нисэн оджээ.
Гэсэр богд нум сумаа эвхэн гэртээ орж Андлам хааны хатныг цавчин хаячхаад харих гэтэл хатан:
— Хайрт минь, миний гэрээслэл болог, үүгээр бүс хийж бүсэл хэмээн нэгэн богино дээс өгөөд үхжээ. Тэр өгсөн дээсийг нь авч гараад нэгэн улиас мод ороож орхисон чинь тэр мод шатаад унажээ. Гэсэр богд тэр шатаж байгаа мод хараад:
— Энэ муу шулам намайг шатааж хорлох гэж дээ хэмээн өгүүлээд морио унаад гэр орноо зүглэв гэнэ. Орон нутагтаа ороод ирсэн чинь их дунгаа татаж их отгоо цуглуулаад дунд дунгаа татаж дунд отгоо цуглуулж, бага дунгаа татаж бага отгоо цуглуулж босоо хүний борвицоо, суугаа хүний сууцаа их хурим хийжээ. Гэсэр богдод:
— Хүүгээ гарахад Гэсэр богд та байгаагүй, одоо хүүдээ нэр өгөгтүн гэсэнд Гэсэр богд:
Дайснаа дарж, төрөө төвхнүүлэхэд минь төрсөн, төрийн угсаа дэлгэрүүлэх Эрхэм Бадам нэрт баатар болж орон нутгаа өргөжүүлэн төрөө төвхнүүлж байх болтугай гэжээ.

Эх сурвалж: Халимаг ардын үлгэрүүд.-УБ.,1983

8 thoughts on “Гэсэр богд хаан

  • I really like your blog.. very nice colors & theme. Did you create this website yourself or did you hire someone to do it for you? Plz answer back as I’m looking to design my own blog and would like to find out where u got this from. many thanks

  • Do you mind if I quote a couple of your posts as long as I provide credit and sources back to your webpage? My website is in the exact same area of interest as yours and my visitors would certainly benefit from some of the information you provide here. Please let me know if this ok with you. Cheers!

  • I like what you guys are up also. Such intelligent work and reporting! Carry on the excellent works guys I have incorporated you guys to my blogroll. I think it’ll improve the value of my site :).

  • Hi! This is my first comment here so I just wanted to give a quick shout out and say I really enjoy reading your posts. Can you recommend any other blogs/websites/forums that cover the same topics? Thanks a ton!

  • Hi, Neat post. There is an issue along with your web site in web explorer, might test this?K IE still is the marketplace chief and a big portion of other people will omit your wonderful writing because of this problem.

  • Hi! I know this is kinda off topic but I was wondering which blog platform are you using for this site? I’m getting sick and tired of WordPress because I’ve had problems with hackers and I’m looking at alternatives for another platform. I would be fantastic if you could point me in the direction of a good platform.

  • I’ve recently started a blog, the info you offer on this site has helped me tremendously. Thanks for all of your time & work.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *